| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0281/И |
| Дугаар | 375 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 375
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-38б-2 тоотод оршин суух, КГ91052321 регистрийн дугаартай, Тойн овогт Зоригтын Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох
Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан нөхөн төлбөрийн 12586680 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн төлөөлөгч А.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Пүрэвсүрэн нь нөхөр болох Д.Даваамягмартай танилцан улмаар хуримаа хийж нэг дор хамт амьдарч байсан. Талийгаачыг нас барахад бид нэг хүүхэдтэй, би 7 сартай жирэмсэн байсан бөгөөд одоо төрж хүү маань эрүүл өсөн бойжиж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь миний түшиж тулж байсан хань минь зуурдын ослын улмаас, бусдын буруутай үйл ажиллагааны улмаас амь насаа алдаж ажил, амьдралаа яг тэгшрүүлэх гэж байсан үедээ 2014 оны 10 сарын 25-ны өдөр тус байгууллагын жолоочыэ ажлыг хийх явцдаа даргын өгсөн үүргийг гүйцэтгэж ажлаа хийж байгаад зуурдаар нас барсан юм. Энэ талаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад шинжээч томилж миний нөхөр нас барсан ослыг Үйлдвэрлэлийн осол гэж үзсэн, мөн Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас томилсон Үйлдвэрлэлийн ослын судлан тогтоох комисс акт үйлдэн 2015 оны 03 сарын 03-ны өдөр "Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт" үйлдэж улмаар Мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн улсын байцаагч баталгаажуулсан. Миний бие нэгэнт үйлдвэрлэлийн осол тооцсон байгаа тул Хөдөлмөрийн хуульд заасан холбогдох тэтгэмжийг олгож өгөх талаар Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан боловч төсөвт суугаагүй, манайд хамаагүй гэсэн шалтгаан хэлж одоог хүртэл өгөхгүй байна. Миний бие ар гэрийн байдал хүнд, нялх хүүхэдтэй тул ажил хийх боломжгүй үнэхээр хүнд байгаа тул энэ тэтгэмж бидний амьдралд маш их хэрэгтэй байна. Манай нөхөр эрүүл саруул байсан, ажлаа хийж явж байгаад л осолд орж нас барсан. Хэрвээ амьд байсан бол өнөөдөр надад болон үр хүүхэддээмаш их тус нэмэр болж байх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ар гэрт нь олгохоор заасан байхад энэ заалтыг хэрэгжүүлж нөхөн төлбөр олгохгүй байна. Манай талийгаач нөхөр Д.Даваамягмар нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт жолоочоор ажилладаг байсан ба Хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин нь 349630 төгрөг байсан бөгөөд энэ мөнгийг хуулийн дагуу 36 сараар үржүүлэхэд 12586680 /арван хоёр сая таван зуун наян зургаан мянга зургаан зуун ная/ төгрөг болж байна. Иймд үйлдвэрлэлийн ослын улмаас миний нөхөр нас барсан гэм хорын нөхөн төлбөр болох тэтгэмжийн мөнгө 12586680 /арван хоёр сая таван зуун наян зургаан мянга зургаан зуун ная/ төгрөгийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус байгууллагад жолоочоор ажиллаж байсан Д.Даваамягмар нь 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Манай байгууллагын хувьд газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас санхүүждэг бөгөөд тус байгууллагын 2016 оны төсөвт үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийн тэтгэмжийн мөнгө тусгагдаагүй тул олгох боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөрийг тухайн байгууллага төлөх үүрэгтэй байх тул нэхэмжилсэн 12586680 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төлөөлөгч А.Батболд нь Д.Даваамягмарын үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрийн 12586680 төгрөгийг нэхэмжлэгч З.Пүрэвсүрэнд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг үндэслэн хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг баримтлан Д.Даваамягмарын үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрийн 12586680 төгрөгийг нэхэмжлэгч З.Пүрэвсүрэнд төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ