Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 3

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Ж.Х-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 5 сарын 04-ний өдрийн 11 дүгээр актын Ж.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хууль бусаар нөхөн төлүүлсэн 996300 төгрөгийг Нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулах, охин М.М-ын тэжээгчээ алдсаны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн охин М.Мөнхтүвшингээс 2002 оны 2 сарын 02-ны өдөр М төрсөн ба гал голомтоо тасалж тусдаа гараагүй байхад гарсан хүүхэд гэж өвөө Ц.Маньдарь, эмээ Ж.Х бид 2002 оны 4 сарын 05-ны өдөр М.М-г үрчилж авсан юм. Охин М-ыг үрчилж авах үед манай нөхөр 51 настай, би 47 настай байсан. Манай нөхөр Ц.Маньдарь 2006 оны 2 сарын 25-ны өдөр нас барсан тул нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр бидний тухайн үед насанд хүрээгүй хүүхэд болох М.Батцэнгэл, М.Зулцэцэг, М.М нарыг нэр дээр тогтсон.М.Батцэнгэл, М.Зулцэцэг нар насанд хүрсэн тул тэтгэврээс хасагдсан. Одоо бага охин М.М 14 настай.

Ингээд 2006 оноос хойш тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байтал 2012 онд танайх илүү мөнгө авч байсан юм байна, эргээд төлөх төлбөр гарсан гээд Содмоо гэх хүн цаасан дээр гараараа Нийгмийн даатгалын актаар тавигдсан Ж.Х-ийн төлбөр 996300 төгрөгийг Нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын 11050000413 тоот дансанд төлнө гэж бичиж өгсний дагуу тухайн үед 3 хүүхдийн төрөөс олгогдож байгаа мөнгө илүү олгосон юм байна гэж бодоод учрыг нь ойлгохгүй төлсөн. Надад тухайн үед уг актыг танилцуулаагүй. Тэгээд охин М.М-ын тэжээгчээ алдсаны тэтгэмж зогсоогүй, үргэлжлүүлэн олгогдож байсан ба 2016 оны 9 сарын эхээр та нийгмийн даатгалаас буруу тэтгэмж авч байсан юм байна. Одоо 2675710 төгрөг төл гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу Нийгмийн даатгалын байцаагчтай очиж уулзахад 2012 оны актыг хуулбарлаж өгсөн. Энэ бүх хугацаанд уг актыг надад танилцуулаагүй, мэдэгдээгүй, тэтгэврээ үргэлжлүүлэн авч байсан. Улмаар уг актыг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргасан боловч уг актыг хүчингүй болгож, төлбөрөөс чөлөөлөх боломжгүй гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Дуут сумын иргэн Ц.Маньдарь нь 1955 оны 8 сарын 10-нд төрсөн, Улсад 22 жил ажилласан. Зүрхний өвчний улмаас олон жил эмнэлгийн хяналтад хэвтэн эмчлүүлж байгаад 2006 оны 3 сарын 01-ний өдөр өвчний учир нас барсан. Үүнийг тухайн үед Дуут сумын иргэний бүртгэлийн ажилтнаар ажиллаж байсан С.Түмэнжаргал мэдэх ба Ц.Маньдарийн охин Мөнхтүвшин нь өөрийнхөө төрүүлсэн охин М-ыг үрчлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-д заасныг зөрчиж, үрчлэлт хийсэн. Хуурамч үрчлэлт хийсэн гэдгийг тухайн үед ажиллаж байсан Дуут сумын улсын бүртгэлийн ажилтан хүлээн зөвшөөрдөг. Мөн үрчлэлт хийхдээ бичгээр гаргасан хүсэлт байхгүй, Засаг даргын захирамжаар үрчлэлт хийгдээгүй байдаг. Өөрийнх нь бага хүүхэд 2011 оны 2 сарын 13-ны өдөр 19 нас хүрч тэтгэврээс хасагдсан.

Үүнээс гадна Маньдарийн охин Мөнхтүвшин нь өөрийн том охин Зулцэцэгийн эцэг Маньдарьт үрчлүүлсэн гэх боловч үрчилсэн баримт бичиг байхгүй, харин Ж.Х-г хүүхэд гаргаагүй байхад 1996 оны 11 сарын 16-ны өдөр Зулцэцэгийг төрүүлснээр бүртгэсний улмаас 2011 оны 2 дугаар сарын 13-нд зогсох ёстой байсан тэтгэврийг зээ охин Зулцэцэгээр үргэлжлүүлэн авч, 2015 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэл Нийгмийн даатгалын сангаас 8532472 төгрөгийн тэтгэвэр авсан.

Ингээд дээрх шалтгааны улмаас Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 5 сарын 04-ний өдрийн 11 дүгээр акт гаргаж, энэ талаар Ж.Х-д мэдэгдэхэд, уг актыг хүлээн зөвшөөрч илүү авсан тэтгэврээ буцааж төлсөн байдаг юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 онд Дуут сумын тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт төлөвлөгөөний дагуу шалгалт хийсэн юм. Ингэхэд Дуут сумын иргэн, тэтгэвэр авагч Ж.Х, түүний нөхөр Ц.Маньдарь нар нь өөрийн охин Мөнхтүвшинээс гарсан охиныг Засаг даргын захирамж гаргахгүйгээр үрчлэн авсан байдаг. Ц.Маньдарь нь тухайн үед өвчтэй байсан ба өвчний учир нас барсан гэж нас барсны гэрчилгээн дээр бичсэн байгаа. Хуульд зааснаар өвчтэй хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглосон байдаг. Мөн тухайн үед ажиллаж байсан иргэний бүртгэлийн ажилтнаас үрчлэлтийн талаар асуухад үрчлэлт хийгдээгүй, гуйгаад байхаар нь үрчлэлтийн гэрчилгээ олгож өгсөн гэж тайлбарладаг. Үрчлэлт хуурамч хийсэн гэж үзэж акт тавьж тухайн үед Ж.Х-д танилцуулсан. Ж.Х нь өөрөө хүлээн зөвшөөрч актын төлбөрөө төлж барагдуулсан байдаг. Гэвч тухайн үед Дуут сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн Хүдэрчулуун гэх хүнийг гуйж байгаад тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэрт сунгалт бичүүлэн авч тэтгэвэр авч байсныг зогсоосон. Бид хууль зүйн үндэслэлгүй акт тавиагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ж.Х нь маргаан бүхий актыг хариуцагч байгууллагаас хуулбарлан авч, хуулбар үнэн дардас даруулан авчхаад дараа нь өмгөөлөгчид хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Учир нь уг актыг одоо болтол Ж.Х-д гардуулсан гэх гарын үсэг зуруулсан баримт байхгүй. Уг актыг хуулбарлан авсны дараа Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Ямар нэгэн эрхийн акт гаргахдаа хуулийн зохих зүйл заалтыг зөв баримтлах хуулийн шаардлага байдаг. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 5 сарын 04-ний өдрийн 11 дүгээр актын гаргахдаа зохих хуулийн заалтыг баримтлаагүй тул уг актыг хууль бус гэж үзэх боломжтой юм. Нэхэмжлэгч нь өөрөө үрчлэлтийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бүрдүүлэх гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Хуурамч бичиг баримтыг бүрдүүлж тэтгэвэр авсныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогоогүй. Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч нар хуурамч баримт бичиг бүрдүүлснийг тогтоох эрх бүхий субъект биш юм. Нэгэнт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг нь нотлогдохгүй тул 996300 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй, харин нэхэмжлэгчид буцааж олгох үндэслэлтэй.

Ц.Маньдарь нь зүрхний өвчтэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлоогүй. Тэгэхээр хүүхэд үрчлэхэд хориглох шалтгаан байсан гэдэг нь мөн адил тогтоогдоогүй. Засаг даргын захирамж гарсан эсэх нь нэхэмжлэгч Ж.Х-ийн буруутай үйлдэл биш юм. Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоох эрх бүхий албан тушаалтнууд хуралдаж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгсөн байдаг. Энэ баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан. М.М-ын тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоохыг шаардсан баримт бичиг хэрэгт байхгүй тул тэтгэврийг үргэлжлүүлэн олгох нь зөв юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.О, Д.Э нарын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн актын Ж.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нөхөн төлүүлсэн 996300 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагаас гаргуулах, охин М.М-ын тэжээгчээ алдсаны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Х-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Х нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлт гаргасан, хариуцагч Д.Э-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Б.О нар нь нэхэмжлэгч Ж.Х болон хариуцагч Д.Э нарыг байхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн тул нэхэмжлэгч болон хариуцагч Д.Э нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Э, Б.О нар нь Нийгмийн даатгалын хэлтсийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж Ховд аймгийн Дуут сумын иргэн Ж.Х-д хуурамч үрчлэлт хийж тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан хүүхдийн тоонд өөрчлөлт орсны зөрүү 996300 төгрөгийг нөхөн төлүүлэх акт тавьсантай холбоотой маргаан үүсчээ.

Нэхэмжлэгч Ж.Х нь нийгмийн даатгалын хяналтын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандан гаргасан гомдлын хариуд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 565 дугаар албан бичгээр хариу өгч гомдлыг хүлээн авахаас татгалзаагүй, гомдлыг хянан үзэж шийдвэрлэсэн буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Ж.Х-д улсын байцаагчийн актыг мэдэгдэж, гардуулж өгсөн эсэх тухайд хариуцагчийн Тэтгэврийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийсний дараа Ж.Х гуайтай уулзаж зөрчилд төлбөр тавигдах талаар хэлсэн. Гэхдээ актыг аймгийн төвд ирсний дараа бичгээр гаргасан гэх тайлбар, гэрч М.Байгальсүрэнгийн Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Х нь уг актыг хүлээн зөвшөөрөөд актын төлбөр 996300 төгрөгийг төлсөн. Гэхдээ актыг танилцуулсан талаар гарын үсэг зуруулсан баримт байхгүй гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн 2012 онд танайх илүү мөнгө авсан байна. Эргээд төлөх төлбөр гарсан гэсэн. Тухайн үедээ 3 хүүхдийн төрөөс олгож байгаа мөнгө илүү олгочихсон юм байна гэж бодоод би учрыг нь ололгүй төлсөн. Надад тэр үед байцаагчийн акт танилцуулаагүй, ямар учиртайг нь хэлээгүй гэх нэхэмжлэл зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь улсын байцаагчийн актын талаар актанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор мэдсэн байх боломжтой байх боловч захиргааны байгууллага, албан тушаалтнаас актыг мэдэгдэх, сонсгох зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгч Ж.Х-ийн захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

1. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн актад Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн актын 2 дахь заалтаар үрчлэлт хуурамч, хүүхдийн тоо буурсны зөрүү 996300 төгрөгийг Ж.Х-р нөхөн төлүүлэхээр тогтоожээ.

Хариуцагчаас Ж.Х нь М.М-ыг үрчилж авсан нь хуурамч үрчлэлт гэж үзсэн. Учир нь охин Мөнхтүвшин нь өөрөө хүүхдээ өгсөх боломжтой мөн Маньдарийг өвчтэй байхад нь хүүхэд үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Өвчтэй хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглодог. Мөн үрчлэлт хийсэн талаар засаг даргын захирамж гараагүй байдаг. Тухайн үед энэ талаар сумын засаг дарга болон иргэний бүртгэлийн ажилтанд хэлж хуурамч үрчлэлт хийсэн талаар танилцуулж, алдааг засах талаар амаар зөвлөгөө өгч байсан гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлажээ.

Ж.Х нь анх 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дуут сумын Нийгмийн даатгалын байцаагчид Нөхөр Ц.Маньдарь нь өвчний учир нас барсан тул 16 нас хүрээгүй гурван хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор хүсэлтийг гаргасан байх ба Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн, 09 дүгээр сарын 27-ны өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудас-аар Ж.Х-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхийг Хөдөлмөрийн чадваргүй хүний тоог 3-аар тооцож 53000 төгрөг олгохоор 29838 дугаартай тэтгэврийн дэвтэр олгож, 2015 оны 10 сард охин М.Зулцэцэг нь 19 нас хүрснээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхийг нь зогсоож, 2015 оны 10 дугаар сараас хойш Ж.М-д тэжээгчээ алдсаны тэтгэврийг үргэлжлүүлэн олгоогүй байна.

29838 дугаартай дугаартай тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэрэгт Маньдарийн Батцэнгэл РД:92021313, Маньдарийн Зулцэцэг РД:ПД96111601, Маньдарийн М РД: ПД02220203 нарын төрсний гэрчилгээний хуулбар авагджээ.

Хариуцагч нь М.М-ын үрчлэлт хуурамч талаар маргаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д сумын Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж шийдвэрлэх, 55.8-д хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэхээр, хүүхэд үрчлэн авсан тухай иргэний гэр бүлийн байдалд хэрхэн бүртгүүлэх талаар журамласан харилцааг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд тус тус заажээ.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05/000040 дугаар Үрчилсний бүртгэлийн лавлагаа-аар М. М-ыг Цагаанхүүгийн Мандарь, Жүрмэдийн Х нарт үрчлүүлж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд Ховд аймгийн Дуут сумын үрчлэлтийн 1-рт М.М болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэжээ.

Ц.Маньдар, Ж.Х нарт М-г үрчлүүлсэн гэх захирамж Дуут сумын Засаг даргын 2002 оны захирамжид байхгүй болох нь Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 197 дугаар албан бичиг болон шүүхээс Дуут сумын Засаг даргын 2002 оны захирамжид үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Ховд аймгийн Дуут сумын Хүүхэд үрчилсний бүртгэл-ийн 2002 оны бүртгэлийн 1 дүгээрт М-ийн М-ыг Маньдарь, Ж.Х нарт үрчлүүлсэн үрчлэлт бүртгэгдэж, хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас 01 /ХААТР-12Б/ хөтлөгдөж, мэдэгдэх хуудсанд үрчилж авсан эцэг Ц.Маньдарь, үрчилж авсан эх Ж.Х нар нь гарын үсэг зурж, М.М гэсэн төрсний гэрчилгээг иргэний бүртгэлийн байгууллагаас олгосон байна.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн үрчлэлт хийгдэж гэрчилгээ олгогдон улмаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг Хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3-аар тогтоосонд иргэнийг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь үрчлэлтийг зөвшөөрөх, бүртгэх болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэх эрх нь эрх бүхий захиргааны байгууллагад байх бөгөөд гаргасан шийдвэрийнхээ үнэн зөвийг өөрөө хариуцах ба Дуут сумын Засаг даргын М.М-ыг үрчлүүлэхтэй холбоотой захирамж гаргаагүй байдалд Ж.Х-г буруутгах үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1-д үрчлэн авсан 19 насанд хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан байх ба энэ болзол, шаардлагыг хангасан иргэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 5-д заасан баримт бичгийг бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ж.Х нь 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах өргөдөл гаргаж /өргөдөлд 16 насанд хүрээгүй 3 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох талаар бичсэн, төрсний гэрчилгээг хавсаргасан/, холбогдох баримтуудыг бүрдүүлж өгсөн байх бөгөөд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс /хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон байна.

Иймд нийгмийн даатгалын байгууллагаас М.М-ын үрчлэлтийг хүлээн зөвшөөрч бусад холбогдох баримтыг үндэслэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгосон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр илүү тогтоолгож авч байсан гэж үзэх үндэслэлгүй байна .

Мөн маргаан бүхий актаар илэрсэн зөрчил болох үрчлэлт хуурамч эсэх эсвэл үрчлэлтийг шийдвэрлэсэн шийдвэр хуурамч эсэхийг шалган тогтоогоогүй бөгөөд шүүхээс шалган тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй байна.

2.Актын эрх зүйн үндэслэлийн тухайд:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-д хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж, торгох шийтгэл ногдуулах, 29 дүгээр зүйлийн 2-т Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно гэсэн заалтуудыг маргаан бүхий актад үндэслэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-д хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэврийг үндэслэлгүйгээр эсхүл илүү тогтоолгож авсан нь тогтоогдсон бол уг тэтгэврийг нөхөн төлүүлж, торгох шийтгэл ногдуулах байтал актаар тэтгэврийг зөвхөн нөхөн төлүүлэхээр тогтоосон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгож авсан нь тогтоогдсон бол тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоохоор байхад энэ талаар актанд дурдаагүй атлаа тэтгэврийг зогсоож тэтгэвэр авагчийн эрхийг зөрчсөн байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-д заасныг үндэслэсэн ба хариуцагчийн зүгээс Ж.Х-ийн нөхөр болох Маньдарь нь группт байдаг байсан. Группт байдаг хүнд хүүхэд үрчлүүлэх нь хуулиар хориглосон тул уг заалтыг баримталсан гэж тайлбарлах боловч уг хуулийн зохицуулалт нь нийгмийн даатгалын байцаагчийн эрхэд хамааралгүй байна.

Дүгнэвэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэний эрх ашиг хөндөгдөж байгаатай холбогдуулан тэдний тайлбарыг сонсох, маргаан бүхий асуудлын нөхцөл байдлыг тодруулж судлах, холбогдох материалыг цуглуулах, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд бусад захиргааны байгууллагад албан журмаар хандах, алдааг залруулах боломж, асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх, зэрэг ажиллагааг хийхгүйгээр захиргааны акт гаргасны улмаас иргэний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн акт нь нэхэмжлэгч Ж.Х-ийн Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжинд заасан тэтгэвэр авах эрхийг зөрчсөн байна гэж дүгнэж, актыг хүчингүй болгож, актын төлбөрт төлсөн 996300 төгрөгийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж Ж.Х-д олгож, охин М.М-ын тэжээгчээ алдсаны тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан аймгийн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн актын Ж.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Х-ийн төлсөн 996300 /есөн зуун ерэн зургаан мянга гурван зуу/ төгрөгийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж Ж.Х-д олгож, охин М.М-ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс/ 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ