| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07992/И |
| Дугаар | 5721 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 5721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй,
1969 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл 4, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 2111 тоотод оршин суух хаягтай, Галсанпунцагын Пагвадолд /РД:ИО69030713/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийг төлөөлж 2 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Өсөхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. Өсөхбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Пагвадолд нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэн нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь эмнэлэгийн дүгнэлтээр нотлогдож байх тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү” гэв.
Г.Пагвадолд нь “би бага зэрэг архи уугаад нас барсан хүүгийнхээ хувцсыг авах гээд бэрийндээ очоод маргалдсан. Тэгээд намайг цагдаагийн байгууллагад дуудаж өгсөн. Би ажил хөдөлмөр эрхэлдэг оюутан охинтойгоо хамт амьдардаг, архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна” гэв.
Талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс нь тус шүүхэд Г.Пагвадолдыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6.1.1-д “тухайн этгээдийг архины албадан эмчилгээнд явуулах тухай зохих байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлт, ..., 6.2-т “шүүх шаардлагтай гэж үзвэл дээр дурдсанаас бусад материалыг шаардан авч болно” гэж тус тус заасан.
Гуравдагч этгээд Г.Пагвадолд нь архинаас хамааралтай, архинд донтох өвчтэй эсэх, тэрээр нийгмийн хэв журмыг байнга зөрчдөг гэх үндэслэл хангалттай баримтаар тогтоогдохгүй байх тул архины албадан эмчилгээнд явуулах үндэслэлгүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дах хэсэгт заасныг баримтлан Галсанпунцагын Пагвадолд /РД: ИО69030713/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ