Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 18 өдөр        Дугаар 181/ШШ2016/00522            Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, согоотын 19-р гудамж, 265 тоотод оршин суух, Өмгөр овогт Лхагвадуламын Цэнд-Аюуш /РД: ШГ80022061/-ийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

               

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Цэнд-Аюуш миний бие иргэн О.Балдандоржоос гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг гаргуулахаар 2013 онд шүүхэд хандсан ба шүүх миний хүсэлтийг хангаж тухайн оны 8-р сарын 14-нд 1840 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу иргэн О.Балдандорж миний төлбөрийг барагдуулна гэсэн боловч гүйцэтгээгүй тул шүүхийн 10-р сарын 21-ний өдрийн 776 тоот шийтгэх хуудас НШШГА-нд хүргэгдсэн ба уг захирамж шийдвэр гарсанаас хойш 22 хоногийн дараа буюу 2013 оны 11-р сарын 12-ны 13259994 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол (хуудас 4)-ийг гаргаж Баянгол дүүргийн 145-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Золзаяад үүрэг болгосон юм. Шийдвэр гүйцэтгэгч Б.Золзаяа нь уг тогтоолыг хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг тогтоол гарсанаас хойш 20 хоногийн дараа буюу 12-р сарын 02-ны өдөр 2/16841 тоот (хуудас 5) төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх албан тоот бичгийг аймаг, сум, дүүргүүдийн бүртгэлийн хэлтсүүдэд хүргүүлсэн байдаг. Үүний хариу болгож 2013 оны 12-р сарын 9-нд Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс тус албанд ирүүлсэн хариу мэдэгдэлд (хуудас 6); “Төлбөр төлөгчийн өмчлөлийн БГД-ийн 17-р хороо, 4-р хороолол Жалханзхутагт Дамдинбазарын гудамжны 40В байрны 11 тоот сууц нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042005 дугаарт бүртгэлтэй бөгөөд 2013 онд иргэн Г.Шоовдортой байгуулсан 60,440,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байна. Танай албаны 2013 оны 2/16507 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүллээ” гэсэн хариу ирүүлсэн байдаг. Гэтэл дээрх ШШГА-ны 2/16841 тоот бичгийг хуульд заасан хугацаанаас хоцроож БГД-ийн бүртгэлийп хэлтэст хүргүүлсэн байна.  

Үүний үр дагаварт төлбөр төлөгч болох О.Балдандорж нь дээрх захиран зарцуулах эрхээ хязгаарлуулсан үл хөдлөх хөрөнгөө 2013 оны 11-р сарын 29-нд буюу ШГА-ны 12-р сарын 02-нд гарсан 2/16841 тоот албан бичгээс 3 хоногийн өмнө өөр бусдад барьцаалан зээлийн гэрээ хийж (хуудас 8), БГД-ийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлжээ. Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан хоног хугацааг хэтрүүлэн 20 хоногийн дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн нь иргэн О.Балдандоржийн төлбөрөөс зайлсхийх, завших бололцоог олгон начайг хохироосон үйлдэл болсон. Хуульд зааснаас төлбөр төлөгчийн өмчлөлд байгаа хөрөнгийг нэн яаралтайгаар илрүүлэн тогтоож битүүмжлэх, хураан авах, дуудлага худалдаагаар борлуулах, борлуулалтаас орж ирсэн орлогоос төлбөр авагчийн нийлсэн дүнгийн хэмжээгээр төлбөрийг гаргуулж авах зэрэг хуулийн дагуу шуурхай ажиллагааг явуулах ёстой байв. Төлбөр төлөгч хөрөнгөө ШГА-д битүүмжлүүлэхээс 3 хоногийн өмнө урьтаж иргэн Г.Шоовдорийн нэр дээр дээрх хөрөнгөө барьцаалан бүртгүүлсэнээр уг хөрөнгө дээр барьцаалбарын давуу байдал үүсч шүүхийн шийдвэрийн дагуу ШГА нь 1 жил гаруй хугацааны дараа буюу 2015 оны 1 сард битүүмжлэлээ цуцалж Г.Шоовдорын өмчлөлд бүрэн шилжүүлсэнээр уг хөрөнгөнөөс бидний төлбөрийг барагдуулах боломжгүй болж бидний эрх ашиг өнөөдрийг хүртэл хангагдаагүй байна. Дээрх байдлыг мэдсэн даруйдаа 2015 оны 3-р сард миний бие удирдах албан тушаалтанд нь гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн үйлдлийг үл харгалзсан хариу ирүүлсэн (хуудас 9). Улмаар 2015 оны 12-р сард дээрх хэргийг авилгатай тэмцэх газар шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу (хуудас 10) 12-р сарын 11-ний өдөр ШШГЕГ -ын дэд дарга Г.Туулхүүд дахин хянуулж албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоож материалыг ирүүлэхийг хүссэн байгаа. Гэтэл мөн л шийдвэр гүйцэтгэсэн үйл ажиллагаагаа хууль зөрчөөгүй гэж үзсээр байна.

Бидний хууль ёсны эрх ашиг үл хангагдаж, хохирол амссаар байна. Шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн хоног хугацаандаа үйл ажиллагааг эхлүүлсэн бол төлбөр төлөгч этгээд төлбөрөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгөө бусдад барьцаалан шилжүүлэх боломжгүй байжээ. Хуульд эд хөрөнгийг битүүмжилсэний дараа өмчлөгч нь бусдад шилжүүлэх, барьцаалуулах боломжгүй болдог байна. ШШГА нь бидний төлбөрийг хурдан шуурхай барагдуулах бүрэн боломж байсан. Бид төлбөрөө гаргуулж авч чадаагүйгээс болж бнзнесийн үйл ажиллагаа маань зогсонги байдалд орох, санхүүгийн гачигдалаас болж ашиг орлогоо сайжруулах бололцоо тэр хэрээр муудаж сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол амссаар байна. Бид одоогийн байдлаар 19,427,172 төгрөгийн төлбөрийг төлбөр төлөгчөөс гаргуулж чадаагүй байна. 2013 оны 10 сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамж гарсанаас хойш 43 хоногийн дараа буюу 2013 оны 12 сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна. Иймд НШШГА-ны үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү” гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний бдрийн 1840 дугаар захирамжаар О.Балдандоржоос 23 500 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 465 572 төгрөгийг гаргуулж, Л.Цэнд-Аюушт олгохоор шийдвэрлэж, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 7541 дугаар шүүгчийн захирамж, 776 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдож, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 13259994 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн болох нь 1840 дугаар болон 7541 дугаар шүүгчийн захирамж, 776 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 13259994 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцгэгчид, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн” тухай гомдол гаргасан байх тус газраас гомдлын хариуг 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №3/179 мэдэгдэх хуудсаар, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 09 мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ