2019 04 08 2019/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагчаар Б.Энхболд,
хохирогч Б.Отгонсүх, С.Гантулга, Б.Энхцэцэг
хохирогч Б.Отгонсүхийн өмгөөлөгч П.Ганбаатар
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Т.А-т холбогдох эрүүгийн 1834007140291 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, уншиж, бичиж чаддаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн 45 дугаар байрны 105 тоотод оршин суух хаягтай, урьд нь
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 04 сарын хугацаагаар хорих ялаар,
- Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1 дэх хэсэгт зааснаар 02 сар, 27 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Г овогт Т.А-т /РД:НМ91110573/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Шүүгдэгч Т.А нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг болох сумын төвд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний орой 21.00-22.00 цагийн орчим Б.Отгонсүхийн хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Жи Эн” нэртэй баарны галчийн өрөөнд 2018 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн С.Гантулга, Б.Энхцэцэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г овогт Т.А-нь шүүхийн хэлэлцүүлэгт: " Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэ үйлдэл дээр мэдүүлэг өгөхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 9 сарын 11-ний өдөр 21 цаг 30 минутад энэ хэрэг гарсан. Би орой Батсайхан, Отгонсүх бид гурав Жаргалантын төв рүү орсон. Би тухайн үед архи дарс уугаагүй. Б.Отгонсүх архи уугаад байхаар нь бид хоёр маргалдсан. Тэгээд Б.Отгонсүх хүмүүст намайг мөнгө өгдөггүй гээд ярьсан байсан. Бид хоёроор ажил хийлгэсэн хүмүүст Б.Отгонсүхийн мөнгийг нь битгий өгөөрэй, архи уугаад байдаг гэж хэлсэн байсан. Тэгээд энэ байдлаас болоод бид хоёр муудалцаад би алгадаад, нэг удаа өшиглөсөн. Б.Отгонсүх намайг чи ал гээд байсан, би хүн алахгүй гэж хэлсэн. Тэгээд явъя гэсэн явахгүй байсан. Хадлан дээр байхад хэвлийгээр өвдөөд байгаа гэж хэлж байсан. Би эмнэлэгт үзүүл гэхэд зүгээр гээд байсан. Тэгээд би эгч нь болох Б.Энхцэцэгтэй утсаар яриад хэлж байсан. Тухайн үед би Б.Отгонсүхийг эмнэлэг оръё гээд байхад орохгүй байсан. Би гэрт байхад нь өвчин намдаах лаа авч өгөөд хийлгэж байсан. Бид хоёр эмнэлгийн хажуугаар гараад явахад өвдөж байна энэ тэр гэж хэлээгүй” гэв.
Хохирогч Б.Отгонсүх шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумаас хадсан өвс бухалдахаар Т.А, Батсайхан нарын хамт явсан. Тэгээд орой нь 20 цагийн үед Батсайхан ахтай хамт сумын төв орсон. Тэгээд нэг хүнтэй таараад дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад Батсайхан ах, сумын төвд таарсан ах бид гурав хувааж уусан. Тэгээд Батсайхан ах бид хоёрыг хүргэж өгөх гэж явж байгаад сумын төвд байдаг гүүрний тэнд зогсож Т.А бид хоёрыг буулгасан. Тэгээд би архи уусан болохоор амаа усаар зайлчихаад явъя гэж Т.А-т хэлсэн. Тэгсэн чинь Т.А чи манай ахыг мөнгө өгдөггүй гэж ярьсан байна гээд байсан. Тэгээд намайг боогоод алгадаад өшиглөсөн. Тэгээд би гэдсээ дараад доошоо суусан. Тэгээд би шээж чадахгүй байна гэсэн, намайг орхиод миний урд алхаад явсан. Би явж чадахгүй мөлхөөд амь авраач гэсэн чинь машин зогсохгүй байсан. Би шээсэн чинь шээс гарахгүй байсан. Тэгээд би мөлхөж явж байгаад Мөнхбаатарын гэрийн цонхыг нь нүдсэн чинь намайг зайл гэж хэлээд цонхоо хаасан. Тэгээд би зам руу мөлхөж гараад явж байхад Мөнхбаатар гарч ирээд Т.А хаачсан юм гэж асуухаар би намайг орхиод явсан гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаатар буцаж яваад араас машинаа асааж ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд би эмнэлэгт очсон” гэв.
Хохирогч Б.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 5 сарын 26-27-нд шилжих шөнө би ажлаас буугаад гэртээ унтах гээд байж байсан. Тэгээд Т.Анхбаатар орж ирээд С.Гантулгыг зодоод байсан. Тэгээд С.Гантулга зугтаагаад явсан чинь араас нь гарч гүйгээд буцаж орж ирээд намайг зодсон. Би чамаас салаагүй гээд намайг зодсон. Гомдол санал байхгүй, хавтаст хэрэгт нэхэмжилсэн 50000 төгрөгөөр гаргуулна. Би Т.А-ыг надаас хол байгаасай гэж бодож байна. Урд нь хамт амьдарч байхдаа намайг удаа дараа зодож, айлган сүрдүүлж, уулан дээр аваачиж, бие дээр минь бензин асгаж шатааж ална гэж айлгаж байсан. Миний охин Т.А-ын хүүхэд биш” гэв.
Хохирогч С.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 5 сарын 26-ны өдөр ажлаасаа бууж ирээд гэртээ байж байсан. Тэгээд эхнэр, охин, бид гурав унтах гээд байж байхад Т.А орж ирээд барьж байсан ундаагаа над руу шидсэн. Тэгээд намайг боогоод орон дээр гаргаад зодсон. Би гэрээс гараад зугтаасан. Тэгээд би цагдаагийн машинаар эмнэлэг дээр очсон. Гомдол санал байхгүй. Т.А-ыг ухаарч байгаа байх гэж бодож байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Б.Отгонсүхийн мэдүүлэг /хх-ий 15 /, хохирогч С.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 111/, хохирогч Б.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 115-117/, гэрч Б.Наранзулын мэдүүлэг /хх-ийн 16/, хохирогч Б.Отгонсүхийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Батсайханы мэдүүлэг /хх-ийн 25-26/, шинжээчийн №11245 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/, шинжээчийн №87 дугаартай дүгнэлт /хх-ийн 124/, шинжээчийн №88 дугаартай дүгнэлт /хх-ийн 121/, шүүгдэгч Т.Аын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 142/, ял шалгах хуудас /хх-ийн 145-146/ болон бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Т.А нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг болох сумын төвд 2018 оны 09 дүгээр сарын 11 -ний орой 21.00-22.00 цагийн орчим Б.Отгонсүхийн хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол,
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Жи Эн” нэртэй баарны галчийн өрөөнд 2018 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө иргэн С.Гантулга, Б.Энхцэцэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
- Хохирогч Б.Отгонсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумаас баруун хойшоо хадсан өвс бухалдахаар Т.А, Батсайхан нарын хамтаар явж өвс бухалдсан. Тэгээд орой 20 цагийн үед Батсайхан гэдэг айлд ирээд тэндээсээ Батсайхан ах А бид хоёрыг сумын төврүү аваад явж байгаад нэг таньдаг хүнтэйгээ тааралдаад Батсайхан ах тэр хүнтэй уулзаж байгаад нэг юм ууя гэж хэлээд сумын төв рүү дэлгүүр орж 0.75 литрийн архи аваад буцаж тэр хүн дээр ирээд тэр хүн Батсайхан ах бид гурав тэр архийг нь хувааж уугаад Батсайхан ах хүргэж өгөхөөр явж байгаад сумын төвд байдаг гүүрний тэнд зогсож Т.А бид хоёрыг буулгачихаад явсан. Тэгээд Т.А намайг явъя гэхээр нь би архи уучихсан усанд амаа зайлчихаад явъя, архи уучихсан яаж орох вэ гэсэн. Тэгсэн чинь чи манай ахыг мөнгө өгдөггүй гэж хүнд ярьсан гэж хэлээд миний гэдэс рүү шууд өшиглөчихөөд намайг алгадаад боосон. Тэгэхээр нь би гэдэс өвдөөд байна гэж хэлээд доошоо суусан. Тэгтэл Т.А намайг үлдээгээд алхаад явахаар нь араас нь мөлхсөн. Тэгтэл Т.А буцаад өвчин намдаах лаа барьчихсан ирээд энэ лааг хийчих гэж өгөхөөр нь тэр лааг нь би өөрөө хийгээд давсаг руу халуу дүүгээд шээх гээд байхаар нь шээе гэж зогсоод шээгээгүй. Тэгээд кпонкийн тийшээ явж байгаад эмнэлэг оруулаад өг гэхэд чи намайг цагдаад барьж өгөх гэлээ гэснээ намайг дагуулан явж байгаад намайг нэг сараажилсан төмөрний хавьд үлдээгээд цаашаа утсаар яриад яваад өгсөн. Тэгээд би тэндээсээ мөлхөж яваад Мөнхбаатарын хашаанд байрлаж байсан гэртээ орж куртикээ тайлаад подвалк өмсөөд эргэж гараад Мөнхбаатарын цонхыг нүдээд авраач гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбаатар ах цонхоо онгойлгож харсанаа хаасан. Тэгэхээр нь би гараад замруу мөлхөж гараад явж байхад Мөнхбаатар ах араас ирээд Т.А хайчсан юм бэ гэхээр нь намайг зодчихоод явчихлаа гэхэд хашааруугаа ороод машинаа аваад гарч ирсэн. Тэгээд сумын эмнэлэг ороод эмчилгээ хийлгээд Улаанбаатар хотруу эмнэлгийн машинаар явж ГССҮТ-д очиж хэвтэн хэвлийн хагалгаа хийлгэж өлөн нарийн гэдэс тасарсан байсныг оёулсан...тэр өдөр Т.А миний гэдэс рүү өшиглөж, алгадаж бас боосон тэрнээс ямар нэгэн зүйлээр цохиогүй. Тэр үед ямар нэгэн хүн хамт байгаагүй. Би Т.А-т огт гар хүрээгүй...бид хоёр муудалцах юм болоогүй намайг шууд өшиглөсөн. Тухайн үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Сумын Петровис клонк дээр Т.А-тай хамт очоод цаашаа Т.Анхбаатар намайг дагуулан яваад төмөр сараалжин хашааны хавьд аваачиж үлдээгээд миний урд гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
- Хохирогч С.Гантулгын “..2018 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Мандал сум дахь 7 дугаар баг Жи Эн баарны ард талын галчийн өрөөнд Б.Энхцэцэг охин бид гурвыг унтаж байхад Т.А гэгч манай хамтран амьдрагч Б.Энхцэцэгийн салсан нөхөр орж ирээд шууд дээрээс нүүрлүү 3 удаа гараараа цохиж, босгож ирээд орон дээр унагаагаад боосон, дагзаар хана хоёр удаа мөргүүлсэн, элэг хэсэг рүү 2 удаа өвдөглөхөөр нь би юу ч хэлэлгүй гараад зугтсан. Тэгээд зугтаж явтал цагдаагийн алаг машин тааралдаад эмнэлэг рүү хүргүүлээд уруул амаа цэвэрлүүлчихээд гэрлүүгээ явсан. Тэгээд гэртээ эргээд орсон чинь Энхцэцэгийг зодсон байсан...надад нэхэмжлэх 50.000 төгрөгийн эм тариа авсан зардал байгаа. Гэхдээ энд өгөх баримт байхгүй байна. Т.А өөрөө сэтгэлээрээ гаргаж өгвөл 50.000 төгрөг л авна” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121 тал/
- Хохирогч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2018 оны 05 дугаар сарын 27-ны үүрийн 06 цагийн орчим Мандал сум 7 дугаар баг Жи Эн баарны ард талын галчийн өрөөнд С.Гантулга бид хоёрыг унтаж байхад урьд өмнө миний хамтран амьдарч байсан Т.А гэгч салсан залуу орж ирээд шууд С.Гантулгыг зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би Т.Ааа чи яагаад С.Гантулгыг зодоод байгаа юм бэ, чи бид хоёр салсан ш дээ боль л доо гэж гуйсан. Гэтэл Т.Ар чи намайг салсан гэж бодож байна уу, би чамаас салаагүй, би энэ залууг чинь алнаа гээд дайраад байсан. С.Гантулга удалгүй гараад зугтсан. Тэгээд С.Гантулгын араас гарч яваад удалгүй ороод ирсэн. Тэгээд Б.Энхцэцэгээ би чамаас салаагүй шүү салсан гэж бодоо юу чамайг алж байж сална гээд намайг зодсон. Намайг хэвтэж байхад дээрээс хөлөөрөө дэвсэлж зодож байгаад гараад зугтаасан...богино хар түрүүтэй израйл гуталтай байсан, миний гуя, давсаг, нүүрний хамар хэсэг рүү, толгойн дагз хэсэг рүү дэвсэж цохисон, нилээн олон удаа цохисон, яг хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна...Гантулгийг хоолойг нь боож, толгой руу цохиод байх шиг байсан...Би Т.А-т зодуулсандаа гомдолтой байгаа хуулийн дагуу арга хэмжээ авахуулна. Би Т.А-т зодуулсны дараа эм тариа 50.000 төгрөгөөр авсан тэр мөнгийг гаргаж өгвөл авна” гэх мэдүүлэг/хх-ийн 123-125 тал/,
- Хохирогч Б.Отгонсүхийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Жаргалант сумаас хойд зүгт Батсайхан, Т.А нарын хамтаар Мөнхбаатарын хадланг хийсэн. Батсайхан нь Т.А бид хоёрыг сум руу хүргэж өгсөн. Т.А чи манай ах Мөнхбаатарыг мөнгө өгөхгүй байна гэж хүнд ярьсан байна гэж хэлж уурласан. Би хэнд ярьсан юм бэ гэхэд тэр хүнээ хэлээгүй. Тэгээд муудалцаад Анхаа миний давсагны орчимд өшиглөөд, миний давсаг өвдөөд би мөлхсөн. Тэгээд Анхааг эмнэлэг заагаад өг гэхэд зааж өгөөгүй. Сумын төвийн Петровис колонкийн тэнд намайг хүргэж өгөөд өөрөө алга болсон. Би тэндээс мөлхөж явсаар байгаад Мөнхбаатар ахын гэрт очоод Мөнхбаатар ах намайг эмнэлэг авч орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
- Гэрч Б.Наранзулын “...Би Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж эмнэлэг дээр байхад 23 цаг 10 минутанд Жаргалант сумын иргэн Мөнхбаатар гэх хүн нэг хүн дагуулж ирээд үзээд өгөөч гэхээр нь би үзлэг хийхэд тухайн хүн тонгойсон тэгшхэн явах чадваргүй, гаднаас нь харахад хэвлий хэсгээр хүчтэй өвдөлттэй өөрөө сууж хэвтэж чадахгүй байсан. Тухайн хүний даралтыг үзэхэд 160/100-тай, пүүлс нь 100-тай байсан. Тэгээд бодит үзлэг хийхэд хэвлийн гялтан цочролын шинжтэй /хэвлийн хана хүчтэй өвдөлттэй/ байсан ба өмдийг нь тайлж үзэхэд бэлэг эрхтэнд гэмтэл байгаагүй, баруун цавь хавиар гадны нөлөөтэй арьс зулгарсан байсан. Өөрөөс нь зовуурыг нь асуухад хэвлийн доогуур давсаг орчмоор хүчтэй өвдөнө шээхээр санагдаж байгаа хэрнээ шээс гарахгүй байна гэж зовуурласан. Тэгээд юу болсон талаар асуухад өдөр хамт архи уусан хүнтэйгээ муудалцаж тэр хүн хэвлийн доошоо давсаг орчимд 2 удаа өшиглөсөн, архи ууж байхад шээс хэвийн гарч байсан бөгөөд өшиглүүлснээс хойш уг өвдөлтийн зовуур эхэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би давсаг хагарсан байж магадгүй гэж сэжиглэл дэвшүүлээд тайван болгохын тулд өвчин намдаах тариа хийгээд ЭХО-д харахад давсагны бүтэн дүрс харагдахгүй сарнисан дүрс харагдсан учраас давсаг хагарсан гэсэн анхны оношыг дэвшүүлэн ГССҮТ-д хүргүүлэх шаардлагатай гэж үзэн дараагийн эмч түргэний жолоочийг дуудан Улаанбаатар хот руу явуулсан. Уг гэмтэл авсан хүн бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат Баяраа овогтой Отгонсүх гэсэн бөгөөд регистрийн дугаараа мэдэхгүй байсан. Уг хүнд өөр гэмтэл бэртэл байхгүй. А гэж дууддаг манай эгчтэй сууж байгаад салсан хүнд зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
- Шүүгдэгч Т.А-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумаас баруун хойшоо хадлан хийсэн. Тэгээд орой 20 цагийн орчимд хөдөөнөөс машинаар сумын төврүү Отгонсүхийн хамтаар хүргүүлсэн. Тэгээд сумын төвийн баруун талын гүүрний цаад талд байдаг торон хашааны тэнд буугаад Отгонсүх 0.5 литрийн ерөөл нэртэй архи авч ганцаараа уусан. Тэр архиа уугаад дуусахаар нь би Отгонсүхийг явъя ахын гэрт очиж унтая гэсэн. Тэгтэл Отгонсүх над руу уурлаад явж чадахгүй пизда гэж хэлээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм гэж хэлээд хавсарч унагаад дээр нь дарахад Отгонсүх чи намайг алаад аваад яв гэж орилсон. Тэгэхээр нь би чамайг алахгүй, зодохгүй авч явна гэж хэлсэн. Тэгсэн Отгонсүх намайг пизда энэ тэр гээд байхаар нь би нэг алгадсан. Тэгтэл Отгонсүх чи намайг зодлоо хоёулаа үзий гээд заамдаад авсан. Тэгэхээр нь би гарыг нь мултлаад цааш нь түлхээд гуяруу нь өшиглөсөн. Тэгээд би эргэж гараад хөдөө явсан. Би Отгонсүхийг явж амаръяа гэхэд явахгүй байснаас болж муудалцсан. Би нэг удаа өшиглөж, алгадсан. Тэрнээс ямар нэгэн зүйлээр цохиогүй. Бид хоёртой ямар нэгэн хүн хамт байгаагүй. Отгонсүх надтай зууралдсан гэхдээ намайг цохиогүй миний биед гэмтэл байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хөдөө хамт хадлан хийж байгаа Батсайхан ах хонио олохгүй байна гэж намайг мотоцикльтой ирж авч явсан. Тэрнээс би зугтааж яваагүй” гэх мэдүүлэг/хх-ийн 17 тал/,
- Гэрч Ч.Мөнхбаатарын “... 2018 оны 09 дүгээр сарын 11-ний орой 23 цаг өнгөрч байхад Отгонсүх манай байшингийн цонхыг амь авраарай гэж хэлээд нүдсэн. Тэгэхээр нь яасан гэхэд А миний гэдэс рүү өшиглөчихаад зугтаатаад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Отгонсүхийг аваад сумын эмнэлэг орсон. Тэгээд эмч үзээд хэвлийд гэмтэл авсан байна. Улаанбаатар хот авч яв гэж хэлээд түргэний машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд авч ирсний дараа...онош тогтоохоор хэвлийн хагалгаа хийсэн. Хэвлийн хагалгаа хийсний дараа шулуун гэдэс тасарсан байна гэсэн онош тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18- 20 тал/,
- Гэрч В.Отгонбаярын “..2018 оны 09 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед Т.А 95-тай дугаараас залгаж надаас тамхины мөнгө асуусан тэр үед чи хаана байгаа юм бэ гэж асуухад би Батсайхан ахтай өвөлжөөн дээр хадлан хийж байгаад суман дээр орж ирлээ гэж хэлсэн. .тэгтэл сумын цагдаа ирээд би цагдааг дагуулан Т.А-ын байгаа газар очсон. Тэгээд чи хүн зодоод зугтаасан юм уу гэж би Т.А-раас асуухад Т.А Отгонсүхийг нэг алгадаж, зузаан гуяруу нь өшиглөсөн. Тэгээд бид хоёр хамт Мөнхбаатар ахын хашаанд байдаг гэрт очоод тэнд Отгонсүхийг үлдээгээд Батсайхан ахыг маоаа алдчихлаа гэхээр нь ирсэн тэрнээс би зугтааж яваагүй гэж хэлэн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй цагдааг дагаж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
- Гэрч Ч.Батсайханы “..2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ..би тэр хоёрыг хүргэж өгөхөөр хөдлөхөд Т.А, Сүүгий хоёр сумын төвийн гүүрний тэнд ирээд та ажилтай юм чинь яв бид хоёр алхаад харьчина гэж хэлээд бууж үлдсэн...манай гэр сумын төвөөс баруун зүгт 2-3 км зайтай. Би тэр өдөр өөрийнхөө машинтай явсан. Орой Т.А-ыг сумын баруун талаас ирж авахдаа мотоцикльтой ирж авсан. Тухайн орой би цаггүй явсан учраас ерөөсөө цаг хараагүй, хэдэн цагт сумын төвд буулгасан дахиж хэдэн цагт ирж авсанаа мэдэхгүй байна. Манай эхнэр мессэж бичсэн учраас Т.А надруу явсан гэж хэлсэн...би Анхааг аваад хонин дээрээ очиж байж байгаад Сүүгий яасан бэ гэж Т.А-аас асуухад алгадаад хаячихсан гэсэн. Тэгж байтал Отгонбаяр эгч залгаад Сүүгийг зодсон байна байлгаж байгаарай гэсэн. Тэрнээс Т.А надад Сүүгийг зодсон талаараа яриагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
- ШүүгдэгчТ.А-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр Отгонсүхийг дагуулан тэндээсээ шууд ажил хийхээр Төв аймгийн Жаргалант суманд ирсэн. Тэгээд Жаргалант суманд ирээд Мөнхбаатар ахынд очиж байрлаад хадлангийн юмаа бэлдээд хадланд гарсан...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумаас хойш явж Батсайхан гэдэг Мөнхбаатар ахын мал байдаг айлын хүнтэй хамт хадсан өвсөө бухалдсан. Тэгээд харуй бүрий болж Батсайхан ах машинаар бид хоёрыг сумын төврүү хүргэж өгсөн. Отгонсүх бид хоёр сумын төв орж голын дэргэд буугаад Батсайхан ахыг эртхэн малруугаа яв хонь чинь харагдахаа больлоо гэж хэлээд явуулсан...Отгонсүх 0.5 литрийн ерөөл нэртэй архи аваад хүрч ирсэн. Тэгээд тэр архинаасаа намайг уух уу гэхээр нь би уухгүй чи хар усанд толгойгоо мэдүүлж яах гээд байгаа юм бэ зовлогоо зовоож олсон мөнгөөрөө хар ус авч уулаа гэж уурласан. Тэгтэл Отгонсүх дуугай архи ууж сууж байгаад архи дуусгаад надруу хуц гөлгөө чамд ямар хамаатай юм бэ гэж орилсон. Тэгэхээр нь би дуугай зогсож байгаад явъя гэхэд чамтай явахгүй зайл гэж орилсон. Тэгэхээр нь юу гээд байгаа пизда вэ гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгтэл май пизда минь чи намайг алаад өгөөч гуйж байна гэж хэлээд намайг заамдаад авахаар нь би цааш нь өшиглөөд би хүн алахгүй битгий олон юм хуцаад бай тэр алуулдаг хүнээрээ алуул гэж хэлсэн. Тэгтэл Отгонсүх цаашаа харанхуй руу орох гээд явахаар нь би араас нь гүйж очоод явж унтая өглөө ажилтай гэж хэлээд Отгонсүхийг аргадаад дагуулан явж сумын төвийн петровис клонкийн тэнд очиж шээчихээд эмнэлэгийн хажуу талд очоод Отгонсүх хоёулаа алалций, чамайг хутгална гэхээр нь би юу гэж архины халуундаа солиороод байгаа юм бэ гэж хэлээд дахиж аргадаад цаашаа гэрлүү явсан. Гэрлүү явж байхад Отгонсүхийн утас дуугарсан, тэгээд би утсыг нь авахад Отгонсүхийн эгч Энхцэцэг байсан. Тэгээд утсаар ярьж байхад Отгонсүх орилоод байсан. Тэгтэл надаас Отгонсүхийн эгч Отгонсүх согтуу байгаа юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би эрүүл, чамайг уурлаж худлаа орилж байна гэж хэлсэн. Тэгээд би гадаа утсаар ярьж байгаад гэрт ороход Отгонсүх хөнжилд орчихсон байхаар нь унтаж байгаа юм уу гэхэд хуцаад бай пизда минь би чамтай унтахгүй зайл толгой өвдөөд байна гэхээр нь өөртөө байсан өвчин намдаах лааг хий гэж өгчихөөд гэрээс гарсан...Би Отгонсүхийн эгч Энхцэцэгтэй 2011 оноос байр түрээслэн 4 жил хамтран амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд Отгонсүх манайхаар хаяа орж гардаг, ирж хонож өнждөг байсан. Тэр өдөр Батсайхан, Отгонсүх бид гурав хадлан хийсэн өвсөө бухалдаж байсан. Тэр өдөр архи огт уугаагүй бөгөөд Батсайхан ах бид хоёрыг сумын төвд хүргэж өгсөний дараа Отгонсүх ганцаараа архи авч уусан би тэр архинаас нь уугаагүй...Би Отгонсүхийг нэг удаа гараараа алгадаж, нэг удаа бүдүүн гуяруу өшиглөж нэг удаа татаж унагасан. Тэрнээс ямар нэгэн зүйлээр цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №11245 дугаартай “..Б.Отгонсүхийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарсан шарх, цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №88 дугаартай “..Б.Энхцэцэгийн биед духны баруун хажуу хэсэгт шарх, баруун хөлийн 5 дугаар хурууны доод хэсэгт зулгаралт, 2 хөлийн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийнн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 129 тал/,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №87 дугаартай “..С.Гантулгын биед духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн эгэмний доод хэсэгт цус хуралт, дээд уруулын зүүн дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийнн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 132 тал/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/
- 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №34 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 9 тал/
- Хохирогч Б.Отгонсүхийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-37 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Т.А-рын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Б.Энхцэцэгийн биед “духны баруун хажуу хэсэгт шарх, баруун хөлийн 5 дугаар хурууны доод хэсэгт зулгаралт, 2 хөлийн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн“ гэмтэл,
- хохирогч Б.Отгонсүхийн биед “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарсан шарх, цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, гялтангийн үрэвсэл” гэмтэл,
- хохирогч С.Гантулгын биед “духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн эгэмний доод хэсэгт цус хуралт, дээд уруулын зүүн дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл” тус тус учруулсан Т.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг тус тус хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ”гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт,
-мөн журмын 2.2-т ” Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл” мөн журмын 2.2.4-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч С.Гантулга, Б.Энхцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Б.Отгонсүхийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан гэмтлийг хөнгөн болон хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч Т.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А нь “...би Б.Отгонсүхийн зүүн талын гуянд нь гадна талаас нь өшиглөсөн, нэг алгадсан, давсаг хавьд нь өшиглөөгүй...” гэж мэдүүлж байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Отгонсүхийн “...Т.А нь ажлын изриаль гуталтай байсан, нэг удаа давсаг руу өшиглөөд би гэдсээ дараад доошоо суусан, тэгээд би шээж чадахгүй байсан. Тэгээд намайг орхиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Наранзулын “...би үзлэг хийхэд тухайн хүн тонгойсон тэгшхэн явах чадваргүй, гаднаас нь харахад хэвлий хэсгээр хүчтэй өвдөлттэй өөрөө сууж хэвтэж чадахгүй байсан...бодит үзлэг хийхэд хэвлийн гялтан цочролын шинжтэй /хэвлийн хана хүчтэй өвдөлттэй/ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/, шинжээчийн №11245 дугаартай “..Б.Отгонсүхийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарсан шарх, цоорол, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/, хохирогч Б.Отгонсүхийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-37 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл хэрэг учрал болох үед хохирогч Б.Отгонсүх, шүүгдэгч Т.А нараас өөр хүн байгаагүй болох нь дээрх мэдүүлгүүдээр нотлогддог болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Т.А-ын бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.А-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар нэмж нэгтгэн 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,
- Хохирогч Б.Отгонсүхийн өмгөөлөгч: Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийн хувьд тусгайлан гаргах саналгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тодорхой газар очиж тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах асуудал байдаг. Ийм учраас хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх саналыг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Т.А-ын хувьд Б.Отгонсүхийг зодсон гэм буруугаа хүлээж байна. Т.Анхбаатар энэ хэргийн улмаас оргож яваад хөлөө хөлдөөсөн, өөрийн эрүүл мэнддээ хохирол учруулсан, гэм буруугаа гэмшиж ойлгож байгаа, 28 настай залуу хүн юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Т.А нь олон удаагийн ял шийтгэлтэй буюу урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, хоёр удаа ял шийтгүүлсэн, энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөлд тооцогдож байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Т.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж,
-мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Отгонсүх, С.Гантулга нар нь “...нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэсэн боловч хохирогч Б.Отгонсүхэд энэ гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхцэцэг нь хохиролд 50.000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1834007140291 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.А-ын цагдан хоригдсон 155 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Г овогт Т.А-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Г овогт Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г овогт Т.А-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Т.А-т оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
- Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгт зааснаар шүүгдэгч Г овогт Т.А-ын цагдан хоригдсон 155 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.
- Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Отгонсүх нь эмчилгээний зардалаа, хохирогч Б.Энхцэцэг нь хохирлын 50.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г овогт Т.А-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА