| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0365/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 374
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багт оршин суух, ВК79112607 регистрийн дугаартай, Товцог хайрхан овогт Бямбасүрэнгийн Дашхорлоо
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-29-07 тоотод оршин суух, ВК70083013 регистрийн дугаартай, Сүжигт овогт Хоролын Батболдод холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дашхорлоо, хариуцагч Х.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Г.Доржготов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дашхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 1979 онд төрсөн. Би Х.Батболдтой 2001 онд танилцаж гэр бүл болон амьдарч, 2004 оны 04 сарын 08-ны өдөр хүү Б.Пүрэвжаргалыг төрүүлсэн. Амьдралын эхний үед нөхөр болох Батболдын зан харьцаа гайгүй байсан. Гэтэл сүүлийн үед Х.Батболд нь архи ихээр ууж, агсан тавьж, агсан тавихдаа хутга барьж, ална гэж дайрч манайг сэтгэл санааны болон бие махбодын дарамтанд байлгах болсон. Би гэр бүлийн хичирхийлэлтэй энэ байдлыг тэвчихгүй байсан учир гэрлэлтээ цуцлуулахаар Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хүүхдүүдийнхээ ирээдүйг бодон цаашид амьдралаа үргэлжлүүлэхээр болж тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 65 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Гэтэл Х.Батболд нь шүүхээс гараад л надтай дахин харьцаагүй, тусдаа амьдарсан хэвээр байсан. Би хүүхэдтэйгээ ээжийнд амьдарч байсан. Намайг хамт амьдръя гэж нэг ч удаа ирээгүй, харин миний эгч рүү утсаар ярьж дарамталсан байсан. Надтай утсаар холбоо барихдаа өөрийн эд хөрөнгөө авна гэж согтуугаар 2-3 удаа ярьж байсан. Х.Батболдын байгаа байдал нь нэгэнт ийм болсон, цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй байна. Иймд Х.Батболдоос Б.Пүрэвжаргалд тэтгэлэг тогтоон, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Дашхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Х.Батболдтой 2001 онд гэр бүл болж, 14 жил хамт амьдарсан. Архи дарс уухаараа ааш, авир муутай зөндөө тэвчсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулмаар байна. 2 хүүхдээ дагуулаад айлаар явах хэцүү байна. Өмнө нь эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж эвлэрч байсан боловч эвлэрч амьдрах талаар надаас гуйж, ирээгүй гэв.
Хариуцагч Х.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 1970 онд төрсөн. Би эхнэр Б.Дашхорлоотой гэр бүл болон Б.Пүрэвжаргал хүү маань гарсан. Эхнэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би эхнэрээ зодож дарамталж байсан удаагүй. 2015 оноос хойш бидний харьцаа хөндийрч эхнэр маань ууртай болж хэрүүл гардаг болсон. Би эхнэр лүү хутга барьж байгаагүй, эхнэрээ хүчирхийлэлд амьдруулж байсан гэж бодохгүй байна. Би дагавар охиндоо өөрийн хүүхэд шигээ л харьцдаг, бараг нэг ч удаа загинаж зандарч үзээгүй. Эхнэр маань сүүлийн үед өөр хүнтэй болж эхнэр хүүхэдгүй нэг залуутай нийлэх гээд яваад байгаа юм. Би энэ талаар мэднэ. Гэхдээ эхнэр маань сална гээд байгаа болохоор би салах талаар хүлээн зөвшөөрч байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийсний дараа ч эргээд сайхан амьдаръя гэж зөндөө гуйсан огт ойлгохгүй намайг хөөгөөд загнаад байдаг. Гэр бүл болсноос хойш хашаа авч байшин барьсан, тэр хашаа хэний нэр дээр байгааг нь сайн мэдэхгүй байна. Асуухаар хэлэхгүй байгаа. Мөн нэг ланд машин байгаа тэр эхнэрийн нэр дээр байдаг. Би тухайн эд хөрөнгийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулсан байхад надад ганц хөндий гэр ч үлдээхгүй бүгдийг нь авч байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлд бичихдээ хашаа байшингаа бичээгүй, айлд байгаа мэтээр бичсэн байгааг ойлгохгүй байна. Надаас салахын тулд намайг зоддог, дарамталдаг зэргээр маш их худлаа зүйл бичсэн байна. Үүнийг би гайхаж байна. Би өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнгын орлогогүй. Тиймээс бүх эд хөрөнгөө өгч байгаа болохоор хүүхдийн тэтгэлэг төлөхгүйгээр гэрлэлтээ цуцлуулмаар байна. Банкинд байгаа зээлийг бид хамтарч төлдөг байсан. Одоо машинаа зараад зээлээ хаалгачихмаар байна гэхээр машин зарагдахгүй байна гэдэг. Би зээлээ төлж дуусгаж өргүй болмоор байна. Мөн эд хөрөнгийн тухайд надад юу ч үлдээхгүй авсан болохоор хүүхдийн тэтгэлэг төлөхөд хүндрэлтэй байна. Иймд миний байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргааны асуудлаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлнэ гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын иргэний үнэмлэхний, гэрлэлтийн ПА №9 дугаар болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Галуут сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дашхорлоо нь хариуцагч Х.Батболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.Батболд зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Б.Дашхорлоо, хариуцагч Х.Батболд нар нь 2001 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болсноо 2003 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн гэрлэгсдийн эрх, үүргийг үүсгэн амьдарсан, 2004 оны 04 сарын 08-ны өдөр хүү Б.Пүрэвжаргал төрж, одоо эрүүл энх өсөн торниж байгаа болох нь гэрлэлтийн ПА №9 дугаар болон хүүхдийн төрсний 35 дугаар гэрчилгээний хуулбарууд, Галуут сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Б.Дашхорлоогийн гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Батболд хүлээн зөвшөөрч шүүх болон шүүх хуралдаанд тайлбар гаргасан, гэрлэгчид нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эвлэрэн амьдрахаар эвлэрлийн гэрээ байгуулсан боловч эвлэрэн амьдараагүй зэргийг шүүх харгалзан гэрлэгчдэд дахин эвлэрэх хугацаа зааж, эвлэрүүлэн зуучлагчид хандуулалгүйгээр тэдний тохиролцсноор гэрлэлтийг нь цуцалж, хүүхдийг эхийн асрамжид үлдээн тэтгэлэг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Товцог хайрхан овогт Бямбасүрэнгийн Дашхорлоо, Сүжигт овогт Хоролын Батболдод нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 04 сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Пүрэвжаргалыг эх Б.Дашхорлоогийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Б.Пүрэвжаргалд сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон, эцэг Х.Батболдоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Б.Пүрэвжаргалыг нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Х.Батболд, эх Б.Дашхорлоо нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Дашхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Батболдоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дашхорлоод олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид 28627 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ