| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/00655/И |
| Дугаар | 531 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 531
2016 оны 08 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2016/00531 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө-34, БТТ төв 303 тоотод байрлах, “Төгс Ариун цэвэр” ХХК /РД: 5613167/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 73-1-р байр, 51 тоотод оршин суух, Боржигон овогт Дамбадаржаагийн Дүүрэнхүү /РД: ЧА75100660/-д холбогдох
Гэрээний үүрэгт 1 406 880 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Төгс Ариун цэвэр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Д.Дүүрэнхүү нь 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус компанитай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5.700.000 төгрөгний үнэ бүхий "Kirby Sentria" маркийн стандарт иж бүрдлийн үнэд 500.000 төгрөгний урьдчилгаа төлж үлдэгдэл 5.200.000 төгрөгийг 15 сарын хугацаанд, cap бүрийн 25-ны өдөр cap бүр 350.000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээнд гарын үсэг зурж худалдан авсан. Д.Дүүрэнхүү нь бүтээгдэхүүний эргэн төлөлтөнд 4.100.000 төгрөг төлсөн.
Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Д.Дүүрэнхүүд 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр "Kirby Sentria" маркийн стандарт иж бүрдлийг хүлээлгэн өгсөн болно.
Гэтэл Д.Дүүрэнхүү нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөр болох 1.100.000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Компаний зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул "Kirby Sentria” маркийн стандарт иж бүрдлийн үндсэн үнэ 1.100.000 төгрөг, алданги 306.880 төгрөг нийт 1.406.880 төгрөгийг иргэн Д.Дүүрэнхүүгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Дүүрэнхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Дүүрэнхүү нь нэхэмжлэгч “Төгс Ариун цэвэр” ХХК-ийн нэхэмжилсэн 1 406 880 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч “Төгс Ариун цэвэр” ХХК нь хариуцагч Д.Дүүрэнхүүд холбогдуулан гэрээний үүрэгт 1 406 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Дүүрэнхүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 406 880 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Төгс Ариун цэвэр” ХХК, хариуцагч Д.Дүүрэнхүүд холбогдуулан гэрээний үүрэгт 1 406 880 /нэг сая дөрвөн зуун зургаан мянга найман зуун ная/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37460 төгрөгийн тал хувь болох 18730 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 200600910 тоот данснаас, хариуцагч Д.Дүүрэнхүүгээс 18730 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төгс Ариун цэвэр” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ