Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/120

 

2019           04             09                                            2019/ШЦТ/120

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

- улсын яллагчаар Б.Эрхэмбаяр

- хохирогч П.Энх-Амгалан

- хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбаатар

- шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, М.Алтанцэцэг

- гэрч Б.Агиймаа, Б.Уранцэцэг

- шүүгдэгч Ц.Ганзориг нарыг оролцуулан нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Цогтоогийн Ганзоригт холбогдох эрүүгийн 1734000170019 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их гурван мал” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамж 49-а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Булгадар овогтой Цогтоогийн Ганзориг /РД:ОА82021411/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Ганзориг нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эх булаг” амралтьн газарт 2017 оны 05 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө хохирогч П.Энх-Амгаланг галын хайчаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Ганзориг: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээж байна” гэв.

Хохирогч П.Энх-Амгалан: “2017 оны 05 сарын 27-ны өдөр  Төв аймгийн Баянчандмань сумын Их булаг гээд амралтын газар очсон. Зарим нь гэр лүүгээ харьсан. Зарим их уусан нь Амгаа ахаа та хоцорчих гэж хэлсэн. Би өглөө эрт ажилтай байсан учраас архи уугаагүй. Эргэж хүрч ирээд гэрт нэг залуу сууж байсан. Юун хүн орж ирээд сууж байгаа юм бэ гэхэд танилцах гэж ирсэн юм аа гэсэн. Аан за за гээд танилцаад өөрт архи хийж өгөөд өөрт нь пиво өгөөд цуг гарсан. Бид нар амрах гээд байна, харьж амар гэсэн.  Юм ярих гээд байхаар нь хажуу талын сандал дээр суулгаад манайхан их согтуу байгаа. Чи ч гэсэн согтуу байна. Маргаан үүсэх юм бол бөөн юм болно. Тийм учраас амар гэж хэлээд явахад Ганзориг сандал дээрээ үлдсэн. Гэртээ ороод нөгөөдүүлийг унт гэж хэлээд хэвтүүлээд, нөгөө хэд маань  согтуу болохоор бүхэл бүхлээрээ хэвтээд өгсөн. Би амралтанд ирсэн хүн гэсэн. Нэлээн ярьж сууж байгаад 30 минутын дараа ороо засаад арагшаа хараад зогсож байхад хаалга дуугарсан. Тэгээд харсан чинь Ганзориг дээр залуу орж ирсэн. Танилцсан юм чинь яах ч үгүй балгүйдээ гээд бодсон. Гэтэл тас буугаад явсан. Дахиад хүзүү нуруу хавьцаа цохисон. Би цохиулаад барилцаж аваад зодолдоод би бол дийлэхгүй байсан. Би аллаа хөөш босооч гээд хашхирахад түрүүчээсээ босоод ирж байхад бид хоёр зууралдаад гадаа гараад зодолдсон. Хэн хэнийгээ цохиод заамдалцсан. Миний ухаан орж гараад байсан. Хүмүүс шуугилдаад байсан. Цаашаа юу болсныг мэдэхгүй би ухаан алдсан. Нэг сэрэхэд нэг эмэгтэй миний хүй хонхорхой дээр дарсан. Ахаа сэргээрээ бие нь гайгүй юу гэж хэлсэн. Нэг сэрэхэд би гэртээ байж байсан. Ганзориг гэдгийг мэдээд мөрдөн байцаалтын шатанд хэлж байсан. Би согтуугийн гайгаар ийм зүйл хийчихлээ гэсэн. Би ч нээх зүйл яриагүй хохирол гарсан байна. Хоёр сая төгрөгийг нь өгчих гээд хэлээд гомдолгүй гэж хэлүүлээд явсан. Тэгээд Ганзориг утсаа авахаа болиод эхнэр нь утсаа аваад явдаг газраараа яв. Бид нар та нарт ямар ч мөнгө өгөхгүй. Манай өмгөөлөгч хохирол барагдуулах асуудал байхгүй гэж хэлээд байна. Явдаг газраараа яв гээд утсаа тасалсан. Би шууд прокурорын газарт өргөдөл өгөөд дахиад хэргийг сэргээгээд явсан. Би тухайн үед эмнэлэгт хэвтээд 4 сар гаран ажил хийхгүй байж байгаад ажилдаа орсон. Эмчийн хяналтад байдаг болсон их хүнд ажил хийх юм бол ухаан алддаг болсон. Энэ хүнд гомдолтой, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Гэрч Б.Агиймаа: Тухайн өдөр ажлынхаа хүмүүстэй амралтын газар очсон. Бид нар хөзөр тоглоод байж байтал гэнэт Санчираа ахын дүү аллаа гээд дугарсан. Тэгээд гэрт байсан хоёр залууг гараад хараадах гэсэн. Нэг залуу нь босоорой гарахгүй бол болохоо байлаа гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ гарсан чинь Энх-Амгалантай цуг байсан бүх хүн нийлээд Ц.Ганзоригийг зодож байсан. Тэгээд салгах гээд болиочээ гэхэд түлхэж унагаагаад элдвээр хэлээд байж байхад энэ ах ухаан алдаад унасан. Нэг удаа сэрээсэн. Та нар болиочээ энэ хүн чинь ухаан алдаад байна гэхэд энэ хүн зодолдоод болохгүй байсан. Энэ хүн зодолдох гэж очоод эргээд хараад саваад унасан. Хоёр удаа дараад сэрээсэн. Та одоо ухаан алдаад байна болъё гэж хэлсэн чинь би ер нь үхэх гээд байна. Би аав дээрээ очих гэж байна гээд шокны байдалтай ийм зүйл яриад байсан. Нөгөө хүмүүс нь ухаан алдсан хүнээ хараад Ганзоригийг зодохоо больсон. Бүгдээрээ согтуу, ийм байдалтай байж болохгүй, маргааш өглөө учраа ол гээд салгаад энэ хүнтэй хамт байсан хүмүүс нь Энх-Амгаланг аваад гэр лүүгээ орсон. Эргээд байж байтал Ганзориг гээд хүний бие нь хүндрээд анхны тусламж үзүүлээд яав ийв гээд асуухад намайг бүгдээрээ нийлж зодсон гэж хэлсэн. Бид та нар гэрт  нь та нар бас хүн зодсон байна гэж хэлээд урагдсан цус нүж болсон хувцсыг нь авч гарч ирсэн. Гэрт нь байсан тухайн нөхцөл байдлынх нь зураг хөргийг дарсан. Бичлэгийн хийсэн. Тэр гэрийнх нь хэрэлдээд байхаар нь гараад ирсэн. Энэ хүнд бас анхны тусламжийг нь үзүүлж байсан. Баянчандманийн цагдаа ирээд Ганзориг, Уранцэцэг бид гурвыг Баянчандмань сумын цагдаа очиж байцаасан. Тэгээд Баянчандмань суманд үүрээр очсон. Орой 5 цагийн үед мэдүүлэг өгөөд гэр лүүгээ харьцгаасан” гэв.

Гэрч Б.Уранцэцэг: Санчир, Агиймаа, Алтангэрэл бид хэд өөрийнхөө гэрт хөзөр тоглоод байж байсан. Санчираа ахын дүү аллаа гээд орилсон. Бид нар сандарч гарахад бөөн барилцаад авсан хүмүүс яаав ийв гээд асуухад манай хүний аймар зодоод хэдэн залуучууд байсан. Та нар хүн аллаа гэсэн чинь Энх-Амгалан гэдэг ах ухаан алдаад хойшоо унасан. Ар дагз, хамраас нь цус гарч байсан. Би юу болов гэхэд тэнд байсан хөгшин ах байсан. Хөөе ахаа та энд ганц эрүүл ухаантай хүн нь байна. Энэ хүмүүсийг болиулаачээ гэсэн. Тэр ах юу ч хэлэхгүй байсан. Энэ ах ухаан алдаад үхлээ, ааваа гээд дээшээ хараад юм хэлээд байсан. Ахаа босоорой гэхэд хөл маань хөдлөхгүй байна гэсэн. Би чимхээд үзсэн чинь яаая гэж байсан. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь оруулахгүй байсан. Таныг хүн зодсон юм уу гэхэд ахыг нь орон доогуур оруулж байгаад зодсон гэж хэлсэн. Хаалгыг нь галын хайчаар цоожилсон гэсэн. Тэр гэрийн хаалга нь дотроосоо цоожлох боломжгүй байсан. Галын хайч нь мурийсан тиймэрхүү байдалтай байсан. Маргааш өглөө нь нэг галч гээд залуу байсан. Галын хайч чинь ийм аймар зүйл байсан юм уу гэсэн чинь үгүй зүгээр байсан гэсэн. Энэ хүнийг ухаан алдтал нь зодсон байсан. Хувцас нь олдохгүй байсан. Энэ хүмүүсийн гэр лүү орж хувцас гутлыг нь хайсан” гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч П.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 22, 109-110 тал/, гэрч Ц.Буянбадрахын мэдүүлэг /хх-ийн 24 тал/, гэрч Б.Агиймаагийн мэдүүлэг /хх-ийн 25 тал/, гэрч Б.Уранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 26 тал/, гэрч О.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 27 тал/,  гэрч Б.Минжүүрийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Г.Санчирын мэдүүлэг /хх-ийн 29 тал/, гэрч С.Батчулууны мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 тал/, хохирогч П.Энх-Амгалангийн өвчний түүх /хх-ийн 61-64 тал/, хохирогч П.Энх-Амгалангийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 65 тал/, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 70 тал/, шинжээч Ч.Эрдэнэболорын мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/, гэрч Г.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 113-115 тал/, Б.Тогтохбаярын мэдүүлэг /хх-ийн 116-118 тал/, гэрч Ц.Наймбаярын мэдүүлэг /хх-ийн 119-120/, шүүгдэгч Ц.Ганзоригийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 122 тал/, гэрч Н.Сайнзоригын мэдүүлэг /хх-ийн 133-134 тал/, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 140-141 тал/, шүүгдэгч Ц.Ганзоригийн хохирогчоор өгсөн мэдүүлэг 156-158 тал/, хохирогч П.Энх-Амгалангийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 163 тал/ болон шүүгдэгч Ц.Ганзоригийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүгдэгч Ц.Ганзориг нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эх булаг” амралтьн газарт 2017 оны 05 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө хохирогч П.Энх-Амгаланг галын хайчаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

  • Хохирогч П.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө ажпын хамт олонтойгоо нийт 6-лаа байсан. Төв аймгийн Баянчандмань сумын “Эх булаг” гэх амралтын газар очиж амраад тэндээ хоносон юм. Тэгээд амарч байхад манайхан бүгд л согтуу Хүрэлбаатар, Батбариул хоёр ухаангүй согтоод тасарсан байсан. Тэгтэл манай гэрлүү орой 00 цагийн үед Ганзориг гэх залуу орж ирээд юу байна танилцах уу? гэсэн тэгэхээр нь тэр залууд 1 хундага архи өгч татуулаад, 1 шилтэй пиво өгөөд гэрээс дагуулж гараад чи одоо амарч байгаа гэрлүүгээ очиж унт манай нөхдүүд согтуу байна, хэрүүл маргаан зодоон цохион гарч магадгүй гэж хэлээд амралтын газрын гэрүүдийн голд байдаг сандал дээр үлдээсэн. Тэгэд би гэртээ ороод нөгөө хэдээ унтуулаад би өөрөө ороо засаад байж байтал нөгөө Ганзориг гэх залуу гаднаас ахиад ороод ирсэн. Тэгэхээр нь би нээх их тоолгүй байсан учир нь манайхан бүгд унтаж байсан, гэтэл миний толгойруу тас буугаад явсан би эргэж хараад бариад автал нөгөө Ганзориг гэх залуу байсан. Би өөдөөс нь зодолдоод манай хэд бүгд сэрэхгүй байсан тэгээд бид хоёр ноцолдоод хоорондоо зодолдсон. Тэгтэл хажуугийн гэрээс эмэгтэй, эрэгтэй хүмүүс гарч ирж салгасан. Мөн манай гэрээс Буянбадрах, Гантулга хоёр гарч ирж салгалцаж байсан. Тэгээд миний ухаан балартаад байсан салгасны дараа би ухаан алдаад унасан нэг сэрэхэд нүдний шилтэй охин миний хүн хонхор дээр дараад ахаа сэрээрэй гээд байсан, миний толгой хагарсан байсан би дахин ухаан алдсан түүнээс хойш миний ухаан балартаад сайн санахгүй байсан, би өглөө нь эмнэлэг рүү явсан гэрт цусаа тогтоолгож хоносон байсан. Би Ганзориг гэх залууг танихгүй сүүлд би Ганзориг гэж мэдсэн би тэр залууг огт танихгүй. Тухайн үед бол намайг эхлээд галын хайчаар цохиж толгой тархи хагалсан би зууралдаж ноцолдоод бид хоёр ерөнхийдөө зодолдсон хоёр биенээ цохисон тэр талаар би мэдэхгүй байна. Миний бодлоор Ганзориг гэх залуу согтуу байсан, гэр андуурч орж ирсэн гэж бодож байна. Манай гэрт тэр залуутай зодолдож муудалцсан нэг ч хүн байхгүй өөр хүмүүстэй андуурсан байх гэж бодож байгаа. Би архи бага уусан байсан бараг л уугаагүй 3-4 хундага л татсан байсан бага зэрэг халсан байсан. Миний биеийн байдал одоогоор гайгүй, хол явахад хөл чичирч ядардаг, зүүн гар гүйцэт өргөгддөггүй толгой өвдөнө. Ц.Ганзориг нь намайг төмөр галын хайчаар цохисон гарт нь галын хайч байхад нь би ноцолдож байгаад гарнаас нь салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 тал/...Ганзориг бид хоёр гэр дотроос барилцаж гараад нэг гэр өнгөрөөд хоёр дахь гэрийн гадаа ноцолдсон. Ганзориг ч намайг цохиод би ч өөдөөс нь цохисон...Ганзориг надад эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч надад 500.000 төгрөг өгчихөөд дараа нь өгье гэсэн боловч одоог хүртэл эмчилгээний зардалаа өгөөгүй. Харин Ганзориг нь эмчилгээний зардалаа өгөхгйү гэсэн юм, тэгээд дахин гомдолоо гаргасан...эмчилгээний зардалд 7.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 110 тал/
  • Гэрч Г.Гантулгын “...Би 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос суудлын вагон дифо-д ажилладаг ажлынхаа хамт олонтой Төв аймгийн Баянчандмань сумын “Эх булаг” амралтын газар очиж амарцгаасан. Тэгээд манай зарим ажилчид оройдоо хонолгүй буцаад Улаанбаатар луу явцгаасан. П.Энх-Амгалан, Буянбадрах, Батбариул, Хүрэлбаатар бид тавуулаа үлдсэн, тэгээд бид тав амралтын газрын диско бүжгэнд ороод гэрлүүгээ орцгоосон, тэгээд сууж байтал гаднаас Ганзориг гэх залуу халамцуу орж ирсэн, тэгтэл Энх-Амгалан ах ууж байсан архинаасаа 1 татуулаад лаазтай нэг пиво өгөөд Энх-Амгалан ах бид нар унтлаа гээд нөгөө залууг гэрээс дагуулаад аваад гарсан. Тэгээд бид 4 орондоо ороод унтацгаасан. Тэгээд унтаж байтал гэрийн гадаа аллаа гэж хашгирсан чимээ гарсан, Буянбадрах бид 2 гэрээс гарахад Энх-Амгалан ах Ганзориг гэх нөгөө залуутай хоорондоо зууралдаад заамдалцаад гараараа нүүр ам толгой хаа сайгүй гараараа цохилцож зодолдож байсан. Бид хоёр очиж салгалцсан. Тэгтэл Энх-Амгалан ах ухаан алдан унасан, тэгтэл хоёр эмэгтэй хүн ирээд бид хоёрт тусалж хүн хонхорхой дээр нь дараад байсан, тэгээд сэрээгээд гэрлүү оруулаад цагдаад мэдэгдсэн…унтаж байхад юу болсныг мэдэхгүй гэр дотор шал болон П.Энх-Амгалан ахын ор болон гэрийн үүдээр цус болсон байсан мөн галын хайч гэрийн үүд хавиар байсан...галын хайч нилээн мурийсан байсан...”, /хх-ийн 23 тал/

“...Тэгээд унтаж байх үед Энх-Амгалан ах Гантулгаа босоорой, туслаарай гэж орилсон. Би сэрээд гэрт харанхуй болохоор юу болж байгааг хараагүй, үүдээр гараад явцгаасан. Би гэрлээ асаагаад харсан гэрийн үүдээр цус болсон байсан. Тэгээд Буянбадрахыг сэрээсэн, тэгээд бид хоёр гэрээс гараад харсан, манай гэрээс хоёр гэрийн зайтай хүмүүс шавсан байдалтай байсан. Очоод харахад Ганзориг, Энх-Амгалан хоёр заамдалцан цохилцож байсан, тэгээд очиж салгах хооронд Энх-Амгалан ах ухаан алдаад унасан. Тэгээд Энх-Амгалан ахын хажууд байсан 2 эмэгтэй сэргээх гээд байсан. Тэгээд Энх-Амгалан ахыг гэр лүү оруулсан. Гэрийн үүд хэсэг цус болсон мөн галын хайч мурийчихсан хэвтэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 113-115 тал/

  • Гэрч Ц.Буянбадрахын “...Би 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ажлын хамт олонтой Төв аймгийн Баянчандмань сумын “Эх булаг” амралтын газар очиж амарцгаасан. Тэгээд манай зарим ажилчид оройдоо хонолгүй буцаад явсан. Энх-Амгалан, Гантулга, Батбариул, Хүрэлбаатар бид тавуулаа үлдсэн. Тэгээд бүжиг тараад амарч байсан. Гэртээ бид тав орж ирээд байж байтал гаднаас Ганзориг гэх залуу орж ирээд орон дээр суусан. Тэгээд ууж байсан архинаасаа 1 татуулаад Энх-Амгалан ах тэр залууг гэрээс аваад гарсан. Тэгээд Энх-Амгалан ах буцаж гэрлүү ганцаараа орж ирээд бид нар унтаж амарцгаасан, тэгээд унтаж байхад аллаа гэж хүн орилоод байсан, тэгээд сэрээд гэрээс гартал гэрийн гадаа Энх-Амгалан ах нөгөө Ганзориг гэх залуутай гадаа зодолдож байсан. Тэгээд Гантулга бид хоёр очиж салгасан. Батбариул, Хүрэлбаатар хоёр унтаад гэрт үлдсэн, тэр хоёрыг салгаж байх явцад Энх-Амгалан ах ухаан алдаж унасан толгой тархинаас нь цус гарсан байсан, тэгээд сэргээх гээд Энх-Амгалан ахад туслаж байхад хажуу гэрээс хоёр эмэгтэй гарч ирж цуг сэрээлцэж тусалсан. Тухайн үед 4-5 хүн байсан. Тэгээд Энх-Амгалан ахыг сэрээгээд гэрлүү оруулаад цагдаад мэдэгдсэн. Ганзориг Энх-Амгалан ах хоёр л хоорондоо зодолдсон өөр хүмүүс зодолдоогүй бусад нь салгасан юм. Тэр хоёр юунаас болж зодолдсоныг мэдэхгүй байна. Ганзориг Энх-Амгалан ах хоёр хоорондоо зууралдаад салахгүй хоёр биенээ гараараа нүүр нүдгүй ээлжлэн цохиод байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 тал/
  • Гэрч О.Алтангэрэлийн “...амраад хөзөр тоглоод байж байтал орой шөнө 00 цагийн үед манай хамт ажилдаг Ганзориг ах машинд унтуулсан хүүхдээ эргэнэ гээд гэрээс гараад явсан. 20-30 минутын дараа Санчираа гээд хашгирсан. Тэгээд бид нар амарч байсан гэрээсээ гүйлдээд гарахад Ганзориг ах Энх-Амгалан гэх залуутай заамдалцаад хоорондоо зодолдож байсан. Тэгээд бид нар салгах гэтэл салгаж дийлэхгүй байсан хажуу гэрээс 2 залуу гарч ирээд хамт салгалцсан. Тэгээд Ганзориг ахыг гэрлүү оруулсан Ганзориг ахын хамар амнаас нь цус гарч байсан. Юунаас болж зодолдсон асуудлыг мэдэхгүй согтуугаасаа л болсон байх зодоонд өөр хүн оролцоогүй бусад нь салгалцсан. Гараараа л цохиж байсан 3-4 удаа цохисон байх ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
  • Гэрч Б.Минжүүрийн "... Миний санахад гэрийн гадаа хүмүүс орилолдох чимээ гараад харахад гадаа Ганзориг ах нэг махлаг бор залуутай зууралдаад байх шиг байсан, тэгээд очиж салгасан тэгээд Ганзоригийг гэрлүүгээ аваад орсон Ганзориг шал согтуу байсан, нэг залуу нь ухаан алдаж унасан гэж маргааш нь би ажилчдаасаа сонссон би өөрөө согтуу байсан учраас бүх зүйл үйл явдлыг тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/
  • Гэрч Г.Санчирын “... ойролцоогоор 00-02 цагийн хооронд Ганзориг ах машинд унтуулсан хоёр хүүхдээ эргэх гээд машинруугаа явсан хэсэг хугацааны дараа Санчираа гээд хашгрсан тэгээд би амарч байсан гэрээсээ гүйгээд гартал Ганзориг ах Энх-Амгалан гэх махлаг бор залуутай зууралдаад зодолдож байсан. Нүүр, ам, хамар нь цус болсон байсан Алтангэрэл, Минжүүр нарын хамт салгасан, бид хоёр шууд салгаж дийлэхгүй байсан. Хажууд тэр үйл явдлыг Агиймаа, Ука нар харсан тэр хоёр охин эрүүл, би бага зэрэг халсан байсан бүх зүйлийг санаж мэдэж байна, Тэгээд Ганзориг ахыг салгаж гэртээ оруулсан. Тэрнийг би сайн мэдэхгүй байна ямар ч л байсан хоорондоо зодолдож байсан ...гадаа галын хайч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/
  • Гэрч С.Батчулууны “...Манай амралтын гэрүүд хойд талдаа байралдаг, орой шөнө дунд л зодоон болсон асуудлаар амралтын газрын захиргаанд шөнө мэдэгдсэн. Ойролцоогоор шөнийн 02 цагт мэдэгдсэн байх. Тэгээд Амгаа гэх залуу нь зодуулсан гээд хамт явж байсан залуус нь эмнэлэг рүү аваад явсан. Яг зодоон болоход бид нар байгаагүй. Маргааш нь сураг сонсоход амрагчдын яриагаар гэр андуурч ороод зодоон болсон гэж сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32 тал/
  • Гэрч Б.Тогтохбаярын “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай “Эх булаг” амралтын газарт Улаанбаатар депо төмөр замын ажилчид амрахаар ирсэн. Тэгээд шөнө 03 цагийн үед төмөр замын ажилчид зодоон болоод байна гэхээр нь би яваад очсон чинь төмөр замын ажилчдын авсан амралтын гэрийн орон дээр нэг танихгүй залуу дээшээ хараад хэвтчихсэн, толгой нь боолттой байдалтай байсан ба яасан талаар нь сонирхсон чинь “нэг залуу гэр андуурч ороод хоорондоо зодолдоод нэгнийхээ толгой руу галын хайчаар цохьсон байна” гэж ярьж байсан. Тэр залуугийн хэвтэж байсан гэр төмөр замын амрагчдийн гэр байсан, төмөр замын амрагчид наана цаана байрлалтай 2 гэр авсан байсан юм. Тэр залуугийн /толгойгоо боогоод дээш хараад хэвтэж байдаг/ байсан гэр нь үүдэн хэсэгтээ цус болчихсон байсан. Харин галын хайч гол хэсгээрээ мурийсан байдалтай зуухны хажууд хэвтэж байсан...намайг очих үед айхтар согтсон хүн байгаагүй, бүгд л гайгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 116-118 тал/
  • Гэрч Ц.Майнбаярын “...Би 2017 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө “Эх булаг” амралтын газар байгаагүй, тэр өдрийн маргааш нь буюу 28-ны өдөр амралтын газраа ирэхэд манай амралтын газар амарч байсан төмөр замын депогийн ажилтан залууг манай амралтын газар амарч байсан нэг байгууллагын залуу гэр андуурч ороод галын хайчаар толгой руу цохисон гэж ярьж байсан. Төмөр замын ажилчид амарч байсан гэрийн /зодоон болсон гэх/ галын хайч махийж, мурийсан байсан, гол хэсгээрээ мурийсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 119-120 тал/
  • Гэрч Н.Сайнзоригын “...П.Энх-Амгалангийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл юм. 2017 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед хүнд төмрөөр толгой руугаа цохиулж, мөн хөл, гар хэсэгт гэмтэл үүссэн гэж өвчтөний түүхийн асуумж дээр тэмдэглэгдсэн байна. Мөн өглөө 07 цагийн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсан тухай тэмдэглэгдсэн байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 133-134 тал/
  • Шинжээч Ч.Эрдэмболорын “...2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Энх- Амгалан гэх хүнд үзлэг хийж Энх-Амгалангийн хүзүүний томографик зургийг үндэслэн дүгнэлт гаргасан. Уг зурганд хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн хугаралтай байсан учраас амь насанд аюултай гэмтэл гэж үзэн хүнд зэргийн гэмтэлтэй гэж үзэх болсон. Энэ хүзүүний 2 яс хоорондоо тогтоодог яс хугарсан байсан. Уг яс хугарсан үед нугас хоорондын хөдөлгөөн алдагдаж амь насаа алдах аюултай. Энэ хугарал бол зөөлөн эд биш ясны хугарал юм. Зөөлөн эдэд хугарал гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн ясанд л хугарал гэж байдаг. Уг яс нь хүзүүний 2 дугаар нугалмын урд хэсэгт байдаг яс байгаа юм. Уг яс хугарснаар хоёр үеийн хөдөлгөөн илүү нэмэгддэг учраас нугасаа гэмтээх аюултай байдаг. Тийм учраас амь насанд аюултай хүнд гэмтэл байгаа юм. Уг хүзүүний сэртэнгийн ясны хугарал нь хүзүүний эвгүй огцом хөдөлгөөний улмаас хугарах боломжтой өөрөөр хэлбэл цохиулсны улмаас хүзүүгээ эвгүй огцом хөдөлгөөд л хугарна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73 тал/
  • Шүүгдэгч Ц.Ганзоригын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 10-ны хохирогчоор өгсөн “...2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын “Эх булаг” гэх амралтын газар ажилчдынхаа хамт очиж амарсан. Тэгээд бүжиг болоод бүжиг дууссаны дараа тамхи татаад зогсож байтал нэг залуу ирээд би хаана харлаа гэсэн чи Увс аймгынхуу гэсэн тэгээд тиймээ Увс аймгынх гээд бид хоёр жаахан юм яриад, тэгээд нөгөө залуугийн амарч байсан гэр лүү хамт ороод ууж байсан архинаас нь ганц хоёр татсан. Тэр гэрт цуг орсон 3 залуу л байсан. Удалгүй гаднаас Энх-Амгалан гэх залуу орж ирээд “энэ юун хүн бэ?” гэж уурласан. Тэгээд би хүн ороод ир гэсэн гээд орж ирсэн шалтгаанаа хэлсэн. Тэгээд Энх- Амгалан бид хоёр гэрээс нь гараад гадаа явж байсан хамт ажилладаг Санчир гэх залуугаас тамхи аваад Энх-Амгалантай хувааж татсан. Тэгээд эргэж гэр лүү нь ороод надад Энх-Амгалан 1 хундага архи өгөөд надтай гар бариад ахиж битгий орж ирээрэй, нэгнийхээ амарч байгаа гэрээр битгий орж ирээрэй гээд намайг гэрээсээ гаргаад явуулсан. Тэгээд би өөрийнхөө амарч байсан гэр лүү ороод архи, дарсаа ууж байгаад шөнийн 00-01 цагийн орчим амралтын гэрээсээ гараад машин дээрээ очоод унтуулсан хоёр хүүхдээ эргэчихээд буцаж гэрлүүгээ явахдаа согтуугаасаа болоод нөгөө Энх-Амгалангийн гэр луу буцаад орчихсон. Тэгтэл Энх-Амгалан унтаагүй ороо засаад сууж байсан. Нөгөө залуус нь бүгд орондоо орчихсон унтаж байсан. Би гэнэт уур хүрээд согтуугийн гайгаас болоод зуухны хажууд байсан галын хайчийг аваад араас нь нэг удаа цохисон, тэгтэл Энх-Амгалан яаж байнаа гээд эргэж хараад гараараа миний нүүр лүү цохисон, тэгээд бид хоёр заамдалцаад зууралдаад ноцолдсон чигээрээ гэрээс гарч бид хоёр хоорондоо зодолдсон, бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор зууралдаад нэг нэгнээ цохилцож зодолдсон, би Санчираа аллаа гээд хашгиртал, манай гэрээс манай ажилчид болох Минжүүр, Алтангэрэл, Агиймаа, Уранцэцэг, Санчир нар гарч ирээд салгах гэж хоёр талаас татаад байсан. Мөн Энх-Амгалангийн гэрээс 2 залуу гарч ирээд бас бид хоёрыг салгасан, тэгээд Энх-Амгалан газар унасан, намайг Санчир, Минжүүр нар гэр лүү аваад орсон. Би согтуу байсан учраас хэдэн удаа цохиж зодсон, зодуулснаа тодорхой санахгүй байна. Ямар ч л байсан Энх-Амгалан гэх хүнтэй зодолдсоноо тодорхой санаж байна. Би согтуу байсан учраас П.Энх-Амгаланг намайг гэрээсээ хөөлөө гэж уурласан уурандаа галын хайчаар нэг удаа л ар талаас нь цохисон, яг хаана нь цохисоноо санахгүй байна. Согтуугаасаа болж л тийм асуудал болсон. Тэрнээс биш бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 156-158 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №7225 дугаартай “...1 .П.Энх-Амгалангийн биед хүзүүний хоёрдугаар нугалмын шүдлэг сэртэнгийн хугарал, зүүн зулай, дагзны хуйхан дахь шарх, зүүн шууны цус хугаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 34 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №624 дугаартай” П.Энх- Амгалангийн биед хүзүүний хоёрдугаар нугалмы шүдлэг сэртэнгийн зөрөөтэй далд хугарал, зулай, дагзны хуйхны шарх /сорви/, зүүн шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд хүзүүний хугарлын улмаас нугас дарагдал гэмтэл үүсээгүй байна. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой байх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, З.Дээрх хүзүүний 2 дугаар нугалмын шүдлэг сэртэнгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь 1 сараас дээш хугацаанд бороолж эдгэх ба бусад гэмтэл /шарх, цус хуралт/ нь 7-14 хоногт бүрэн эдгэрнэ, 4.ШШҮХ-ийн шинжээч эмчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7225 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтийн 3 ба 6-р заалтууд үндэслэлгүй, бусад заалтууд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 140-141-р хуудас/
  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Хохирогч П.Энх-Амгалангийн өвчний түүх /хх-ийн 61 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 89 тал/
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 105-108 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

         Шүүгдэгч Ц.Ганзоригийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ц.Ганзориг нь хохирогч П.Энх-Амгаланг зодож улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд Ц.Ганзоригийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Ганзоригийг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Энх-Амгалан нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын 7.293.120 төгрөгийн шаардлага гаргасан байна.

Шүүгдэгч Ц.Ганзориг нь мөрдөн байцаалтын шатанд 500.000 төгрөг төлсөн байна.

Үлдэх 6.793.120 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 774.200 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Бээжингээс Улаанбаатар хүртэл замын зардал, ажилгүй байсан хугацааны цалинг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан байх тул хохирогч П.Энх-Амгалангийн өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Харин хавтаст хэрэгт авагдсан хэргийн материалыг судлахад хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагад Бээжингээс Улаанбаатар хүртэлх явсан 2 билетний үнэ болон орчуулагчийн үнэ орсон гэх боловч тухайн үеийн монгол банкны ханш хэд байсан юань хэдэн төгрөгний ханштай байсан талаархи баримт хэрэгт авагдаагүй, орчуулагчтай хэдэн төгрөгний хөлс төлж явсан бичгийн баримтгүй, хохирогч П.Энх-Амгалан нь 1.243.500 төгрөгийн цалин авдаг гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтгүй, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар болон сар бүр олгодог цалингийн хүснэгт зэрэг хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл санхүүгийн анхан шатны баримт байхгүй байна.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.Ганзоригийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагчаас Ц.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг: “Ц.Ганзориг нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрч арилгасан учраас Эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулж өгнө үү” гэж,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг: “Шүүгдэгчийн талаас 280.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтыг үйлдлээ. Үүнийг хохирогчийн талд өгье. Би бол хүлээлгэн өгч байна. Миний үйлчлүүлэгчид 4 жилийн хорих ял сонсгож байна. Хохирогчийн буруутай үйлдэл байхгүй гэж хэллээ. Хохирогч нь миний үйлчлүүлэгчид хөнгөн зэргийн хохирол учруулсан байгаа. Хэргийн нөхцөл байдлын шалтгаант холбоо нь зөвхөн миний үйлчлүүлэгч нь согтуу байсан үгүй. Гэрт нь нэг ороод гарсан дараа нь ороход таарамжгүй харилцаа үүсгэсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа нь миний үйлүүлэгчийн хохирогчоор байсан гэмт хэрэг дээрээ өөрийгөө зодсон хүмүүс дээр яваагүй. Энэ гэмт хэргийг үйлдээд ганцхан миний үйлчлүүлэгч нь энэ гэмт хэргийг ганцаараа үйлдээгүй. Хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэсэн. Аль аль нь согтуу байсан. Хохирогчийн зүй бус харилцаа байсан. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаа хүндрүүлэх нөхцөл байдал нь согтуу байсан нь үнэн. Хэтэрхий нэг талыг яриад шүүхийн хэлэлцүүлэгт ч гэсэн. Шүүгдэгч маань гар салганаад гээд хэлж байсан.  Энэ хүн хэний ч урдаас үг хэлдэггүй. Тухайн үед энэ хүнд гэмтэл учруулсан тал дээр маргаагүй. Энэ хүнд ял оногдуулахдаа ялгамжтай оногдуулаач. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүхийн гаргасан хохирол төлбөрийг төлье гэсэн. Гэтэл улсын яллагч нь хохирол төлбөрийг төлөөгүй гэж хэлж байна. Хохирогч нь авахгүй гэж хэлээд байна. Бид нар шүүхийн гаргасан тооцоо дээр нь л төллөө. Гэтэл улсын яллагч нь хохирол төлөөгүй гээд байна. Төлөх гээд л завсарлага авах гээд ажиллагаа хийгээд л байна. Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл ангид гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн заалт байгаа. Энэ зүйлд зааснаар миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.  Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно гэх заалт байгаа. Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэмт хэрэг нь нотлогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь торгуулийн ял болон хорих ял байгаа. Миний үйлчлүүлэгч нь торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлыг тогтоосон баримтууд байгаа. Миний үйлчлүүлэгч нь сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг. Энэ торгуулийн ялыг 1-3 жилээр тооцож төлөх боломжтой гэж үзэж байгаа учраас шүүх миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр торгох ялын санкцыг оногдуулж өгөөч гэж хүсэж байна” гэх ялын дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ц.Ганзоригийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр торгуулын ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан, хохирогч П.Энх-Амгалан нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би тухайн үед эмнэлэгт хэвтээд 4 сар гаран ажил хийхгүй байж байгаад ажилдаа орсон. Эмчийн хяналтад байдаг болсон, их хүнд ажил хийх юм бол ухаан алддаг болсон. Энэ хүнд гомдолтой, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд хохирогчид учирсан хор уршиг арилаагүй, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэхээргүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Харин шүүгдэгч Ц.Ганзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Агиймаа нь “мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг миний мэдүүлэг биш, миний гарын үсэг биш байна...” гэж, гэрч Б.Уранцэцэг нь “...мэдүүлэг дээр нийлж зодсон талаар нь ер байхгүй байна...дутуу бичсэн байна...гарын үсгийг минийх гэж итгэхгүй байна...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүдийг шүүх үнэлээгүй, мөн гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд таньж олуулах ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар хэрэгт авагдаагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

            Тав: Бусад асуудлаар:

            Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогтой Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б овогтой Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогтой Ц.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овогтой Ц.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тооцсугай.  
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчБ овогтой Ц.Г нь хохирогч П.Энх-Амгаланд хохирлын 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Ганзоригоос 274.200 төгрөгийг гаргуулж хохирогч П.Энх-Амгаланд олгож,  хохирогч П.Энх-Амгалангийн гаргасан өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад зардал болох 4.523.720 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
  7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирэээгүй, шүүгдэгч Б овогтой Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б овогтой Ц.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ю.ЭНХМАА