Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 5207

 

 

 

 

 

 2016 оны 07 сарын 20 өдөр

   Дугаар 101/ШШ2016/05207

  Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                              

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Ж нэхэмжлэлтэй, 

       

    Хариуцагч: Б.Б холбогдох

 

    Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                   

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.*******т 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр автомашинаа зарсан. Ингэж зарахдаа тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нотариатч Е.*******аар баталгаажуулж байсан. Уг гэрээний дагуу форд эксплорер маркийн ******* УБЛ улсын дугаартай автомашиныг 2,500,000 төгрөгөөр худалдсан бөгөөд Б.******* нь одоо 1,500,000 төгрөг байна, үлдсэнийг нь дараа нь өгье гэсэн учир гэрээндээ “үлдэгдэл 1 сая төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний дотор төлж барагдуулах бөгөөд хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөхөөр” тус тус тохиролцсон. Гэвч гэрээгээ байгуулсаны дараагаар мөнгөө авах гэтэл АТМ машинаас 1,000,000 төгрөгөөс илүү гарахгүй байна, одоо байгаа нь энэ гээд 1,000,000 төгрөг надад бэлнээр өгөөд 3 хоногийн дараа 300,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг төлсөн ба одоог хүртэл нэмж нэг ч төгрөг төлөөгүй, мөнгөө төлөөчээ гэхээр удахгүй өгнө гэсээр өдийг хүрч сүүлдээ миний утсыг авахаа больсон. Б.******* нь гэрээний дагуу үлдэгдэл 1,200,000 төгрөг болон гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх ба 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн алданги тооцоход 1,500,000 төгрөг болж байгаа Иргэний хуульд алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна.

Иймд “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах” гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

           Миний бие Б.******* нь иргэн М.*******аас Ford expoler маркийн автомашиныг 2,400,000 төгрөгөөр тохиролцон авсан, урьдчилгаа 1,300,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн мөнгийг нь хэсэг хугацааны дараа өгөхөөр тохиролцсон, уг машин үзлэг оношлогоондоо ороогүй байсан учир үлдэгдэл мөнгө болох 1,100,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг ярилцаж байгаад хассан. Үлдэгдэл 800,000 төгрөгийг худалдаж авсан ford expoler машиныг зарж байгаад өгөхөөр тохиролцсон. Би иргэн М.*******ын үлдэгдэл мөнгийг хүү, алданги тооцохгүйгээр уг автомашиныг зарж борлуулсаны дараа өгмөөр байна. Уг автомашин нь цахилгааны масстай байсныг М.******* надад хэлэхгүй нуусаны улмаас надад их хэмжээний зардал гарсан, тийм учраас алданги тооцохгүй, уг автомашиныг зарж борлуулсаны дараа иргэн М.*******ын үлдэгдэл мөнгө 800,000 төгрөгийг иргэн М.*******д өгөхийг шүүхийн байгууллагаас хүсч байна гэжээ.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.******* нь М.*******аас худалдаж авсан автомашиныг зарж борлуулсаны дараа үлдэгдэл 800,000 төгрөгийг төлнө, 300,000 төгрөгийг автомашиныг үзлэг оношлогоонд оруулахаар тохирсон гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь зөвшөөрч байна.

 

М.*******, Б.******* нар 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, М.*******ын эзэмшлийн ******* УБЛ улсын дугаартай автомашиныг 2,500,000 төгрөгөөр Б.******* нь худалдаж авахаар харилцан тохиролцсон болох нь “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Уг гэрээний нэмэлт нөхцөлд “2015 оны 9 дүгээр сарын 09-нд 1,500,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 09-нд өгнө, машинаа шалгаж авсан, хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлнө” гэж талууд тохирсон боловч 1,300,000 төгрөгийг Б.******* нь М.*******д шилжүүлсэн, төлбөрийн үлдэгдэл нь 1,200,000 төгрөг байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалт, дээрх гэрээний нэмэлт нөхцөлд зааснаар хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлүүлэхээр талууд харилцан тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алдангид 600,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.*******ын автомашиныг 2,400,000 төгрөгөөр худалдаж авсан, 300,000 төгрөгийг оношлогоонд оруулахаар тохирч үлдэгдэл төлбөрөөс хасч тооцсон гэх тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Түүнчлэн зохигчдын гэрээ байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр маргаан бүхий ******* УБЛ улсын дугаартай автомашин нь авто оношлогоонд орсон байсан болох нь “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас ¹21522” дугаартай нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн 300,000 төгрөгөөр автомашиныг оношлогоонд оруулахаар тохирч үлдэгдэл төлбөрөөс хасч тооцсон гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.  

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Б.*******т 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдааны товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийн өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд дээр гаргасантай адилтгаж үзэн, хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******аас “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,200,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, нийт 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай. 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ