Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 543

 

 

 

      

2016 оны 08 сарын 23 өдөр        Дугаар 181/ШШ2016/00543           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 10-р байр, 304 тоотод оршин суух, Боржигон овогт Өлзийгийн Цэвэлсүрэн/РД: ХБ60010661/-ийн хүсэлттэй,  

 

“Атарбаясгалан зам” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.Цэвэлсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Цэвэлсүрэн миний бие 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Атарбаясгалан зам” ХХК-ийн захирал С.Атарбаясгалантай зээлийн гэрээ байгуулан нийт 13 нэр төрлийн 40 ширхэг иж бүрдэл бүхий шинэ оффисын тавилгыг 13 500 000 төгрөгөнд тооцож 2016 оны 04 дүгээр сарын 25-нд төлбөрийг бүрэн авахаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч зээлийн төлбөрт нэгч төгрөг өгөлгүй өнөөг хүрч байна. Хариуцагч зээл авах үедээ Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, “Эмон Бизнес төв” ХХК-ийн 501 тоотод оффисын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хугацаанд мөн түрээсийн төлбөрөө төлөлгүй санаатайгаар зугтааж энэ хаягт үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм. Одоо хариуцагч хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Одоо 6 сар болоход утсаа ч авахгүй байна” гэв.

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                    

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ө.Цэвэлсүрэн нь “Атарбаясгалан зам” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

“Атарбаясгалан зам” ХХК-ийн оршин байгаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 08 дугаар  сарын 08-ны өдрийн № 3068 тодорхойлолт, “Эмон” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №137 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд “Атарбаясгалан зам” ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Атарбаясгалан зам” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Ө.Цэвэлсүрэнгийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Атарбаясгалан зам” ХХК, түүнийг төлөөлж захирал Сандагдоржийн Атарбаясгаланг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Атарбаясгалан зам” ХХК-ийг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг, захирал С.Атарбаясгалангийн оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Цэвэлсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ