Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 372

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-14-34 тоотод оршин суух, ВЮ78082478 регистрийн дугаартай, Боржигон овогт Даваасүрэнгийн Наранбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-4-6 тоотод оршин суух, Шандас овогт Чамингийн Дэлгэрцэцэгт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 6000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч.Дэлгэрцэцэгт 2016 оны 03 сарын 31-ний өдөр 6000000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүгүйгээр зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 30-ны өдөр дууссан бөгөөд үүнээс хойш уулзах гэхлээр уулзахгүй зугатаагаад, утсаа авахаа больсон. Бид гэрээ байгуулахдаа хугацаа хэтэрвэл хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр байгуулсан. Гэхдээ миний хувьд алданги нэхэмжлэхгүй бөгөөд үндсэн зээл болох 6000000 Ч.Дэлгэрцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Наранбаатараас 6000000 төгрөгийг авсан нь үнэн. 4000000 төгрөг, хүүнд нь 2000000 төгрөг төлж байгаа, энэ мөнгийг төлж барагдуулах нь үнэн юм. Нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Хүүгүй мөнгө зээлсэн гэсэн байна. Би энэ хүнд 2000000 төгрөгийн хүү төлж байгаа. Одоо Д.Наранбаатарт 6000000 төгрөгийг  төлж бүрэн барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Ч.Дэлгэрцэцэг нь зээлийн гэрээний үүргийн 6000000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Наранбаатарт төлөхийг зөвшөөрсөн  тайлбарыг шүүхэд гаргасныг үндэслэн  хариуцагч Д.Наранбаатарын зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн 6000000 төгрөгийг  нэхэмжлэгч  Д.Наранбаатарт  төлөхийг зөвшөөрсөн  хариуцагч Ч.Дэлгэрцэцэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Дэлгэрцэцэгээс 55475 төгрөг, төрийн сангийн данснаас 55475 төгрөгийг тус тус  гаргуулж, нэхэмжлэгч Д.Наранбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Ч.Дэлгэрцэцэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ