Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01147

 

 

 

 

 

 

 

 

2022 06 15 210/МА2022/01147

 

 

 

Т.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/01236 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******, С.******* нарт холбогдох, самар худалдан авсан үнэд дутуу төлсөн 7,150,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдаан нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Т.******* нь Ч.*******тэй 2020 оны 10 сард хуш модны самар худалдах, худалдан авахаар тохиролцсон. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ч.*******д 8 тонн 558 кг самрыг 1 кг-ыг 6500 төгрөгөөр, 2 тонн 37 кг самрыг 1 кг-ыг 6700 төгрөгөөр тооцож, нийт 69,275,900 төгрөгөөр худалдсан. Ч.******* нь самрын үнэ 69,275,900 төгрөгийг шилжүүлэхээс 61,096,900 төгрөгийг хамтран бизнес эрхэлдэг байсан С.*******ийн данснаас шилжүүлсэн. Тухайн үед самар тээвэрлэхэд Э.*******, Б.******* нарын Land cruiser-80 маркийн автомашинаар нэг удаа тээвэр хийсэн. Т.*******гийн утас хөдөө сүлжээгүй байх үед ах, эгчийнхээ дансаар мөнгийг авдаг байсан. Гүйлгээний утгат бичсэн см гэдэг нь самар, 7458, 2037 гэдэг нийт самрын кг гэж хэлж байгаа. 1226 кг самрыг 126 гэж 1 орныг нь орхиод бичсэн атлаа тооцоо бүрэн шилжсэн гэж маргаж байна. Ч.******* самрын үнийг бүрэн шилжүүлсэн гэж тайлбарлаагүй. Иймд хариуцагч нараас 1100 кг самрын үнийг 6500 төгрөгөөр тооцож, 7,150,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ч.*******гийн тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны намар 11 сард самар худалдаж авдаг байсан. Т.*******гаас самар худалдаж авч мөнгийг нь эгчийнх нь данс руу шилжүүлсэн. Самар хүлээж авсан ажилчдаас асууж хариу өгч байснаас мөнгө өгөхийг зөвшөөрөөгүй. Ажилчдаас тодруулахад 1,226 кг самар авсан гэж тэмдэглэсэн зүйл байхгүй байсан. Т.*******гийн нэхэмжилсэн мөнгийг зөвшөөрөхгүй. Тухайн үед мөнгө дутуу шилжүүлсэн талаар хэлсэн гэх баримтгүй. С.*******ийн данснаас 61,000,000 төгрөгийг Н.*******ын данс руу шилжүүлсэн. Хариуцагчаар Ч.*******, С.******* нарыг татаж байгаа нь үндэслэлгүй, 1 кг самрыг 6,500 төгрөгөөр тооцож төлөхөөр тохирсон баримтгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

С.******* 61.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Т.*******тай тооцоо нийлээгүй. Ч.гийн хэлснээр н.*******ын данс руу 61,096,900 төгрөг шилжүүлсэн. Ч.******* болон Т.******* нартай самар худалдах, худалдан авах талаар тохиролцоогүй. Иймд С.******* нь хариуцагч биш гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.******* С.******* нарт холбогдох гэрээний үүрэгт 7,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мессежийг үндэслэл болгосон. Талуудын хооронд Иргэний хуулийн 360.1, 367.2 дахь хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Самар зарах үйл ажиллагааг амаар тохирсон, 1 кг самрыг 6,500 төгрөг гэж тохиролцсон гэрээгүй, гэрээний үнийг тохирсон байх ёстой гэж хариуцагч нарын төлөөлөгчийн тайлбарыг няцааггааүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ажлын хөлс төлөх талаар ямар ч тохиролцоогүй, харин самар бэлтгэн нийлүүлэх, самрын үнийг төлөх тохиролцоог амаар байгуулсан. Ажлын байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах, тодорхойлолт гаргаж өгөх асуудал талуудын хооронд хийгдсэн гэрээний нөхцөлийн талаар тохиролцоогүй. Хөлсөөр ажиллах гэрээний гол нөхцөл буюу тодорхой ажил үйлчилгээний хариуд хөлс төлөх тохиролцоо хийгдээгүй. Иймд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон. Самрын үнэ 6500-6800 төгрөг байсан талаар гэрч Б.******* мэдүүлсэн. 3 удаа 6,500 төгрөгөөр, 6,700 төгрөгөөр тооцсон худалдсан. Нэхэмжлэгч ...самар худалдсан, самрын үнийг дутуу шилжүүлсэн гэж 7,150,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарласан байхад шүүх тодорхой бус гэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор утасны мессеж, сидид хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгийн гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь нийцээгүй гэж шүүх дүгнэсэн.

Мөн шүүх самрын үнэ 69,275,900 төгрөгийг Ч.******* Т.******* нарын хооронд шилжүүлээгүй, харин н.*******ын дансаар н. гэх гүйлгээгээр шилжсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд энэ хэрэгт хариуцагч нь хэн болох нь тодорхой бус байгааг дурдав гэж дүгнэсэн. 69,275,900 төгрөгийг шилжүүлээгүй ба энэ мөнгөний зарим хэсэг буюу 61,096,900 төгрөгийг Г.*******ын дансаар дамжуулж Т.*******д шилжүүлсэн талаар Г.******* мэдүүлсэн. Мөн Ч.******* ... 2020 оны намар хүмүүсээс самар худалдан аваад тухай бүр тооцоогоо хийдэг байсан. Т.*******гаас тухайн үед самар худалдаж аваад мөнгийг нь эгчийнх нь данс руу шилжүүлж өгч байснаа санаж байна..." гэх тайлбараар мөнгийг бусдын дансаар дамжуулж шилжүүлж байсан болох нь тодорхой байна. Бусдын дансаар дамжуулж самарны мөнгийг шилжүүлж байсан гэдгийг гэрч нар болон талуудын хэн аль нь тайлбарлаж, зөвшөөрч байхад шүүх дур мэдэн бусдын дансаар гүйлгээ дамжсан гэх үндэслэлээр хариуцагч тодорхойгүй гэж дүгнэсэн. Мөн С.******* нь Ч.*******тэй хамтарч бизнес хийдэг ба Т.*******гаас самар худалдан авч самрын үнийг шилжүүлж байсан. Э.*******г хариуцагчаар татуулаагүй, түүнээс төлбөр нэхэмжлээгүй болно. Т.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8 тонн 558 кг самрыг 6,500 төгрөгөөр, 2 тонн 37 кг самрыг 6,700 төгрөгөөр тооцож Ч.*******д шилжүүлсэн ба самрын үнэ 61,096,900 төгрөгийг С.*******ийн данснаас н.*******ын данс руу шилжүүлж 7,150,000 төгрөгийг дутуу төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Ч.******* Т.*******гаас самар авч мөнгийг нь шилжүүлсэн. Хариуцагч С.*******ын хувьд мөнгийг нь шилжүүлсэн бөгөөд энэ хэрэгт хамааралгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчид 61,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 7,150,000 төгрөгийг шилжүүлэх үндэслэлгүй. Ч.******* нь самарны үнийг дутуу өгсөн гэх баримтгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, талуудын хоорондох эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тогтоож чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.

 

1.2. Нэхэмжлэгч Т.******* нь ...Ч.*******тэй 2020 оны 10 сард хуш модны самар худалдах, худалдан авахаар тохиролцсон... гэж, хариуцагч Ч.******* ... 2020 оны намар хүмүүсээс самар худалдан аваад тухай бүр тооцоогоо хийдэг байсан. Т.*******гаас тухайн үед самар худалдаж аваад мөнгийг нь эгчийнх нь данс руу шилжүүлж өгч байсан... гэж тус тус тайлбарласан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгад огтхон ч нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

1.3.Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу өөрөө бүрдүүлсэн нотлох баримтуудыг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн, ...гэрч нарын мэдүүлгүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан эсэх нь тодорхой бус... гэж мөн хуулийн 43 дугаар зүйлд байхгүй шаардлага тавьсан зэргээр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй шүүхийн шийдвэр гаргажээ.

 

2. Нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтын талаар

2.1 Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ч.*******, С.******* нарт холбогдуулж, самар худалдан авсан үнэд дутуу төлсөн 7,150,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2.2. Дээр дурдсанчлан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн, харин нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн самрын хэмжээ, түүний үнийг хариуцагч дутуу төлсөн эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

2.4. Нэхэмжлэгч нь ...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ч.*******д 8 тонн 558 кг самрыг 1 кг-ыг 6500 төгрөгөөр, 2 тонн 37 кг самрыг 1 кг-ыг 6700 төгрөгөөр тооцож, нийт 69,275,900 төгрөгөөр худалдсан... Ч.******* нь самрын үнэ 69,275,900 төгрөгийг шилжүүлэхээс 61,096,900 төгрөгийг С.*******ийн данснаас шилжүүлсэн. ... 1100 кг самрын үнийг 6500 төгрөгөөр тооцож, 7,150,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн .... гэж тайлбарлаж, ХААН банк ХХК дахь өөрийн болон Т., Г.******* нарын дансны хуулгыг гаргаж өгсөн ба гэрчээр Б.*******, Г.Эрдэнэхуяг, Г.*******, Т., Б., Э.******* нарыг асуулгаж, Ч.*******, Э.******* нартай утсаар ярьсан ярианы бичлэг, тэдэнтэй харилцаж байсан цахим захидалд үзлэг хийлгэсэн эдгээр нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

2.4.а Т.******* нь самрын үнийг дутуу шилжүүлсэн талаар Ч.*******, Э.******* нарт удаа дараа мэдэгдэж байсан болох нь Ч.*******, Э.******* нартай утсаар ярьсан ярианы бичлэг, тэдэнтэй харилцаж байсан цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэлээс гадна гэрч Б.*******ы ...яг тухайн үед Ч.*******, С.******* нар самрыг хиллэж авчихаад явсан...харин Т.*******, Г.Эрдэнэхуяг 2 тэр өдөр гэр рүүгээ явсан ба 2-3 хоногийн дараа эргэж ирээд тооцооны асуудал байгаа талаар Э.*******д ярьж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.*******гийн ...Т.******* миний мөнгө дутаад самрын тооцоог буруу бодчихсон юм биш үү гэж над руу 1 сарын дараа ярьж байсан ... гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна. (хх-ийн 44, 75, 87-98)

 

2.4.б Гэрч Б.*******ы ....Ч.******* С.******* нар нь Т.*******гаас самар авдаг хүмүүс... Тухайн үед Т.*******, Г.Эрдэнэхуяг 2 хээр хоноод ирэхдээ Уаз Хантер маркийн машинаар дүүрэн самар ачаад ирсэн байсан. Тэр самраа хиллэж орхиод бид хамт явсан. Тэр үед Э.******* бид 2 тус тусынхаа машинтай дагаж яваад нийт 3 машинтай явцгаасан. Яваад цуглуулсан самар дээр нь очиход ирэхгүй байна гээд байсан Зил -131 машин нь ирчихсэн байсан. Тэгээд бид өөрсдийн машиндаа самраа ачилгүй Зил -131 машинд 4 тонн гаруй самар ачиж явуулсан. ... дахин нэг машин нэмэгдээд нийт 4 машинаар бүгд дүүрэн самар ачиж ирцгээсэн... Уаз Хантер маркийн машинд 1.2-1.4 тонноор 2 удаа дүүрэн самар ачиж ирсэн. Муссо машинд 1 тонн орчим харин Ланд-80 маркийн 2 машинд тус бүр 1-1.2 тонн самар ачигдаж ирсэн байх.... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэхуягийн ....2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 тн 226 кг самрыг өөрийн Уаз-469 маркийн машинаар тээвэрлэж Ч.*******, Э.******* нарт өгсөн... маргааш нь үлдэгдэл 4 тн 438 кг самрыг Зил-131 маркийн машинаараа дахин Ч.*******д авчирч өгсөн... бид энэ самрыг тээвэрлэж өгсний дараа 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин 4 машинаар 4 тн 931 кг самрыг тээвэрлэж Ч.*******д худалдсан ... нийт 10 тонн 595 кг самар зарсан.... гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн ...10,595 кг самар Ч.*******д худалдсан... гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна. (хх-ийн 39, 74-75)

 

Тодруулбал, гэрч Г.Эрдэнэхуягийн мэдүүлэг нь гэрч Б.*******ы мэдүүлгээр давхар нотлогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд 6 удаагийн тээвэрлэлтээр нийт 10,595 кг самар тээвэрлэж авчирч Ч.*******д худалдсан үйл баримт тогтоогдсон байна.

 

2.4.в ХААН банк ХХК дахь хариуцагч С.*******ийн тоот данснаас Г.*******ын тоот дансанд 61,096, 900 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр sm 7458 2037 erdnekhuu гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч sm гэсэн нь самар гэсэн үгний товчлол, 7458, 2037 гэдэг нь самрын хэмжээ кг, нь Т.*******гийн ах нь юм гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй, Г.******* уг мөнгө нь Т.*******гийн самар зарсан мөнгө болохыг мэдүүлсэн, хариуцагч С.******* өөрийнхөө данснаас уг мөнгийг шилжүүлсэнтэй маргаагүй зэргээс үзэхэд хариуцагч Ч.******* нь самарны үнийг хариуцагч С.*******ийн дансаар дамжуулан Т.*******гийн заасан дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт нийцэх юм.

 

Харин дээрх гүйлгээний утга дээр 7458 кг бус 8558 кг гэж тусгагдах байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч Т.******* нь нийт 10,595 кг самар тээвэрлэн авчирч Ч.*******д худалдсан үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн талууд 1 кг самрын үнийг 6500 төгрөгөөр тооцож байсан болох нь маргаж байгаа дээрх 61,096,900 төгрөгийн гүйлгээнээс бусад гүйлгээ хийсэн баримтад Ч.******* нь 8521 кг самрын үнийг 6500 төгрөгөөр тооцож 55,386,000 төгрөгийг, 1152 кг самрыг 6500 төгрөгөөр тооцож 7,488,000 төгрөгийг тус тус Т.ийн дансанд шилжүүлж байснаар нотлогдсон, энэ талаар гэрч Т. мэдүүлсэн байна. (хх-ийн 40,66)

 

2.5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.******* нь 1100 кг самрын үнийг дутуу шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул 1 кг самрын үнийг 6500 төгрөгөөр тооцож, 7,150,000 төгрөгийг хариуцагч Ч.*******гөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.******* нь самарны үнийг хариуцагч С.*******ийн дансаар дамжуулан үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Хариуцагч талын татгалзал, тайлбарын талаар

3.1 Хариуцагч Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагч нь самарны үнийг бүрэн төлсөн болохыг нотлох өөрт байгаа баримтыг гаргаж өгөхөөс гадна нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаж, шүүхийн журмаар бүрдүүлсэн нэхэмжлэгч талын нотлох баримтыг үгүйсгэж няцаах, өөрөө нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхтэй болно. Хэрэгт хариуцагч тал ямар нэгэн нотлох баримт гаргаагүй, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.

 

3.2 Хариуцагч тал зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдаагүй, гэрээний үнийг тохиролцсон баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр гэрээ хийх хэлбэрийн шаардлага тавигдаагүй, амаар, бодит үйлдлээр хийгдэж болохыг хуулиар зөвшөөрсөн байхаас гадна үнэ тохиролцсон гэх байдлыг дээрх байдлаар нотолсон мөнгө шилжүүлж байсан баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

 

3.3 Түүнчлэн, ....Ч.******* нар нь Т.*******гаас самар авдаг хүмүүс... тухайн үед ... самрыг хиллэж авчихаад явсан..., гэсэн Б.*******ы мэдүүлэг, .. 1 тн 226 кг самрыг ....Ч.*******, Э.******* нарт өгсөн... маргааш нь үлдэгдэл 4 тн 438 кг самрыг Зил-131 маркийн машинаараа дахин Ч.*******д авчирч өгсөн... 2020 оны 11 сарын 27-ны өдөр дахин 4 машинаар 4 тн 931 кг самрыг тээвэрлэж Ч.*******д худалдсан ... нийт 10 тонн 595 кг самар зарсан.... гэх гэрч Г.Эрдэнэхуягийн мэдүүлэг, ...******* миний данс руу самар худалдаж авсан мөнгөө шилжүүлдэг байсан, *******гөөс 3 удаа орлого орж ирсэн... гэсэн Т.ийн мэдүүлэг, ... Ч.*******, Т.******* нар өөрсдөө тооцоо бодсон... гэх Э.*******гийн мэдүүлэг зэргээр Т.*******, Ч.******* нарын хооронд самар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тодорхой байхад ... хариуцагч нь хэн болох нь тодорхойгүй, Т.******* нь хариуцагч нартай шууд харилцсан баримт байхгүй... гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. (хх-ийн 39, 74-75)

 

3.4 Энэ хэргийн маргааны зүйл нь нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ч.*******д худалдсан самрын талаар байхад ...гэрч Б.аас 5 тонн самар худалдан авсан нь түүний мэдүүлгээр нотлогдоно, харин үлдэгдэл 5 тонн 500 кг самрыг хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж аваад Ч.*******д нийлүүлснээ нотолж чадаагүй... гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал нь үндэслэлгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/01236 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.*******гөөс 7,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлээс хариуцагч С.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...хэвээр үлдээсүгэй гэснийг ...хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гөөс 129,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 129,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ