Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2016/0042/З |
Дугаар | 4 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 4
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Т-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Ц.Г, гэрч П.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие анх Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 90 дүгээр захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг, үерийн далан, хогийн цэгт ойжуулалт, нөхөн сэргээлтийн зориулалтаар 4 га газрын 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан юм. 2009 онд анх Жаргалант төгөл 2 гэдэг нэртэй төсөл хэрэгжиж, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран нийт 20 га газарт ойжуулалт хийсэн. Ингээд миний бие тус газрын хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж Б.Ганзоригоос 2970000 төгрөгийн тор, шон, иргэн Ц.Баярсайханаас 889000 төгрөгийн багаж хэрэгсэл, төмөр утас худалдан авч хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг авч цалинжуулж уг газраа хашаалж авсан. Улмаар 5 настай чацарганын 850 ширхэг суулгацыг Баатарзоригоос худалдан авч тус газраа суулгаж усалж тордон үр жимсийг нь хүртэж байсан. Үүнээс гадна иргэн Д.Батчулуунаас буурцагт ургамал болох 120 ш царгас, 50 ш судан өвсний үр худалдан авч малын тэжээлийн ургамал тарьж ургуулж байсан.
Жаргалант төгөл 2 нэртэй төслийн хүрээнд Жаргалант сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар хогийн цэгийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж ойжуулалт нөхөн сэргээлтийн зориулалтаар газар эзэмших иргэдтэй уулзаж, тус газрыг эзэмшихтэй холбоотой татварт төлөх газрын төлбөрийг газар эзэмшсэнээс хойш 5 жилийн хугацаанд авахгүйгээр тохиролцож энэ талаар газар эзэмшүүлэх гэрээндээ газрын төлбөр төлөх мөнгөн дүн, төлбөр төлөх хугацааг дурдалгүйгээр гэрээ байгуулсан юм. Үүнийг тухайн үеийн сумын удирдлагууд гэрчийн мэдүүлэг өгснөөр нотлогдож байгаа юм. Миний бие тус газрыг хуулийн дагуу эзэмшиж байх хугацаандаа дээр дурдсан чацаргана болон тэжээлийн өвс тариалахдаа тус манаач, ажилчид зэрэгт цалин өгөх бусад зардал гаргах мэтээр өөрийн хөрөнгөөс багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсан.
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандоржийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжаар миний Жаргалант сумын Бичигт баг, үерийн далангийн урд буюу хогийн төвлөрсөн цэг дээр тус газрыг хамгаалах, ойжуулалт нөхөн сэргээлтийн эзэмшиж байсан 4 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь захиргааны хууль бус үйл ажиллагаа бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм.
Захиргааны хууль бус үйл ажиллагаа болох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэх үндэслэлийг дурджээ.
2009 онд Жаргалант сумын Засаг дарга, сумын удирдлагууд надад тус газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хөрсний бүтцийг сайжруулах, бэлчээрт шилжүүлэх зорилгоор олон наст болон буурцагт ургамал тариалсан талбайг эзэмшиж, ашигласны төлбөрөөс эхний 5 жил хүртэлх хугацаанд... чөлөөлнө гэсэн заалтын дагуу олон наст чацарганы мод, малын тэжээлийн өвс болох буурцагт ургамал тариалсан тул 2010-2014 онуудын газрын төлбөрийг төлөхөөс чөлөөлж, энэ талаар газар эзэмшүүлэх гэрээндээ газрын төлбөр төлөх мөнгөн дүн, төлбөр төлөх хугацааг дурдалгүйгээр гэрээ байгуулсан юм.
Гэтэл дараагийн Засаг дарга томилогдоод миний эзэмшлийн газрыг газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь төрийн алба тасралгүй үргэлжлэх зарчмыг ноцтой зөрчиж миний эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Хэрвээ газрыг төлбөр төлөхөөр гэрээ байгуулсан бол газрын даамлаар олон жил ажилласан газрын даамал нь ГХГЗЗГ-ын даргын тушаалаар батлагдсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний маягтанд дурдсан 2.2 дахь заалтын Газрын төлбөрийн хэмжээ гэх хэсэгт намайг хэдэн төгрөгийн төлбөрийг жилийн 4 улиралд хэрхэн хувааж төлөх талаар тодорхой зааж, энэ талаар тэмдэглэгээ хийх байсан.
Гэвч тухайн үеийн сумын удирдлагууд, тус хогийн цэгийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж ойжуулалт, нөхөн сэргээлтийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдтэй уулзаж газрын төлбөрийг 5 жилийн хугацаанд төлөхгүйгээр тохиролцсон учраас газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөр төлөх талаар дурдаагүй болно. Миний бие хууль заасан иргэний үүргээ биелүүлж 2016 оны газрын төлбөрийг 2016 оны 3 дугаар сард төлсөн.
Засаг дарга захирамж гаргахдаа яагаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэх хуулийн заалтыг баримтлах болсныг би ойлгохгүй байна.
Миний бие тус газрыг эзэмшээд хэрхэн хашаалж тор татаж авсан, хэрхэн ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийсэн талаар тухайн үед мод тарьсан, арчилж ургуулж байсан, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд гээд ач холбогдол бүхий гэрчүүд мэдүүлэг өгсөн, мөн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр намайг тус газарт хэчнээн мод тарьсан, хэрхэн арчилж ургуулж байсан талаар нотлогдож байгаа юм. Намайг тус газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг хариуцагч тал нотлох ямар ч баримт байхгүй хэрнээ газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь захиргааны байгууллагын илт хууль бус үйл ажиллагаа юм.
Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас миний бие тус газар оруулсан 8299000 төгрөгөөр хохирлоо.
Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамж гарсан талаар хариуцагч Жаргалант сумын Засаг даргаас надад мэдэгдээгүй бөгөөд хариуцагч уг захирамжийг надад гардуулж гарын үсэг зуруулаагүй, утсаар мэдэгдсэн ямар ч зүйл байхгүй юм..
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасны дагуу хотын захирагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, хот хөгжлийн шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ажиллаж байгаа ба иргэн газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байсан. Хот хөгжлийн шинэчилсэн 2030 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөгөөр Ц.Т-ийн эзэмшлийн гэх газар нь үйлдвэрийн бүсэд хамаарч байгаа тул Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэхдээ хүчингүй болгохдоо процессын алдаа гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмшиж байсан нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох, мөн газар дээр байсан объектын төлбөрийг төлж барагдуулаагүй байх магадлал байна. Ер нь төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэдэг үндэслэлээр өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцож байгаа. Маргаан бүхий захирамж нь хууль бус гэдгийг мэдэж байгаа боловч хохирлын асуудал яригдаж байгаа учир өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна гэв.
Гэрч П.Болормаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 03 дугаар сард Жаргалан 2 төгөл төслийн хүрээнд газар эзэмшиж байсан нийт иргэдтэй уулзсан. Нэхэмжлэгч Ц.Т-тэй тухайн үед утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан ба өөрөө Улаанбаатар хотод байсан. Гэтэл тухайн газрын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэх Б.Нямдорж нь ирж уулзсан. Ингээд газар эзэмших эрхийг хүчингүй болсны дараа буюу 2016 онд нэхэмжлэгч нь өөрөө ирэхэд маргаан бүхий захирамжийг хуулбарлан өгч, сумын Засаг даргатай уулзуулсан.
2011 оноос өмнө ойжуулалт, нөхөн сэргээлтийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдтэй газар эзэмших эрхийн эхний 5 жилийн хугацаанд газрын татвар төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр гэрээ байгуулдаг байсан. 2014 оноос хойш сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргаж, газар эзэмшиж байгаа иргэдээс газрын төлбөр авахаар тогтсон. 2012 оноос хойш хот хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө хийгдэж байсан ба хуульд хот хөгжлийн төлөвлөгөө хийгдэж байгаа тохиолдолд газар эзэмших эрхийг түр хугацаагаар зогсооно гэсэн заалт байдаг. Тухайн газрыг хот хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж хүчингүй болгосон байдаг. Ц.Т нь 2009 онд анх Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч мод тарьснаас хойш тухайн талбай дээр юу ч хийгээгүй. Тэр газарт ус байдаггүй байдлаас болж моднууд нь хатсан байсан. Анх мод тарьсан үедээ газар дээр ажиллагаа хийсэн болохоос биш түүнээс хойш ажиллагаа хийгдээгүй юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 8299000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ц.Т-ийн эзэмшлийн гэх газрын хувийн хэрэгт үзлэг хийхэд Газар эзэмших эрх шилүүлэх гэрээ-г Ц.Т нь Б.Нямдоржтой байгуулсан байх ба уг гэрээний дагуу Жаргалан сумын засаг даргын Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж гараагүй болох нь гэрч Ц.Болормаагийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус газрыг Ц.Т нь Б.Нямдоржид шилжүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байсан. Гэхдээ уг гэрээний дагуу газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх захирамж гараагүй гэх мэдүүлэг, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2/88 албан бичгээр нотлогдож байгаа ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж заасан ба Ц.Нямдоржид эрх шилжүүлсэн талаар сумын Засаг даргын захирамж гараагүй байгаа нь тухайн газрын эзэмшигч нь Ц.Т гэж үзэх үндэслэлтэй ба Ц.Т нь тухайн газрын талаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшиж байсан этгээдэд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай шийдвэрээ мэдэгдэхээр заасан ба захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид энэ талаар зохих ёсоор мэдэгдээгүй болох нь гэрч Ц.Болормаагийн Ц.Т-д А/76 дугаар захирамжийг албан ёсоор гардуулж өгч, мэдэгдээгүй, тухай үед мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдохгүй, сураг сонсоход Улаанбаатар хот явсан гэж байсан гэх мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
1.Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Буянт багийн иргэн Ц.Т-д нөхөн сэргээлт, ойжуулалтын зориулалтаар Үерийн далангийн урд буюу хогийн төвлөрсөн цэг дээр 4 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дээрх 90 дугаартай захирамжийг үндэслэн Т.Т-д Бичигт баг үерийн далан хогийн цэгт 4 га газрыг ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар эзэмшүүлэхээр 2009 оны 08 сарын 14-ний өдөр №0225287 гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Улмаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй/, 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ гэсэн үндэслэлээр Жаргалан сумын Бичигт баг үерийн далангийн урд буюу хогийн төвлөрсөн цэг дээр 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №90 тоот захирамжаар Ц овогтой Т-д газрыг хамгаалах нөхөн сэргээх зориулалтаар эзэмшиж байсан 4 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн зүгээс миний газар эзэмших эрхийн гэрчилгээг газрын төлбөр төлөөгүй, 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлгүйгээр хүчингүй болгосон. Уг газрыг анх эзэмшүүлэхдээ Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д заасны дагуу эхний 5 жил газрын төлбөрөөс чөлөөлсөн ба газар эзэмших гэрээндээ газрын төлбөр, хийх хугацааны талаар тусгаагүй, мөн 2 жил дараалан ашиглаагүй гэх боловч би уг газар дээр бургас, улиас, чацаргана, царгас, судан /олон наст ургамал/ зэргийг тарьж ургуулсан, одоо ч бургас мод байгаа гэж,
Хариуцагч маргаан бүхий газар нь Ховд хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх төлөвлөгөөнд үйлдвэрийн бүс байхаар төлөвлөгдсөн. Т нь уг газарт ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг сайн хийсэн. Тарьсан мод, олон наст ургамал нь төгөл байх хэмжээнд сайн ургасан. Хэдийгээр үйлдвэрийн бүсэд орсон ч нэг бүтээн байгуулалтаар нэг хүний хийсэн ажлыг үгүй хийж болохгүй . 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамж нь хууль бус захирамж гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэгч хохирлын талаар маргаж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.
А.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлийн талаар
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Буянт багийн иргэн Ц.Т-д нөхөн сэргээлт, ойжуулалтын зориулалтаар Үерийн далангийн урд буюу хогийн төвлөрсөн цэг дээр 4 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дээрх 90 дугаартай захирамжийг үндэслэн Ц.Т-д Бичигт баг үерийн далан хогийн цэгт 4 га газрыг ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар эзэмшүүлэхээр 2009 оны 08 сарын 14-ний өдөр №0225287 гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д газар эзэмшүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана, 34.6.6-д газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тусгахаар заасан ба Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын газрын даамал Д.Өлзийбаяр, ЦТ нарын хооронд байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг зааж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд төлбөрийн талаар тайлбарлахдаа ойжуулалт нөхөн сэргээлтийн зориулалтаар газрыг эзэмшиж байсан ба хуульд заасны дагуу газрын төлбөрөөс эхний 5 жил чөлөөлөгдсөн гэх тайлбар нь үндэслэлтэй байх ба газрын төлбөрөөс чөлөөлөгдсөн болох нь
гэрч Д.Өлзийбаярын 2009 онд иргэнд газар эзэмшүүлэхдээ газрын төлбөр төлдөггүй байсан учраас гэрээнд төлбөрийн талаар тусгадаггүй байсан гэх мэдүүлэг
гэрч Ц.Болормаагийн 2009 онд иргэнд газар эзэмшүүлэхдээ газрын тухай хуулийн дагуу газрын төлбөр авдаггүй байсан гэх мэдүүлэг, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7/04 дугаар Ойн сангийн газарт төлбөр тогтоох тухай тогтоол, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7/04 дугаар Ойн сангийн газарт төлбөр тогтоох тухай тогтоолоор Жаргалант сумын нутаг дэвсгэрт мод үржүүлэг, ойжуулалт, нөхөн сэргээх, газар хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар эзэмшиж ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 1 га газарт ногдох төлбөрийг 30000 төгрөгөөр тогтоож, ойн сан бүхий газруудад газрын төлбөр ногдуулж, гэрээ хийж газрын төлбөрийг орон нутгийн төсөвт оруулахыг газрын даамал нарт үүрэг болгосон байна.
Дээрх 7/04 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс газрын даамлууд Жаргалант сумын нутаг дэвсгэрт мод үржүүлэг, ойжуулалт, нөхөн сэргээх, газар хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар эзэмшиж ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай газар эзэмших гэрээг хийж гэрээнд газрын төлбөр, хугацааг тогтоож өгөхөөр заасан байна. Харин уг тогтоолын дагуу Ц.Т-тэй газар эзэмших гэрээг шинэчлэн хийгээгүй болох нь гэрч Ц.Болормаагийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7/04 дугаар тогтоол гарсантай холбоотой 2012 оноос хойш газар эзэмшүүлэх гэрээ шинэчилж эхэлсэн ба Ц.Т-д газар эзэмших гэрээгээ шинэчлэхийг мэдэгдсэн боловч гэрээг шинэчилж байгуулаагүй гэх мэдүүлгээр нотлогдож байх ба газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд Ц.Т-ээс газрын төлбөрийг шаардах эрх үүсэхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Т-г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Б.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгч Ц.Т нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг Үерийн далан хогийн цэгийн 4 га газрыг Ойжуулалт, нөхөн сэргээх зориулалтаар эзэмших эрхтэй болсон бөгөөд хариуцагчаас гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл газраа ашиглаагүй байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх гэсэн хоёр нөхцөлийг хангасан байхыг шаарджээ. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тухайд дээрх хоёр нөхцөл шаардлагыг бий болгоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг эзэмшил газраа ашиглаагүй гэж дүгнэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж 2009 оноос хойш бургас, улиас, чацаргана, царгас, судан өвс / олон наст ургамал/ зэргийг тарьж ургуулж, ойжуулалт, нөхөн сэрээлтийн зориулалтаар ашигласан байсан болох нь
Хариуцагчийн Ц.Т нь эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаж бургас улиас зэргийг тариалдаг байсан. Ц.Т нь Жаргалан-2 төгөл төслийг хариуцан ажилладаг байсан. Өөрийн нь эзэмшлийн газарт тарьсан мод нь төгөлийн хэмжээнд сайхан ургадаг байсан гэх тайлбар
Гэрч Ц.Болормаагийн ...2009 онд анх тус газартаа Хөдөлмөрийн хэлтэстээ хамтран Жаргалан-2 төгөл төслийн хүрээнд мод тарьсан гэх мэдүүлэг
Гэрч Ц.Болормаагийн шүүх хуралдаанд өгсөн ....Ц.Т нь эзэмшлийн гэх газартай 2009 онд улиас, бургас зэргийг тарьсан. Эхний жилүүдэд уг тарьсан мод нь сайхан ургасан... гэх мэдүүлэг
Гэрч Н.Баяраагийн ....2009, 2010 оны үед Жаргалант сумын хогийн харын цэг, үерийн далангийн урд Ц.Т-ийн эзэмшлийн газарт тор татаж, чацаргана, бургас тарихад нь өдөрт 10000 төгрөгийн цалинтай хөлсөөр ажиллаж байсан. Тэр газарт тарьсан бургас, чацаргана ургасан байсан. Одоо байхгүй болчихсон байна лээ.... гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Лхамцэрэнгийн ...2010 онд байх Жаргалант сумын хогийн харын цэг, үерийн далангийн урд талд Ц.Т нь газар эзэмшдэг байсан. Уг газарт би мод тарих нүх ухаж өгч байсан. Чацарганы модыг нь би тарилцсан. Тарьсан бургас чацаргана нь ургаж, чацарганыг түүдэг байсан. Бас нэг хэсэг газарт төмс тарьсан. Би тарьсан модыг нь усалдаг байсан. Бас нэг үр цацуулж усалдаг байсан. Тэр нь бодвол царгас байсан байх... гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Нохойжавын ...2009 оны хавар 4 сарын эхээр Жаргалант-2 төгөл хийх зорилгоор уг ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд 21.5 га газрыг 8 иргэнд эзэмшүүлж, иргэд нь өөрсдөө тор шонгоо татах, мод тарих асуудлаа өөрсдийн зардлаар шийдвэрлэхээр тохиролцсон. Захирагчийн албанаас тодорхой хэмжээний бургас, улиас өгсөн. Энэ 8 хүний нэг нь Ц.Т юм. Ц.Т-ийн татсан торонд тарьсан бургас, улиас, чацаргана маш сайн ургасан. Бид 3 жил тэр газрыг хамгаалж, усалж, тордож байсан. Үүний үр дүнд Ж, Т нарын тарьсан мод маш сайн ургасан... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Батчулууны Ц.Т надаас царгас, судан өвсний үр авч надаар тус эзэмшиж байсан газартаа мэргэжлийн зөвлөгөө авч тариулсан юм. Тарьж дууссаны дараа намайг хэд хэдэн удаа царгас, судан өвс тарьсан газар дээрээ аваачиж зөвлөгөө авч байсан. Тэр газартаа манаач буулгасан байсан ба манаачид хэрхэн усалж, арчлах талаар зөвлөгөө өгч байсан. Тарьсан царгас, судан өвс нь сайн ургасан байсан. Ц.Т нь тэр газартаа чацаргана, улиас, бургасны мод нэлээд хэдийг тарьсан байсан. Надаас чачаргана арчлах талаар зөвлөгөө авч байсан. Атрын 50 жилийн ой болоход Жаргалант сумын Засаг дарга хогийн цэгийн ойролцоо олон наст ургамал тариалах, хөрсийг сайжруулахад мэргэжлийн зөвлөгөө өгч сайн ажилласан гэж Ховд хотын хүндэт иргэнээр шагнаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Баярсайханы манай эхнэр хүүхдүүд Ц.Т-ийн тор татсан газарт мод тарьсан байсныг усалж өгдөг байсан. Бараг 2 жил ажилласан. Ц.Т нь тус газарт бургас, чацаргана тарьсан байсныг сайн санаж байна. Эхний 2 жил манай хүүхдүүд ургасан чацарганыг нь хурааж өгч байсан... гэх мэдүүлэг
Гэрч Т.Баатарзоригийн ...2009 онд Бичигт багийн үерийн далан тэр чигээрээ хогоор дүүрчихсэн, нийтдээ 25 га газарт хогтой байсан. Ингээд их хогийг цэвэрлэж ойжуулалт, нөхөн сэргээлтийн зориулалтаар ашигласан этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд нийт 23 га газрыг 9 хүнд хувааж эзэмшүүлсэн. Эдгээр хүмүүсээс Т ..... нар өөрийн эзэмшлийн газартаа мод жимс тарьж ургуулсан. Бусад нь зүгээр торлож авсан байсан. Т-ийн эзэмшлийн газар нь усны эхэнд байсан учраас тарьсан мод нь сайн ургасан. Мөн тус газартаа чацаргана, бургас зэргийг тарьсан. Тарьсан бургас нь одоо ч ургасан хэвээрээ байгаа... гэх мэдүүлэг, шүүхээс Ц.Т-ийн эзэмшлийн гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийг эхний жилүүдэд тарьсан мод нь сайн ургаж байсан, харин сүүлийн 2 жилд нэмж мод тариагүй, өмнө тарьсан мод нь ургаагүй гэж гэрч Ц.Болормаа мэдүүлж байгаа ч шүүхээс тухайн газарт үзлэг хийхэд 9 эгнээ 1000 орчим бургас байгаа нь 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийг үгүйсгэж байна.
2. Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 8299000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.Т нь эзэмшлийн гэх 4 га газартаа Б.Нямзоригоос 1970,000 төгрөгийн шон, тор, боодол, Ц.Баярсайханаас 889000 төгрөгийн хадаас, төмөр утас, Баатарзоригоос 3230000 төгрөгийн чацарганы 5 настай суулгац, Д.Батчулуунаас 1210000 төгрөгийн царгас, судан өвс зэргийг худалдан авч тарьж байсан болох нь гэрч Б.Нямзориг, Ц.Баярсайхан, Баатарзориг, Д.Батчулуун нарын мэдүүлэг, иргэд хоорондын хийсэн худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна.
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар захирамж гарсны улмаас тухайн газарт таригдсан чацаргана, царгас, судан өвс зэрэг нь үгүй болж, хашаалж татсан шон тор зэрэг нь байхгүй болсон нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчид учирсан хохирол 8299000 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 8299000 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж Ц.Т-д олгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ