Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 09

 

Б.Батхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Батхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 649 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Батхуягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ... 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус байгууллагад сантехникийн механикчаар ажилд ороод 6 жил гаруй хугацаанд ажилласан. Энэ хугацаанд байгууллагын халаалт, цэвэр бохир усны хэвийн ажиллагааг бүрэн хангаж ажиллан үе шаттайгаар зуухны тогоо болон магестраль шугам хоолойн системийг сольж нэг ч удаа эвдрэл гэмтэл гаргаагүй учир байгууллагын шагналыг 10-аад удаа авч, Бээжин хотод аялаж байсан. Мөн гал унтраах аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалт, Иргэний Нисэхийн ерөнхий газраас зохион байгуулсан агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах анхан шатны сургалтанд сууж, ажилдаа хариуцлагатай ханддаг байдал зэргийг минь харгалзан үзэж 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд томилогдож, тус ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Гэтэл намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б/42 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг гал унтраах аврах ажиллагааны мэргэшлийн үнэмлэхгүй, сургалтанд сууж гэрчилгээ аваагүй гэсэн байгаа боловч би сургалтанд сууж гэрчилгээ авсан бөгөөд ажилчдынхаа бичиг баримттай сайн танилцаагүй, нэг нарийн бичгийн даргын үгэнд орж үгсэн хуйвалдаж, хүнийг гүтгэж ийм шийдвэр гаргаж байгаад нь харамсаж байна.

… Иймд намайг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын сантехникийн механикчийн үүрэгт ажилд болон галын бүлгийн ахлагчийн ажил албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал Л.Дугардорж шүүхэд гаргасан тайлбартаа: ... Зам тээврийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын хамтарсан ажлын хэсгийн комиссын гишүүд 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр манай байгууллагын ажлыг шалгахад Иргэний Нисэхийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.8, 2.6-д заасан мэргэжлийн бус албан тушаалын ажил үүргийг орлон буюу хавсран гүйцэтгэхийг хориглосон заалтыг зөрчиж ажлын байрны шаардлага болох авран хамгаалах, гал унтраах мэргэжлийн үнэмлэхгүй, сургалтад хамрагдаж гэрчилгээжээгүй сантехникийн механикч Б.Батхуягийг Нисэх буудлын даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний Б/11 дугаар тушаалаар галын бүлгийн ахлагчаар хавсран ажиллуулсан гэсэн зөрчил илэрч, ИНЕГ-ын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1011 дугаартай “Шалгалтын мөрөөр зөрчил арилгуулах тухай" албан бичигт дурдагдсан. ИНЕГ-ын даргын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Зам тээврийн сайд болон ИНЕГ-ын даргын 2013-2015 оны тушаалуудаар баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тоо, харьяа газар, алба, салбар нэгж, хэсгүүдэд хэрхэн мөрдөгдөж байгаад хийсэн дотоод аудитын шалгалтаар Б.Батхуягийг Хөвсгөл аймгийн Мөрөн Нисэх буудлын даргын 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тушаалаар үндсэн ажилтан, сантехникийн механикчаар ажилд аваад ИНЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/741 дүгээр тушаалаар ажилтнуудад олгох орон сууцны үнийн хөнгөлөлтийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилтнуудын ажилласан жил, өргөдөл өгсөн дарааллыг харгалзан орон сууцны хөнгөлөлтийн хуваарийг гаргаж олгох ёстой байхад ИНЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын З.З.З.б заалтыг зөрчиж 3 жил 8 сар ажилласан байхад нь орон сууцны үнийн хөнгөлөлт хүссэн өргөдлөө 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичиж өгсөн нь хамт олноосоо нууж, үгсэн хуйвалдаж, хууран мэхэлж, 22.250.000 төгрөгийг сантехникийн механикч Б.Батхуягт хуваарилан олгосон тухай мэдээлэл нь үндэслэлтэй байна гэж тус тус дурдсан юм.

Иймд ... галын бүлгийн ахлагчийн ажлыг хавсран гүйцэтгэж, орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрх үүсээгүй байхад удирдах албан тушаалтантай үгсэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт үйлдэн 22.250.000 төгрөгийн хөнгөлөлт авч, давуу эрх эдлэн ёс зүйн ноцтой зөрчил гаргаж байгууллагад хохирол учруулж, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь шалгалтуудын баримтаар тогтоогдсон тул байгууллагын захиргааны санаачилгаар хууль, журамд заасан үндэслэлээр Б.Батхуягтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажиллаж байсан хугацааны цалин хөлс болох 1.125.000 төгрөг нэхэмжилснийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Тэрээр 2013 онд Иргэний нисэхийн ажилтнуудад олгох нэг удаагийн орон сууцны хөнгөлөлтөд хамрагдахдаа “Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг зөрчиж тухайн үед ажиллаж байсан байгууллагын дарга М.Амарбаясгалантай үгсэн хуйвалдаж 3 жил 8 сар ажилласан хугацааг 5 жил ажилласнаар тооцож, ажилчдын өргөдөл өгсөн дарааллыг харгалзахгүй орон сууцны хөнгөлөлт 22.250 000 төгрөг авсан байна. Тухайн асуудлыг хамт олны хурлаар хэлэлцээгүй хууран мэхэлж хийсэн бөгөөд хөнгөлөлтийг нэг хүнд 12.000.000 төгрөгөөр ижил хэмжээнд олгохоор байхад Б.Батхуяг 22.250 000 төгрөгийн хөнгөлөлт авсан байгаа. Түүнчлэн зорчигчдыг авран хамгаалах гал унтраах мэргэжлийн үнэмлэхгүй, сургалтад хамрагдаж гэрчилгээ аваагүй мөртлөө галын бүлгийн ахлагчийн албыг давхар хашиж байсан нь шалгалтаар тогтоогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан байгаа. Иймд Д Батхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 649 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 д гаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б Батхуягийг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын сантехникийн механикчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б Батхуягт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батхуягийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд даалгаж, Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргын 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар томилсон Б.Батхуягийг хавсран ажиллуулах галын бүлгийн ахлагчийн ажлаас чөлөөлөөгүй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас улсын тэмдэгтийн хураамж 121.150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудал давж заалдах гомдолдоо: “...Б.Батхуяг нь авран хамгаалах гал унтраах мэргэжлийн үнэмлэхгүй, ИНЕГ-ын сургалтанд хамрагдаж, гэрчилгээжээгүй байх үедээ буюу нисэх буудлын даргын 2016 оны Б/11 дүгээр тушаалаар 2016 оны 01 дүгээр сарын 29-нөөс шинээр галын бүлгийн ахлагч томилогдох хүртэлх хугацаанд буюу мөн оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн ажлынхаа зэрэгцээ, галын бүлгийн ахлагчийн ажлыг хавсран гүйцэтгэж, үндсэн цалингийн 40 хувиар нэмэгдэл цалин авч, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.8.6.2-д заасан мэргэжлийн бус албан тушаалын ажил үүргийг орлон буюу хавсран гүйцэтгэхийг хориглосон заалтыг зөрчиж, давуу эрх эдэлж, байгууллагад хохирол учруулсан. Гэтэл Б.Батхуяг шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх үедээ галын бүлгийн ахлагчаар хавсран ажиллаж байсан гэсэн тайлбар өгч, шүүгч шийдвэртээ нисэх буудлын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар томилсон Б.Батхуягийг хавсран ажиллуулах галын бүлгийн ахлагчийн ажлаас чөлөөлөөгүй болохыг дурьдсугай гэсэн нь нотлох баримттай сайтар танилцалгүй гаргасан шийдвэр гэж үзэж байна. Мөн Б Батхуяг нь ИНЕГ-аас зохион байгуулагддаг агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах анхан шатны сургалтанд 2016 оны 02 дугаар сарын 20-ноос 27-ны өдрүүдэд хамрагдсан нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/030 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Мөн шүүгч шийдвэртээ нэхэмжлэгч Б.Батхуяг нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тухайн үеийн нисэх буудлын даргатай үгсэн хуйвалдаж, 3 жил 8 сар ажилласан хугацааг 5 жил ажилласнаар тооцуулан, хамт олны болон даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр 22.250.000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт авч, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болох нь нотлох баримтуудаар тогтоогдлоо гэсэн боловч сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс 1 сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулаагүй гэсэн үндэслэлээр Б.Батхуягийг ажилд эргүүлэн тогтоожээ. Гэтэл уг зөрчлийг Иргэний нисэхийн ерөнхий газраас 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн дотоод аудитын шалгалтаар илрүүлсэн боловч тухайн үед нисэх буудлын даргаар ажиллаж байсан М.Амарбаясгалан нь Б.Батхуягтай үгсэн хуйвалдаж, дээрх хөнгөлөлтийг олгосон байсан тул зөрчлийг нуун дарагдуулж, ямар нэг арга хэмжээ авалгүй байсаар өдийг хүрсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан тул уг сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. М.Амарбаясгалан нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, одоогийн дарга Д.Дугардорж нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дээрх зөрчлийг арилгуулах тухай ИНЕГ-ын даргын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дүгээр тушаалтай танилцаж, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр буюу хуулийн хугацаанд Б.Батхуягт сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг дахин хянан үзэж, бидний гомдлыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээг авч, өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна

Нэхэмжлэгч Б.Батхуяг нь Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Батхуягыг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргын 2010 оны 1 дүгээр сараас сантехникийн механикч, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Б/11 тоот тушаалаар галын бүлгийн ахлагчаар хавсран ажиллуулж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 132 дугаар зүйлийн 132.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.8.6 2, 3.3.6.6, 3.10.2 дахь заалт, Зам тээврийн сайдын 2016 оны ажлын хэсэг байгуулах тухай 56 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1011 дугаар албан бичгийг үндэслэн Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Б/42 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-4/

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Батхуягийг ажиллаж байх хугацаандаа орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрх үүсээгүй байхад удирдах албан тушаалтантай үгсэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт үйлдэн 22.250.000 төгрөгийн хөнгөлөлт авч давуу эрх эдэлж байгууллагад хохирол учруулсан, авран хамгаалах гал унтраах мэргэшлийн үнэмлэхгүй, иргэний нисэхийн ерөнхий газрын сургалтанд хамрагдаж гэрчилгээ аваагүй атал  галын бүлгийн ахлагчийн ажлыг хавсран гүйцэтгэж ёс зүйн ноцтой зөрчил гарган хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хариуцагч нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр буюу 1 жил гаруй хугацааны дараа шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Б.Батхуягт сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “...бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй” бөгөөд гаргасан хүсэлтийг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэдэг атал түүнийг “...хөнгөлөлт эдлэх эрх үүсээгүй байхад ...хохирол учруулсан, ...сургалтанд хамрагдаж гэрчилгээ аваагүй атал галын бүлгийн ахлагчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн”  гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг хангаж шийдвэрлэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримталж шийдвэрлэсэн байх тул ажилгүй байсан хугацааны цалин 2.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч байгууллагаас 2.250.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан “...Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 649 дүгээр шийдвэрийг дахин хянан үзэж, бидний гомдлыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 649 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 121.150 /нэг зуун хорин нэгэн мянга, нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Т.ГАНБАТ