| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00030/Э |
| Дугаар | 00026 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 00026
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох 1832002370017 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймаг Баянхонгор суманд 1990 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Онцгой байдлын албаны гал түймэр унтраах аврах 10 дугаар ангид жолооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баяр овогт Гантөрийн А. /РД: */
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын албаны гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн эзэмшлийн УАЗ пургон загварын 42-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 16 зорчигч тээврлэн Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Цагаанчулуут гэх газарт сайжруулсан шороон зам дээр Тоёота приус-30 загварын 67-58 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж улмаар тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас иргэн Э.Мб, А.Эч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, иргэн П.Сбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аын өгсөн …P2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шөнийн 22 цагийн орчимд төв засмал замаас салаад сайжруулсан шороон зам руу ороод 10-аад км явж байх үед миний жолоодож явсан машины буруу талын урд талын дугуй салж гүйцэж түрүүлэх гэж байсан приус-30 машины хойд гупер гэрэл орчмыг мөргөөд нэг мэдэхэд онхолдож осол гаргасан байсан. Би Нийслэлийн онцгой байдлыг албаны гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн эзэмшлийн пургон маркийн 42-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор 16 хүн тээвэрлэн явж байсан юм. Осол болсны дараа машин дотроос хүүхдүүдийг гаргасан. Гайгүй хүүхдүүд нь замын машин зогсоосон. Удалгүй цагдаа нар ирж хэмжилт хийсэн. Ослын улмаас 2 хүнд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Миний машинд сууж явсан хүүхдүүдийг Фантастик продакшны хүмүүс ирээд авч яваад Улаанбаатар хот руу хүргүүлсэн байсан. Би Фантастик продакшны зураг авалтанд уг хүүхдүүдийг хүргэж өгөх гээд тээвэрлэж явж байсан юм. Уг гэмтсэн хүүхдүүдэд учирсан хохирлыг уг продакшнаас бүрэн төлж барагдуулсан гэсэн. Би машинд учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Э.Мбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ангийнхан кино зураг авалтанд орохоор Зүүнхараа явахаар 18 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Би урьд өдөр нь бас кино зураг авалтанд ороод нилээн ядарсан байсан болохоор машинд ороод хамгийн арын суудалд ангийнхаа Эчийн зүүн талд нь суугаад унтаж явсан. Нэг мэдэхэд манай машин замаас гараад дэржигнээд нилээн донсолгоотой явж байхад би сэрсэн. Тэрхэн зуурт манай машин хөрвөөх үед би Эчийн урдуур орж хамгаалж дарж хэвтсэн. Тэгээд манай машин нэг хөрвөөж эргээд замын хажууд 4 дугуйн дээрээ зогссон. Тухай үед миний толгой маш их эргэж байсан. Мөн зүүн хөмсөг язраад цус гараад байсан. Нуруу гэмтээд хөдөлж болохгүй байна. Манай ангийнхан миний урд машинаас гарах гээд чихэлцээд надад хөдлөх боломж олдохгүй байхаар нь би машины хажуугийн жижиг шилйг цохиж хагалаад машинаас өөрөө гарсан. Намайг машинаас гарахад манай ангийнхан уйлалдсан шоконд орсон байдалтай гэмтээгүй хүүхдүүдийн тал нь намайг тойроод тал нь Эчийг тойроод эмнэлгийн анхны тусламж үзүүлэх гээд байсан. Тэгээд намайг замын унаагаар Зүүнхараагийн эмнэлэг рүү хүргүүлсэн ..... Надад жолооч Г.Ааас нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 44-45 дугаар хуудас/
Хохирогч А.Эчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед манай ангийнхан надтй нийлээд 16 хүүхэд ъкино зураг авалтанд орохоор Зүүнхараа явсан. Энэ үед бид нар Онцгой байдлын дугаарыг нь мэдэхгүй байна Уаз пургон маркийн машинтай явсан. Тэгээд төв засмал замаас салаад Зүүнхараа луу шороон замаар явсан. Би машины хамгийн арын суудалд суучихсан байсан болохоор надад донсолгоо их мэдрэгдэж байсан. Тухайн үед би зам нь ийм их донсолгоотой юм болов уу эсхүл тэгтлээ их хурдтай яваад байна уу гэж бодсон. Тэгээд донслоод явж байснаа мэдэж байна. Нэг мэдэхэд осол болчихсон манай ангийнхан уйлалдаад орилолдоод байж байсан ба миний хажууд сууж явсан манай ангийн Сб намайг машинаас чирч гаргаж байсан. Миний өмсөж явсан гадуур хувцас нил цус болчихсон зүүн гар хавдаад хөдөлгөж болохгүй мөн миний эрүүний яс хугарсан шүлсээ залгиж болохгүй амнаас цус гарсан байдалтай байсан. Тэгээд намайг замын машинаар Зүүнхараагийн эмнэлэг рүү явуулсан.... Одоо миний биеийн байдал сайжирсан. Жолооч Г.Ааас нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /48-49 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Отгон-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгэхээр нь түрүүлээд явчихъя гээд хурдаа бага зэрэг нэмтэл тэр машин надаас салаад холдохгүй яг нэг хэмээр толинд харагдаад миний араас машины зүүн хойд талд дагаад яваад байсан. Тэгээд яах ийхийн зуургүй миний машины зүүн хэсэг рүү мөргөөд манай машин газар дээрээ бүтэн эргээд ирсэн зүг рүүгээ хараад ухарч явсаар замын урд хэсэг рүү гарч зогссон. Тэгэхэд манай машины урд пургон машин замаас гарчихсан хөрвөөсөн байдалтай дугуйн дээрээ мөн ирсэн зүг рүүгээ хараад зогсож байсан. Пургоны бүх хаалгаар хүмүүс бууж ирээд зарим нь цус болчихсон энд тэнд орилолдоод байсан.... Миний машины эвдрэл гэмтлийг жолооч А нь засаж янзалж өгсөн тул одоо надад болон манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал алга гэх мэдүүлэг /Хх-н 52-53 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.НЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай байгууллагын зүгээс жолооч Г.Ааас нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 56 дугаар хуудас/
Иргэний хариуцагч Д.БЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай Онцгой байдлын байгууллагаас хэргийн хохирогч нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа. Жолооч Г.А нь Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүрэг дэх гал унтраах аврах 10 дугаар ангид 7 жил ажиллаж байна. Жолооч албан тушаалтай гэх мэдүүлэг /Хх-н 59 дүгээр хуудас/
Гэрч Д.ПБын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим манай ангийнхан кино зураг авалтанд орохоор Зүүнхараа явсан. Зүүнхараа явах замд манай ангийнхний сууж явсан пургон маркийн машин онхолдсон. Тэгээд би машинаас гараад ангийнхаа гэмтсэн хүүхдүүдийг Зүүнхараа замын унаанд суулгаж явуулсан. Бид нар Онцгой байдлын алба гэсэн Уаз пургон машинтай явсан. Осол хэдэн цагт гарсныг мэдэхгүй байна. Нилээн орой болсон байсан гэх мэдүүлэг /Хх-н 74 дүгээр хуудас/
Гэрч Э.Бнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим манай ангийнхан кино зураг авалтанд орохоор Улаанбаатар хотоос Зүүнхараа орохоор явсан. Би машины хамгийн арын суудалд сууж явсан. Тэгээд хар замаас салаад Зүүнхараа руу шороон замаар явж байтал манай машин гэнэт замаас гараад хажуугийн ховил руу орсон. Тэгээд нэг мэдэхэд би урд талын буюу дунд байсан сандлыг даваад урагшаа унасан. Тэгээд намайг машинаас гарахад манай машин нилээн эвдэрчихсэн манай ангийнхан уйлаан майлаан болоод байж байсан гэх мэдүүлэг /Хх-н 75 дугаар хуудас/
Гэрч П.Сбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим манай ангийнхан кино зураг авалтанд орохоор Онцгой байдлын улсын дугаарыг нь мэдэхгүй байна Уаз пургон маркийн машинтай Зүүнхараа явсан. Орой 22 цагийн орчим Зүүнхараа луу салаад шороон замаар явж байтал гэнэт манай машин дайвалзах шиг болоод замаас гарч нэг хөрвөөгөөд 4 дугуйн дээрээ зогссон. Тухайн үед би машины хамгийн арын суудалд сууж явсан болохоор яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Осол нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн. Тэгээд Эчийг машинаас чирч гаргахад манай машин нилээн эвдэрчихсэн манай ангийнхан гадаа уйлалдсан шоконд орсон байдалтай байсан... Ослын улмаас надад шинжээчийн дүгнэлтэд заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх мэдүүлэг /Хх-н 79 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр № 25........ Хариулт:
1.Уаз пургон маркийн 42-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Гантөрийн А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Жолооч Г.А нь замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол : а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт: Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 1.Тоормосны систем. 1.2. шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан: гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
2. Тоёота приус маркийн 67-58 УБЭ улсын дугаартай Болдын Отгон-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Уаз пургон маркийн 42-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Гантөрийн А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Жолооч Г.А нь замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол : а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт: Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 1.Тоормосны систем. 1.2. шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан: гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн хэрэг гарсан гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 97 дугаар хуудас/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 14126 ..... Дүгнэлт
1.Э.Мбын бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 101 дүгээр хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 14125...... Дүгнэлт
1.А.Эчийн биед доод эрүүний ооч хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх /Хх-н 106 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 14117...... Дүгнэлт
1.П.Сбын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учирсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 109 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр № 206 ...... Дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Уаз-220692 маркийн 42-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа ослын өмнө бүрэн бус байсан буюу тээврийн хэрэгслийн зүүн хойд, баруун урд хагас гол жийргээр тос алдсан, зүүн хойд, баруун урд тоормосны эд анги тос мэт зүйлээр бохирлогдсон гэмтэл нь тоормосны идэвхжилтийг бууруулж тоормосны бүрэн зогсолтын замыг уртасгаж, аюул осол тохиолдсон үед нэн даруй зогсоох арга хэмжээ авах боломжийг хязгаарлах нөлөө үзүүлэх үндэслэлтэй.
2. Тоормосны системийн эд анги тос мэт зүйлээр бохирлогдох гэмтэл нь ашиглалтын явцад эд ангийн элэгдэл механик хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх бөгөөд техникийн бүрэн бүтэн байдал, MNS4598-2011 стандарт шаардлага хангахгүй.
3. Уаз-220692 маркийн 42-62 УНП улсын дугаартай автомашины тоормосны системийн бүрэн бус байдал зам тээврийн осолд нөлөөлж болох үндэслэлтэй ч зам тээврийн осол гарах шууд шалтгаан болохгүй гэх /Хх-н 147-148 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-11 дүгээр хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 12 дугаар хуудас/
Тоёота приус-30 маркийн 67-58 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 13-15 дугаар хуудас/
Уаз пургон маркийн 42-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 16-19 дүгээр хуудас/
Г.Аын согтуурлыг шалгахад 0,00 байлаа гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 21 дүгээр хуудас/
42-62 УНП улсын дугаартай Уаз пургон маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардлыг 1825000 төгрөгөөр, шууд бус зардлыг 740000 төгрөгөөр, нийт 2565000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 139 дүгээр хуудас/
67-58 УБЭ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардлыг 868000 төгрөгөөр, шууд бус зардлыг 230000 төгрөгөөр, нийт 1098000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 139 дүгээр хуудас/
Г.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 176 дугаар хуудас/
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /Хх-н 178 дугаар хуудас/
Г.А нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 197 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.А нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын албаны гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн эзэмшлийн УАЗ пургон загварын 42-62 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 16 зорчигч тээврлэн Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Цагаанчулуут гэх газарт сайжруулсан шороон зам дээр Тоёота приус-30 загварын 67-58 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж улмаар тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагааж зам тээврийн осол гаргаснаас иргэн Э.Мб, А.Эч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, иргэн П.Сбын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.А нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой байна.
Хохирогч Э.Мб, А.Эч, иргэний нэхэмжлэгч Б.Отгон-Эрдэнэ, П.Сб нар нь хохирлоо төлүүлж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, иргэний нэхэмжлэгч Б.НЭэ нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Э.Мб, А.Эч нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Баяр овогт Гантөрийн Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.А нь 600000 төгрөгийн торгох ялыг 04 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Хохирогч Э.Мб, А.Эч нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН