Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 544

 

 

 

 

 

 

 

 

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮ-гудамж, өөрийн байранд байрлах, “МТ Петролиум” ХХК-ийн хүсэлттэй,  

 

“Бадрах-Од өгөөж” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “МТ Петролиум” ХХК нь “Бадрах Од  өгөөж” ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулж ажилласан болно. Гэтэл “Бадрах Од өгөөж” ХХК нь энэхүү гэрээнд заасны дагуу 1 616 000 төгрөгийн төлбөрийг манай дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх байсан боловч үүргээ биелүүлээгүй. Бид удаа дараа өр төлбөрөө шаардсан боловч тодорхой хариу өгөөгүй. Бид гэрээнд бичигдсэн хариуцагчийн хаягийн дагуу очиход тус хаягтаа байгаагүй. Ингээд тус хаягийн дагуу хорооны Засаг дарга дээр нь очтол ийм компани байхгүй, энд оршин байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэж хэлсэн. Тийм учраас шүүхэд “Бадрах Од өгөөж” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд бидний хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар хангаж өгнө үү” гэв.

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                    

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч “МТ Петролиум” ХХК нь “Бадрах од өгөөж” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

“Бадрах од өгөөж” ХХК-ийн оршин байгаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд “Бадрах од өгөөж” ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Бадрах од өгөөж” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “МТ Петролиум” ХХК-ийг гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Бадрах од өгөөж” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Бадрах од өгөөж” ХХК-ийг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “МТ Петролиум” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ