Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 0125

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.И

Шүүгдэгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1925002450144 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” баарны гадна Б.М-н баруун хөмсөг орчимд чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр тэмцээн болж, тэмцээнээс тараад бааранд орсон. Тэнд архи уусан. Тэгээд юу болсноо санахгүй байгаа. Хохиролд хөмсөгний оёдол тавиулсаны зардал 37.000 төгрөгийг өгсөн. Энэ хэргийн хувьд маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи ууснаас ийм зүйл хийсэн. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ингээд бид нар “Казино” баарнаас гартал үүдэнд нь Бат-Өлзий Буянттай маргалдаад байхаар нь би эргэж ороод салгатал Бат-Өлзий ах миний баруун хөмсөг хэсэг рүү чулуугаар цохисон гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,

 

-Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Бат-Өлзий нилээд согтуу байсан ба мөн надтай маргалдсан. Гэтэл Бат-Өлзий чулуу аваад Мөнхжаргалыг надтай андуурсан байх толгой руу нь чулуугаар цохичихсон. Гэтэл Мөнхжаргалын хөмсөгнөөс нь цус гарч эмнэлэг явсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

 

-Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би баар луу орох үед нэлээд согтсон байсан ба ухаан санаа орж гараад юу болсноо санахгүй байгаа. Нэг сэртэл эрүүлжүүлэхэд байсан. Ингээд маргааш нь нөгөө ээлжний залуу Мөнхжаргалтай уулзсан чинь маргалдаж байгаад чулуугаар толгой руу нь цохисон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 29 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 279 дугаартай дүгнэлтэнд:

1 .Б.М-н биед духанд баруун хөмсөгний төгсгөл хэсэгт шарх үүсчээ.

2. Уг гэмтэл нь мэс заслын оёдолтой байх тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна.

З. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 15 ху/,

 

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/

-Б.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-26, 28-29 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндер сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” баарны гадна Б.М-н баруун хөмсөг орчимд чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Энэ хэргийн хувьд маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи ууснаас ийм зүйл хийсэн. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Мөнхжаргалын “...бид нар “Казино” баарнаас гартал үүдэнд нь Бат-Өлзий Буянттай маргалдаад байхаар нь би эргэж ороод салгатал Бат-Өлзий ах миний баруун хөмсөг хэсэг рүү чулуугаар цохисон” гэсэн мэдүүлэг /хх 7 ху/, мөн гэрч Э.Буянтын /хх 10 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед духанд баруун хөмсөгний төгсгөл хэсэгт шарх үүссэнийг тогтоосон 279 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч 37.000 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б нь торгох ялыг сард 150.000 төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА