| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06529/и |
| Дугаар | 5212 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 5212
| 2016 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2016/05212 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Т
Хариуцагч: У.Я нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 27,375,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2166/ хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, өмгөөлөгч Л.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.******* нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух иргэн Н.*******, Баянзүрх дүүрэг, *******,, тоотод оршин суух У. нартай харилцан тохиролцож, 22,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 72 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангитай, №, дугаартай Баянзүрх дүүргийн *******, Улаанхуаран 1089 тоот хаягт байршилтай, 700 мкв талбайтай газрыг барьцаалан зээл олгосон ба хариуцагч нар нь өнөөг хүртэл зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 22,500,000 төгрөг болон зээлийн гэрээний хүү 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хүү /72 хоног х 50,000 өдрийн хүү/ 3,600,000 төгрөг, алданги 0,5 хувь /17 хоног х 75,000 өдрийн хүү/ 1,275,000 төгрөг, нийт 27,375,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.*******, У. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Г.******* нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1841 тоот зээлийн гэрээгээр иргэн Н.*******, У. нарт 15,000,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Зээлийг өгөхдөө 1841 тоот барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн *******,, тоотод байрлах 700 мкв газрыг 60,000,000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалжээ. Иймд дээрх газрыг нэхэмжилж буй Г.*******ын 27,375,000 төгрөгийн гүйцэтгэлийг хангуулахаар өгөх хүсэлтэй байгаа болно. Харин зээлдэгч Н.*******д байгаа зээлийн гэрээнд 15,000,000 төгрөгийг зээлсэн байхад нэхэмжлэгч Г.******* нь 22,500,000 төгрөгийг нэхэмжилж 7,500,000 төгрөг илүү нэхэмжилснийг хасуулж, тооцуулах саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Н.*******, У. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 22,500,000 төгрөг, хүү 3,600,000 төгрөг, алданги 1,275,000 төгрөг, нийт 27,375,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байхад 7,500,000 төгрөг нэмж 22,500,000 төгрөг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Н.*******, У. нар 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1841 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Г.******* нь 15,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлж, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, алданги тооцохгүй байхаар харилцан тохирсон байна.
Дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүгийн төлбөрт төлөлт хийгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу үндсэн зээл 15,000,000 төгрөг, 5 сарын хүү 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг төлөхөөр байна.
Улмаар дээрх зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар биелүүлээгүй байх бөгөөд талууд харилцан тохирч 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулжээ.
Энэхүү гэрээгээр зээлийн хэмжээг 22,500,000 төгрөг гэж зааж, энэ нь бодитоор хийгдээгүй боловч өмнөх зээлийн гэрээний үүргийг баталгаажуулсан, хугацааг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байхаар тохирсон, хүүг сарын 10 хувь гэж тохирохдоо өмнөх зээлийн хэмжээ болох 15,000,000 төгрөгөөс тооцохоор харилцан тохирсон байна.
Уг тохиролцоог өмнөх 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1841 дугаартай зээлийн гэрээний сунгалт гэж үзэх үндэслэлтэй байх тул 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хүүд 3,600,000 /72 хоног х 50,000 төгрөг/ төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Харин зохигчдын хооронд байгуулсан эхний зээлийн гэрээнд алданги тооцохгүй гэж харилцан тохирсон байх тул алдангийг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу тооцох үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Н.*******, У. нараас үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 11,100,000 /7,500,000+3,600,000/ төгрөг, нийт 26,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.*******, У. нараас үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 11,100,000 төгрөг, нийт 26,100,000 /хорин зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлээс 1,275,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, У. нараас улсын тэмдэгтийн хураамжид 288,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/23875 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ