| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00075/Э |
| Дугаар | 00076 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 00076
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бөд холбогдох 1932000000085 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,
-2006 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 200000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөр-Очирын Б. /РД: */
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр оройн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Ажнайн даваа гэх газарт иргэн Н.Мхгийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бийн өгсөн…. ... 2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой Мхг гэр лүү нь хүргэж өгөх гэж явж байхад Мх над руу агсраад байсан. Би машины хойд талын суудалд хүүхдээ тэврээд суугаад явж байхад Мх машинаас бууж ирээд хойд хаалга онгойлгоод тэвэрч байсан хүүхдийг минь цохиод авахаар нь уур хүрээд машинаас буугаад Мхгийн нүүрэн тус газарт нь цохисон үнэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Н.Мхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Уртын ам гэх газар Доосоо гэх айлд бүлгийн хурал хийсэн юм. Тус хурал болоод дууссан байх үед 16 цагийн орчим Б эхнэр Ганцэцэг, 2 хүүхдийн хамт бид нарын байж байсан Доосоо гэх айлд ирсэн. Тэгээд тухайн Доосоо гэх айлд 19 цаг хүртэл юм ярьж сууж байгаад намайг гэрт хүргэж өгөхөөр болж би Бийн эхнэр Ганцэцэгийн жолоодож явсан машины урд талын суудалд суугаад миний охин Болоржин ар талын суудалд Б түүний хоёр хүүхдийн хамт суугаад манай гэр байдаг Ажнай даваа руу хөдөлсөн. Явж байх замдаа Б бид хоёр хэрүүл маргаан хийсэн тэгсэн Б намайг цохисон. Б миний нүүр лүү гараараа 2 удаа цохих шиг болсон. Тэгээд би газарт унасан байсан тухайн үед би архи их уусан байсан болохоор болсон асуудлыг яг сайн санахгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2019 оны 07 дүгээр сарын 17№ны өдрийн № 86 ...... Дүгнэлт:
1.Н.Мхгийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун хацрын дээд хэсэг, баруун хацрын доод хэсэг, эрүүний баруун, зүүн талд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 15 дугаар хуудас/
Хохирогч Н.Мхгийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /Хх-н 08 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 23 дугаар хуудас/
Т.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 24 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр оройн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Ажнайн даваа гэх газарт иргэн Н.Мхгийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Бийн хохирогч Н.Мхгийн нүүрэн тус газарт 2 удаа цохисон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Н.Мх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Төмөр-Очирын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь 500000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Бөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН