Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 5710

 

                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Баянзүрх дүүргийн татварын хэлтэс”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5505844 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 31 дүгээр гудамж, 38 тоотод оршин байх “Пабликроуд” ХХК-нд холбогдох

“Пабликроуд” ХХК-ийн явуулсан үйл ажиллагаанд холбогдох Татварын нийт өр төлбөр 123.989.630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн татварын хэлтэс” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “5505844 тоот регистрийн дугаартай “Пабликроуд” ХХК нь “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, моторт тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, авто зам, замын байгууламжийг барих, засварлах үйл ажиллагаа эрхлэх” чиглэлээр 2011 оны 08 дугаар сарын 22-нд тус татварын хэлтэст бүртгүүлсэн. “Пабликроуд” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны байдлаар Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 9.208.528 төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 94.436.121 төгрөгийн, Аж ахуй нэгжийн албан татварын 6.014.367 төгрөгийн, Хувь хүний орлогын албан татварын 3.270.181 төгрөгийг төлөөгүй. Татварын өр төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэнтэй холбогдуулан хариуцсан татварын улсын байцаагч нь Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1.1 дэх “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1.4 дэх заалт “татварын хууль, тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн. Иймд “Пабликроуд” ХХК-ийн явуулсан үйл ажиллагаанд холбогдох Татварын нийт өр төлбөр 123.989.630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Хариуцагч “Пабликроуд” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баянзүрх дүүргийн татварын хэлтэс”-ийн нэхэмжилсэн 123.989.630 төгрөгийн төлбөрийг төлөх нь үнэн болно. “Пабликроуд” ХХК нь тодорхой ажлуудыг хийхээр хэлэлцээрүүд хийж байгаатай холбогдуулан тус ажлуудын гэрээ хэлэлцээр хэрхэн хийгдэхээс хамаарч бид хэдийд санхүүгийн чадавхтай болохоо тодорхой болгож чадах юм. Иймд манай компани санхүүжилтийн тодорхой хувиартай болсоноор “Баянзүрх дүүргийн татварын хэлтэс”-т өгөх өглөгийг ямар хувиараар барагдуулахаа шийдвэрлэж чадах учир зөвшилцөх хугацааг бидэнд өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн татварын хэлтэс”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Пабликроуд” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 16-01/27 тоот албан бичгээр тус шүүхэд хүргүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.                                                                                                          

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн татварын хэлтэс” нь хариуцагч “Пабликроуд” ХХК-д холбогдуулан 123.989.630 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн татварын хэлтэс”-ийн нэхэмжлэлтэй, 123.989.630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Пабликроуд” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Пабликроуд” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн татварын хэлтэс” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                      

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ