| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0121/Э |
| Дугаар | 0120 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 0120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1825005570017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 08 сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Зээлийн 3-24 тоотод оршин суух А.Э-н байшинд нэвтэрч hair маркын LCD зурагт, хөөрөг, мөнгөн аяга, зэс аяга, малгай, малгайтай цамц, савхин куртик, арьсан гутал, хоромон гутал зэрэг эд зүйл хулгайлж 1.541.940 төгрөгний хохирол учруулсан, мөн 2018 оны 07 сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Д.Үзмээг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 07 сард хамтран амьдрагч Үзмээгийн биед гэмтэл учруулсан нь үнэн. Би айлд юм хийчихээд иртэл Үзмээ Энхээтэй хамт цонхны доор дээл дэвсэн хэвтэж байхаар нь би хардаж уурласан. Тэгээд уурандаа гишүү аваад араас нь шидсэн. Харин хулгайн үйлдлийг зөвшөөрөхгүй. Би тэр үед Булганаас Эрдэнэт орж дээл авахаар ирээд байж байтал Булганы Нямдорж бас нэг залуутай таарч машинаар явсан. Нэг айлын гадаа очоод тэр 2 буугаад айлд орсон. Удаад байсан болохоор жолооч очоод дуудаадах гэсэн. Би цонхны доор нь очоод дуудаад таксины жолооч хурдал гэж байна гэж хэлээд цангаад байсан учир шанагаар ус авч уугаад шанагаа өгтөл Нямдорж цонхоо хаачих гэхээр нь хаасан. Тэгээд машиндаа очоод байж байтал тэр 2 гарч ирээд машины багажанд юм хийсэн. Би тэр хоёрыг хулгай хийж байна гэж мэдээгүй. Би цонх хаахад хурууны хээ гарсан байх. Би байшинд ороогүй. Гаднаас нь хаасан. Цонхыг татаж хаасан санагдаж байна. Би Нямдоржийг нас барсныг мэдэхгүй. Би Нямдоржийг нялх хүүхэдтэй гэж хэлсэн. Тэгэхэд байцаагч намайг хам хэрэгт татаад яахын хохирлоо төлчих гэсэн. Ганбаатар гэж ах байсан. Тэр хүнтэй хүмүүс андуурдаг. Тэгээд намайг Ганбаатар гэж хүмүүс дууддаг юм. Би Ганбаатарыг нас барсан гэж мэдүүлсэн эсэхээ санахгүй байна. Нэг удаа Батдоржийн паспортоор банкнаас мөнгө авах гээд очиж байсан. Паспорт нь надад байсан юм. Би айлын гэр ухаж үзээгүй гэдгээ байцаагчдаа хэлж байсан. Би Нямдоржтой 2 жилийн өмнөөс найз болсон. Би 2018 оны 10 сарын 26-нд Бугатын Чимэдээ гэдэг айл руу идшиндээ явж ирээд байж байтал цагдаа намайг барьж авсан. Би ямар хэрэгт барьж байгааг ойлгоогүй. Нямдоржийг нас барсныг мэдээгүй. Би урьд өмнө нь малын хэргээр нь орж байсан нь үнэн. Хулгайн хэрэгт буруутгагдаж байгаад харамсалтай байна. Одоо хүн шиг амьдрая гэж бодсон мэдүүлэг,
-Хохирогч А.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 08 сарын 09-ний өдөр 13 цагийн үед байшингаа түгжээд нохойгоо тавиад Улаанбаатар хот руу гэр бүлээрээ явсан. Тэгээд 2018 оны 08 сарын 11-ний өдөр манай эгч А.Нарантуяа над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн юм. Манай байшингийн том өрөөний стейкэн дээр байсан 40 инчийн зурагт... үнэлгээнд тусгагдсан эд зүйлс алга болсон. ...Зурагт, хөөрөг, мөнгөн аяга, зэс аяга, малгай, малгайтай цамц, савхин куртик, арьсан эмэгтэй гутал, хоромон гутал зэрэг эд зүйл алдагдсан 1.500.000 төгрөгийг маань гаргуулж өгнө үү гэсэн мэдүүлэг /1 хх 26-28, 249-250 ху/,
-Хохирогч Д.Ү-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Намайг цохиж зодож байгаагүй. Гишүүгээр л цохисон. Хутга шөвгөөр хатгаж бариагүй. Энэ үйл явдал 2018 оны 07 сарын 26-ны өдөр болсон. Энэ гэмтлийг Ганбаатар миний ар нурууруу гишүү шидэж учруулсан. Тухайн үед гаднаас өөр хэн нэгэн хүн байгаагүй. ...Лам Энхээ гэж хүн манай ар тийшээ байдаг энгийн бор залуу байдаг. Би тухайн үед Энхээтэй архи уугаад байж байгаад тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн Ганбаатар чи муу пиздаа банзалдаад гэж уурлахаар би чамд ямар хамаатай юм бэ архи уугаад л ирээ биз би өөрийнхөө гэр оронд байна гэж хэлсэн. Тэгээд миний араас гишүү шидэж оносон. Тухайн үед тэр Энхээтэй бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй байгаа юм. Бодвол Ганбаатар өөрөө харсан болоод надад уурласан байх гэж бодож байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 184-185, 247-248 ху/
-Гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай төрсөн дүү А.Энхчимэг нь Зээлийн 3-24 тоотод оршин суудаг юм. 2018 оны 08 сарын 09-нөөс 11-ний өдрийн хооронд гэрийн нь том өрөөний цонхоор салхивчаар хулгай орж миний мэдэхийн 40 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан учраас цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /1хх 20 ху/,
-Шинжээч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Мөрдөгчөөс нэг ширхэг гарын мөр ирүүлсэн бөгөөд мөрөнд шинжилгээ явуулахад Балдангийн Цогтоо гэх хүний зүүн гарын долоовор хурууны хээгээр үүсгэгдсэн гарын мөр байсан. ... криминалистикийн шинжилгээний онолын хувьд гарын хээ давхцах боломж нь 45 тэрбум хурууны хээнд тохирох боломжтой гэж үздэг. Уг гарын хээний хувьд 16 шинжээр тохирсноос миний хувьд дахин давтагдашгүй 11 шинж тэмдгийг зурж тэмдэглэсэн. Уг мөрний хувьд тохирсон 16 шинж, зурсан 11 шинжээс гадна папилляр шугамын өөрийнх нь хэлбэр Б.Цогтоогийн гарын хээний зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна гэсэн мэдүүлэг /1хх 46 ху/,
-Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...ээжийн хөнжлийг сөхөж босгох гэхэд ээж ёолоод босч чадахгүй байхаар нь цамцыг нь сөхөж харахад баруун далны доод хэсэгт хутгалсан, цус шүүрсэн, гар хөл цээж, зүүн хацарны хэсэгт хөхөрч цохиулсан байдалтай байхаар нь Ганбаа гэх хүнээс юу болсон талаар асуухад хүнд зодуулсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1хх 186-187 ху/,
-Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... дэлгүүрийн үүдэнд Үзмээтэй таарсан. Тэгэхэд Ганбаатар намайг зодоод гээд надад биеэ харуулсан ба хөх алаг болчихсон байсан, эгч нь өөрөөсөө болсон гээд инээгээд байсан гэсэн мэдүүлэг /1хх 190-191 ху/,
-Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...талийгаач Нямдоржид Могод сумын найз нөхөд гээд зөндөө залуучууд байдаг. Гэхдээ долир буюу харааны бэрхшээлтэй гэхээр сайн мэдэхгүй байна. Урьд өмнө нь харж байгаагүй гэсэн мэдүүлэг /2 хх 8 ху/,
-Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Нямдоржтой 2006 онд гэр бүл болж байсан. 2018 оны 12 сарын 25-ны өдөр жам ёсоороо ямар нэг гадны нөлөөгүй нас барсан. Долир буюу харааны бэрхшээлтэй найз нөхөд байдаг талаар мэдэхгүй. Миний мэдэхийн тийм найз байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 9 ху/,
-Криминалистикийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 225 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжлэгдэж буй гарын мөр гарын хээний нэгдсэн санд 2000 оны 07 сарын 10-ны өдрөөс 2011 оны 04 сарын 14-ний хооронд 2501635, 2502223, 2709227, 2511586, 2078, MN 000CAH10873, MN000110010466, MN000110011154 гэсэн дугааруудаар бүртгэгдсэн Балдангийн Цогтоо/ РД:ШЕ70121176/-ын зүүн гарын долоовор хурууны хээгээр үүсгэгдэнэ байна” гэсэн дүгнэлт / 1 хх 39-43 ху/,
-Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 186 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Ү-н биед нуруунд хатгагдсан шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / 1 хх 195 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 21-22 ху/,
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хх 3-4 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 23-24, 40-41, 2 хх 1-2 ху/,
-Эд зүйлийн үнэлгээ / 1 хх 30-35 ху/,
-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын 5-11 тоот тогтоол / 1хх 169 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбар авах тухай / 1 хх 112-152 ху/,
-Б.Ц-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 хх 1-5, 168, 170-173, 205, 207, 222-226, 2 хх 5-6 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 хх 111 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 08 сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Зээлийн 3-24 тоотод оршин суух А.Э-н байшинд нэвтэрч hair маркын LCD зурагт, хөөрөг, мөнгөн аяга, зэс аяга, малгай, малгайтай цамц, савхин куртик, арьсан гутал, хоромон гутал зэрэг эд зүйл хулгайлж 1.541.940 төгрөгний хохирол учруулсан, мөн 2018 оны 07 сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Д.Үзмээг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Би хамтран амьдрагч Үзмээгийн биед гэмтэл учруулсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Энхчимэгийн “...Манай байшингийн том өрөөний стейкэн дээр байсан 40 инчийн зурагт... үнэлгээнд тусгагдсан эд зүйлс алга болсон...Зурагт, хөөрөг, мөнгөн аяга, зэс аяга, малгай, малгайтай цамц, савхин куртик, арьсан эмэгтэй гутал, хоромон гутал зэрэг эд зүйл алдагдсан” гэсэн, хохирогч Д.Үзмээгийн “энэ үйл явдал 2018 оны 07 сарын 26-ны өдөр болсон. Гэмтлийг Ганбаатар миний ар нуруу руу гишүү шидэж учруулсан” гэсэн мэдүүлгүүд, гэрч А.Нарантуяа /хх 20 ху/, шинжээч Г.Билгүүн /хх 46 ху/, гэрч Г.Майцэцэг /1хх 186-187 ху/, гэрч С.Энхцэцэг /1хх 190-191 ху/, гэрч Ж.Батбилэг /2хх 8 ху/, гэрч Ц.Цолмон /2хх 9 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогч Д.Үзмээгийн нуруунд хатгагдсан шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон 186 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь Балдангийн Цогтоогын зүүн гарын долоовор хурууны хээгээр үүсгэгдэнэ болохыг тогтоосон криминалистикийн шинжээчийн 225 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “...хулгайн үйлдлийг зөвшөөрөхгүй. Би тэр үед Булганаас Эрдэнэт орж дээл авахаар ирээд байж байтал Булганы Нямдорж бас нэг залуутай таарч машинаар явсан. Нэг айлын гадаа очоод тэр 2 буугаад айлд орсон. Удаад байсан болохоор жолооч очоод дуудаадах гэсэн. Би цонхны доор нь очоод дуудаад шанагаар ус авч уугаад шанагаа өгтөл Нямдорж цонхоо хаачих гэхээр нь гаднаас нь хаасан. Тэгээд машиндаа очоод байж байтал тэр 2 гарч ирээд машины багажанд юм хийсэн. Би тэр хоёрыг хулгай хийж байна гэж мэдээгүй. Би цонх хаахад хурууны хээ гарсан байх. Би байшинд ороогүй. Гаднаас нь хаасан. Цонхыг татаж хаасан санагдаж байна” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх, хэргийн болон өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй.
Хохирогч А.Э-н байшинд нэвтэрч hair маркын LCD зурагт, хөөрөг, мөнгөн аяга, зэс аяга, малгай, малгайтай цамц, савхин куртик, арьсан гутал, хоромон гутал зэрэг эд зүйл хулгайлж 1.541.940 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн хувьд шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн “...Булганы Нямдорж бас нэг залуутай таарч машинаар явсан. Нэг айлын гадаа очоод тэр 2 буугаад айлд орсон. Удаад байсан болохоор жолооч очоод дуудаадах гэсэн. Би цонхны доор нь очоод дуудаад шанагаар ус авч уугаад шанагаа өгтөл Нямдорж цонхоо хаачих гэхээр нь гаднаас нь хаасан. Тэгээд машиндаа очоод байж байтал тэр 2 гарч ирээд машины багажанд юм хийсэн. Би тэр хоёрыг хулгай хийж байна гэж мэдээгүй. Би цонх хаахад хурууны хээ гарсан байх. Би байшинд ороогүй. Гаднаас нь хаасан. Цонхыг татаж хаасан санагдаж байна” гэсэн мэдүүлэг, онгорхой салхивчны дотор талын бариулан доороос 1 ширхэг гарын мөрийг бэхжүүлж авсан талаархи хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21 ху/, “шинжлэгдэж буй гарын мөр гарын хээний нэгдсэн санд 2000 оны 07 сарын 10-ны өдрөөс 2011 оны 04 сарын 14-ний хооронд 2501635, 2502223, 2709227, 2511586, 2078, MN 000CAH10873, MN000110010466, MN000110011154 гэсэн дугааруудаар бүртгэгдсэн Балдангийн Цогтоо /РД:ШЕ70121176/-ын зүүн гарын долоовор хурууны хээгээр үүсгэгдэнэ байна” гэсэн криминалистикийн шинжээчийн 225 дугаартай дүгнэлт, гэрч Ж.Батбилэгийн “...талийгаач Нямдоржид Могод сумын найз нөхөд гээд зөндөө залуучууд байдаг. Гэхдээ долир буюу харааны бэрхшээлтэй гэхээр сайн мэдэхгүй байна. Урьд өмнө нь харж байгаагүй”гэсэн /2хх 8 ху/, гэрч Ц.Цолмонгийн “...Нямдоржтой 2006 онд гэр бүл болж байсан. 2018 оны 12 сарын 25-ны өдөр жам ёсоороо ямар нэг гадны нөлөөгүй нас барсан. Долир буюу харааны бэрхшээлтэй найз нөхөд байдаг талаар мэдэхгүй. Миний мэдэхийн тийм найз байхгүй” гэсэн /2хх 9 ху/ мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Цогтоог дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирлын хувьд хохирогч А.Э-т 1.541.940 төгрөгний хохирол учирсныг төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэн, харин хохирогч Д.Үзмээ нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь 94 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-н цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-с 1.541.940 / нэг сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-24 тоотод оршин суух /РД:НМ76062309/ А.Э-т олгосугай.
8. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Ү нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА