Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 0118

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй  

 

Улсын яллагч Ц.М

Иргэдийн төлөөлөгч Г.Х

Шүүгдэгч Г.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-д холбогдох эрүүгийн 201622000746 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  Г.Н

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Н нь Н.Батцогт, Ж.Даваажаргал, О.Баянмөнх, Ц.Баттулга, Т.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адууг хулгайлж 12.390.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, Н.Батцогттой бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Цагаанчулуут гэх газраас хохирогч Х.Бямбадоржийн 90 тооны бог малыг хулгайлан авч 8.560.000 төгрөгний буюу бага хэмжээнээс их хохирол учруулсан, Н.Батцогт, О.Баянмөнх нартай бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 24-наас 25-нд шилжих шөнө Мөрөн сумын нутаг Сүхийн ам гэх газраас хохирогч Г.Энхтуяагийн 3 тооны үхрийг хулгайлж 2.550.000 төгрөгний буюу бага хэмжээнээс их хохирол учруулсан, Н.Батцогт, О.Баянмөнх нартай бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Цагаанчулуут гэх газраас хохирогч Ж.Энхтуяагийн 1 тооны морийг хулгайлж 700.000 төгрөгний буюу бага хэмжээнээс их хохирол, уг морьтой хамт байсан хохирогч Д.Дэлгэрмаагийн 1 тооны морийг хулгайлж 650.000 төгрөгний хохирол буюу бага хэмжээнээс их хохирол учруулсан, Ж.Даваажаргал, Г.Мөнхбат, Н.Батцогт нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг “Төмөртийн ам” гэх газраас хохирогч Б.Бат-Очирын 26 тооны адууг хулгайлан авч 14.250.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, Г.Мөнхбат, Д.Хунбаатар, Б.Батзаяа нартай бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “улаан үзүүр’ гэх газраас хохирогч Я.Баттуул, Я.Цэрэндорж нарын 2 тооны морийг хулгайлан авч 1.300.000 төгрөгний буюу бага хэмжээнээс их хохирол учруулсан, Л.Батцэнгэлтэй бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р багийн нутаг “Буянт” гэх газраас иргэн А.Хүрэлбаатарын 65 тооны адууг хулгайлж 23.800.000 төгрөгний хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, Л.Батцэнгэлтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р багийн нутаг “Буянт” гэх газраас иргэн Д.Сүрмандахын 58 тооны адууг хулгайлж 22.950.000 төгрөгний хохирол буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдэд холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 оны 10 сард Бямбадоржийн 60-аад хонь авсан. Хохирогч 90 хонь гээд байгаа. Хайдавын 21 адууг аваад 6-г нь авч бусдыг нь буцаасан. Хохирогч 8 гээд байгаа. Мөн Бат-Очирын 26 адууг авч нэг адуу авсан. Бусдыг нь орхисон. Баттуулын 2 морийг аваагүй. Сүрмандахын 58 адуу, Хүрэлбаатарын 65 тооны адууг авсан. Үүнээс 30 тооны адууг ялгаж авсан. Г.Энхтуяагийн 3 үхэр, Ж.Энхтуяагийн морь гүү хоёрыг авсан. Би 2014 оны 07 сард ээжийн бие муудаад эмнэлэгт очсон. Тэгээд эм тарианы мөнгө хэрэг болж хамаатныхаа ахын машиныг гуйж хөдөө яваад машиныг нь унагаасан. Тэр өрийг төлөх гээд хулгай хийсэн. Хайдавын адуу, Бямбадоржийн хонийг машины өр төлөх гэж хулгайлсан. Тэгээд хоригдож гарч ирээд бусад үйлдлүүдийг хамуудтайгаа нийлж хулгайлсан. Энэ олон тооны адуунуудаас авахыгаа аваад бусдыг нь чиглүүлээд буцаачихдаг байсан. Би шүүгдэгч нараар хохирлуудыг тэнцүү хувааж төлүүлж байгааг зөвшөөрөхгүй. Би энэ хулгайн эд зүйлээрээ гэр бүлээ тэжээгээгүй. Гол нь машины хохирлыг төлөх гэж ийм зүйл хийсэн. Бид хулгайлсан малаа нядалж зараад мөнгийг нь тэд нар авдаг байсан. Тэд нар намайг хамт яваад ирье л гэдэг. Дараа нь боломжит дээрээсээ мөнгө өгнө гэдэг байсан. Би юу ч аваагүй. Миний хувьд хохирлоос төлөөгүй. Г.Энхтуяа, Ж.Энхтуяа, Дэлгэрмаа нарын малыг хулгайлахдаа ногоон жип машинтай явсан. Баянмөнхийнх гэсэн. Баттуулын 2 морийг хулгайлахад би яваагүй. Гэрч Баттөр гэдэг хүний мэдүүлгээр яваад байгаа юм. Хүрэлбаатарын бор даага нь адуунд үлдсэн. Ж.Энхтуяагийн морийг Баянмөнх авсан. Хохирлыг төлсөн 1 морь өгсөн гэж байсан гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч П.Хайдавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2014 оны 11 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Шувуутын эх гэх газраас манай, 21 тооны адуу алдагдсан. Тэгээд Алаг-Эрдэнэ сумын нутгаар хайсаар байгаад 12 сарын 05-ны өдөр Эрхэлийн Соёо толгой гэх газраас 13 тооны адуугаа олж авсан ...Миний адууны 6 толгой шир нь Түнэл сумын Нарангийн эх гэх газар хаваржааны эзэнгүй хашаан дээр байсан гэсэн. ...харин алга болсон буюу нядлагдсан 8 нас гүйцсэн гүүгээ хэлбэл

1/ Хар хүрэн зүсний нас гүйцсэн гүү хүзүүн дээрээ болон ташааны хавтгай дээрээ 8 тоо тамгатай. Энэ гүү бол 2 сая төгрөгөөр үнэлэгдэх гүү юм. Үнэндээ шигшмэл угшилтай сор болсон гүүнүүдийг авсан байсан.

2/ Нас гүйцсэн цавьдар хүрэн гүү мөн ижил тамгатай мөн л 2 сая төгрөгөөр үнэлнэ үүний толгой шир нь байхгүй оргүй байгаа.

З/ Нас гүйцсэн хээр гүү дээрхитэй ижил тамгатай оломны цагаан ортой унадаг гүү байсан түүний толгой шир нь байхгүй оргүй байгаа. Үүнийг 2 сая төгрөгөөр үнэлнэ.

4/ Нас гүйцсэн хээр гүү дээрхитэй ижил тамгатай мөн л 2 сая төгрөгөөр үнэлнэ.

5/ Нас гүйцсэн бор хээр гүү зүүн гуян дээрээ Д үсгэн тамгатай үүнийг мөн л 2 сая төгрөгөөр үнэлнэ.

6/ Нас гүйцсэн улаан бор зүсмийн гүү мөн зөв гуян дээрээ Д үсгэн тамгатай мөн 2 сая төгрөгөөр үнэлнэ

7/ Нас гүйцсэн цагаан борлог гүү зөв гуян дээрээ Д үсгэн тамгатай үүнийг мөн 2 сая төгрөгөөр үнэлнэ.

8/ Нас гүйцсэн хар бор гүү энэ нь хүзүү болон зөв ташааны хавтгай дээрээ 8 тоо тамгатай үүнийг мөн 2 сая төгрөгөөр үнэлнэ. Сүүлийн 8 тооны гүүгээ ор олоогүй байж байгаад 6-гийнх нь толгой ширийг цагдаа дээр харсан гэсэн мэдүүлэг /1 хх 44 ху/,

 

-Хохирогч Х.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2014 оны 10  сарын 17-ны өдөр манайх Эрхэлээс нүүж Шар даваа гэх газар өвөлжөөндөө буусан. 2014 оны 10 сарын 18-ны өдөр хонио тоолоход бүрэн байсан. Тэгээд би 2014 оны 10 сарын 19-ний өдөр сургуулийнхаа хоёр хүүхдийг оруулж өгөх ажлаар Мөрөнд ирсэн. Манайд тэр үед Даваадорж гэх Улаан-уул сумын айлын хүүхэд намаржиж байсан бөгөөд тэр маань бас тэр үед байсан болохоор эхнэр тэр хүүхэд хоёртоо хонио гэрийнхээ ойрхон байлгаарай гэж хэлээд би Мөрөнрүү ирсэн. ...Тэгээд би шөнийн 12 цагийн үед гэртээ харьсан. Манайхан унтацгаасан байсан. 20-ны өглөө эрт би хонио бэлчээгээгүй байхад морио хайхаар яваад бүр орой хонио хотолсон хойно ирсэн. Тэгэхэд эхнэр маань хонь нэг л цөөрсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш өглөө нь хонио тоолоход 72 хонь 18 ямаа дутсан байсан. Тэгэхээр нь ойр хавийн айлын хоньтой нийлж тасарсан байж магадгүй гэж шүүгээд олоогүй, ...тэгээд өдрийн 12 цагийн үед Ганбаатар гэж айлын өвөлжөөний тэрэнгээр очтол 3 хүн хашааг нь янзалж байсан. Ганбаатар гуайн тэнд ажиллаж байсан хүмүүс Ганбаатар гуай өөрөө байсан хонио алдлаа гэхэд тэд нилээд хэдэн өвөр өвөлжөө янзалж байна гэж хэлээд 2014 оны 10 сарын 19-ний өдөр явахдаа хашааныхаа амыг хаагаад явахад 20-ны өглөө иртэл хашааны ам онгойчихсон мал хашсан бололтой бог малын мөртэй, машины мөр зэрэг байсан гэж хэлсэн. Бүр хашааны үүдэн дээр тулгаж байгаад ачсан байсан гэж ярьсан. ...Намайг Мөрөн рүү явсан орой буюу 19-ний өдөр манай араар манайхтай ойрхон байдаг Нармандах гэж айлын банди нэг танихгүй бандитай морьтой явж байхыг эхнэр маань харсан байсан. Нийт 90 тооны мал алдснаас 72 нь хонь үүнээс 27 эр хонь/ нас гүйцсэн бүдүүн, /23 нь эм хонь/ нас гүйцсэн бүдүүн/, 6 нь төлөг 16 хурга байсан. Эр хонио 150.000 төгрөгөөр, эм хонио 100.000 төгрөгөөр, төлгөө 80.000 төгрөгөөр, хургаа 60.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 18 тооны ямаа алдсанаас 8 нь бүдүүн эр ямаа үүнийг тус бүрийг 100.000 төгрөгөөр, 4 нь бүдүүн эм ямаа үүнийг тус бүр 70.000 төгрөгөөр, 6 тооны ишиг байсан ишгээ 40.000 төгрөгөөр тус тус үнэлнэ, гомдолтой байна гэсэн мэдүүлэг /1 хх 46-47 ху/,

 

-Хохирогч Ж.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2015 оны 09 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Цагаан чулуут гэх газрын өвөлжөөн дээр манай морь, Доржсүрэн гэх айлын гүү хоёрыг нядлаад 2 толгой 8 мөч, морины сүүл, мөн гэдэс дотрыг нь орхиод махыг нь аваад явсан байсан. Манай морь сартай хүрэн зүсмийн нас гүйцсэн морь юм. ...Морио 1 сая төгрөгөөр үнэлнэ, их унадаг номхон морь юм гэсэн мэдүүлэг /1 хх 50-51 ху/,

 

-Хохирогч Д.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай аавынх Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Чулуутын Эх гэх газарт өвөлжиж байгаа. Манай аавынх хүн бүлгүй байгаа учраас намайг гүүгээ алдсан хэрэгт хохирогчоор оролцоод байцаалт мэдүүлэг өгчих гэж утсаар ярьсан. Манай аавын 3 тооны гүү Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн малчин Болдоо гэж айлын адуунд байсан. 2015 оны 09 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Болдоо гэх айлын адуунд байсан гүүнээс цавьдар зүсмийн гүүг нь Энхтуяа гэх айлын нэг морьтой хамт Шанжив гэх айлын өвөлжөөн дээр аваачаад нядлаад арьс толгой, гэдэс дотрыг үлдээгээд махыг нь аваад явсан байсан гэсэн. Энэ гүү нь нас гүйцсэн цагаан дэлтэй цавьдар зүсний сувай зөв талын хаан дээрээ алх хадууран тамгатай гэдсээрээ цагаан оломтой гүү байсан. Уг гүүг 700.000 төгрөгөөр үнэлнэ. ...хохиролоо төлүүлж, хулгай хийсэн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна гэсэн мэдүүлэг /1 хх 53-54 ху/,

 

-Хохирогч Г.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай хөдөө гэр Сүхийн эх Хар эрэг гэх газарт зусландаа байгаа юм. Үхэртэйгээ хөдөө байдаг айл юм. 2015 оны 09 сарын 25-ны орой хотондоо манай үхрийн хагас нь ирсэн. Хагас нь ирээгүй юм. Тугалтай үхэрнүүд нь ирээд эр сувай голдуу үхэрнүүд нь ирээгүй. Тэр орой цас будраад цасаар шуураад тэнгэр муухай болсон юм. Ингээд манай нөхөр үхрээ хайгаад өвөлжөө рүүгээ очиж харсан. Өвөлжөө тойрсон ойр хавьд нь явган яваад олоогүй буцаж ирсэн. Явган явсан учир дахин гэртээ буцаж ирж мотоциклтой шөнө хайгаад 01 цаг хүртэл яваад ололгүй гэртээ буцаж ирсэн. Өглөө гэгээ оронгуут дахин үхрээ хайж явтал мотоциклын бензин дууссан. Мөрөн лүү бензин захиж авчруулсан. Манай нөхөр цасан шуурганд уруудаад явчихлаа гээд байсан юм. Ингээд бид хоёр үдээс хойш дахин үхрээ хайж яваад Идэр гэх хүний өвөлжөөн дээр очтол манай эр сувай үхэрнүүдийг хашаад 3 үхрийг нь нядлаад гэдэс дотор толгой шийрийг нь пүнзэн дотор оруулж хаяад арьс махыг нь аваад явсан байсан. Ингээд Мөрөн рүү эгч рүүгээ хэлж цагдаад мэдэгдсэн. ... соёолон хайнагийн хар зүсмийн гуна 1.0 сая төгрөг, хайнагийн хар зүсмийн тугалах үнээ 950.000 төгрөг, монголын эвэртэй хүрэн зүсмийн тугалах үнээ 850.000 төгрөгөөр тус тус үнэлнэ, ...хохирлоо төлүүлэн авах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /1 хх 56 ху/,

 

-Хохирогч Б.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2014 оны 12 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Төмөртийн амны Биеийн ар гэх газраас 26 тооны адуугаа алдаж хохирсон. Би адуугаа алдснаа мэдээгүй юм. Тэгтэл манайхтай ойролцоо байдаг Осор гэх хүн 2014 оны 12 сарын 14-ний өдөр танай адуу гүүрний тэнд хэсэг нь байна. Бусад нь байхгүй байна гэж хэлэхээр нь би юу болчихов гээд машинаар яваад 7 адуугаа Гонгоон оломны цаад талаас олж авсан. Тэгээд наашаа сураглаж явтал Мөрөнгийн урд талын гахай тахианы хашааны тэнд малтай хүнээс асуутал миний адууг зүсээр нь хэлээд төвийн урдуур гүйж явсан, хүн амьтан хөөсөн зүйлгүй байсан гэж хэлсэн. Ингээд гүйж явсан 14 тооны адуугаа гүүрний тэнд байх тохойгоос олж аваад таван тооны адуу дутсан. ...дандаа бүдүүнүүдийг нь алсан байсан.

1/ Хонгор гүү бахин имтэй, зүүн талынхаа гуян дээр сэрээ тамгатай 1.5 сая төгрөгөөр үнэлнэ бүдүүн нас нийлсэн гүү,

2/Хонгор гүү бахин имтэй зөв талынхаа гуян дээр сэрээ тамгатай, 1.5 сая төгрөгөөр үнэлнэ бүдүүн нас нийлсэн сувай гүү. Энэ 2 гүүг би хүү Гантөмөртөө зүсэлж өгсөн хурдан удамтай гүү байсан учир ингэж үнэлж байна.

З/Хүрэн халзан гүү бахин имтэй уг нь сэрээ тамга дарсан боловч гараагүй байх, унагатай байсан боловч унага нь хоцорсон ... Сүхбаатар аймгийн чиглэлийн хурдан удамтай гүү гэж авсан1.5 сая төгрөгөөр үнэлнэ,

4/Хээр гүү хоёр жилийн сувай нас нийлсэн бахин имтэй сэрээ тамга гараагүй байж магадгүй 1,0 сая төгрөгөөр үнэлнэ

5/Дөрвөн шийр цагаан, цох цагаан хар морь нас нийлсэн имүй байж магадгүй тамгагүй байгаа боловуу 1.5 сая төгрөгөөр үнэлнэ сайн морь байсан ... одоо олдоогүй байгаа 5 адууны хохирол болох 7.0 сая төгрөгийг энэ хулгайч нараас гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /1 хх 58-59 ху/,

 

-Хохирогч Я.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2015 оны 12 сарын 23-наас 24-нд шилжих шөнө төрсөн дүү Туулын адуунд явсан хээр зүсмийн адуугаа алдсан Манай дүү Туулын хонгор адуу бас хамт алга болсон байсан. Уг адуунууд энэ хавиар л байдаг адуунууд байгаа юм. Манай адууг төрсөн ах Алтандоржийн хаваржааны хашаан дотор тэр шөнөө нядлаад аваад явсан байсныг нь маргааш нь Алтандорж ах үзсэн байсан. ... уг морио 700.000 төгрөгөөр үнэлж байна гэсэн мэдүүлэг /1 хх 62 ху/,

 

-Хохирогч Я.Баттуулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2015 оны 12 сарын 24-ний өглөө адуугаа бүртгэж үзэхэд адуунаас 2 тарган морь дутсан байсан. Нэг морь нь манай төрсөн эгч Я.Цэдэндоржийн шар хээр зүсмийн, нөгөө морь нь миний хонгор зүсмийн морь байсан. Төрсөн ах Алтандорж малдаа явж байгаад өөрийн хаваржааны хашааны хашаан дээр уг хоёр адууг алж нядалсан байсныг олсон юм. Хоёуланг алаад махыг нь аваад явсан байсан. ...би өөрийн хонгор зүсмийн морио 700.000 төгрөгөөр үнэлж байна. Уг 2 адуу хатан сүйх тамгатай байсан хэргийг илрүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг /1 хх 64 ху/,

 

-Хохирогч А.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 06 сарын 09-ний орой манай адуу Арбулаг сумын Хядагийн рашаан гэх газар орой байсан юм. 2018 оны 06 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай 65 тооны адуу алга болсон байсан. Мөн манай адуутай хамт Сүрмандахын 58 тооны адуу алдагдсан байсан. Ингээд манай аав Аюур 2018 оны 06 сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн байсан. Үүнээс нэг хоногийн дараа цагдаагийн газраас надруу утсаар ярьж танай адуунаад байж магадгүй олон адуу Орхон аймгийн чиглэлд туугдсан байна гэсэн юм. ... 2018 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчид надтай утсаар ярьж танай адууг хулгайлсан хулгайч нар баригдсан. Ингэж явахдаа 30 гаран адуу бэлэн авч явсан. Үүний 21 адуу нь танай адуу байна. Үлдсэн адуу нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт байгаа юм байна. Та 2018 оны 06 сарын 23-ны өглөө бэлэн байж бай гэсний дагуу ирсэн юм. Ингээд цагдаагийн албан хаагч нартай хамтран адуу хулгай хийсэн хулгайч нараар заалган Булган аймгийн Тэшиг сумын Тавтийн гол гэх газраас ууланд шахаж орхисон байсан адуунуудаа хүлээн авлаа. Манай 43 адуу, хохирогч Сүрмандахын 45 тооны адуу нийт 88 адууг хүлээн авсан. Би нийт 65 тооны адуу алдсанаас 64 тооны адуугаа хүлээн аваад байна. Манай адуунд байсан хөл муутай бор даага зүсээрээ байхгүй байна. ...миний адуунууд ихэнх нь зөв гуяндаа + тамгатай, 6-7 адуу хөхүүрэн тамгатай байсан. Миний бүх адуунуудын тамгыг өөрчилж хас тамга болгосон, хөхөл сойлгыг нь бүгдийг нь авсан байсан. ...дээрх адуунаас нэг тооны охин даага дутуу байгаа бусад нь тоо ёсоороо олдсон. ...би адуу хайхдаа гаргасан 2.400.000 төгрөгний зардал гарсан. Нийт 2.700.000 төгрөг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /2 хх 53-54 ху/,

 

-Хохирогч Д.Сүрмандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2018 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш 06 сарын 18-ны өдөр хүртэл 8 хоног өөрийн 58 тооны адуугаа өдөр шөнөгүй хайгаад олоогүй тул Хөвсгөл аймгийн цагдаагийн газар адуугаа алдсан талаараа бүртгүүлж тэмдэглүүлсэн. Тэгээд алдсан адуугаа хайгаад Булган аймгийн Хялгант суманд явж байтал Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас явж байгаа хүмүүс байна та Орхон аймагт ирж алдсан адуугаа ав гэж нэг хүн надруу залгахаар нь Орхон аймагт ирж алдсан адуугаа авсан. Би дааганаас дээш том адуу 44 унага 14 нийт 58 тооны адуу хулгайд алдсанаас шар халтар зүсмийн азарган үрээ, хээр алаг зүсмийн нас нийлсэн сувай гүү, бор хээр зүсмийн шүдлэн үрээ, хүрэн зүсмийн охин унага гээд нийт 4 тооны адуу байхгүй болсон байна. Бусад адуугаа тоо ёсоор нь хүлээн авсан. Тэгэхээр би алга болсон сувай гүүгээ 600.000 төгрөгөөр, хязаалан насны азарган үрээг 500.000 төгрөгөөр шүдлэн насны үрээгээ 500.000 төгрөгөөр, унагаа 200.000 төгрөгөөр ... адуу хайхдаа гаргасан 2.130.000 төгрөг, алга болсон адуунуудын өртөг болох 1.800.000 төгрөгийг нэмэхээр нийт 3.930.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /2 хх 58-61 ху/,

 

-Гэрч А.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хугацааг нь сайн санахгүй байна. 2014 оны 10 сард шиг санагдаж байна. Нэг өглөө босоод ирсэн чинь манай гадаа байдаг миний хүү болох Баттогтохынд өглөө хүн үүдийг нь нүдээд байх шиг болохоор нь босч галаа түлчихээд тэгээд тэдний гэрлүү орсон чинь Нямжаргал ирчихсэн бүхлээрээ унтаж байсан. Тэгэхээр нь би юм ярилгүй хониндоо явж байсан чинь Баттогтохын гэрт мотоциклтой хүн ирж байгаа нь холоос харагдсан. Тэр мотоциклтой хүн ирээд удалгүй яваад өгсөн. Би хониндоо явж байгаад үдээс хойш гэртээ хариад мотоциклтой ямар хүн ирэв гэхэд Даваажаргал ирээд Нямжаргалыг аваад явлаа гэж байсан. Тэгээд гэртээ байж байхад оройхон харуй бүрий болж байхад Даваажаргал, Нямжаргал, Батцогт 3 манай гэрт мотоциклтой ирсэн. Би яав ийв гэсэн чинь энүүхэн доор мотоцикл эвдрээд ноцолдож байгаад ирлээ гэж байсан. Тэр гурав манайд нэг их удалгүй мотоцикл дээрээ сундлаад явсан. Тэгсэн харин тэр шөнө надтай нэр нэгтэй Эрдэнэбилэгийн өвөлжөөн дээр адуу нядлагдсан байсан талаар би маргааш нь цагдаа нараас мэдсэн. Сүүлд сонсоод байхад тэр адууг Даваажаргал, Нямжаргал, Батцогт, Баянмөнх нар өөр хүмүүстэй нийлж нядалсан юм байна лээ гэсэн /1 хх 65 ху/, Намар болсон юм хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг хониндоо яваад ирэхэд манай гэрт Нямжаргал ирсэн байсан. Чи хаа хүрч яваа юм бэ гэхэд Нармандах гуай намайг ир гэж дуудлаа. Би хөдөө гарч хуц ухна хариулна гэж ярьж байсан. Тэгээд намайг та надад морио өгөөч гэж байсан Нармандах гуай Баттогтохынхоос тугалтай үнээ туугаад иргэсэн юм гэж байсан. Нармандах гуайнх Баттогтохынхоос тугалтай үнээ худалдаж авсан байсан. Тэгээд Нямжаргал тугалтай үнээ туугаад явсан. Маргааш өглөө нь 10 цагийн орчим Нямжаргал 30-40 орчим тооны бөөгнөрсөн хонь голцуу мал тууж ирсэн. Чи юун хонь туугаад ирэв гэхэд манай найзынх одоо ирж авна гэж байсан. Тэгээд нөгөө хонинуудыг орой цагаан портер машинд ачаад явсан гэсэн /1 хх 68 ху/ мэдүүлгүүд,

 

-Гэрч П.Өлзийбадрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Батцогт над дээр ирээд та хонь ачиж өгсөн гээд хэлээд өгөөч хонины тоон дээр маргаан гараад байна, хохирогч нь 90 хонь алдсан гэж яриад байна, би 60-70 орчим хонь л авсан юм. Та хонь ачиж өгсөн гэж хэлээд өгөөч, гэрч болоод өгөөч гээд гуйхаар нь би чадахгүй гэж хэлээд явуулсан гэсэн мэдүүлэг /1 хх 69-70 ху/,

 

-Гэрч Д.Пүрэвцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2015 оны 09 сарын 25-ны өдөр намайг Хүдэр дэлгүүрийн махны тасагт лангуун дээрээ зогсож байхад Баянмөнх гэх залуу ирээд махны ханш асууж “мах авч байгаа юмуу” гэхэд “авч байгаа ханш нь ийм байна” гэдгийг хэлсэн. Ингээд мах авч байгаа юм бол утасныхаа дугаарыг өгөөч гэсэн би 89179382 тоот дугаараа өгсөн. Тэгээд маргааш нь 9 цагийн үед над руу Баямөнх гэх залуу утсаар залгаж миний хаягийг асуусан. Би хаягаа хэлэхэд удаагүй машинтай ирсэн. Хар ногоон өнгийн жийп машинтай ирсэн. Машины ар хаалгаа онгойлгож махаа үзүүлсэн. 3 тооны үхрийн шинэ мах байсан. 12 хөл болгосон байсан. Хамгийн дээр нь 2 бараан зүсний, нэг нь улаан зүсний үхрийн ширнүүд байсан ... гарал үүсэл байхгүй, жижиг үхэрнүүд байна. Үнэ ханш ч тохирохгүй юм байна гээд би махыг нь аваагүй. ...Би урьд өмнө үхрийн мах авахаас 2 хоногийн өмнө Баянмөнх гэх залуугаас адууны мах авсан. 2 адууны мах авсан гэсэн мэдүүлэг /1 хх 72 ху/,

 

-Гэрч Н.Совджамцийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Манай адуунаас 2015 оны 12 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 2 тооны морь алдагдсан байсан юм. Гэтэл уг өдрийн орой манай нагац ах Алтандорж үхрээ хураах гэж хаваржааныхаа хашаан дээр очиж уг хоёр морийг тэнд нядлагдсан байхыг олсон. Ингээд манай ээж Баттуул цагдаад дуудлага өгсний дагуу Бат-Очир гэдэг хүн ирж үзлэг хийсэн юм хаваржааны хашаан дотор 2 адууны толгой шийр, гэдэс, мөн нэг адуу нь хүзүүтэйгээ өрөөсөн хаа зэрэг зүйл байсан. Жижиг машин болон мотоциклын мөр гарсан байсан гэсэн мэдүүлэг /1 хх 78 ху/,

 

-Гэрч Л.Будын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2015 оны 12 сарын сүүлээр миний цагдаагийн ажил дууссан. ...хадам ах Нямжаргал бид хоёр пиво уусан. Батзаяа тэднийхээр байдаг байсан. Хадам ах Нямжаргал,  Мөнхбат ах хоёр хөх өнгийн суудлын машинаар явсан. Би юунд явж байгааг мэдээгүй. ...шөнө 01 цаг өнгөрч байтал Мөнгөө эхэлж явган ирсэн. ...02 цаг өнгөрч байхад Хунбаатар Нямжаргал хоёр цуг ирсэн. Тэд нар хоорондоо ярилцахыг нь сонсоход “харин ч махаа буулгасан нь их юм Эрчимийн байранд буулгачихсан” гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /1хх 81-83 ху/

 

-Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өнгөрсөн 06 сарын дундуур байсан байх нэг өдөр Батцэнгэл надруу утсаар яриад адуу туугаад Орхон аймагт ирчихсэн байна чи ирээд үзээч гайгүй бол авчаач гээд би адууг очиж үзэхэд туранхайвтар адуу байхаар нь би голсон. Би тэгээд Батцэнгэлд би хэрвээ авахаар бол хямдхан л авмаар байна чи өгөх юмуу яах юм өөрөө мэднэ биз гэсэн. Тэгэхэд Батцэнгэл тэгвэл хот оруулдаг юм билүү гэхээр нь хэрэв тэгэх юм бол би хүнтэй холбож өгч болно шүү гэж хэлээд салсан. Тэгтэл харин сүүлд тууж явсан адуу нь хулгай адуу байсан гэдгийг мэдсэн гэсэн мэдүүлэг /2 хх 70 ху/,

 

-Гэрч Л.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би найз Нямжаргалын хамт 2018 оны 06 сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 мотоциклтой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд Орхон аймаг буюу Эрдэнэт хотоос явсан. ...2018 оны 06 сарын 08-ны өдөр Мөрөнд очсон нэг хоносон юм. 2018 оны 06 сарын 09-ний үдээс хойш бид хоёр Арбулаг сум руу явсан. Бид хоёр хоорондоо хулгай хийе гэж яриад Арбулаг сумын Бунтын булаг гэх газраас 22 цаг өнгөрч байхад мотоциклын гэрэлд адууны нүд орж ирэхээр нь очиж 2 азрага адуу байхад нь хулгайлсан. Нэг нь болон азаргатай 50 орчим тооны 14 унагатай, нийт 60 гаруй тооны адуу, нөгөө нь шар хээр азаргатай 40 гаруй тооны мөн 13-14 орчим тооны унагатай нийт 50 гаруй ижилтэй адуунуудыг хулгайлан авсан юм. Нийт 120 орчим адуу болсон. Бид Орхон аймгаас гарахдаа 2 эмээл ганзаглаж явсан юм. Ингээд адуунаас барьж аваад уг хоёр азарга адууг туусан юм. Мотоциклио Эрхлийн баруун талд Ширгэвэрийн хирэгсүүр гэх газар хаясан. Ингээд бид хоёр адуунуудыг Булган аймгийн Тэшиг суманд хүргэсэн. Ингээд бид хоёр адуунаас хольж холын зам даах чадвартай гайгүй гэсэн 30 адууг ялган авч үлдэгдэл 80-90 адууг Булган аймгийн Тэшиг сумын Тавтын голд ууланд шахаж орхиод явсан. Бид хоёр 30 адуугаа аваад Тэшигээс гараад замдаа нийт 7 хоносон, адуу хулгайлснаас хойш нийт 12 хонож байж Эрдэнэт орсон юм. Нямжаргал Эрдэнэтийн төв орсон хойгуур би ганцаараа адуугаа харж байгаад цагдаа нарт баригдсан гэсэн мэдүүлэг /2 хх 72 ху/,

 

-Яллагдагч Н.Батцогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...нэг өдөр манай тэндхийн ойр байдаг айлын хониноос тасалчихлаа  хоёулаа явж хашъя гэхээр нь Нямжаргалтай цуг явсан. ...Би Өлзий гэдэг таньдаг хүн рүү залгаж дуудсан. Тэр дуудсан машинтай хүн 18 цагийн орчим ирсэн. 30-аад хонь ачсан, үлдэх хонийг өөрөө туугаад хүргэн ахынх руугаа явсан. ...Нямжаргалыг Үргээ гэж дууддаг. Даваажаргал гуай хоёулаа Үргээ дээр очьё, чамайг аваад ир гэсэн. Даваажаргал гуайтай мотоциклтой очсон. Үргээ зөндөө олон адуу авчирсан байсан. ...Бид нийтдээ 6 тооны адуу нядалсан. Үлдсэн адууг зүүн тийш үргээсэн. ...Нямжаргалаас 40.000 төгрөг авсан. 2014 оны 11 сард Нямжаргал, Даваажаргал, Баттогтох, Мөнгөө ах бид Бүрэнтогтох сумын Эрчим багаас 3 тооны адуу хулгайлж Ханжаргалантад авчирч нядалж оруулж ирсэн. Би Баттогтох ахад өртэй байсан болохоор  тэрнийхээ оронд 2 адуу өгөөд борлуулсаны дараа илүү гарсан мөнгөнөөс бид хувааж хүн бүр 110.000 төгрөг авсан гэсэн мэдүүлэг /1хх 187-202 ху/

 

-Яллагдагч Д.Хунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...надад Батзаяа нэг хаяг өгөөд яваад оч гэсэн.  Тэр хаяган дээр яваад очтол Үрчээ гэж дууддаг Нямжаргалын гэр байсан. Сигналдтал Батзаяа, араас Нямжаргал гарч ирсэн. ...нэг цаг гарангийн дараа машинтай хүмүүс ирсэн. Машины жолооч Үрчээ хоёр байсан. Хоёр морь аваад бусдыг нь хөөгөөд гаргачихсан байсан.  Заяа одоо нядалнаа хохиролдоо өгнө гэж байсан гэсэн мэдүүлэг /1хх 210-215 ху/,

 

-Яллагдагч Ж.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...намайг гэртээ байж байтал манай төрлийн Нямжаргал утсаар яриад Эрдэнэбилэг ахын энд байна, яаралтай хүрээд ирээч гэхээр нь яваад очсон. Нямжаргал Баттогтохын гэрт байсан. Тэгээд Нямжаргалтай уулзаж юу болсон талаар асуухад Нямжаргал адуу хашчихсан байгаа хамт нядлаад өгөөч гэсэн. Би больё гэтэл очоод Батцогтыг аваад ир гэхээр очиж авчирсан. ...Батцогтыг аваад адуу хашсан газраа ирээд байж байсан чинь Баянмөнх, Мөнхбаатар Баттулга гурав машинтай ирж тэгээд бид нийлж адуу нядалсан. ...Нямжаргал надад Батцогттой утсаар ярилаа. Гонгоон гарам дээр хүрээд ир гэж байна гэхээр нь Мөнхбат, Нямжаргал, Баттогтох бид дөрөв Мөнхбатын Истана маркийн машинаар яваад очсон чинь Гонгоон гарам дээр Эрдэнэбаяр Батцогт хоёр байсан. Тэр хоёрыг адуу хулгай хийснийг гарам дээр очоод мэдсэн гэсэн мэдүүлэг /1хх 219-223 ху/,

 

-Яллагдагч О.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Даваажаргал над  руу утсаар яриад завтай бол нэг юманд яваад өгөөч  бензин тосны мөнгийг өгье, наанаасаа нэг хүн аваад гараад ир гэсэн. ...би тэгье гээд Даваажаргалын гар утасны дугаар руу залгаж хаана байгааг нь асуучихаад Баттулгыг аваад нөгөө залууг нь замаараа аваад цааш нь Даваажаргалын байгаа газар руу явсан. ...Даваажаргал дагуулаад Эрдэнэбилэгийн дээхнэ талд байсан эзэнгүй айлын хашаан дээр очсон. Тэнд очиход Даваажаргалын дүү Нямжаргал, Нямжаргалын найз гээд нэг залуу /одоо хажуугийн камерт байгаа Батцогт/  нар байсан. Хашаан дээр очоод ямар учиртай адуу вэ гэхэд Даваажаргал манай дүүгийн найз нь манай дүүд тусалж байгаа юм, манай дүү хүний машин унагаачихсан, тэрний өртөгөнд өгөх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо ямар нэгэн асуудалгүй адуу гэж байсан.  Бүгдээрээ нийлж адуунаас 6 тооны адуу нядалж миний машинд ачаад Мөрөнгийн төв рүү орж ирсэн.  ...Нямжаргал тэр ченжтэй ярьж махаа өгсөн. ...2015 оны 09 сарын 25-ны өдөр Мөнхбаяр гэх хүний мотоциклыг хадам аавын тийшээ хөдөө яваад ирье гэж гуйж авсан. Тэгээд Нямжаргал Батцогт хоёрт аваачиж өгсөн. Тэр хоёр хөдөө гараад ирье гээд байсан юм. Над руу утсаар ярьж Хужиртын давааны энд байна. Хэдэн үхэр хашчихлаа бэлэн болчихлоо хүрээд ирээч гэсэн. Ингээд би  эгчээсээ гуйж түр унаж хэрэглэж байсан Бигхорн маркийн 75-12 ХӨА дугаартай машинтай гарсан. ...даваанаас зүүн тал руугаа явсаар  нэг айлын өвөлжөөний дээрээс орж очсон. Өвөлжөөн дээр нэлээн хэдэн үхэр хашсан байсан. Энэ үхэрнээс 3-г нядалсан. Бид гурав хамжиж нядлаад  махыг нь арьстай нь ачиж ирсэн. Батцогтын ах нь хурим хийх гээд мөнгөний хэрэг байна гэсэн. Нямжаргал 2 өнчин дүүтэй, эхнэр нь нялх хүүхэдтэй, гэрт нь ямар нэг орлого байхгүй учир мөнгөний хэрэгтэй байсан гэсэн мэдүүлэг /1хх 227-230, 247-248 ху/

 

-Сэжигтэн Б.Баттзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2015 оны 12 сарын хорин хэдний орчим Хунбаатар бид хоёр Мустанг маркийн улаан өнгийн мотоциклоор Бүрэнтогтох сумын тийшээ явсан. Тэгээд дөрөлжийн наад талд бэлчээрт байсан 30 гарын  тооны хээр азаргатай адууг бүгдийг нь айлын хаваржаа бололтой хашаанд хашихад цөөн хэдэн тооны адуу орсон. Тэгээд хашсаныхаа дараа хээр болон хонгор зүсний 2 морь барьж авсан. Үлдсэнийг нь гаргаад хөөчихсөн. Тэгээд Мөнхбат руу ярьсан. Мөнхбат, Нямжаргал хоёр марч маркийн суудлын хөх машинтай ирсэн.  Тэр хоёрыг ирэхээр нь дөрвүүлээ нийлж адуугаа янзалсан.  Толгойг нь орхисон. Арьс ширэнд нь махыг нь боогоод авчирсан гэсэн мэдүүлэг /1хх 208-209 ху/

 

-Яллагдагч Г.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2015 оны 12 сарын 20-дын орчим Батзаяа хоёулаа цуг урагшаа нэг юманд яваад ирье гэсэн. Би ниссан марч хөх өнгийн машинтай явсан. Тэгээд нэг айлд очсон. Батзаяа айл руу хальт ороод гарч ирээдл нэг гуйх юм байна хоёр адуу ийшээ ойрхон янзлаад тавьчихсан тэрнийг ачиж ирж өгөөч гэсэн. Энэ хэрэг баригдах юм бол би чамайг цусдахгүй гэсэн. Тэгээд нөгөө газар дээр нь яваад очиход Хунбаатар мотоциклтой байсан. Уг мотоциклыг танина. Нямжаргалынхаар байнга очдог. ...арьстай нь арай гэж нэгийг нь хийгээд нөгөөхөөс нь жаахан юм үлдээсэн. ...тэгээд машинаа журмын хашаанд хийгээд Нямжаргалынд явган очсон. ...Гэрт нь очиход Нямжаргал эхнэртэйгээ унтаж байсан. Тэгээд тэнд унтаж маргааш нь махаа зарсан. ...Нямжаргал бид хоёр таараагүй. Нямжаргал бид хоёр төрөл садан хүмүүс. Байнга орж гардаг”  гэсэн мэдүүлэг /1хх 237-243 ху/

 

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 28-29, 32, 34-35, 40 ху/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 30-31, 33, 36-37, 39, 41 ху, 2 хх 37, 42-43 ху/,

            -Эд зүйлийн үнэлгээ /1 хх 85-91, 95-107, 2 хх 78-79, 81-82 ху/,

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 4 ху/,

-Г.Нямжаргалыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлүүд /1 хх 148-174, 2 хх 103-106, 117-126 ху/,

-Малд үзлэг хийж хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 33-36, 38-41 ху/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 44-45/,

-Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 00161 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 219-249 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Н нь Н.Батцогт, Ж.Даваажаргал, О.Баянмөнх, Ц.Баттулга, Т.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 11 сарын 28-наас 29-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуут гэх газраас хохирогч П.Хайдавын 21 тооны адууг хулгайлж 12.390.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, Н.Батцогттой бүлэглэн 2014 оны 10 сарын 19-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Цагаанчулуут гэх газраас хохирогч Х.Бямбадоржийн 90 тооны бог малыг хулгайлан авч 8.560.000 төгрөгний буюу бага хэмжээнээс их хохирол учруулсан, Н.Батцогт, О.Баянмөнх нартай бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 09 сарын 24-наас 25-нд шилжих шөнө Мөрөн сумын нутаг Сүхийн ам гэх газраас хохирогч Г.Энхтуяагийн 3 тооны үхрийг хулгайлж 2.550.000 төгрөгний буюу бага хэмжээнээс их хохирол учруулсан, Н.Батцогт, О.Баянмөнх нартай бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 09 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Арбулаг сумын 1-р багийн нутаг Цагаанчулуут гэх газраас хохирогч Ж.Энхтуяагийн 1 тооны морийг хулгайлж 700.000 төгрөгний буюу бага хэмжээнээс их хохирол, уг морьтой хамт байсан хохирогч Д.Дэлгэрмаагийн 1 тооны морийг хулгайлж 650.000 төгрөгний хохирол буюу бага хэмжээнээс их хохирол учруулсан, Ж.Даваажаргал, Г.Мөнхбат, Н.Батцогт нартай бүлэглэн 2014 оны 12 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын нутаг “Төмөртийн ам” гэх газраас хохирогч Б.Бат-Очирын 26 тооны адууг хулгайлан авч 14.250.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, Г.Мөнхбат, Д.Хунбаатар, Б.Батзаяа нартай бүлэглэн машин механизм ашиглан 2015 оны 12 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг “улаан үзүүр’ гэх газраас хохирогч Я.Баттуул, Я.Цэрэндорж нарын 2 тооны морийг хулгайлан авч 1.300.000 төгрөгний буюу бага хэмжээнээс их хохирол учруулсан, Л.Батцэнгэлтэй бүлэглэн 2018 оны 06 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р багийн нутаг “Буянт” гэх газраас иргэн А.Хүрэлбаатарын 65 тооны адууг хулгайлж 23.800.000 төгрөгний хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, Л.Батцэнгэлтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р багийн нутаг “Буянт” гэх газраас иргэн Д.Сүрмандахын 58 тооны адууг хулгайлж 22.950.000 төгрөгний хохирол буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Г.Нямжаргалын “...2014 оны 10 сард Бямбадоржийн 60-аад хонь авсан. Хайдавын 21 адууг аваад зургааг нь авч бусдыг нь буцаасан. Мөн Бат-Очирын 26 адууг авч нэг адуу авсан. Сүрмандах, Сүхбаатар нарын 58 тооны адууг авсан. Үүнээс 30 тооны адууг ялгаж авсан. Г.Энхтуяагийн 3 үхэр, Ж.Энхтуяагийн морь гүү хоёрыг авсан. Би 2014 оны 07 сард ээжийн бие муудаад эмнэлэгт очсон. Тэгээд эм тарианы мөнгө хэрэг болж хамаатныхаа ахын машиныг гуйж хөдөө яваад машиныг нь унагаасан. Тэр өрийг төлөх гээд хулгай хийсэн. ...Г.Энхтуяа, Ж.Энхтуяа, Дэлгэрмаа нарын малыг хулгайлахдаа ногоон жип машин ашигласан. Хүрэлбаатарын бор даага нь адуунд үлдсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн хохирогч П.Хайдавын “...2014 оны 11 сарын 28-наас 29-ний шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Шувуутын эх гэх газраас манай, 21 тооны адуу алдагдсан. Тэгээд Алаг-Эрдэнэ сумын нутгаар хайсаар байгаад 12 дугаар сарын 05-ны өдөр Эрхэлийн Соёо толгой гэх газраас 13 тооны адуугаа олж авсан. ...Миний адууны 6 толгой шир нь Түнэл сумын Нарангийн эх гэх газар хаваржааны эзэнгүй хашаан дээр байсан гэсэн” /1 хх 44 ху/, хохирогч Х.Бямбадоржийн “...Тэгэхэд эхнэр маань хонь нэг л цөөрсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш өглөө нь хонио тоолоход 72 хонь 18 ямаа дутсан байсан. Тэгэхээр нь ойр хавийн айлын хоньтой нийлж тасарсан байж магадгүй гэж шүүгээд олоогүй” гэсэн /1 хх 46-47 ху/, хохирогч Ж.Энхтуяагийн “...2015 оны 09 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг Цагаан чулуут гэх газрын өвөлжөөн дээр манай морь Доржсүрэн гэх айлын гүү хоёрыг нядлаад 2 толгой 8 мөч, морины сүүл, мөн гэдэс дотрыг нь орхиод махыг нь аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг /1 хх 50-51 ху/, хохирогч Д.Дэлгэрмаагийн “...Манай аавын 3 тооны гүү Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн малчин Болдоо гэж айлын адуунд байсан 2015 оны 09 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Болдоо гэх айлын адуунд байсан гүүнээс цавьдар зүсмийн гүүг нь Энхтуяа гэх айлын нэг морьтой хамт Шанжив гэх айлын өвөлжөөн дээр аваачаад нядлаад арьс толгой, гэдэс дотрыг үлдээгээд махыг нь аваад явсан байсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1 хх 53-54 ху/, хохирогч Г.Энхтуяагийн “...Ингээд бид хоёр үдээс хойш дахин үхрээ хайж яваад Идэр гэх хүний өвөлжөөн дээр очтол манай эр сувай үхэрнүүд тэр айлын өвөлжөөний хашаан дотор хашаад 3 үхрийг нь нядлаад гэдэс дотор толгой шийрийг нь пүнзэн дотор оруулж хаяаад арьс махыг нь аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг /1 хх 56 ху/, хохирогч Б.Бат-Очирын “....2014 оны 12 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Төмөртийн амны Биеийн ар гэх газраас 26 тооны адуугаа алдаж хохирсон. Би адуугаа алдснаа мэдээгүй юм. Тэгтэл манайхтай ойролцоо байдаг Осор гэх хүн 2014 оны 12 сарын 14-ний өдөр танай адуу гүүрний тэнд хэсэг нь байна. Бусад нь байхгүй байна гэж хэлэхээр нь би юу болчихов гээд машинаар яваад 7 адуугаа Гонгоон оломны цаад талаас олж авсан. Тэгээд наашаа сураглаж явтал Мөрөнгийн урд талын гахай тахианы хашааны тэнд малтай хүнээс асуутал миний адууг зүсээр нь хэлээд төвийн урдуур гүйж явсан хүн амьтан хөөсөн зүйлгүй байсан гэж хэлсэн. Ингээд гүйж явсан 14 тооны адуугаа гүүрний тэнд байх тохойгоос олж аваад таван тооны адуу дутсан” гэсэн /1 хх 58-59 ху/, хохирогч Я.Цэрэндоржийн “...2015 оны 12 сарын 23-наас 24-нд шилжих шөнө төрсөн дүү Туулын адуунд явсан хээр зүсмийн адуугаа алдсан Манай дүү Туулын хогор адуу бас хамт алга болсон байсан” гэсэн /1 хх 62 ху/, хохирогч Я.Баттуулын “...2015 оны 12 сарын 24-ний өглөө адуугаа бүртгэж үзэхэд адуунаас 2 тарган морь дутсан байсан. Нэг морь нь манай төрсөн эгч Я.Цэдэндоржийн шар хээр зүсмийн, нөгөө нь морь нь миний хонгор зүсмийн морь байсан” гэсэн /1 хх 64 ху/, хохирогч А.Хүрэлбаатарын “...2018 оны 06 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай 65 тооны адуу алга болсон байсан. Мөн манай адуутай хамт Сүрмандахын 58 тооны адуу алдагдсан байсан” гэсэн / 2 хх 53-54 ху/, хохирогч Д.Сүрмандахын “...Би 2018 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 8 хоног өөрийн 58 тооны адуугаа өдөр шөнөгүй хайгаад олоогүй тул 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн цагдаагийн газар адуугаа алдсан талаараа бүртгүүлж тэмдэглүүлсэн” гэсэн / 2 хх 58-61 ху/ мэдүүлгүүд, гэрч А.Эрдэнэбилэг / 1 хх 65 ху/, П.Өлзийбадрах / 1хх 69-70 ху/, Д.Пүрэвцэрэнг /1 хх 72 ху/, Н.Совджамц / 1 хх 78 ху/, Б.Эрдэнэбат / 2 хх 70 ху/, Л.Батцэнгэл / 2 хх 72 ху/, яллагдагч Н.Батцогт /1хх 187-202 ху/, яллагдагч Д.Хунбаатар /1хх 210-215 ху/, яллагдагч Ж.Даваажаргал /1хх 219-223 ху/, яллагдагч О.Баянмөнх /1хх 227-230, 247-248 ху/ нарын мэдүүлгүүд, хэрэг учралын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, малд үзлэг хийж хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Н нь “Баттуулын 2 морийг аваагүй” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх, хэргийн болон өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй.

 

Түүний дээрхи мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Я.Цэрэндоржийн “...2015 оны 12 сарын 23-наас 24-нд шилжих шөнө төрсөн дүү Туулын адуунд явсан хээр зүсмийн адуугаа алдсан. Манай адууг төрсөн ах Алтандоржийн хаваржааны хашаан дотор тэр шөнөө нядлаад аваад явсан байсныг нь маргааш нь Алтандорж ах үзсэн байсан” гэсэн, хохирогч Я.Баттуулын “...2015 оны 12 сарын 24-ний өглөө адуугаа бүртгэж үзэхэд адуунаас 2 тарган морь дутсан байсан. Нэг морь нь манай төрсөн эгч Я.Цэдэндоржийн шар хээр зүсмийн, нөгөө морь нь миний хонгор зүсмийн морь байсан. ...уг хоёр адууг алж нядалсан байсныг олсон юм” гэсэн, гэрч Н.Совджамцийн “...Манай адуунаас 2015 оны 12 сарын 23- наас 24-нд шилжих шөнө 2 тооны морь алдагдсан байсан юм. Гэтэл уг өдрийн орой манай нагац ах Алтандорж үхрээ хураах гэж хаваржааныхаа хашаан дээр очиж уг хоёр морийг тэнд нядлагдсан байхыг олсон. Ингээд манай ээж Баттуул цагдаад дуудлага өгсний дагуу Бат-Очир гэдэг хүн ирж үзлэг хийсэн юм хаваржааны хашаан дотор 2 адууны толгой шийр, гэдэс, мөн нэг адуу нь хүзүүтэйгээ өрөөсөн хаа зэрэг зүйл байсан. Жижиг машин болон мотоциклын мөр гарсан байсан” гэсэн,    гэрч Д.Пүрэвцэрэнгийн “...2015 оны 09 сарын 25-ны өдөр намайг Хүдэр дэлгүүрийн махны тасагт лангуун дээрээ зогсож байхад Баянмөнх гэх залуу ирээд махны ханш асууж “мах авч байгаа юмуу” гэхэд “авч байгаа ханш нь ийм байна” гэдгийг хэлсэн. Ингээд мах авч байгаа юм бол утасныхаа дугаарыг өгөөч гэсэн, би 89179382 тоот дугаараа өгсөн. ...Машины ар хаалгаа онгойлгож махаа үзүүлсэн. 3 тооны үхрийн шинэ мах байсан. 12 хөл болгосон байсан. ...Би үхрийн мах авахаас 2 хоногийн өмнө Баянмөнх гэх залуугаас адууны мах авсан. 2 адууны мах авсан” гэсэн, гэрч Л.Будын “...Хадам ах Нямжаргал,  Мөнхбат ах хоёр хөх өнгийн суудлын машинаар явсан. Би юунд явж байгааг мэдээгүй. ...шөнө 01 цаг өнгөрч байтал Мөнгөө эхэлж явган ирсэн. ...02 цаг өнгөрч байхад Хунбаатар Нямжаргал хоёр цуг ирсэн. Тэд нар хоорондоо ярилцахыг нь сонсоход харин ч махаа буулгасан нь их юм. Эрчимийн байранд буулгачихсан гэж ярьж байсан” гэсэн, яллагдагч Д.Хунбаатарын “...надад Батзаяа нэг хаяг өгөөд яваад оч гэсэн.  Тэр хаяган дээр яваад очтол Үрчээ гэж дууддаг Н-н гэр байсан. Сигналдтал Батзаяа, араас Нямжаргал гарч ирсэн. ...нэг цаг гарангийн дараа машинтай хүмүүс ирсэн. Машины жолооч Үрчээ хоёр байсан. Хоёр морь аваад бусдыг нь хөөгөөд гаргачихсан байсан.  Заяа одоо нядалнаа хохиролдоо өгнө гэж байсан” гэсэн, сэжигтэн Б.Баттзаяагийн “...2015 оны 12 сарын хорин хэдний орчим Хунбаатар бид хоёр Мустанг маркийн улаан өнгийн мотоциклоор Бүрэнтогтох сумын тийшээ явсан. Тэгээд дөрөлжийн наад талд бэлчээрт байсан 30 гарын  тооны хээр азаргатай адууг бүгдийг нь айлын хаваржаа бололтой хашаанд хашихад цөөн хэдэн тооны адуу орсон. Тэгээд хашсаныхаа дараа хээр болон хонгор зүсний 2 морь барьж авсан. Үлдсэнийг нь гаргаад хөөчихсөн. Тэгээд Мөнхбат руу ярьсан. Мөнхбат, Нямжаргал хоёр марч маркийн суудлын хөх машинтай ирсэн.  Тэр хоёрыг ирэхээр нь дөрвүүлээ нийлж адуугаа янзалсан.  Толгойг нь орхисон. Арьс ширэнд нь махыг нь боогоод авчирсан гэсэн  мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хулгайн үйлдлийн улмаас олсон эд зүйлийг амьдрах эх үүсвэрээ болгосон эсэх, мөн гэр бүл нь юугаар амьдардаг талаар нотлох баримт байхгүй. Иймд шүүгдэгч Нямжаргалыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдрах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн Баттуулын 2 морийг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, шүүгдэгч нь 9 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж зарж борлуулан өр төлбөрөө барагдуулах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулсан байх тул түүний үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Н-н үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хохирлын хувьд үнэлгээний дагуу тооцож үзэхэд хохирогч П.Хайдавт 21 адуу буюу 12.390.000 төгрөгийн хохирол,  хохирогч Х.Бямбадоржид 90 бог буюу 8.560.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Энхтуяад 3 үхэр буюу 2.550.000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Энхтуяад 1 морь буюу 700.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Дэлгэрмаад 1 морь буюу 650.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бат-Очирт 26 адуу буюу 14.250.000 төгрөгийн хохирол, хохирогч  Я.Баттуул, Я.Цэрэндорж нарт 2 морь буюу 1.300.000 төгрөгийн хохирол, хохирогч А.Хүрэлбаатарт 65 адуу буюу 23.800.000 төгрөгийн хохирол,  хохирогч Д. Сүрмандахад 58 адуу буюу 22.950.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас бодит байдлаар олдсон П.Хайдавын 13 адуу, Б.Бат-Очирын 14 адуу, А.Хүрэлбаатарын 64 адуу, Д.Сүрмандахын 54 адууг тус тус хохирлоос хасч тооцов.

 

Хохирол төлбөрийг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тоогоор тэнцүү хуваасан ба гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдан оргон зайлсан этгээдийг мөн оруулан тооцсон болно.

 

Иймд шүүгдэгч Г.Н-с 10.103.332 төгрөгийг гаргуулж хохирогч П.Хайдавт 1.000.0000 төгрөгийг, хохирогч Х.Бямбадоржид 4.280.000 төгрөгийг, хохирогч Г.Энхтуяад 850.000 төгрөгийг, хохирогч Ж.Энхтуяад 233.333 төгрөгийг, хохирогч Д.Дэлгэрмаад 216.666 төгрөгийг, хохирогч Б.Бат-Очирт 875.000 төгрөгийг, хохирогч Я.Баттуулд 325.000 төгрөгийг, хохирогч Я.Цэрэндоржид 325.000 төгрөгийг, хохирогч А.Хүрэлбаатарт 125.000 төгрөгийг, хохирогч Д.Сүрмандахад 1.040.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч нарын нэхэмжилж байгаа малаа эрх хайхад гаргасан зардлыг нотлох баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нар нь тухайн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолын 11 дэх заалтанд шүүгдэгч О.Баянмөнх, Н.Батцогт, Г.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Исүзү бикорн маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээр тэнцүү хуваан гаргуулж улсын орлого болгохоор заасан байх тул шүүгдэгч Г.Нямжаргалаас оногдох хэсэг болох 833.333 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч нь 405 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, оролцогчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Н-г эмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-н эдлэх 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-н цагдан хоригдсон 405 /дөрвөн зуун тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Н-с 10.103.332 төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р баг Шувуутын эх гэдэг газарт оршин суух /РД: РБ74100514/ П.Хайдавт 1.000.0000 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1-р багт оршин суух /РД:РВ77062917/ Х.Бямбадоржид 4.280.000 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-27-13 тоотод оршин суух /РД:РЭ70102282/ Г.Энхтуяад 850.000 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэл 1-р багт оршин суух /РД:РВ63122200/ Ж.Энхтуяад 233.333 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-11-13 тоотод оршин суух /РД:РВ85012002/ Д.Дэлгэрмаад 216.666 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нүүрстэй гэх газарт оршин суух /РД:РГ41101412/ Б.Бат-Очирт 875.000 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим баг Улаан гэх газарт оршин суух /РД:РЭ70122361/ Я.Баттуулд 325.000 төгрөг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим баг гэх газарт оршин суух /РД:РГ69090108/ Я.Цэрэндоржид 325.000 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р баг Хавтага гэх газарт оршин суух /РД:РП76011511/ А.Хүрэлбаатарт 125.000 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р баг Буянт гэх газарт оршин суух /РД:РП76050113/-тай Д.Сүрмандахад 1.040.000 төгрөгийг тус тус олгож, Исүзү бикорн маркийн тээврийн хэрэгслийн үнэ 833.333 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар нь алдсан малаа эрж хайхад гаргасан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА

 

                                        ШҮҮГЧИД                              Ц.АЛТАНГАДАС

 

                                                                                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ