Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 457

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 4 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ВВ56020219 регистрийн дугаартай, Өндөр овогт Пагамын Баатарын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Баатар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Би Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд 1973 оноос эхлэн 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажилласан. Гэтэл миний ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичээгүйгээс болж, тэтгэвэртээ гарч чадахгүй байна. Энэ талаар аймгийн архиваас цалингийн түүвэр авсан. Зарим сард цалин аваагүй юм шиг онгорхой байна. Тухайн үед хөдөлмөрийн хөлсийг хугацаандаа бодохгүй, дараагийн саруудад бөөндөж өгдөг байсан. Иймд 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар П.Баатарын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 496 тоот албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, П.Баатарын хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1980 оны аваргын диплом, 1983 оны жуух бичиг, 1987 оны дурсгалын хүндэт диплом, 1987, 1990 онуудын баярын бичиг, гэрч Л.Нансалын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

П.Баатар нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Улаан-Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1973 оны 01 дүгээр сараас эхлэн 1974 оны 05 дугаар сарыг дуустал, 1978 оны 01 дүгээр сараас эхлэн 1992 оны 12 дугаар сарыг дуустал авсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 496 тоот албан бичиг, ажилдаа амжилт гаргаж “Улаан оч” нэгдлийн аварга болсон 1980 оны аваргын диплом, социалист уралдаанд хөдөлмөрийн амжилт гаргаж шагнуулсан 1983 оны хүндэт жуух бичиг, 1987 оны дурсгалын хүндэт диплом, 1987, 1989 оны баярын бичгүүд, 1979-1980 онд ажилласан хоног, авсан хөлсийг бичиж эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж тэмдэг дарсан байдал, П.Баатартай хамт мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Л.Нансалын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан хэсгийн аваргын диплом, Ардын хувьсгалын 65 жилийн ойн баярын бичиг зэрэг нь он сар өдөргүй, тамга, тэмдэг, гарын үсэггүйгээс тухайн үйл явдлыг тогтоож, үнэлэх боломжгүй баримт байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өндөр овогт Пагамын Баатарын 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1974 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Улаан-Оч” нэгдэлд малчнаар тус,тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар П.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ