Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 181/2020/01698/И |
Дугаар | 210/МА2022/00808 |
Огноо | 2022-04-29 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2022/00808
2022 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 210/МА2022/00808 |
Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.ханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00247 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******т холбогдох 212,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ө.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Б.*******, Б.******* бид 2015 оны 05 дугаар сард Х.*******тэй харилцан тохиролцож, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны *******, *******,*******, байрны дунд байрлах талбайд тохижилт бүхий 100 автомашины газар доорх авто зогсоол барих ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар аман хэлцэл хийж 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 50,000,000 төгрөг болон 39,000,000 төгрөгийг тус тус Х.*******т өгсөн. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Х.******* нь барилгын ажлын гүйцэтгэгч, захиалагчтай гэрээ байгуулах, барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдсон зөвшөөрлийг авах, гүйцэтгүүлэх, улсын комисст хүлээлгэн өгөх, 100 автомашины зогсоолын ******* зогсоолыг Б.*******, Б.******* нарын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээж, харин бидний зүгээс гэрээнд заагдсаны дагуу хөрөнгө оруулалтыг оруулах, баригдсан авто зогсоолыг борлуулах зэрэг ажлыг хариуцахаар тохирсон. Гэрээнд 2015 оны 05 дугаар сард Х.*******т өгсөн 39,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг өгсөн талаар тусгасан. Мөн гэрээ байгуулсан өдрөө 25,000 ам.доллар болох 50,000,000 төгрөгийг, мөн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 280,000,000 төгрөг, нийт 419,000,000 төгрөгийг Х.*******т хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нар гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалт хийсэн боловч Х.******* нь гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 09 дүгээр сард буюу гэрээний хугацаа дуусахаас 3 сарын өмнө авч, улмаар ажлыг эхлүүлэхгүй 016 оны 11 дүгээр cap хүрсэн. Х.******* гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой болсон тул түүнд гэрээнээс татгалзсан талаар хэлсэн.
Х.******* 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 880,000 төгрөг, 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 206,880,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд Х.*******ээс 212,120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Х.******* миний бие 2015 оны 05 дүгаар сард Сүхбаатар дүүргийн *******, *******,*******, 53 дүгаар орон сууцны дунд байрлах талбайд 100 автомашины газар доорх автозогсоол барих ажлын холбогдох зөвшөөрөл болон бичиг баримтыг бүрдүүлж ажлын 70 хувь нь бэлэн болсон байсан. Б.******* нь орон сууцны оршин суугчдаас зөвшөөрөл авахаар гарын үсэг зуруулах үед тухайн автозогсоолын төслийн талаар мэдэж Б.*******ын хамт төсөлд орохыг хүссэн. Бид төслийн үйл явц, гаргасан зардлын талаар ярилцах үед тэд ...та маш их зардал гаргасан байгаа юм байна... бид энэ төсөлд хамтран ажиллаж байгаагийн хувьд мөнгө өгнө гээд нийт 89,000,000 төгрөгийг бэлэглэсэн. Үүнээс хойш гарах зардлын ******* хувийг бид хариуцна. Автозогсоол ашиглалтад орсны дараа ******* автомашины зогсоолыг авна... гэж хэлсэн тул зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж 50,000,000 төгрөг өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 280,000,000 төгрөг биш 260,000,000 төгрөг авснаас 206,880,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 53,120,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 159,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******ээс нийт 212,120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгож, үлдэх нэхэмжлэгч Б.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,218,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,218,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Хариуцагч Х.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байхад анхан шатны шүүх хурлын товыг Х.*******т мэдэгдсэн. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...эрүүл мэндийн байдлаас хуралд оролцох боломжгүй, хойшлуулах хүсэлтэй байна... гэж шүүгчийн туслахад мэдэгдэж, эмчийн магадлагааг хүргүүлсэн байтал шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах явцад нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгөх үед шүүгч хөндлөнгийн байх зарчмыг зөрчиж нэхэмжлэгч талд ...нотлох баримтаа гаргаж өгвөл хариуцагч тал танилцах шаардлагатай болно гэж зөвлөгөө өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/Ш32020/13774 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/Ш32020/ 14604 дугаар захирамжуудын биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. 181/Ш32020/13774 дугаар захирамжид дурдсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 тоот албан тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн журам баталж эрх олгосон захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/700 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн СБД20160316/51 тоот гэрээ, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байна.
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/Ш32020/14604 дугаар захирамжаар Н., Б. нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Мөн шүүх ...Гэрээнд зааснаар Б.******* нь Х.*******т 419,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ХХК-ийн дансны хуулга, гэрч Э.ын мэдүүлгийн тухайд 25,000 ам.доллар өгсөн гэдгийг нотлохоор оролцуулсан байх бөгөөд дансны хуулга нь компанийнхаа данснаас зарлагын гүйлгээ хийснийг нотолж байгаа ба хэрэгт хамааралгүй. Э., А. нарыг гэрчээр оролцуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хариуцагчийн эзгүйд мэдүүлэг авсан. Гэрч Э. мэдүүлэхдээ Тэр 50,000,000 төгрөгийг өгөх гэж Б.*******той хамт ирсэн, бусад үед хамт оролцож байгаагүй гэсэн байх боловч байнга уулздаг байсан, бид хоёр 1 машинтай хамт явдаг байсан... уулзах үед нь байнга хараад ажиглаад зогсдог байсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Иймд хуульд заасан эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж 212,120,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар хариуцагч Х.*******т холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 212,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар эмнэлгийн магадлагааг ирүүлсэн байхад анхан шатны шүүх ...эмнэлгийн магадлагааг ирүүлсэн байх боловч түүнд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хавсаргаагүй байна... гэж дүгнэж түүний эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй, улмаар хэргийн нөгөө талын оролцоогүйгээр гэрч Э., А. нарыг асуусан нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна.
2. Гэтэл шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2020/14604 дугаар захирамжаар Н., Р. нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байна. (хх-ийн 115-116)
Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00247 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 952,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Н.БАТЗОРИГ