Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00807

 

 

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00807

 

Н.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/00723 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******ад холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг алданги 10,000,000 төгрөгийн хамт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Н.******* 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ж.*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, БНХАУ-аас хамгаалалтын хувцас оруулж ирэхээр тохиролцож, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн данснаас Ж.******* руу шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээнд Д.******* гарын үсэг зурсан боловч эд зүйл хүлээн авахаар тохиролцоогүй. Ж.******* барааг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүйгээс барааг худалдаж ашиг олох боломжгүй болсон. Талууд гэрээний 3.4-т хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан. Гэрээнд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эхний 3,000 ширхэг хувцсыг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 2,000 ширхэг барааг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нийлүүлээгүй. Иймд алданги 10,000,000 төгрөг, урьдчилгаа 20,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тайлбар, татгалзлал гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж тодорхойлсон. Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дүгнэлт хийсэн атал Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан үндэслэлгүй. Учир нь талууд гэрээнээс татгалзсан бол зөвхөн өгсөн авсан зүйлээ харилцан буцаан шилжүүлэх хуулийн зохицуулалттай. Н.******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Ж.*******ад мөнгө шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд зөвхөн ******* ХХК-аас мөнгө шилжүүлж авсан. Үүнийг нь буцаан төлсөн бөгөөд аливаа төлбөр тооцоогүй талаараа Ж.******* бичиж өгсөн. Ж.*******ад 20,000,000 төгрөг шилжүүлэх үед Н.******* ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна.

Д.******* нь 2021 онд Н.*******гийн нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг Ж.*******аас нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* мэдэж байгаа. Шүүх уг асуудлыг тодруулалгүй, өмгөөлөгч Д.******* энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

1.Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.б. Нэхэмжлэгч Н.******* нь Ж.*******, Д.******* нартай 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Ж.******* нь БНХАУ-ын 1 удаагийн Deltaplus маркийн халдварт өвчнөөс хамгаалах хувцас хэрэглэлээс нийт 5,000 ширхгийг нийлүүлэх, эхний 3,000 ширхэг хувцасыг 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, үлдэгдэл 2,000 ширхгийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр худалдагч авагч Н.*******д нийлүүлэх, худалдан авагч нь хамгаалалтын хувцасны үнэд нийт 87,500,000 төгрөгийг төлөх, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөхөөр тус тус тохиролцсон байна. (хх-ийн 5)

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээнд талуудын гарын үсэг зурагдсан хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

1.в. Нэхэмжлэгч Н.*******г ******* ХХК-ийн захирлаар 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан ба дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн данснаас барааны үнэ гэсэн гүйлгээний утгаар хариуцагч Ж.*******ад шилжүүлсэн болох нь Голомт банк ХХК-ийн мемориалын баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох бөгөөд мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул Н.******* ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

1.г. Талууд гэрээний 3.3-т ... эхний 3,000 ширхэг хувцсыг 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, үлдэгдэл 2,000 ширхэг барааг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр худалдан авагчид хүлээлгэн өгнө гэж заасан боловч худалдагч Ж.******* нь гэрээний дагуу барааг нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс халдварт өвчнөөс хамгаалах хувцас нь нэхэмжлэгчид ашиггүй болсон учир тэрээр гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч Н.******* нь гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар хариуцагч Ж.*******аас шаардах эрхтэй. Мөн гэрээнд Д.*******, Ж.******* нар гарын үсэг зурсан, хамтран үүрэг гүйцэтгэгчид байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ж.*******аас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.*******аас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

2.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч Ж.******* 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн гардаж авсан боловч дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбар, татгалзлал гаргаагүй байна.

Мөн хариуцагч нь ******* ХХК-аас шилжүүлэн авсан 20,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй энэ талаарх гомдол үндэслэлгүй.2.б. Харин хариуцагч Ж.*******ын ... анхан шатны шүүх алданги 10,000,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй... гэсэн гомдлыг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хуульд нийцүүлэн хянан шийдвэрлэдэг. Ийм учраас нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон байхад анхан шатны шүүх гэрээний нэмэлт үүрэг болох алданги гаргуулсан нь хууль хэрэглээний алдаатай болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******аас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алданги нэхэмжилсэн 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/00723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.*******аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950... гэснийг ... хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ