Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 00047

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

           Нарийн бичгийн дарга С.Төртулах

           Улсын яллагч Э.Гантулга

           Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Бд холбогдох 201525031418 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймаг Алтай суманд 1954 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 65 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, радио техникч мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч Түмэнжаргал болон охины хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 5 удаагийн шийтгэлтэй,

-1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын районы ардын шүүхийн № 112 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн А-д зааснаар 01 жил хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж 400 төгрөгөөр торгох

-1986 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын районы ардын шүүхийн № 23 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн Б-д зааснаар 02 жилийн хорих ялаар

-1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын шүүхийн № 40 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3, 157 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хорих ялаар

-1991 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн № 152 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2-д зааснаар 03 жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 03 жилийг нэмж нэгтгэн бүгд 06 жилийн хорих ялаар

-2002 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн шүүхийн № 262 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 06 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Ишгомбын Б.   /РД: */

           Шүүгдэгч И.Б нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул рестароны үүдэнд иргэн Ч.Дчаас хүүхдийг нь Цагдаагийн академид оруулж өгнө гэж хуурч 500000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн гадаа иргэн Ч.Бсаас ТҮЦ-д цахилгаан залгуулж өгнө гэж хуурч 200000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг ддэвсгэрт иргэн Г.Бжаас Канад улс руу уул уурхайн чиглэлээр гаргана, АНУ явах урилга авч өгнө гэж хуурч 2450000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн иргэн П.Тбаас хүү Б.Эбыг нь Төмөр замын дээд сургуульд элсүүлэн суралцуулна гэж хуурч 1000000 төгрөгийг залилан авч бусдад нийт 4150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Бы өгсөн…...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд маань үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ч.Дчы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн……..Би урт цагаанд дархан хийдэг юм. Би өөрийн хүү Тэргэлчулууныг цагдаагийн академид оруулмаар байна гээд урт цагаан дээр үсчин хийдэг Ганаа гэх эмэгтэйд ярьсан юм. Тэгсэн чинь Ганаа надад найдвартай танай хүүхдийг сургуульд оруулаад өгөх хүн байна урьдчилгаа 500000 төгрөг өгдөг юм гэж хэлсэн. Тэгээд надад Сайхнаа гэдэг хүний 95159840 дугаарыг өгөөд яриад уулз гэж хэлсэн. Би 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сайхнаа гэх эмэгтэйтэй утсаар ярьж байгаад Туул рестароны өмнө 500000 төгрөг аваачиж өгсөн. Үүнээс хойш нэг удаа ярьсан чинь манай хүүхдийг сургуульд оруулж өгч чадахгүй нь дансныхаа дугаарыг өгчих гээд авсан. Тэгээд миний мөнгийг ч шилжүүлээгүй гар утсаа авахгүй одоо бүүр гар утасгүй болсон байна. Гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

Хохирогч Ч.Бсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......Би 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр таксинд явж байтал Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн тэнд үл таних 2 эмэгтэй гар өргөхөөр нь аваад 21 дүгээр хороолол орох замд ТҮЦ-ний тог тавиулах гээд чадахгүй байгаагаа санаандгүй хэлчихсэн чинь нэг эмэгтэй нь очиж үзье гээд Хар хорин цогцолборын хажууд байрлалтай манай ТҮЦ-ийг хараад зургийг нь авсан. Тэгсэн арай ахимаг насны эмэгтэй нь би баянгол дүүргийн эрчим хүчний яаманд таньдаг хүнтэй гээд нэг хүнтэй утсаараа ярьж байснаа надад 200000 төгрөг өгчихвөл хүн хоолонд оруулаад цахилгааныг чинь тавиулаад өгье гэхээр нь итгээд буцаж эргээд Дарь эх рүү гэртээ очиж эхнэрийг аваад 21 дүгээр хороолол руу явж нэг эмэгтэйг нь буулгаад наашаа Хархорин захын тэнд хоолонд оруулаад буцаж анх суусан Бөмбөгөр худалдааны төвийн үүдэнд ирж машин дотор бэлнээр 200000 төгрөг өгсөн. Миний мөнгийг аваад Бөмбөгөр луу орж үсний будаг аваад ирье гэж хэлээд буусан. Тэгээд хэсэг хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь тэр эмэгтэйн 95157885 дугаарын утас руу залгаж асуухад за байж байгаарай одоохон гарлаа үсээ янзлуулж байна гээд хэсэг хугацааны дараа дахин залгахад утсаа авахгүй болчихоор нь Цагдаагийн байгууллагад хандсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

Хохирогч Г.Бжын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо ГХЯ-ны урд талд Сайхнаа гэх үл таних эмэгтэй хүүхдүүдийг чинь Канад улс руу геологи уул уурхайн чиглэлээр гаргаж өгнө, таныг АНУ руу визийг чинь гаргаж өгнө гээд 2300000 төгрөг аваад одоог болтол сураггүй алга болсон Сайхнаа нь 1 жилийн өмнө надаас хөөрөг хийлгүүлж авна гэж танилцаж байсан. Надаас хөөрөг авч зарчихаад өгч байсан. Би Сайхнаад мөнгөө бэлнээр өгсөн.... Хахуульд нь 2 сая төгрөг хэрэгтэй гэсэн ба гадаад паспорт, диплом, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, тодорхойлолт зэрэг бүрдүүл гэсэн баримтуудыг нь бүрдүүлж мөнгөтэйгээ хамт гадаад явдлын яамны гадаа очиж уулзаад байж байхад гадаад явдлын яамнаас нэг өндөр бор хүүхэн гарч ирээд уулзсан ба хуралд орох гэж байна хурдал гэж хэлээд би 2450000 төгрөгийг бичиг баримтын хамт өгсөн. Ямар учраас 2450000 төгрөг болсон юм бэ гэвэл эхний хоёр хүүхэд явуулах асуудал нь 2 сая төгрөг, 450000 төгрөг нь намайг гадаад паспорт авч Америк явуулах урилга авч өгнө гэж хэлээд байхаар нь зөвшөөрч мөнгөө өгсөн юм гэх мэдүүлэг хараад  /1 дүгээр хавтаст хэргийн 224 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 03 дугаар хуудас/

Хохирогч П.Тбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......Тэгтэл нэг өдөр ээж та энэ дугаар луу залгаад асуучих мөнгө өгөөд сургуульд оруулдаг хүн гэнээ гээд 95594782 дугаарын утсыг өгөхөөр нь би тэр хүн лүү нь залгатал өө би оруулж өгч чадна найдвартай төмөр замын дээд сургуульд оруулж өгнө гэсэн. Тэгээд тэр хүнтэй байнга шахуу тэр дугаараар ярьдаг болоод тэр хүн надаас 2 удаа 200000 төгрөг, 1 удаа 600000 төгрөгийг тус тус дансаар авсан юм. Тэгээд сүүлийн 600000 төгрөгийг авснаас хойш таг болсон. Утас нь ч холбогдохоо больсон гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208 дугаар хуудас/

Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн........Нямхүү нь Сайхнаа гэдэг хүнийг дагуулж ирж Сараа дээр үйлчлүүлдэг болсон. 2015 оны 07 дугаар сарын үеэр Сайхнаа манай үсчингийн газар орж ирээд Сараа дээр үйлчлүүлж байхдаа зар мэдээ уншаад сууж байсан. Тэгээд өөрийг цагдаагийн академи болон төмөр замын сургуульд хүүхэд оруулна гэж хэлсэн. Тэгээд саяхан Эрхүү рүү тэтгэлгээр хүүхэд явуулсан гэж ярьсан. Манай дүүгийн хүүхэд өмнө нь цагдаагийн академид орох гээд орж чадаагүй ба би дүүдээ хэлье гэж бодоод Сайхнаагийн гар утасны дугаарыг авсан. Тэгээд би дүүдээ хэлсэн чинь жил өнгөрсөн болохоор ороогүй. Дараа нь Дчтай сургуулийн тухай ярилцаад сууж байсан чинь Дч хүүхдээ цагдаагийн академид тэнцсэнгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн академид оруулдаг хүн байсан чи яриад үз гээд Сайхнаагийн гар утасны дугаарыг өгсөн. Тэгээд Дч өөрөө Сайхнаа гэх эмэгтэйтэй уулзаад мөнгөө өгчихсөн байсан... 500000 төгрөг өгсөн гэсэн. Сүүлд Сайхнаа пахиад нэг сая төгрөг өгчих гэж байсан. Дч болохоор өгөөгүй гэсэн. Би мөнгө төгрөг өгч авалцахад нь байгаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Д.Зууннасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн........Таксинд явж байгаад сайн хүнтэй танилцлаа энэ нэг хүн ТҮЦ-ний тогийг тавиулаад өгье гэнээ гэж хэлээд удалгүй гэрийн гадаа нөгөө эгчтэй ирчихлээ гэхээр нь би гараад хамт явсан. Тэгээд би машинд суутал арын суудал дээр 2 эмэгтэй суучихсан явж байсан ба Хар хорин захын тэнд очоод манай ТҮЦ-ийг харсан. Тэгтэл нөгөө хоёр эмэгтэй өлсөөд байна хоолонд оруулаадхаач гэхээр нь манай нөхөр бид дөрөв хоолонд орчихоод гартал нэг эмэгтэй нь замын хажууд буугаад яваад өгсөн. Үлдсэн эмэгтэй нь буцаж Бөмбөгөр худалдааны төв дээр орно гэсэн. Бөмбөгөрийн гадаа ирээд зогстол бэлнээр 200000 төгрөг тоолж аваад би үсний будаг аваадхъя та хоёр хүлээж бай  гэсэн. Тэгээд бид хоёр хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь цагдаад хандсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

Гэрч Б.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн........Би тэр хүний дугаарыг ээждээ өгтөл манай ээж тэр хүнтэй утсаар ярьсан. Тэгтэл тэр хүн болно бүтнэ гэсэн зүйл ярьсан гэсэн. Би яг юу гэж ярьсан талаар мэдэхгүй. Манай ээж тэр хүнтэй байнга шахуу утсаар ярьдаг байсан. Тэгж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 15-16-ны үеэр Улаанбаатар хот төмөр замын вокзалын хойд талд байрлах байрнуудын голд уулзаад миний бичиг баримтуудыг аваад тэр хүн автобусанд суугаад яваад өгсөн. Тэр цагаас хойш тэр хүнтэй холбоо барьж чадаагүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 238 дугаар хуудас/

Сонгино хайрхан дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/

И.Бы иргэний үнэмлэхний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр хуудас/

Хохирогч П.Тбын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан И.Баас 1350000 төгрөгийг хүлээн авлаа. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 73 дугаар хуудас/

Хохирогч Г.Бжт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудас/

Хохирогч Ч.Бс, Ч.Дч, Г.Бж, П.Тб нар луу мөрдөгч гар утсаар холбоо барьж хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд өмнө нь танилцаж байсан ба хохирлоо барагдуулж авсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй  гэснийг тэмдэглэл болгон бичин авсан мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           Шүүгдэгч И.Б нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул рестароны үүдэнд иргэн Ч.Дчаас хүүхдийг нь Цагдаагийн академид оруулж өгнө гэж хуурч 500000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн гадаа иргэн Ч.Бсаас ТҮЦ-д цахилгаан залгуулж өгнө гэж хуурч 200000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг ддэвсгэрт иргэн Г.Бжаас Канад улс руу уул уурхайн чиглэлээр гаргана, АНУ явах урилга авч өгнө гэж хуурч 2450000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн иргэн П.Тбаас хүү Б.Эбыг нь Төмөр замын дээд сургуульд элсүүлэн суралцуулна гэж хуурч 1000000 төгрөгийг залилан авч бусдад нийт 4150000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч И.Бы бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж шунахай сэдэлттэй шууд санаатай тодорхой үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч И.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан ял оногдуулахдаа улсын яллагчаас санал болгосон хуульд заасан буюу 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд 8 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, мөн шүүгдэгч И.Б нь энэ хэргийн улмаас 133 хоног цагдан хоригдсон байх ба цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцоход 1995000 төгрөг болж байх тул түүнд оногдуулсан торгох ялаас нь хасч ял эдэлсэнд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Бс, Ч.Дч, Г.Бж, П.Тб нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 133 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас:

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Бэсүд овогт Ишгомбын Быг бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Б нь 800000 төгрөгийн торгох ялыг 08 сарын хугацаанд 8 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан И.Бы цагдан хоригдсон 133 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хасч тооцсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, И.Б нь 133 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. И.Бд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн № 16 дугаартай захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол И.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН