| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06094/и |
| Дугаар | 5224 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 5224
| 2016 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2016/05224 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 4,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2014 онд өөрийн танил н.*******ээр дамжуулан Л.*******тай танилцсан. Тухайн үед Л.******* нь хөдөө гэрт байгаа аавын бие муу эм тарианы мөнгө шилжүүлэх, мөн машиндаа өвлийн 4 дугуй авах, бас бусад жижиг засвар хийх шаардлагатай байна гээд надаас мөнгө зээлсэн. Энэ тухай зээлийн гэрээ байгуулсныг нотлох баримтаар хавсаргав. Анх зээлж авсан 2,000,000 төгрөгөөс 4 сарын хүү 640,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө огт төлөөгүй тул би энэ харилцаагаа баталгаажуулж зээлийн гэрээг бичгээр хийсэн. Ингэхдээ үндсэн зээл болох 2,000,000 төгрөг дээр 8 сар 15 хоногийн хүү болох 1,300,000 төгрөг нэмэгдэж, нийт 3,300,000 төгрөг дээр бичгээр гэрээ хийсэн. Бид харилцан зөвшөөрч сайн дурын үндсэн дээр энэ гэрээг хийсэн болно. Одоо мөнгөө нэхэхээр төлж чадахгүй шүүхээр шийдүүл гэх болсон. Иргэн би өөрийн зөрчигдсөн эрх ашиг, сонирхлыг хамгаалуулахаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар хандаж байна.
Иймд үндсэн зээл 3,300,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алдангид 1,650,000 төгрөг, нийт 4,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.******* шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,300,000 төгрөг, алданги 1,650,000 төгрөг, нийт 4,950,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.*******д нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр 6 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сард амаар харилцан тохиролцож, Ц.******* нь 2,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, Л.*******д шилжүүлсэн бөгөөд уг тохиролцоогоо баталгаажуулж, үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүүд 1,300,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгт бичгээр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”-аар бичгээр байгуулах хэлцлийг амаар харилцан тохиролцож хийсэнийг хэлцэл хийсэнд тооцох үндэслэлтэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй боловч зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сард зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй юм.
Хариуцагч Л.******* нь зээл авснаас хойш хүүд 640,000 төгрөг төлсөн байх бөгөөд энэ нь тухайн зээлийг 8 хувиар авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул үндсэн зээл 2,000,000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлгүй байна.
Эдгээрээс үзэхэд бодитоор зээлсэн 2,000,000 төгрөгийн зээлээс Л.******* нь төлөөгүй, зохигчдын харилцан тохирсоны дагуу хүү төлсөн байна.
Зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3,300,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу Л.*******д нэхэмжлэгч Ц.******* нь мөнгө шилжүүлээгүй буюу бодитоор 3,300,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй тул энэхүү гэрээний дагуу хүү болон алданги нэхэмжлэх эрхгүй юм.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй байх тул мөн хуулийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 1,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд 2014 оны 12 дугаар сард зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг, алдангид 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Л.*******д 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болох шүүх хуралдааны товыг түүний албан ёсны болон шүүхэд өгсөн хаяг болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 27 дугаар байрны 57 тоотод оршин суух хаягийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгджээ.
Ийнхүү хариуцагч Л.******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.*******гаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэхэмжлэлээс 1,950,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ