Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 00032

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч О.Баярсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-д  холбогдох 1832001890023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймаг Эрдэнэ суманд 1972 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, * оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа мал маллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Чойжингийн Г. /РД:*/

            Шүүгдэгч Ч.Г нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Ханангийн ар гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 55 ширхэг буюу 2.4 м3 нойтон улиангар модыг бэлтгэж ойн санд 1028160 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гын өгсөн…... 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ханангийн ар гэх газраас зөвшөөрөлгүйгээр 55 ширхэг нойтон улиас модыг бэлтгэсэн нь үнэн. Уг модыг би ганцаараа бэлтгэсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч А.Асгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…… Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 342720 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учирсан байна. Уг бодит хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 1 дэх заалтанд ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж тооцно шэх заалтын дагуу тооцвол 1028160 төгрөгний хохирол болох тул уг хохирлыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн этгээдээс нэхэмжилнэ гэх /Хх-н 45 дугаар хуудас/

Гэрч Г.Этгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ……. 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орой өвөлжөө дээрээ ирсэн чинь Г ах манай өвөлжөөний зүүн урд байдаг модноос тайраад модоо зөөгөөд өвөлжөө дээр авчирсан байсан. Би мэдээд Г ахад ингэж дураараа мод бэлтгэж болдоггүй юм мод бэлтгэхэд зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм гэсэн чинь ах нь говиос ирсэн болохоор мэдсэнгүй ээ тэгээд хашаа барина гэж бодоод бэлтгэчихлээ гэж хэлсэн тэгэхээр нь би нэгэнт бэлтгэсэн бол хашаагаа баръя гэж хэлээд Г ах эхнэрийнхээ дүү Ганзориг гэх залууг дуудаад цуг хашаа барьсан юм гэх мэдүүлэг /Хх-н 48 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 2019/01 …….. Хариулт:

Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Баянгол сум нь хамгаалалтын бүсийн ой, 1 дүгээр мужид хамаарагддаг. Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай 394 дугаартай тушаалд 1 дүгээр мужийн ойд 1 шоометр хэрэглээний улиас мод нь 102000 төгрөг байхаар тогтоосон. Нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр үржүүлнэ. Үүнд: хэрэглээний мод /нойтон/ 1,4 байна.

Нойтон улиас мод 2,4 метр куб х 102000 төгрөг х 1,4 = 342720 төгрөг

Экологи эдийн засгийн үнэлгээ нь 342720 /гурван зуун дөчин хоёр мянга долоон зуун хорин төгрөг/ болж байна гэх /Хх-н 57-58 дугаар хуудас/

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн № 18-04-322/01 .........

1.Ойн санд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 342720 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 342720 төгрөг х 3 = 1028160 /нэг сая хорин найман мянга нэг зуун жаран төгрөг/ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төрийн сан 100130800955 дансанд тушаалгаж нөхөн төлүүлэх нь зүйтэй гэх /Хх-н 62 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 07-13, 20-27 дугаар хуудас/

            Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 28-37 дугаар хуудас/

            Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /Хх-н 38 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 69 дүгээр хуудас/

            Ч.Гын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 70 дугаар хуудас/

            Ч.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 73 дугаар хуудас/

            Ч.Г нь ойн санд учруулсан хохиролд 1028160 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 74 дүгээр хуудас/ зэрэг болно.         

 

             Шүүгдэгч Ч.Г нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Ханангийн ар гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 55 ширхэг буюу 2.4 м3 нойтон улиангар модыг бэлтгэж ойн санд 1028160 төгрөгийн  хохирол учруулсан

болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Ч.Гын зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойнсанд 1028160 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Г нь ойн санд учруулсан хохиролд 1028160 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.Г нь ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь тогтоогдсон бөгөөд хууль бусаар бэлтгэсэн 55 ширхэг нойтон улиангар модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг 55 ширхэг модыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Бэсүд овогт Чойжингийн Гыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүйбусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 55 ширхэг нойтон улиангар модыг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.ХЭРЛЭН