Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/0051

 

 Ө.А-ийн гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                                 Г.Банзрагч

                                                                               Х.Батсүрэн

                                                                               Ц.Цогт                                           

            Илтгэгч шүүгч:                                   П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                   Т.Даваажаргал

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/45 дугаар тогтоол,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар магадлалтай,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/45 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Өмгөөлөгч Ө.А нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.С-ын холбогдсон эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт, тодорхой нэр бүхий ажиллагаануудыг хийлгэх хүсэлтийг Баянгол дүүргийн прокурорын газарт гаргаж байжээ. Гэвч иргэн Б.С нь “Ө.А-тай уулзаагүй, өмгөөлөгчөөр сонгоогүй” гэж маргаж, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн тасгийн даргаар ажиллаж байсан Д.Б “өмгөөлөгч Ө.А-тай таарч Б.С-ын талаар хэлсэн одоохондоо өмгөөлөгчгүй байгаа юм байна, чиний нэрээр хүсэлт биччихье, хэдэн лавлагаанууд авах шаардлагатай байгаа гэсний дагуу Ө.А-ийн нэрээр тухайн хэрэг дээрх хүсэлт бичиж өгсөн байдаг юм” гэж тайлбарлажээ.

3.Энэ үйл баримттай холбогдуулан өмгөөлөгч Ө.А-аас “... зөрчил гарах үед хүчин төгөлдөр байгаагүй хуулиар хариуцлага хүлээлгэсэн, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үйл явдлаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж, хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хорооноос “... БНХАУ-ын иргэнд туслалцаа үзүүлэхдээ ямар нэгэн гэрээ хүсэлт байхгүйгээр зөвхөн мөрдөгчийн гуйлтаар бичиж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гомдол ирснээс хойш 3 жилийн хугацаа өнгөрөөгүй ...” гэж тус тус маргасан байна.

4.Мөн өмгөөлөгч Ө.А нь Б.Б-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаж, хүсэлтийн хамт “эрүүл мэндийн дэвтэр” гэх хуулбар баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж, 2021/ЕШЗ/1089 дугаартай захирамжаар хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилжээ.

5.Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9/4-4124 дүгээр албан бичгээр, дээрх хүсэлттэй холбогдуулаад “эрүүл мэндийн дэвтэр гэх баримтыг хуурамч болохыг нягталж шалгаагүй” гэх үндэслэлээр Ө.А-д хариуцлага тооцуулах агуулгатай мэдээлэл ирүүлжээ.

6.Өмгөөлөгч Ө.А-аас “...Б.Б өөрөө тамга тэмдэг гарын үсэгтэй бичиг баримтыг надад өгснийг шүүхэд дамжуулж өгсөн, тухайн баримтыг хуурамч эсэхийг нягталж шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй, дээрх баримтыг хуурамч гэдгийг ямар нотлох баримтаар тогтоосон нь ойлгомжгүй, хяналт тавьж байгаа прокурор тухай баримтыг хуурамч эсэхийг шалгуулах бүрэн боломжтой байсан, мөн тус баримт нь хэргийн материалд байхгүй, мэдэгдэхгүй байгаа баримтыг үндэслэж хариуцлага хүлээлгэсэн” гэж, Мэргэжлийн хариуцлагын хорооноос “... Хуурамч баримт бичиг өгүүлсэн гэдгийг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсэн даруйдаа үйлчлүүлэгчдээ үйлчилгээ үзүүлэхээс татгалзах боломжтой байсан ...” гэж тус тус маргасан. 

7.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/45 дугаар тогтоолоор “өмгөөлөгч Ө.А-ийн зөрчил нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өмгөөлөгч Ө.А-д “Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмд зааснаар хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй байна” гэж өмгөөлөх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/45 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцааж шийдвэрлэжээ.

8.1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 5.2-т “Маргаан үүсгэх тухай шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно” гэж заасны дагуу маргаан үүсгэсэн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

8.2.Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл тус бүрт үндэслэл бүхий дүгнэлтийг хийхгүйгээр маргааныг шийдвэрлэж, өмгөөлөгч Ө.А-д ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн байна.

8.3.Өмгөөллийн тухай хуулийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болоогүй байсан гэж маргаж энэ тохиолдолд өмгөөлөгч Ө.А-ийн гаргасан гэх зөрчилд Өмгөөллийн тухай хууль болон 2020 онд батлагдсан Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг буцаан хэрэглэх эсэх, эсхүл тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дүрэм, журмын дагуу шийдвэрлэх эсэх талаар буюу аль хэм хэмжээг хэрэглэж маргааныг шийдвэрлэх ёстой талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж маргааныг хянан шийдвэрлэх ёстой.

8.4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан маргааны материалаас үзэхэд, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь яллагдагч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн нь тухай хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх талаар тодруулаагүй буюу энэ талаарх баримтыг огт цуглуулахгүйгээр өмгөөлөгч Ө.А-д зөрчил гаргасан гэж үзэж хариуцлага хүлээлгэсэн.

8.5.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсүгэй гэсэн нь яг ямар хугацаагаар түдгэлүүлэх хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй байна.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

9.1.Давж заалдах шатны шүүх зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас гаргасан гомдлыг дүгнэн шийдвэр гаргаж, БНХАУ-ын иргэний гаргасан гомдлыг хянаагүй орхигдуулсан.

9.2.Өмгөөлөгч Ө.А нь БНХАУ-ын иргэн Б гэгчтэй огт уулзаж байгаагүй атлаа түүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа мэтээр прокурорт хүсэлт гаргасан, мөн өөрөө маргаан хянан шийдвэрлэх хуралдаан дээр мөрдөгчийн гуйлтаар бичиж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

9.3.Өмгөөлөгчдийн Холбоо нь дан ганц өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалаад зогсохгүй иргэдийн эрх ашгийг нэгэн адил хамгаалах, адил тэгш хандах ёстой. Хуульч, өмгөөлөгч хүн хариуцлагаас чөлөөлөгдөх, хуулийг хийдүүлэх үйлдэл гаргаж болохгүй гэжээ.

10.Гомдол гаргагчийн өмгөөлөгчид 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

11.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, маргааны үйл баримтад шууд ач холбогдолгүй нотлох баримт цуглуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгож, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлээ.

12.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан, Өмгөөллийн тухай хууль нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрийн мэдээлэл хэвлэгдэж, 10 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон энэхүү маргааны үйл баримтад 2019 оны Өмгөөллийн тухай хуулийг хэрэглэхгүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэглэнэ.

13.Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хуульч нь дараах мэргэжлийн үйл ажиллагаа явуулна”, 24.1.3-т “иргэн хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, өмгөөлөгч Ө.А нь эрүүгийн хэрэгт холбогдсон Б.С гэх хүнтэй биечлэн уулзаагүй, ямар нэг байдлаар холбогдоогүй, түүнээс тайлбар аваагүй, болсон явдлын талаар сонсоогүй, түүний холбогдсон хэргийн материалтай танилцаагүй атлаа хэрэг бүртгэлийн ажиллагаанд өмнөөс нь хүсэлт гаргаж, гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөнд тооцогдоно.

14.Учир нь аливаа асуудлаар, ялангуяа эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаа этгээд тухайн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар түүнийг шалгаж байгаа мөрдөн байцаагч биш тухайн холбогдогч өөрөө хүсэлт гаргах эрхтэй, энэхүү эрхийг хангаж ажиллах нь өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

15.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “энэ хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн хуульчид Мэргэжлийн хариуцлагын хороо ... хариуцлага хүлээлгэнэ” гэж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хуульч нь хууль зүйн үйлчилгээ /цаашид “үйлчилгээ гэх/-ний зорилго, хүрээ, шийдлийг тодорхойлохдоо үйлчлүүлэгчийн хүсэл зориг, ашиг сонирхолд үндэслэх бөгөөд үйлчилгээний зорилго, арга замын талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөнө. Хуульч нь үйлчлүүлэгчийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах бөгөөд түүнд дарамт, шахалт үзүүлж болохгүй”, 2.2 дугаар зүйлийн 1-д “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нь харилцаа нь үйлчлүүлэгчийн хүсэлт, гэрээнд үндэслэнэ” гэснийг өмгөөлөгч Ө.А зөрчсөн байна.

16.Мэргэжлийн хариуцлагын хороо нь хоёр зөрчлийн хүрээнд маргаан үүсгэн, шалгах ажиллагаа явуулснаас нэг зөрчил буюу үйлчлүүлэгчтэй тохиролцолгүйгээр хэрэг бүртгэх ажиллагаанд хүсэлт гаргасан зөрчил бүрэн тогтоогдсон, уг зөрчилтэй холбоотойгоор дахин шалгах зүйл байхгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болжээ.

17.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана” гэсэн үүргээ зөрчсөн, уг зөрчилд хариуцлага хүлээх нь гарцаагүй, нөгөө талаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 20.5 дугаар зүйлийн 3-т “Зөрчилд шийтгэл ногдуулахдаа дараах хүчин зүйлийг харгалзана, 3.1-т “зөрчлийн хүрээ”, 3.6-д “зөрчил нь хуулийн засаглал, шүүх эрх мэдэл, болон хуульчийн мэргэжилд итгэх олон нийтийн итгэлд нөлөөлөх байдал” гэж заасан эрх хэмжээний хүрээнд өмгөөлөгч Ө.А-д хүлээлгэсэн хариуцлага нь зөрчлийн шинж байдалд тохирсон, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

18.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлэх” гэж заасан, Мэргэжлийн хариуцлагын хорооны 45 дугаар тогтоолын “тогтоох” хэсэгт “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсүгэй” гэж бичсэн нь ойлгомжгүй боловч энэ нь тухайн тогтоолыг бүхэлд нь хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болохгүй, учир нь хуралдааны тэмдэглэлд “2 жилийн хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв” гэсэн нь тодорхой тусгагджээ.

19.Өмгөөлөгчийн “Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан зохицуулаагүй, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2019 оны Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан, тухайн тохиолдолд зөрчил 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гарсан, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр маргаан үүсгэсэн, Маргаан хянан шийдвэрлэх журмын 5.2-т “маргаан үүсгэх тухай шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно” гэж заажээ.

20.Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар магадлалыг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/45 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                Х.БАТСҮРЭН

                                                                                                Ц.ЦОГТ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ