Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 5

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

   ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ,ХЭРГИЙГ

     ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Х.Ц-ын Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст холбогдуулан гаргасан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх-ийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ц-д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 1997 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүн ам зүй, эмэгтэйчүүдийн бодлого хариуцсан ажилтнаар орж, ажилласнаас хойш төрийн байгууллагад 19 жил, Хөдөлмөрийн хэлтэст 15 ижл ажиллаж байна. Ховд аймгийн Засаг даргын 1999 оны 1 сарын 05-ны өдрийн 02 дугаар захирамжаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 01-ний өдрийн 5/21 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс нэгдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсонтой холбоотой тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний хийж байсан ажил, албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Б нь төрийн албан хаагчийн мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага, мэргэшлийн түвшний үнэлгээг харгалзахгүйгээр ажилтнуудыг сонгон авч, мөн олон хүнийг ажлаас халж байна.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Ц-д шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Миний бие Х.Ц-д нь тус шүүхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Одоо би Ховд их сургуулийн хүний нөөц, хөдөлмөр зуучлалын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Ц-д нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст холбогдуулан гаргасан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх-ийг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, нэхэмжлэгч Х.Ц-г нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Х.Ц-ын Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст холбогдуулан гаргасан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурьдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.ЯНЖИНДУЛАМ