Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 010

 

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн

Хөвсгөл аймгийн газрын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газрыг төлөөлж Б.Оюунтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чимэдсэнгэ нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 679 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зам гүүр барилга угсралтын “Хөвсгөл зам” ХХК-нд холбогдох

Гэм хорын хохирол 1.899.370 /нэг сая найман зуун ерэн есөн мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зам гүүр барилга угсралтын Хөвсгөл зам ХХК нь Мөрөн сумын 1 дүгээр хороо чиглэлд хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэж байхдаа 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 17:50 цагт манай компанийн хариуцсан Алаг-Эрдэнэ, Хатгал чиглэлийн сум хоорондын газрын шилэн кабелийг тасалж гэмтээснийг манай байгууллага өөрсдийн хөрөнгөөр засварласан. Энэ гэмтлийн улмаас манай байгууллагад 1.899.370 төгрөгийн хохирол учирсан юм. Уг гэмтлийг болон хохирлын тооцоог хариуцагч тал хүлээн зөвшөөрч 2014.05.03-ны өдрийн “Хот хоорондын шилэн кабель гадны нөлөөтэй таслагдсан гэмтлийн акт”-д гарын үсэг зурсан юм. Ингээд хохирлыг төлөхгүй байгаа учир манай компани хариуцагч талд удаа дараа төлбөр хохирлоо төлөхийг албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр хохирлыг төлөхгүй, байгууллагыг хохироож байгаа тул хохирол 1.899.370 төгрөгийг хариуцагч “Хөвсгөл зам” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Монгол Улсын харилцаа холбооны газраас олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчид байгаа харилцаа холбооны шугам сүлжээг хариуцаж, шугамын хариуцах хамгаалах зурваст ямар нэгэн ажил үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахдаа манай байгууллагаас зохих зөвшөөрөл, техникийн нөхцөл авсны дараа ажил үйлчилгээ явуулах боломжтой байдаг. Хариуцагч тал манай байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулж манай байгууллагад 1.899.370 төгрөгийн хохирол учруулсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороонд “Хөвсгөл Зам” ХХК үйл ажиллагаа явуулсан. “Райдер Серч” ХХК зургийн компани нь манай байгууллагаас 5, 6 дугаар хороонд зураг гаргахаар техникийн нөхцөл авсан. Харин 1 дүгээр хороо чиглэлд техникийн нөхцөл зөвшөөрөл аваагүй. Хаанаас тийм тамга тэмдэггүй баримт олж авсныг бол мэдэхгүй байна. Манай зүгээс ямар нэгэн баталгаажсан баримт гараагүй. Замын ажил хийгдэж байгаа тохиолдолд манай байгууллага хөндлөнгийн хяналтыг байнга хийж байдаг. Техникийн нөхцөлөө авсан бол мэргэжлийн хүмүүсийг заавал байлцуулдаг. Хариуцагч компани нь албан ёсоор техникийн нөхцлөө авсан байсан бол ийм асуудал гарахгүй байх байсан. Иймд бидний хохирлыг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Зам гүүр барилга угсралтын “Хөвсгөл зам” хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан тайлбартаа: ... Ажил эхлэхийн өмнө бид техникийн нөхцөл авахад газрын кабель айлын хашаан дотор байгаа гэсэн зураглал өгсөн. Гэвч бодит байдал дээр кабель зургийн дагуу хийгдээгүй байсан. Иймд бид тухайн кабелийг зураг төсвийн дагуу хийгдээгүй инженерийн байгууламж гэж үзэж тухайн компаниас шилэн кабелийн шугам сүлжээний ажлын зураг, бидэнд өгсөн зураг өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөн талаарх авторын дүгнэлт, хүлээн авсан комиссын акт зэргийг шаардсан боловч бидэнд огт өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Манай компанийн зүгээс бидэнд өгсөн зураглал өөрчлөгдсөн талаарх авторын дүгнэлт, комиссын акт зэрэг баримт нотолгоо байгаа тохиолдолд төлбөрийг төлнө гэсэн тайлбартайгаар гэмтлийн актанд гарын үсэг зурсан. Иймд бид нэхэмжлэлийг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чимэдсэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага бол гүйцэтгэгч байгууллага юм. “Райдер Серч” ХХК нь тендерт ялаад манай байгууллагад зураг төслөө гаргаж өгсөн. Энэ зургийн дагуу манайх ажлаа хийсэн. Манай талаас акт дээр гарын үсэг зурахдаа тасалсан нь үнэн, танай байгууллага энэ зургийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол албан ёсны зургаа гаргаад өгөөрэй гэж хэлсэн. 2015 оны 08 дугаар сард манай байгууллага анхан шатны шүүх хуралдаанд 1. Мөрөн сумын 1 дүгээр хорооны газрын зураг төслийг ямар компани хийсэн юм бэ?. 2. Кабелийг буулгах ажлыг ямар компани гүйцэтгэсэн, 3. Актаа танай байгууллагад ямар үндэслэлээр хүлээлгэж өгсөн юм бэ? гэсэн зүйлүүдийг нотлоод өгөөч гэж хэлж байсан. Одоо болтол энэ асуудлыг нотлоогүй л байгаа. Мөрөн сумын 5 дугаар хорооны зургийг яаж авсан нь тодорхойгүй байна гэж тайлбарлаж байна. … “Райдер Серч” ХХК зураг төслөө гаргаж, түүний дагуу манайх ажлаа гүйцэтгэсэн. Дараагийн эрсдлийг зураг төсөл хийсэн компани нь хариуцна шүү дээ. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа зураг дээр агаарын кабель, шилэн кабелийн зураг байдаг. Шилэн кабель нь айлын хашааны гадуур, агаарын кабель нь хашаан дотор явсан байдаг. Бид нар хашааны гадуур ажлаа хийгээд байж байтал шилэн кабел нь таслагдчихдаг. Манай байгууллага кабел тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Зургаа зөрчөөд ажлаа гүйцэтгэсэн үгүйг нотлох хэрэгтэй шүү дээ. Зургийн дагуу л ажлаа гүйцэтгэсэн. Тухайн зам 1.1 км зам байсан. Энэ замтай тухайн кабель паралель байсан. Зам яагаад мурийсан талаар мэдэхгүй байна. Замын ажилтай, кабель давхцсан, хөндлөн гарсан тохиолдолд тусламж, зөвшөөрөл авах л байсан. Зураг төслийг хийсэн компани нь бүх техникийн нөхцлийг хангаад барилга хот байгуулалтын газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, Худалдан авах ажиллагааны газар зэрэг газруудаар дамжиж ирсэн зураг юм. Манай байгууллага тендерт орохын өмнө зураг төслөө авдаг. Журмынхаа дагуу авсан зураг гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 679 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл аймгийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Зам гүүр барилга угсралтын Хөвсгөл зам хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох гэм хорын хохирол 1.899.370 /нэг сая найман зуун ерэн есөн мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.340 /дөчин таван мянга гурван зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяржаргал давж заалдах гомдолдоо: … шугамын хамгаалах зурваст ямар нэгэн ажил үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахад тухайн байгууллага нь манай байгууллагад хандаж “Зохих зөвшөөрөл, техникийн нөхцөл” авсны дараа ажил үйлчилгээ явуулдаг. Гэтэл хариуцагч “Хөвсгөл зам” ХХК нь манай байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр, дураараа үйл ажиллагаа явуулж, манай шугамын шилэн кабелийг гэмтээж, гэм хорыг учруулж, манай байгууллагад 1.899.370 төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар хоёр байгууллага нь харилцан ойлголцож зөрчлийн акт үйлдэж уг актад хариуцагч талын захирал Цэрэнхүү нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэгэнт хүлээн зөвшөөрсөн хохирлыг /1.899.370 төгрөгийг/ төлөхгүй байгаагаас манай байгууллага шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой холбогдох баримтаа /зургаар/ манайх файлаар болон бичгийн хэлбэрээр мэргэжлийн байгууллага болох Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газраас /ГХБХБГ / авч өгсөн. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч байгууллагын гарган өгсөн зураг болон файлыг хариуцагч тал ямар нэгэн баримтаар няцаагаагүй, нотолгооны шаардлагыг бүрэн хангасан байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай боллоо.

Иймд Анхан Шатны Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан “Нэхэмжлэл”-ийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          Нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн газар гэм хорын хохирол 1.899.370 төгрөгийг “Хөвсгөл зам” ХХК-аас гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба хариуцагч шилэн кабель нь манай компанид өгсөн техникийн нөхцөл болох план зургийн дагуу хийгдээгүй тул хохиролыг хариуцахгүй  гэж маргажээ.

          Хариуцагч “Хөвсгөл зам” ХХК нь Мөрөн  сумын 1 дүгээр хорооны чиглэлд хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэж байхдаа 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр сум хоорондын шилэн кабель тасалж гэмтээсэн, үүний улмаас 1.899.370 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн шилэн кабелийн зураглалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй ирүүлсэн тухайлбал, зураглал нь засвартайгаас гадна зураглал үйлдсэн албан тушаалтны нэр, хаяг, огноо бичигдээгүйгээс нотлох баримтанд үнэлээгүй нь хуульд нийцсэн байна.

        Хариуцагч нь Мөрөн сумын 1 дүгээр хороо, Алаг-Эрдэнэ сумын шилэн кабелийн угсралт суурилуулалтын ажлын зураг, зохих техникийн нөхцлийн дагуу хийж гүйцэтгэсэн, авто замын барилгын ажил гүйцэтгэх замын зургийг гүйцэтгэсэн   “Райдер Серч” ХХК тухайн үед зохих зөвшөөрөл болон шилэн кабелийн техникийн нөхцөл авах үеийн агаарын болон газрын кабелийн зураглалыг нэхэмжлэгч байгууллагаас зохих журмын дагуу авсан нь хэрэгт авагдсан шилэн кабелийн зураглал, нэхэмжлэгч байгууллагын дансанд хураамж төлсөн тухай нэхэмжлэлийн баримтаар батлагдаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч байгууллагаас зохих зөвшөөрлийг авсан гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагчийн гэм буруугийн хэм хэмжээг тогтоох боломжгүй, хариуцагч өөрийн татгалзлалаа нотлох баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчид учирсан 1.899.370 төгрөгийн хохирлыг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагчаас хохирол 949.685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 679 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Хөвсгөл зам” ХХК-аас хохирол 949.685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 949.685 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Хөвсгөл зам” ХХК-аас 27.342 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Хөвсгөл аймгийн газарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.340 /дөчин таван мянга, гурван зуун дөч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Т.ГАНБАТ