Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 218

 

Ж.Ганзоригт холбогдохэрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Соёмбо,

ялтан Ж.Ганзоригийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,

хохирогч Г.Гүнчин-Иш,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Гүнчин-Ишийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Ганзоригт холбогдох 201626021788 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөхдан овогт Жаргалсайханы Ганзориг, 1982 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Талын фокус” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29-92 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УУ82050719/,

Ж.Ганзориг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны “Жагаа-с Лоунж”-ийн гадна иргэн Г.Гүнчин-Ишийг илтэд үл хүндэтгэн танхайрч, шалтгаангүйгээр маргалдан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Хөхдан овогт Жаргалсайханы Ганзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэж буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганзоригийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Ганзоригт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ж.Ганзоригт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар Ж.Ганзориг нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол  цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулж,

хохирогч Г.Гүнчин-Иш нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Ж.Ганзоригт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Гүнчин-Иш гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Ж.Ганзориг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй” гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс шинжээч эмч Д.Мөнхбатын мэдүүлгийн “уг гэмтэл нь тухайн цагт үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй” гэснийг үндэслэн нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Миний нүүрний баруун талд мэдрэлийн судас буюу баруун инфра орбитал нь нүдний ухархайн доод хананы цөмрөлтэй хэсэгт тасарсан нь анх авагдсан компьютер томографийн зураг болон надад нүдний ухархайн доод хананы хугарал нөхөх хагалгаа хийсэн мэс засалч эмч Д.Төмөрбаатараас тодруулах боломжтой байх тул Ж.Ганзоригт холбогдох 201626021788 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан Ж.Ганзоригийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Ганзоригт холбогдох эрүүгийн 201626021788 дугаартай хэрэг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Ингээд эрүүгийн хэрэг үүссэнээс хойш бүтэн 7 сарын дараа шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ 7 сарын хугацаанд хохирогч Г.Гүнчин-Иш өөрт учирсан гэмтлээ бүрэн дүүрэн тогтоолгох хангалттай бололцоо байсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд хохирогч өөрөө нотлох баримт гаргаж өгөөгүй мөртлөө одоо хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Ж.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Анхан шатны шүүх хохирогч Г.Гүнчин-Ишийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь хууль зүйн хувьд нээлттэй болохыг шийтгэх тогтоолдоо дурдаж уг тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад тодорхой заасан билээ. Иргэний хуулийн 513 дугаар зүйлд заасны дагуу хохирогч Г.Гүнчин-Иш өөрийнхөө эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн бол шүүгдэгч Ж.Ганзоригоос уг төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Гүнчин-Ишийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг тухайн үед хохирогчийн биед учирсан зовиур болон өөрийнх нь гэмтэл авсан байдлаа хэлсэн байдлаар  гаргасан. Энэ шинжээчийн дүгнэлтээс хамаарч Ж.Ганзоригийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж улмаар анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хохирогчийн ярьж буй нүдний гэмтлийг дахин шалгуулах хэрэгтэй гэх үндэслэлээр хэргийг нэг удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүний дагуу шинжээч эмч Д.Мөнхбатаас мэдүүлэг авахад “Тухайн үед хохирогч мэдрэлийн эмчид үзүүлээгүй. Уг гэмтэл оношлогдоогүй байсан байна. Иймд шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй. Энэ гэмтлийг тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн. Хохирогч энэ асуудлыг бүх шатанд хэлж байсан гэж байгаа боловч эмчид үзүүлсэн гэсэн баримт байхгүй. Бид “та энэ талаар баримтаа аваад ир, Солонгос Улсад эмчлүүлэх гэж байгаа бол үзүүлэх гэж буй эмчийн бичигээ өгөх хэрэгтэй. Таны амаар хэлсэн зүйлийг цааш шалгах боломжгүй” гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл хохирогч өнөөдрийн байдлаар энэ талаарх баримтаа авчраагүй байна гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотловол зохих бүхий л асуудал нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

            Ж.Ганзоригт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн гүйцэт тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь энэ хэргийг урьд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 300 дугаар шүүгчийн захирамжид заасан “...хохирогч Г.Гүнчин-Иш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “нүүрний мэдрэлийн судас тасарсан гэмтэл учирсан” гэж мэдүүлж байх тул уг гэмтэл нь түүний бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй байгаа байдлыг тодруулах” гэсэн заалтыг мөрдөн байцаалтын шатанд  биелүүлээгүй байхад анхан шатны шүүх хэргийг дахин хүлээн авч эцэслэн хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүгдэгч Ж.Ганзориг нь “хохирогч Г.Гүнчин-Ишийн нүүрэн тус газарт цохисноос болж хохирогчийн нүүрний өнгөц мэдрэлийн судас тасарсан”, “хохирогч нь тухайн үед нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулаагүй учир шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй” гэх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан нотолбол зохих асуудлыг бүрэн шалгах шаардлагатай байх тул хохирогч Г.Гүнчин-Ишийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Ганзоригт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан тус дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ж.Ганзоригт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                                           Ц.ОЧ