Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00806

 

 

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/00806

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/00505 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох илүү төлсөн 18,836,715 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК нь 4 ширхэг самбарыг актаар хүлээн авч гүйцэтгэгч талд 35,000,000 төгрөгийг ажлын 5 хоногийн дотор шилжүүлэн өгөх, хэрэв гүйцэтгэгч тал эвлэрлийн гэрээний дагуу ажлыг /4 самбарыг/ гүйцэтгээгүй тохиолдолд 60,192,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү эвлэрлийн гэрээнд заасан ажлаас 2012 оны Тасганы овооны баруун талын уулзварын самбарны (8м*16м 1 талт) 26,400,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн, тухайн байршилд байршуулсан байхад төлбөл зохих үнийн дүнгээс хасаж тооцоогүй. Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14250190 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд захирамжийн биелэлтийн дагуу ******* ХХК, ******* их дэлгүүр, түүний захирал Н.******* гишүүний сонгуулийн сурталчилгааны ажил зэрэг хаяг, реклам, самбар, хулдаасан хэвлэлийн ажлыг гүйцэтгэж, 1731 дугаар захирамжийн дагуу төлбөл зохих бүх төлбөрийг төлсөн байхад ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаах хүсэлт гаргахгүй манай компанийн эрх ашгийг хохироож байна. Эвлэрлийн гэрээнд заасан ажлууд, нэмэлт бусад ажлыг ******* ХХК-ийн хүсэлтээр гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үед байгууллагад захиалга өгөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах ажлыг ******* ХХК-ийн үйл ажиллагааны газрын захирал Б.*******т хүлээлгэн өгсөн. ******* ХХК нь хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас дээрх захирамжийн биелэлтийг хангахын тулд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оныг дуусах хүртэл хугацаанд нийт 70,836,715 төгрөгийн ажлыг гүйцэтгэж ******* ХХК-д өгсөн. Төлбөр авагч талд төлбөрийг ажил гүйцэтгэлээр төлсөн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3,915,469.87 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11,040,000 төгрөгийг манай компанийн данснаас татаж авсан. ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид ******* ХХК-аас илүү төлсөн 18,836,715 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн A-96 дугаар тушаалаар ******* ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн A-97 дугаар тушаалаар тус банк дахь банкны эрх хүлээн авагч томилсон. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК нь ******* ХХК-д 4 ширхэг 617 хэмжээтэй сурталчилгааны самбарыг тодорхой байршлуудад хийж хүлээлгэн өгөх, тохиролцсон хугацаандаа тус самбаруудыг хүлээлгэн өгсөн тохиолдолд ******* ХХК-д 35,000,000 төгрөгийг шилжүүлэхээр, харин дээрх сурталчилгааны 4 самбарыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй бол шүүхэд нэхэмжилсэн 60,192,000 төгрөгийг ******* ХХК-д төлөхөөр эвлэрсэн байсан. Дээрх захирамжийн дагуу ******* ХХК нь сурталчилгааны самбар хийж хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй мөн банкны өмчлөл, эзэмшилд ямар нэгэн сурталчилгааны самбар байхгүй, 60,192,000 төгрөгийг төлсөн талаарх баримтгүй.

Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх ёстой бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1731 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ******* ХХК-д 14,955,469.87 төгрөгийн төлбөр төлөгдөж үлдэгдэл 45,236,530.13 төгрөг төлөгдөөгүй байна. ******* ХХК нь өмнө гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй атлаа нэгэнт шийдэгдсэн уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж өмнө гарсан шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь хуулинд нийцэхгүй байна. Иймд ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан шүүгчийн захирамжийн дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан болохыг тогтоолгох, илүү төлсөн төлбөр болох 18,836,715 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 322,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ******* ХХК нь Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлбөл зохих 60,192,000 төгрөгийн төлбөрийг ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Тус шүүгчийн захирамжийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөхийн тулд ******* ХХК-ийн захиалгаар түүний удирдпагын хамаарал бүхий компани болох ******* ХХК-ийн бизнес сурталчилгааны ажил болон УИХ-ын гишүүн асан н.*******гийн сонгуулийн сурталчилгааны ажлыг тус тус гүйцэтгэсэн. Энэхүү ажлын нийт зардал 70,836,715 төгрөг болсон ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3,915,469.87 төгрөг, мөн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11,040,000 төгрөгийг манай компанийн данснаас татан авч *******ны эрх хүлээн авагчид шилжүүлсэн. Тус шүүхийн шийдвэрт ...төлбөр төлөгдөж дууссан эсэх талаар баримт алга байна гэсэн боловч тухайн үед энэ ажлын төлбөрийг төлбөл зохих төлбөрөөс хасаж тооцохоор н.*******, н.*******той бүх ажлыг гүйцэтгэж дуусгавар болсон тохиолдолд нэгдсэн нэг актад зурна, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаана гэж тохиролцсон боловч 2020 онд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүйг мэдсэн. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал сурталчилгааны ажил хийх зааварчилгааг өгч байсан. Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт эрх албан тушаалтан нь өөр компанийн ажлыг гүйцэтгэх даалгавар өгсөн бөгөөд даалгавар өгсөн удирдах албан тушаалтан хариуцлага хүлээнэ гэж заасан. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар ******* ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар банкны эрх хүлээн авагч нь банкны өр, төлбөрийг хязгаарлах, шилжүүлэх, зогсоох бүрэн эрх олгогдсон байх тул шүүх татан буугдсан банкны өр төлбөрт тооцуулахаар гүйцэтгэсэн ажлын үнийн илүү төлсөн гэх төлбөрийг буцаан өгөх асуудлыг дараалалд оруулахгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээ Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхэд байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэж, мөн хуулийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн 2013 оны 10 дугаар сард Нийслэлийн захирагчийн албанаас зөвшөөрөл авч самбар байршуулдаг тул олгосон зөвшөөрөл, мөн самбарыг буулгах шийдвэр, тухайн самбар байсан эсэх лавлагааг Нийслэлийн захирагчийн албанаас гаргуулах, мөн ******* пропертиз ХХК-ийн захирал Г.*******, *******ХХК-ийн менежер н.******* болон н.*******, Сильвер Файнд ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Н.Дэмбэрэлсүрэн, ажилтан С.Бямбасүрэн, Нийслэлийн захирагчийн албаны ажилтан н.******* нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч асуугаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар захирамжийн биелэлтийг хангаж, төлбөрийг бүрэн төлж дууссан болохыг тогтоолгох, илүү төлсөн 18,836,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

1.б. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, төлбөр авагч ******* ХХК-д төлөх төлбөрийг сурталчилгааны самбар хийж төлсөн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай компанийн данснаас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3,915,469.87 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11,040,000 төгрөгийг татан авсан гэж тайлбарласан байна.

1.в. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар захирамжаар ******* ХХК нь Чингэлтэй дүүрэг, Тасганы овооны уулзварын зүүн хойно 6х17м хэмжээтэй самбар, Баянгол дүүрэг, Төмөр замын Коллежийн зүүн урд талд 6х17м хэмжээтэй самбар, Сүхбаатар дүүрэг, Баянбүрдийн аюулгүйн тойргийн баруун талд 6х17м хэмжээтэй самбар, Баянзүрх дүүрэг, 13 дугаар дугаар хороолол, 2 дугаар эмнэлгийн зүүн урд 6х17м хэмжээтэй самбар, нийт 4 самбарыг байрлуулах ажлыг өөрийн техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчийг ашиглан хийж гүйцэтгэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор *******инд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь дээрх 4 байрлалд хийгдсэн сурталчилгааны самбарыг өмчлөх эрхийн хамт хүлээн авч акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан гүйцэтгэгчид 35,000,000 төгрөгийг шилжүүлэх, хэрэв дээрх сурталчилгааны 4 самбарыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй бол шүүхэд нэхэмжилсэн 60,192,000 төгрөгийг үл маргах журмаар нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож зохигч эвлэрснийг баталжээ. (хх-ийн 25-27)

Дээрх захирамжийг ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх захирамжийг албадан гүйцэтгэхээр 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14250190 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

1.г. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар ******* ХХК-ийг татан буулгаж, банкны эрх хүлээн авагч томилжээ. ******* ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1049 дугаар албан бичгээр ******* ХХК-д тус банкинд холбогдох этгээдүүдийн өр төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдэгджээ. (хх-ийн 10, 92)

Түүнчлэн, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар захирамжаар ******* ХХК-аас 60,192,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 537,750 төгрөгийг *******инд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр бүрэн төлөгдөөгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон, илүү төлсөн төлбөрийг буцаан олгох боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. (хх-ийн 9)

******* ХХК нь ******* ХХК-д нийт 4 самбарыг байрлуулах ажлыг өөрийн техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчийг ашиглан хийж гүйцэтгэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******инд хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцож эвлэрсэн боловч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд багтаан самбарыг хийж гүйцэтгэсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй.

1.д. Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхэд татан буугдсан банкны өр төлбөрт тооцуулахаар гүйцэтгэсэн ажлын үнийн дүнг илүү төлсөн гэж буцаан олгох талаар зохицуулаагүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч ******* ХХК нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1731 дугаар захирамжийн дагуу ******* ХХК-д төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулж илүү 18,836,715 төгрөг төлсөн гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчид үүргийг хүлээлгэн өгсөн, төлбөр төлсөн талаар баримт байгаа бол гаргаж өгөх нь зүйтэй.

1.е Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүрэгтэй гэж, мөн хуулийн 236.6 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл эрх бүхий этгээдийн үйлдсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт өрийн төрөл, хэмжээ, үүрэг гүйцэтгэгчийн буюу өр төлсөн этгээдийн овог, эцгийн нэр, үүрэг гүйцэтгэсэн газар, хугацаа зэргийг заана гэж тус тус заасан тул анхан шатны шүүх гэрч оролцуулах, Нийслэлийн захирагчийн албанаас лавлагаа гаргуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ