| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0041/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/41 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/41
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга М.Нандинзаяа,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Н-н Х-т холбогдох эрүүгийн 1817002320032 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 08-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын дүгээр баг, дугаар байрны тоот газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ш овогт Н-н Х /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 3-13 тоот гэртээ өөрийн төрсөн охин Х.А-г гэрээсээ явах гэлээ гэх шалтгаанаар алгадаж, цээжин тус газар нь өшиглөх, сураар ороолгох зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр баг, 3 дугаар байрны 3-13 тоот гэртээ өөрийн төрсөн охин буюу насанд хүрээгүй хохирогч Х.А-г гэрээсээ явах гэлээ гэх шалтгаанаар алгадаж, цээжин тус газар нь өшиглөх, сураар ороолгох зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 11 сарын 05-ны өдөр манай охин А нь алга болчихоод 2018 оны 11 сарын 09-ний өдөр ээж нь олж ирсэн. Яагаад яваад ирсэн бэ? гээд асуухад чимээгүй байхаар нь би зүгээр өнгөрөөсөн. Маргааш нь ээждээ буцаж явах талаар ярьсан байсан. Тэгээд ээж нь дэлгүүр явуулсан чинь цүнхээ аваад гарсан. Цүнхээр яаж гэж байгаа юм бэ? чи гээд цүнхийг нь аваад үзсэн чинь өөрийнхөө хэрэглэдэг хувийн эд зүйлсийг цүнхэдээ хийчихсэн байсан. Тэгээд цүнхийг нь аваад үлдсэн. Тэгээд жоохон байж байгаад мах аваад ирье гээд дэлгүүр орох гээд гарахаар нь цүнхийг нь үзсэн чинь бүх эд зүйлсээ аваад цүнхээ хоосон орхисон байсан. Тэгээд араас нь харсан чинь 22-р зөрлөгийн тийшээ төв зам руу алхаж байхаар нь араас нь гүйж очоод чи хаачих гэж байгаа юм бэ? гэсэн чинь ангийнхаа хүүхдийнд очоод ном аваад ирье гэсэн. Тэгэхээр гэр лүү орж ирээд уур хүрээд 1 алдадаад унагаасан. Тэгээд эргээд хартал хажууд сур байхаар нь сураар хэд ороолгосон гэв.
1.2. Шүүгдэгч Н.Х мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр охин Х.А-г зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Манайх хүү охин хоёртой. Манай том охиныг А гэдэг. Манайх Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд 2018 оны 09 дүгээр сард нүүж ирсэн юм. Манай охин А 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот ороод Ука гэх хүүхэдтэй уулзаад ирье гээд ээжээсээ гуйсаар байгаад явсан байсан. Би тухайн үед гэртээ байгаагүй. Өмнөговь аймаг руу машин барихаар явсан байсан юм. Намайг ирэхэд А-г Улаанбаатар хот явсан, хаана байгааг нь мэдэхгүй байна гэж ээж нь хэлсэн. Ээж Ц араас яваад Улаанбаатар хотоос 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олж ирсэн. Би А-г ирэхэд юм хэлээгүй. Дахиад явж өгч магадгүй гээд уурлаж загнаагүй. А-г багаас нь хэт их эрхлүүлж өсгөсөн юм. Ер нь дураараа зантай хүүхэд байгаа юм. Ээж бид хоёрынхоо үгийг хэр барагтай тоодоггүй. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ээж нь А-г дэлгүүр ороод юм аваад ир гээд явуулсан. Тэгтэл гэрийн гадаа утсаар ярьж байснаа буцаж ор ирээд мөнгөө мартсан байна гэсэн. Ээж надад наад охин чинь цүнхтэй хувцсаа аваад гараад явчих вуу гэхээр нь би араас нь гарсан чинь А зүүн талын гэр хороолол чиглээд явж байхаар нь араас нь дуудсан чинь ангийнхаа хүүхдээс ном авахаар явж байна гэсэн. Тэгээд гэртээ оруулаад байж байтал цүнхэн доторх зүйлээ куртикнийхээ халаасанд хийгээд гараад явчихаар нь араас дуудаж оруулж ирээд нэг удаа алгадсан, тэгтэл шкафны урд байсан хувцсан дээр унасан. Тэгээд гэрт байсан сураар бөгс рүү нь болон гуя хөл рүү нь нилээн хэд хэдэн удаа ороолгосон. А жоохон орилж байгаад унтаад өгсөн. Маргааш нь гэртээ хэвтээд өнжсөн. Тэгээд эхний өдөр хичээлдээ зүгээр яваад ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А-г хичээл дээрээ байж байгаад ухаан алдчихлаа гэхээр нь эмнэлэг дээр яваад очсон. А ухаан алдаагүй эмнэлэг дээр үзүүлээд байж байсан. Эмч нар үзээд А-н гуя хөх алаг болсныг хараад явсан юм бэ гэхээр нь би сураар ороолгосон гэдгээ хэлсэн. А-г Чойр луу эмнэлэг рүү аваад явсан. Намайг Чойрын цагдаа дээр авчирсан....гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/
1.3. Насанд хүрээгүй гэрч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Манай ээж Ц Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд ажилд орсон юм. Ээж бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Шивээговь суманд ирсэн. Аав Х, дүү А нар араас 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед ирсэн. Миний танил эгч У/ У/ Хятад улсад сургуульд сурдаг юм. У эгч 2018 оны 10 дугаар сарын 20-21-ний үед санагдаж байна, эгч нь Монголд ирсэн, Улаанбаатар хотод байна, эгчтэйгээ ирж уулзаач гэж хэлсэн. Тэгээд ээжид хэлээд Улаанбаатар хотод У эгчтэй очиж уулзсан. У эгч бид хоёр хамт Шивээговь сум руу явах гэж байгаад андуураад Эрдэнэтийн таксинд суусан байсан. Би уг нь өдөртөө гэртээ ирэх ёстой байсан юм. Тэгээд маргааш Эрдэнэтээс буцаж ирээд Улаанбаатар хотод буцаж ирээд Улаанбаатар хотод таксинаас буухдаа бичиг баримтаа мартчихаад буусан байсан. Уранзаяа эгч бид хоёр хоёулаа цүнхтэй бичиг баримтаа орхиод буусан байсан. 2 цүнхээ мартаад буусан байсан. Би тэр өдөртөө Шивээговь суманд ирсэн. Тэгээд бичиг баримтаа олохоор 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээждээ хэлээд Улаанбаатар хот руу явсан. Бичиг баримтыг У эгчийн гэр бүлийн өмгөөлөгч Ц гэх хүн олж өгнө гэж байсан. Уг нь машины эзнийг нь олчихлоо гэж байсан чинь эзэн нь машины нэрээ шилжүүлээгүй, өөр хүнд зарсан гээд машин нь олдоогүй. Тэгээд У эгч найзуудтайгаа Тэрэлж явлаа гээд явсан. Би У эгчийн дүү Ц-тай үлдээд гэрт 3 хоносон. У эгч ирээд гэртээ харь гээд 20 000 төгрөг өгсөн. Би Жуков гэдэг газар явж байгаад фэйсбүүкээр танилцсан Х эгчтэй уулзсан. Тэгээд Х эгчтэй хамт явсан. Х эгч найзуудтайгаа архи уугаад яваад байсан. Би Х эгчийг дагаад яваад байсан. Х эгчтэй буудлаар хоноод яваад байсан. Би бичил хорооллын автобусны буудлын ойролцоо зочид буудалд /нэрийг нь мэдэхгүй байна/ байж байтал надтай урьд нь үерхэж байсан А миний утас руу залгаад уулзъя гэсэн. Тэгээд автобусны буудал дээр уулзсан. Тэгээд А чи ямар хүмүүстэй байгаа юм бэ уулзуул, уулзуулахгүй бол би цагдаа авчраад энэ хавийн бүх буудлыг нэгжүүлнэ гээд байхаар нь Х эгчийн болон найзуудынх нь байгаа буудал руу дагуулаад орсон. А буудалд ороод тэнд байсан буудалд хандаад энэ охин 14 настай, та нар 20 жилийн ял авна шүү гэж хэлтэл Хонгорзул эгчийн найз гэж 3 залуу гараад зугтаасан. Би мөн айсандаа гараад зугтаасан. А зураг аваад байсан. Би гараад такси бариад Тэнгис очоод буусан. Тэгээд байж байтал Х эгчийн найз 3 залуугийн нэг нь болох Б гэх залуу над руу залгаад хаана байна гэхээр нь Тэнгисийн хавьд байна гэж хэлсэн. Х цагдаад баригдсан байна, М-н дугаар чамд байна уу гээд асуугаад байсан. М гэдэг нь 3 залуугийн нэг нь юм. Би мэдэхгүй гэж хэлсэн. Б уулзъя гэсэн. Тэгээд төв гандангийн хажууд Б-той уулзсан. Б приус-30 маркын 2190 УНУ улсын дугаартай машинтай явж байсан. Тэгээд Х эгчтэй утсаар ярьсан чинь Жуков дээр байна, яваад очъё гэсэн. Х эгч ирээд таксинд 2000 төгрөг дутуу өгчихлөө, 2000 төгрөг байна уу гэсэн. Б Х эгчийг таксинаас буугаад миний машинд суучих, зугтаачихъя гэсэн. Х эгч яахын бэ, ажил дээр очоод өгчихье, би ажиллаасаа чөлөө авна гээд нөгөө таксинд суугаад явсан. Би таксинд хамт суугаад явсан. Өргөөгийн хажууд явж байтал таксины жолоочийн хүүхэд баая гэсэн. Тэгээд зогсоод таксины жолооч хүүхдээ аваад буусан, ээж Л, эгч хоёр машинд ороод ирсэн. Тэгээд Б гэх нэртэй цагдаатай уулзсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн 4-р хэсэг дээр очсон. Жуковын хавьд байсан. Ээж намайг аваад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Шивээговь суманд ирсэн. Намайг ирэхэд аав надад юм хэлээгүй, ээж миний утсыг хурааж аваад гэрт байсан сурыг архиар норгоод намайг 2-3 удаа ороолгосон. Миний нүдний өмнө хутга харагдаад байсан. Би өөрийгөө хутгалчихъя гэж бодож байсан. Ээж надад стакантай архи уу гээд өгсөн. Би уугаагүй, тэр шөнөдөө унтацгаасан. Маргааш өглөө нь босоод ээж 20 000 төгрөг данснаас аваад гэр интернетээ цэнэглээд махны лангуунаас мах аваад ир гэсэн. Би данснаас нь 20 000 төгрөг аваад зогсоол дээр очоод хот явах машин байна уу харчихаад гэртээ орж ирсэн. Би угаасаа Улаанбаатар буцаад явъя гэсэн бодолтой байсан. Тэгээд гэртээ ороод махны лангуунд мах ирсэн байна, махаа жижиглээгүй байна 17 цагийн үед жижиглэнэ гэж байна гэж хэлсэн. Ээж урд өдөр нь аавд А чиний хажууд байж чадахгүй гэж хэлсэн. Энэ асуудлаас болоод аав бид хоёр маргалдсан. Аав өөрийнхөө хувцсыг цуглуулаад би энэ гэрээс яваад өгвөл чи ээж дүү хоёроо хараад явж чадах юм уу, чадахгүй бол хаа байгаа газар чинь очоод алчихна шүү гэж хэлээд над руу зэвүүцсэн харчихаад өрөөндөө орсон. Ээж намайг дэлгүүр ороод архи тамхи аваад ир гэсэн. Би гадаа гарч ангийнхаа Энхжинтэй тааралдаад юм ярьж байгаад буцаад гэртээ ороод цүнхээ аваад гэр байр луу явсан. Араас аав гарч ирээд дуудахаар нь буцаад орсон. Аав миний цүнхийг харчихаад хаачих гээд байгаа юм бэ гэхээр нь хаачив л гэж дээ ангийнхаа хүүхдийнд очоод ном аваад ирье гэж хэлсэн. Тэгээд гэрт байж байгаад гэр байранд байдаг ангийнхаа Б-нд очоод хичээлээ нөхөх санаатай явж байтал аав намайг араас дуудсан. Тэгээд гэрт оруулаад аав миний халаасанд гараа хийж үзээд уруулын будаг, сормуусны будаг, үнэртэй ус зэргийг харчихаад зүүн хацар луу гараараа нэг удаа алгадсан. Би ухаан балартсан чинь миний үснээс зулгаагаад хувцасны шкаф руу түлхсэн. Миний ухаан балартаад газар унахад бос чамайг баашилж байгааг мэдэж байна гээд миний цээжний зүүн хэсэг рүү өшиглөсөн. Аав ээжид хандаад сур аваад ир гэсэн чинь ээж аавд сур авчирч өгчихөөд цаад талынхаа өрөө рүү ороод явсан. Аав намайг сураар ороолгоод байсан. Би аллаа туслаарай гэж хашхирсан. Миний хөл гуя руу ороолгоод байсан. Маргааш нь амралтын өдөр байсан, би бүтэн өдөр орондоо хэвтсэн. Ийш тийшээ эргэх гэхээр хамаг бие хөндүүр болсон байсан. Тэгээд нэг дэх өдөр хичээлдээ явсан. Тэр өдөр хичээл дээр бие өвдөөд байсан. Хичээл тарж ирээд гэртээ нэг хэсэг унтсан. Унтаж байгаад босоод сургууль руу явах гэсэн чинь хөл гишгэж болохгүй байсан. Тэр өдөртөө унтаад өгсөн. Маргааш өглөө нь гэрээс гараад явсан чинь толгой эргээд бүх юм дайвалзаад байсан. Би багшид хэлээд эмчид үзүүлсэн. Сургуулийн эмч үзээд эмнэлэг рүү аваад явсан. Эмч тариа хийж байхдаа наад гуя чинь яасан юм бэ гэхээр нь аав зодсон гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудна гээд байгаа бололтой байсан. Тэгээд Говьсүмбэр аймгийн эмнэлэгт ирж үзүүлээд хэвтсэн.
Хөвсгөл аймгийн Түнэл суманд байхад 2-3 удаа зодож байсан. Цаг хугацааг нь санахгүй байна. Мөн эмнэлэг цагдаад хандаж байгаагүй. 2017 оны 07 дугаар сард Хөвсгөл аймгийн Түнэл суманд байхдаа 108 дугаарт нэг удаа хандаж байсан. Сургуулийн нийгмийн ажилтан нэг удаа уулзаж болсон асуудлын талаар тодруулж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/
1.4. Насанд хүрээгүй хохирогч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би өмнө нь өгсөн мэдүүлэгтэй бүх зүйлээ ярьсан байгаа. Одоо би Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Надад сэтгэл заслын эмчилгээ хийж байгаа болохоор намайг урдах зүйлээ мартахыг зөвлөж байгаа. Тийм болохоор өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Би урд өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан учраас дахин ярмааргүй байна. аав надад одоо нээх юм хэлэхгүй байгаа. Тухайн үед аав намайг гэрээсээ явах гэлээ гээд гэрт оруулж ирээд миний зүүн хацар луу нэг удаа алгадаж унагаагаад цээжний зүүн хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн сураар 2 хөл гуя руу нилээн хэдэн удаа сураар ороолгосон. Өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
1.5. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Манайх 2 хүүхэдтэй юм. Манай том охин Х.А одоо 14 настай. А 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот руу очоод У эгчтэй уулзчихаад ирье гэж гуйсаар байгаад явсан. Улаанбаатар хот орчихоод оройдоо хүрээд ирнэ гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хот руу яваад утсаа авахгүй, хаа байгаа газар нь мэдэгдэхгүй болсон. Би сүүлдээ аргаа бараад хайхаар Улаанбаатар хот руу явсан. Тэгээд хайсаар байгаад сураг гаргаад олсон. Буудалд байхад олсон. 2 насанд хүрсэн эмэгтэйн хамт байсан. Баянзүрх дүүргийн 4-р хэсгийн цагдаа Баярсайхан энэ 2 эмэгтэйн мэдээллийг бичиж аваад байсан. Мөн буудлын нэрийг нь хаана байдаг талаар мэднэ. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой Шивээговь суманд гэртээ ирсэн. Тухайн үед аав нь А-д юм хэлээгүй. А Улаанбаатар хотоос наашаа явахдаа би Улаанбаатар хотод ганц хоночихоод явъя гээд байсан. Тэгэхээр нь ахиад алга болчихно гээд хүчээр аваад ирсэн. Манай охин би угаасаа буцаад Улаанбаатар хот руу явна гээд байсан. Шивээговь суманд ирснийхээ маргааш надаас карт аваад 20 000 төгрөг авчихаад дэлгүүр ороод ирье гэж хэлээд гарахдаа өөрийнхөө хувцастай цүнхээ аваад гарахаар нь би аавд нь наадах чинь буцаж авна гээд байсан, арай явчих юм биш биз дээ чи араас нь гараад ир гэж хэлсэн. Х-г гарахад дэлгүүр лүү биш хойшоо зам руу явж байсан гэсэн. Тэгээд аав нь дагуулж орж ирээд чи дэлгүүр явахад цүнхээр яадаг юм бэ гэсэн чинь А би ангийнхаа хүүхдээс ном авах гэж байна ш дээ гэж хэлсэн. А өөрийнхөө цүнхийг ухаж байгаад гэрээс гараад явсан. Аав нь цүнхийг нь үзсэнээ өөрийнхөө хамаг хэрэгтэй юм аа халаасандаа хийгээд аваад гарсан байна ш дээ гээд араас гараад явсан. Тэгээд А тэр хоёр хоорондоо маргалдсан байдалтай орж ирсэн. Амгаланзаяа би хаашаа явдаг юм бэ гэх зэргээр аавынхаа өөдөөс хэдэрлээд орж ирсэн. Тэгсэн аав нь гэнэт уур нь хүрсэн байх, гэрт байсан сур аваад А-н хөл гуя руу хэд ороолгоод авсан. А уйлаад босож ирээд хашхирч байгаад сүүлдээ тайвшраад унтаад өгсөн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Амгаланзаяаг өмсөж зүүх идэх уух зүйлээр дутаагаагүй. Харин дураар нь байлгаж байгаад ийм байдалд орууллаа гэж бодож байна. Манай гэрт хэрүүл шуугиан гэх зүйл бараг байхгүй. Юунаас болоод тэнээд байгааг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Би А-г уусан байдалтай байхад олж авсан. Тэгээд гэртээ стакантай архи өгвөл уух нуу яах нуу гэж сорьж үзсэн юм. Манай нутагт хүүхэд нь архи уугаад байхаар нь аав нь архи өгөхөөр хүүхэд жигшээд архи уухаа больдог гэсэн дом байдаг. Эрэгтэй хүүхдэд аав нь, эмэгтэй хүүхдэд ээж нь өгдөг дом байдаг юм. Түүнээс архиар шахсан зүйл байхгүй. А тухайн архийг уугаагүй. Эх хүний хувьд хүүхдээ буруу зам руу орчихвий гэсэндээ аргаа ядаад ийм арга хэрэглэсэн. А Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэл засах эмчилгээ хийлгээд ирсэн. Одоо А-н хувьд гайгүй тайван болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
1.6. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Х.А хичээлдээ сууж байгаад 08 цагийн үед багшаа миний бие өвдөөд унах гээд байна, чөлөө авъя гээд ирсэн. Тэгээд сургуулийн эмчийг дагуулаад сумын эмнэлэгт үзүүлээд ир гээд явуулсан. 09 цагийн үед сумын эмнэлгийн эрхлэгч Г над руу утсаар залгаад та хүрээд ир, А нэг биш байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр яваад очсон чинь эмч надад Х.А-н даралт өссөн байсан, одоо тайвшруулаад хэвийн болсон байна гээд Х.А-н гуяны хөхөрсөн хэсгийг харуулсан. Эмч надад хэлэхдээ А-г аав нь зодсон гэж байна гэж хэлсэн. Тэгээд Чойрын эмнэлэг рүү А-г аваад явсан. Эмнэлгээс цагдаад мэдэгдсэн. Би араас нь Чойрын эмнэлэгт очоод А-тай уулзахад би аав ээжтэйгээ байхгүй гээд уйлаад байсан. Маргааш нь сумын нийгмийн ажилтантай хамт Шивээговь суманд А-н гэрт ороод аав ээжтэй нь уулзсан. Тэгээд учир байдлыг нь асуухад А-н ээж Ц уйлаад А тэнэж алга болоод би хэд хоногийн өмнө Улаанбаатар хотоос буудалд байхад нь олж ирсэн. А ирснийхээ маргааш гэрээсээ буцаад явах гэж байхад нь аав нь олж ирээд сураар гуя руу нь 2-3 удаа ороолгосон гэсэн. Аав нь гэрээсээ гараад явсан гэсэн. А гэрийнхээ ханыг 2-3 удаа толгойгоороо мөргөсөн гэсэн. Ээж нь ярихдаа А-г юугаар ч дутаагүй, дураар нь их эрхлүүлж өсгөснөөс болж ийм юм боллоо гэж байсан. Дүү нь хол зайтай төрсөн юм гэж хэлээд уйлж байсан. А-н аав нь би уурандаа буруу юм хийчихлээ, А Улаанбаатар хот руу зугтах гээд байхаар нь айлгах гээд ийм юм болчихлоо гэж байсан. Х.А-г их эрхлүүлсэн юм байна лээ. А Шивээговь сумын хамтарсан баг хяналтандаа аваад эмчилгээнд нь дэмжлэг үзүүлсэн. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлж сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс гарч ирээд ээждээ одоо би гэрээсээ хэзээ ч явахгүй гэж хэлсэн байна лээ. Одоо А-н гэр бүлийн уур амьсгал хэвийн болсон. Хичээлээ таслахгүй явж байгаа. Сая нэг 21 хоног салхин цэцэг өвчнөөр өвчилсөн гээд хичээлдээ суугаагүй. Хамтарсан багийн зүгээс байнга хяналт тавьж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 315 дугаартай дүгнэлтэд:
- Х.А-н биед тархи доргилт, духны баруун тал, цээжний зүүн талын 2,3-р хавирганы орчимд, 2 талын гуяны дотор хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 11 дүгээр сарын 10-нд үүссэн байх боломжтой.
- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/
1.8. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 6-7 дугаар хуудас/
1.9. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/
1.10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 267 дугаартай дүгнэлтэд:
- Х.А нь 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 21-н хүртэл СЭМҮТөвд онош: F91.0 гэр бүлийн хүрээгээр хязгаарлагдсан Төрх үйлийн эмгэг гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх байна.
- Х.А нь одоогоор F91.0 Төрх үйлийн эмгэгтэй байна.
- Х.А нь болсон хэргийн талаар насны төвшинд зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
- Х.А-н сэтгэцэд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжгүй.
- Х.А-д сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө шаардлагатай байна.
Дүгнэлт гаргасан: Комиссын дарга О.Баатаржав, гишүүн Я.Ганхүү, илтгэгч П.Энхчимэг гэжээ. /хх-ийн 37-39 дүгэр хуудас/
1.11. Холбон зуучлах үйлчилгээний хамтарсан төлөвлөгөө, /хх-ийн 40-42 дугаар хуудас/
1.12. Шинжээч П.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Дээрх эмгэг нь гэр бүлийн харилцаа буруу хүмүүжлийн улмаас үүсдэг. Буруу хүмүүжил гэдэг нь хараа хяналт сул тавих, хайр халамж дутуу үзүүлэх, эсхүл хэт их эрхлүүлж, эсхүл харшилдсан хүмүүжил зэргээс болж дээрх эмгэг үүсдэг. Харшилдсан хүмүүжил гэдэг нь нэг нь өмөөрөөд нөгөө нь загнах гэсэн үг юм.
...Ер нь бол бага наснаас нь буруу хүмүүжүүлэх арга хэрэглэсэнтэй холбоотойгоор удаан хугацаанд үүсдэг.
...Дээрх эмгэг нь гэмтлийн улмаас үүсдэггүй. Харин нийгмийн хэв журам, тогтсон ёс заншлыг зөрчих байдлаар илэрдэг. Тухайлбал А-н хувьд гэрээсээ гадуур тэнээд архи, газ хэрэглээд байгаа нь энэ эмгэгийн нэг шинж юм... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Х-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Х нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Н.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Н.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Насанд хүрээгүй хохирогч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Би аавыгаа гайгүй шийтгүүлээсэй гэж бодоод гомдолгүй гэж байна. Намайг мэдүүлэг өгөхөд дарамталсан, шахсан, шаардсан хүн байхгүй. Түүнээс хойш зодож цохисон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Би аав ээжтэйгээ хэвийн харилцаатай болсон. Гэрийн уур амьсгал хэвийн болсон. Аав маань Шивээ-Овоо ХК-нд ажилд орсон. Өнөөдөр ажилдаа явсан байна. Аав ээждээ гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
2.2. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Аав охин хоёрын харилцаа хэвийн болсон. Манай нөхөр ажилд ороод манай гэрийн амьдрал ахуй хэвийн байдалдаа орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
2.3. Насанд хүрээгүй хохирогч Х.А-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 52 дугаар хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Н.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Н-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ