Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00231

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00231

 

МАГАДЛАЛ

2022.02.

Ц.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/03136 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******, Д.*******, Д.******* нарт холбогдох эмчилгээний болон оршуулгын зардалд 7,054,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Авга ах *******гийн ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан. С.*******ийн төрсөн охин Д.******* нь эцгийнхээ бие муу эмнэлэгт байхад орон сууцыг нь булаацалдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр С.******* нь орон сууцаа зарж Д.*******д оногдох хэсгийг өгсөн. Д.******* нь эцэгтэйгээ 8-9 жил уулзаагүй. С.******* нь намайг амьд байхад шүүхээр орж орон гэргүй болгосон гэж охин Д.*******тай эцэг, охины харилцаагаа тасалсан гэж ярьдаг байсан. Хүү Д.******* нь эцэгтэйгээ харилцаа холбоогүй, эхнэр Ж.*******ээс 2008 оноос хойш тусдаа амьдарч байсан. Авга ах С.*******ийг эмнэлгээр эмчилгээ, сувилгаа хийлгэж байхад эхнэр Ж.******* нь ирж уулзаж тусалж дэмждэггүй, асарч байгаагүй. Авга ах С.******* нь зүрх муутай группт байсан. Мөн тархины хорт хавдар өвчтэй байсан ба байнга эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байсан. Тархины хорт хавдартай байсан тул гадаад улс руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан ч авга ах маань өөрөө татгалзсан. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оршуулгын ажиллагааг нь хийсэн. Иймд нэхэмжлэл нь Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1-д, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт тус тус зааснаар үндэслэлтэй тул талийгаач С.*******ийг 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл амралтын газарт амруулахад гарсан зардалд 1,848,000 төгрөгийн 50 хувь болох 924,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 хоногийн эмчилгээний зардал 450,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 7 хоногийн эмчилгээний төлбөр 180,000 төгрөг, оршуулгын зардал 1,300,000 төгрөг, цагаалганы зардал 4,260,600 төгрөг нийт 7,054,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Д.*******, Д.******* нар нь С.*******ийн төрсөн хүүхдүүд мөн. С.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барж улсын бүртгэлийн байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6629 дугаар гэрчилгээг олгосон. амралтын газар болон талийгаачийн цайллагыг хийсэн ресторан нь Ц.*******гийн эцэг болон түүний өөрийнх нь компани, дүү нь тус компанийн захирал болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч мөнгөн дүнг зохион хэдийд ч үйлдэх боломжтой. Ц.******* тус төлбөрийг төлсөн нь баримтаар нотлогдох боломжгүй. Өөрөөр хэлбэл, дансаар шилжүүлсэн баримт байхгүй. Зөвхөн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлох боломжгүй.

Талийгаач С.*******ийн эмчилгээний картад үзлэг хийлгэсэн. Тус картуудад 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 хоног, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 7 хоног эмнэлэгт хэвтсэн нь нотлогдоогүй. Тухайн эмнэлгээс ирсэн баримт, тодорхойлолтын огноо зөрүүтэй. Оршуулгын зардал 1,300,000 төгрөг болон цагаалганд 4,260,600 төгрөгийг Ц.******* нь дангаар өгсөн баримт байхгүй. Тус оршуулгын зардал болон цагаалганы зардал нь олон хүнээс цугларсан мөнгө байх боломжтой. Д.*******, Д.******* нар талийгаач эцгийнхээ сүүлчийн замд үдэх бүх ажилд оролцсон. Ажил явдлын үед бүх санхүүг С.*******ийн дүү С.******* хариуцсан. Нас барсны дараа өгдөг 1,000,000 төгрөгийг нь хүртэл авсан. Хариуцагч нар боломжоороо тодорхой хэмжээний мөнгийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 530 дугаар зүйлийн 530.2.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******, Д.*******, Ж.******* нарт холбогдох Ц.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,723 төгрөгийн 127,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 231,899 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ц.******* нь талийгаач С.*******ийг 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл амралтын газарт амруулахад гарсан зардалд 1,848,000 төгрөгийн 50 хувь болох 924,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 хоногийн эмчилгээнд 450,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 7 хоногийн эмчилгээнд 180,000 төгрөг, оршуулгын зардалд 1,300,000 төгрөг, цагаалганы зардал 4,260,600 төгрөг, нийт 7,054,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Д.*******, Д.*******, Ж.******* нар нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар талийгаач С.*******ийг асарч байгаагүй. Харин Ц.******* асарч сувилж, тэжээн тэтгэх үүргээ биелүүлж гарсан зардлуудыг төлсөн. Ц.******* нь Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар Д.*******, Д.*******, Ж.******* нараас дээрх зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг эргэлзээтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн баримтууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, санхүүгийн анхан шатны баримтын бүртгэлийн маягт, түүний дүрэм журамд нийцээгүй, эргэлзээ бүхий баримт байсан. Огноо засвартай, санхүүгийн тамга, тэмдэггүй зэргээс нотлогдоно. амралтын газрын баримтыг засварласан. Мөн ямар сувилалд эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байна. Эмнэлгээс ирүүлсэн тодорхойлолт нь нэхэмжлэгчээс гаргасан баримттай он, сарын хувьд зөрүүтэй. Нэхэмжлэгч төлбөрийг бэлнээр эсхүл дансаар шилжүүлснээ нотлоогүй. Оршуулгын зардал олон нийтийн хандиваар бий болсон мөнгийг ямар үндэслэлээр нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1-д заасан өв залгамжлагч бусад өв залгамжлагчийг ирэхээс өмнө өвлөгдөх эд хөрөнгийг авах буюу хэд хэдэн өв залгамжлагчийн аль нэг нь ирээгүй тохиолдолд эдгээр зардлуудыг гаргаж болно гэх зохицуулалтыг буруу тайлбарласан. Талийгаачид эмчилгээ, сувилгаа хийлгэсэн бол хариуцагч нар төлбөрийг төлөхөд татгалзахгүй. Гэвч энэ нь баримтаар нотлогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянав. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, улмаар гэрээний бус үүргийн харилцааг зөв тодорхойлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ж.*******, Д.*******, Д.******* нарт холбогдуулан нас барагч С.*******ийн оршуулгын ажилд гаргасан зардалд 1,300,000 төгрөг, цагаалганы зардал 4,200,600 төгрөг, амралтад сувилуулсан зардлын 50 хувь 924,000 төгрөг, ******* эмнэлэгт эмчлүүлсний зардал 630,000 төгрөг, нийт 7,054,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

1.б. С.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан, хариуцагч Ж.******* нь түүний эхнэр, Д.*******, Д.******* нар нь түүний хүүхдүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаангүй болно. (хх-32-33)

1.в. Нэхэмжлэгч Ц.******* нь нас барагч С.******* болон түүнийг асран халамжилж байсан С.******* нарын амралтын газарт 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл амарсны төлбөрт 1,848,000 төгрөг төлсөн болон ******* эмнэлэгт 2019 оны 02, 05 дугаар саруудад хэвтэн эмчлүүлсний төлбөрт 630,000 төгрөг төлсөн талаар бэлэн мөнгөний орлогын баримтууд хэрэгт авагджээ. (хх-10-11)

ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий дээрх бэлэн мөнгөний баримтад төлбөрийг бэлнээр төлсөн талаар тусгасан, уг баримтад холбогдох этгээдүүд гарын үсэг зурж тэмдэг дарсныг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгч Ц.******* нь нас барагчийн эмнэлэгт эмчлүүлсэн болон амралтын газар амарсны төлбөр төлсөн баримтыг дараа нь нөхөж авсан гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан амралтын газрын хэвлэмэл маягтад 2020 гэснийг 2019 гэж засварласан байгааг үндэслэн дээрх төлбөрүүдийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн ******* ХХК-ийн захирлын С.******* 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 10 хоног, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 7 хоног тус тус хэвтэн эмчлүүлсэн гэсэн тодорхойлолт, түүнд хавсаргасан эмчийн тодорхойлолт /эпикриз/, эмчийн үзлэгийн бүртгэл, хэвтэгсдийн бүртгэл зэргээр ******* ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий бэлэн мөнгөний орлогын баримтууд давхар нотлогджээ. (хх-ийн 136-142)

С.******* нь ******* эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа өөр эмнэлэгт үзүүлсэн гэж дээрх нотлох баримтыг эсэргүүцсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд ******* ХХК-ийг хуурамч нотлох баримт гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд нас барагч С.*******ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон амралтын газар амарсны төлбөрийг нэхэмжлэгч Ц.******* төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

1.г. Хариуцагч Ж.*******, Д.*******, Д.******* нар нас барагч С.*******ийн хууль ёсны өвлөгчийн хувьд өвлүүлэгчийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хүнс трейдийн 48 дугаар байрны орон сууцыг өвлөн авсан болох нь өвлөх эрхийн 00 гэрчилгээ, улсын бүртгэлийн тоот гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцах үүрэгтэй. Иймээс нэхэмжлэгч Ц.******* нь нас барагчийн өмнөөс амралтын газарт төлсөн 1,848,000 төгрөгийн 50 хувь 924,000 төгрөг, ******* эмнэлэгт төлсөн 630,000 төгрөг, нийт 1,554,000 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******, Д.*******, Д.******* нараас шаардах эрхтэй.

1.д. Нэхэмжлэгч Ц.******* нас барагч С.*******ийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оршуулах үйл ажиллагааны зардалд 1,300,000 төгрөг, буяны ажил буюу цагаалганы зардалд 4,200,600 төгрөг төлсөн тул хариуцагч нар уг төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэвч оршуулгын үйл ажиллагааны зардлыг тэрээр дангаараа төлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, бусад этгээдээс буяны хандиваар цугларсан мөнгөн хөрөнгө болон өөрөөс гаргасан оршуулгын зардлыг ялган тодорхойлоогүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй бол шаардлага гаргаж болохгүй гэж зохицуулсан. Нэхэмжлэгч Ц.******* нь нас барагч С.*******ийн оршуулгын зан үйл 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсанаас хойш нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааг ердийн боломжит хугацаа гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч нараас дээрх хугацаанд буяны ажлын зардлыг төлүүлэхээр шаардаж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Ийм учраас нэхэмжлэгч Ц.******* нь оршуулгын зардал 1,300,000 төгрөг, цагаалаганы зардал 4,200,600 төгрөг, нийт 5,500,600 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******, Д.*******, Д.******* нараас 1,554,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,500,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/03136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******, Д.*******, Д.******* нараас 1,554,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,500,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... олгосугай гэснийг ... олгож, хариуцагч Ж.*******, Д.*******, Д.******* нараас 39,814 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.*******гийн төлсөн 127,824 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ