Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01652

 

 

 

 

 

 

  2024 08 23 210/МА2024/01652

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02635 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2856 тоот шийдвэрээр хариуцагч ******* ХХК-иас 238,944,000 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.*******, Б.******* нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байр, хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилсон.

1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний ХХК-ийг Шинжээч томилох тухай тогтоолоор томилсон гэдэг ба тус хөрөнгийн үнэлгээний компани нь барьцаа хөрөнгийг үнэлж, 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ХҮ-Ш/07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байна.

Тус хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан 168,207,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний ХХК нь манай барьцаа хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан хараат бус байх, 4.1.4 дэх хэсэгт заасан бодитой байх, 4.1.5 дахь хэсэгт заасан хууль тогтоомж, стандартад нийцсэн байх гэсэн зарчмуудыг баримтлалгүй үнэлсэн.

1.4. Мөн дээрх орон сууц нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр 40 м.кв боловч бодит байдалд суурь газрынхаа хэмжээгээр буюу 81.9 м.кв үл хөдлөх эд хөрөнгө болно. Гэтэл үнэлгээчин нь үнэлж буй хөрөнгөтэй очиж танилцсан гэсэн атлаа 4 м.кв-аар багаар буюу 76 м.кв гэж, мөн коридор болон тагтны хэсгийн өргөтгөлийг оруулалгүй үнэлгээ тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, зөрүү 5.9 м.кв талбайг болон өргөтгөлийг үнэлгээнд хэрхэн оруулсан, хассан талаарх мэдээлэл тайланд огт байдаггүй. Түүнчлэн үнэлгээний компани нь орон сууны талбайн хэмжилт хийх эрхгүй бөгөөд өргөтгөлтэйн улмаас бодит талбай их тохиолдолд тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр талбайн хэмжээг хийлгэж, түүний дараа үнэлгээг хийх байсан. Эсхүл бодитоор хэмжиж үзэхэд талбайн хэмжээ хэдэн м.кв талбайгаар илүү болон тухайн илүү өргөлтэй тохиолдолд зах зээлийн үнэлгээ хэрхэн өсөх талаар мэдээллийг судлалгүй, бодитой үнэ зөв талаас үнэлсэнгүй.

1.5. Үнэлгээний тайлангийн 4 дэх хуудаст Мэдээллийн эх үүсвэр ба найдвартай байдал: Энэхүү тайланд ашигласан мэдээллийг авсан эх сурвалжийг холбогдох хэсгүүдэд тусгав. Харьцуулсан өгөгдлийг үл хөдлөх зуучлалын компаниуд, вэб сайтууд, компанийн өөрийн үл хөдлөх хөрөнгийн хэлцлийн өгөгдлийн сан болон гуравдагч талын брокеруудаас цуглуулсан гэжээ.

Гэтэл үнэлгээчин нь зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэж, тухайн аргаа хэрэглэхдээ ганцхан www.unegui.mn сайтын мэдээллийг л ашигласан нь тухайн үнэлж буй орон сууцны дотор заслын хувьд ойролцоо үзүүлэлт бүхий орон сууцнаас ялгагдах давуу талуудыг огт үнэлэн дүгнэлгүйгээр буюу үнэн бодитойгоор тогтоосонгүй. Түүнчлэн 170,000,000 төгрөг, 168,000,000 төгрөг, 180,000,000 төгрөг гэж үнийн судалгаа хийсэн атлаа дундаж үнийг тооцож гаргалгүйгээр хамгийн бага үнийг сонгон үнэлгээг үндэслэлгүй тогтоосонд гомдолтой байна.

Тодруулбал, тухайн барьцаа хөрөнгийн өмчлөгч нар нийт 81.9 м.кв бүхий талбайтай 3 өрөө орон сууцандаа засвар болон өргөтгөх ажлыг хийсэн бөгөөд тус зардал нийт 70,000,000 төгрөг орчим болсон ба бусад ойролцоо үзүүлэлт бүхий орон сууцнаас илүү тохилог тухтай.

1.6. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн нэр, хөрөнгийн үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл, захиалагч болон үйлчлүүлэгчийн нэр, хаяг болон шаардлагатай бусад мэдээлэл; гуравдагч этгээдийн талаарх мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, үнэлгээний өдөр болон тайлан бэлтгэсэн он, сар, өдөр, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл; хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл; хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл; хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тоггоосон үнэ цэнэ; хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл зэргээс бүрдэх ёстой.

Гэтэл Хөрөнгийн үнэлгээний ХХК нь хөрөнгийн талбайн хэмжээг бодитой бусаар тооцож, мөн зах зээлийн үнийг тогтоохдоо ашигласан баримт, мэдээлэл, нотолгооны эх сурвалж нь нэг эх үүсвэр буюу ганцхан www.unegui.mn сайтыг ашигласан байгаа болно. Ийнхүү үндэслэлгүйгээр бага үнээр үнэлэснээс шалтгаалж, төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгчийн эрх зүйн байдлыг нэн дордож, хохироод байгаа болно. Иймд ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ХҮ-Ш/07 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2856 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 238,994,000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд, төлбөр төлөгч ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.*******, Б.******* нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцныг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 168,207,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, процессын алдаа гаргасан тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2 мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. гэж заасныг ноцтой зөрчиж ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар өвчний акттай байхад хэрэг хянан шийдвэрлэсэн.

Миний бие нь ******* ХХК-аас 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэл аван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11 цагт товлогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт болоод өвчний актыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн сайтанд байх гэх и-мейл хаягт 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 29 минутанд өөрийн  хаягаас илгээсэн. Гэтэл тус шүүхийн тамгын газрын архивч, бичиг хэргийн ажилтан миний явуулсан хүсэлт өвчний актыг шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд дутуу буюу өвчний актыг явуулаагүйгээс болж тус өдрийн шүүх хуралдаан нотлох баримтаа ирүүлээгүй гэх үндэслэлээр эзгүйд шийдвэрлэсэн. Энэ талаар миний бие нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүлгэн олж мэдээд Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргад энэ талаар хүсэлтийг хүргүүлсэн.

Ингээд уг нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор шүүх хуралдаанд зохигчийн эрхээ эдэлж чадаагүй, биечлэн оролцоогүй, мэтгэлцэх зарчмыг эдэлж чадаагүйн улмаас манай компаний хууль ёсны эрх ашиг, сонирхол ноцтойгоор зөрчигдөж байгаа юм.

4.2. Мөн үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн тухайд;

******* ХХК-ийн захирал Х.******* нь 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд албан томилолтоор явж байсны үндсэн дээр гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Энэ талаарх албан томилолтын хуудас болоод тайлбарыг шүүгчийн туслахад 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар илгээсэн. Гэтэл шүүгчийн туслах 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материалтай танилцахад хэрэгт хавсаргаагүй байсан бөгөөд шуудан ирээгүй гэх хариу өгсөн. 2024 оны 6 дугаар сарын 26-нд шүүлгээд үзтэл уг шууданг хүлээж авсан хэдий ч хавтас хэрэгт хавсаргаагүй шүүгчид танилцуулаагүй нөхцөл байдалтай байсан.

Ингээд миний бие нь өөрийн биеэр шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байхад шүүх хуралдааныг хэлэлцэн шийдвэрлэсэн мөн хавтаст хэрэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсаргаагүй процессын алдаа гарсан тул уг шүүхийн шийдвэр нөгөө талд ашигтайгаар шийдвэрлэгдэж мэтгэлцэх зарчим хөндөгдөж байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор гурван удаа хангасан. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан болохоос 20-30 минутын өмнө шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.  Анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж давж заалдах журмаар гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Шүүх дээрх хэргийг нэхэмжлэгч талын эзгүйд хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.гийн ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэд холбогдох баримтыг ирүүлээгүй гэж дүгнэж, уг хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.

Гэвч хэрэгт авагдсан тус шүүхийн Тамгын газрын 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 793 дугаартай албан бичигт дурдсанаар тус газрын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийн үндэслэл болсон эмнэлгийн магадлагааг хүсэлтэд хавсаргаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүний улмаас шүүх түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэх үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн нотлох баримт болох эмнэлгийн магадлагаа байсан нь хожим ийнхүү шүүх хуралдааны дараа илэрхий болсон нь шүүхийн алдаа биш боловчхэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

4. Ийнхүү хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх хангагдаагүй байх тул давж заалдах шатны шүүх маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхтэй холбоотой гомдолд дүгнэлт хийхгүй.

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Т.ГАНДИЙМАА