Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/42

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Х.Ганзориг,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М овогт С.Б-д холбогдох эрүүгийн 1917000710033 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, М.Б /РД:.........../, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1974 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн,  44 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны........ тоотод оршин суух, Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт харуул ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч М.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-517 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч М.Ч-тай маргалдаж түүний нүүрэн тус газар шилэн сав шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-517 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч М.Ч-тай маргалдаж түүний нүүрэн тус газар шилэн сав шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгэтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч М.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 14 цаг өнгөрч байхад цайндаа орохоор гэртээ ирэхэд манай нөхөр Б найз Б-тайгаа 1 шил архи уугаад сууж байсан. Би цайндаа орчихоод буцаад ажилдаа явсан. Тэгээд орой 17 цагийн үед Бат-Отгон луу утсаар ярьсан чинь гэртээ хоолоо бэлдээд байна гэж хэлсэн. 18 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад хүү 5 настай С-ийн хамт гэртээ ирсэн. Ба гэртээ байхгүй байхаар нь утсаар залгаад хаана байгаа талаар нь асуухад ойрхон байна гэж хэлсэн. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад Б нилээн согтсон хөл дээрээ гуйвсан орж ирсэн. Би Б-ыг архи уулаа гээд уурлаад хоолоо хийгээд байж байна гэсэн яасан муу архичин гээд загинасан чинь Б гэрийн хойморт байдаг ширээний зүүн талд сууж байсанаа ширээн дээр байсан элсэн чихэртэй жижиг шилэн савыг аваад над руу шидсэн. Тэр шилэн сав нь миний зүүн талын хацрын товгор ясан дээр оносон. Би Б-г юм шиднэ гэж санаагүй. Урд ийм асуудал гаргаж байгаагүй болхоор уурлаад загинаад сууж байсан. Би уурлаад нүүр лүү юмаар оночихлоо хавдчихвал ажилд явж чадахгүй гээд уурлаад ширүүхэн үг хэлсэн чинь өөрийнхөө барьж байсан гар утсыг мөн над руу шидтэл манай 5 настай хүү над руу гүйж байгаад шидсэн гар утсанд оногдсон. Би тухайн үед цагдаад мэдэгдэж яах юм бэ гэж хэлсэн. Манай дүү цагдаад мэдэгдсэн байсан. Б намайг урд нь цохиж зодож байгаагүй. Б над руу элсэн чихэртэй жижиг шилэн сав шидээд зүүн хацрын товгор ясан дээр оносон. Тэр нь нүд рүүгээ нүүгээд хөхөрсөн байсан. Энэ гэмтлийг надад Б учруулсан… Б огцом уур уцаар байхгүй. Тайван зантай хүн байгаа юм. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Б бид хоёр  сайн дураараа эвлэрсэн.Хохирлын тал дээр маргаангүй болсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 24-26 хуудас/

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед манай дүү Ч бага хүүгээ дагуулаад орж ирсэн. Нөхөртэйгээ мууудалцсан гэж байсан. Манай дүү нөгөө өрөөнд ороод унтаад өгсөн. Өглөө босоод яваад өгсөн байсан. Шөнө цагдаа ирээд аваад явж байгаа бололтой байсан. Ч ямар байдалтай орж ирсэн талаар мэдээгүй. Ямарч байсан сүртэй цус гоожсон зүйл байгаагүй. Тэрнээс хойш Ч-тай тааралдаагүй. Б хувьд хүнтэй эвсэг харилцаатай. Хүнтэй мэнд устай явдаг. Намайг харахад дөлгөөхөн зан ааштай хүн байдаг. Ажил хөдөлмөрт сайн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/

 

Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 134 дугаар дүгнэлтэнд: М.Ч-гийн биед зүүн нүдний зовхинд, зүүн хацарт цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 19 хуудас/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /х.х-ийн 5-6 хуудас/

 

Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /х.х-ийн 9-10 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

 Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р тал/-аар тогтоогдож байна.

 

          Ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 1917000710033 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Мойног овогт М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ