| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/04358/И |
| Дугаар | 560 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 05-23 тоотод байрлах, “Нью Ариг Ус” ХХК/РД: 5358078/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 35-р байр, 8 тоотод байрлах, “Хот мандал холдинг” ХХК/РД: 5445493/-д холбогдох
8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нью Ариг Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2013 онд “Хот мандал групп” ХХК-тай нийт 90 000 000 төгрөгийн үнийн дүнтэй “Бетон талбай, төмөр бетон шугам суурь цутгах тухай гэрээ”-г буюу ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээнд зааснаар гүйцэтгэгч компани Дорнод аймгийн Халх гол суманд хийгдэх 40х60м хэмжээтэй 2400 м.кв талбайтай 2ш буюу нийт 4800 м.кв талбайтай өнгөлгөөгүй бетонон талбай, 100x25 хэмжээтэй агуулахын барилгын төмөр бетон шугам суурь, дотор бетон 10 см зузаан, бетон шал цутгах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон юм.
Тус гэрээний дагуу 2.1.а-д зааснаар манай компани гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 45 000 000 төгрөгийг гүйцэтгэгчийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн дансруу нь 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн.
2013 оны 07 дугаар сарын 22-нд гүйцэтгэгч компанийн 10 гаруй ажилтнууд ажлаа хийж эхлэхээр Дорнод аймгийн Халх голын Ташгай баригад дээр ирсэн.
Ажил гүйцэтгэх хугацаанд бидний ярилцаж тохирсон шугам татсан ажлын хэмжээ, талбайд орох эд материалын норм өөрчлөгдөж хэмжээнээсээ их орж байгааг цаг тухай бүрд хэлж залруулж байсан. Энэ хугацаанд байгаль цаг агаарын саатал гарч байсан ч манай компанийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй шийдэж байсан.
Бид байгалийн саатлыг харгалзан үзэж гүйцэтгэгч талтай дахин уулзаж тохиролцоонд хүрсэн юм. Үүнд: 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бид тариа хураалтанд орж үтрэмийн талбай дээр хураан авсан ургацаа буулгах байсан учраас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд гэрээт ажлыг дуусгахаар гүйцэтгэгч талтай ярилцаж тохиролцсон. Манай компанийн зүгээс гүйцэтгэгчид гэрээт ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж 3 ачааны машин нэмж гаргаж өгсөн. Мөн гүйцэтгэгч талын ажилчид цөөрсөөр 15 хоногийн дараа гэхэд 3 хүн л үлдсэн байсан тул манай компани цэргийн ангитай гэрээ байгуулж 8 цэрэг, 1 ахлагч нэмж ажиллуулсан. Ингээд гүйцэтгэгч компанийн захирал Б.Насанбат 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн актаар гэрээт ажлыг дуусган хүлээлгэн өгч чадахгүй болсоноо мэдэгдсэн бөгөөд 20 000 000 төгрөгийг Захиалагч талд буюу манай компанид буцаан олгох талаар тохиролцсон юм. Манай компани 2013 оын 10 дугаар сарын 10-нд Приус-20 маркын авто машиныг 12 000 000 төгрөгөөр үнэлж гүйцэтгэгчээс авсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 8 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд бидэнд олгоогүй байна.
Гүйцэтгэгч компани болох “Хот мандал групп” ХХК нь гэрээний 4.1-т зааснаар “Бетон цутгалтын ажлыг батлагдсан барилгын зураг төсөл, нарийвчилсан тооцооллын дагуу барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн гэрээнд заасан төсөвт өртөгөөр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, гэрээнд заагдсан хугацаанд багтаан захиалагчид хүлээлгэн өгнө.” Мөн гэрээний 4.4-д “Гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэсэн ажилтай холбогдох ил далд, ажлын акт, холбогдох техникийн бичиг баримт, дүрэм журмын дагуу үйлдэх баталгаажуулах, холбогдох гэрэл зургийн хамт захиалагчид хүлээлгэн өгнө” гэж заасан үүргээ ноцтойгоор зөрчиж, Иргэний хуулийн 343.1-д зааснаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх...” үүргээ биелүүлээгүй байна.
Манай компани алданги торгууль, анзыг тооцохгүйгээр буцаан авах 8 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч “Хот мандал холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани “Нью Ариг-Ус” ХХК-тай 2013 онд “Бетон талбай, төмөр бетон шугам суүрь цутгах тухай” ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Дорнод аймгийн Халх гол суманд 40мх60м хэмжээтэй 2400м2 талбайтай 2ш буюу нийт 4800м2 талбайтай өнгөлгөөгүй бетонон талбай, 100мх25м хэмжээтэй агуулахын барилгын төмөр бетон шугаман суурь, дотор бетон 10 см зузаан бетон шал цутгах ажил хийж гүйцэтгэх, уг ажлын хөлсийг 90 000 000 /ерэн сая/ төгрөгөөр харилцан тохиролцсон. Манай компаний ажилчид 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэхээр талбайд очиход захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй (тухайлбал: гэрээний 3.6-д “захиалагч нь бетон цутгах талбайн өнгөн хөрсийг хуулж, нягтруулан тэгшилж бетон цутгахад бэлдэх”; 3.7-д “.... бетон цутгалтын ажилд 425 маркын цемент, стандарт хангасан хайрга нийлүүлэх”; 3.8-д “бетон цутгалтын ажилд шаардлагатай түр хугацааны цахилгааны тэжээлийн самбар, yc татах хоолойг ажил эхлэхээс өмнө талбайд байрлуулан гүйцэтгэгчид хүлээлгэж өгөх”) бөгөөд компаний зүгээс шаардлага тавьж байсан үр үнд хүрээгүй юм. Иймд манай компаний зүгээс 1000 гаруй км замыг 2 /хоёр/ туулж 3 машин 14 хүний бүрэлдэхүүнтэй очиж бетон талбайн зай хэмжээ, шугаман суурийн өндөржилт, улаан шугам тавьж, ургамлын хөрсийг хуулуулж ажлаа эхэлсэн.
Манай компани ажлын хөлсөнд авсан урьдчилгаа 45 000 000 /дөчин таван сая/ төгрөгөөр гэрээт ажлаас 100мх25м хэмжээтэй агуулахын барилгын төмөр бетон шугаман суурь, нийт цутгах ёстой 4800 м.кв өнгөлгөөгүй бетонон талбайгаас 2000 м.кв-ыг цутгаж хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нью Ариг Ус” ХХК хариуцагч “Хот мандал групп” ХХК-д холбогдуулан 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч “Хот мандал групп” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оноосон нэрээ өөрчилж “Хот мандал холдинг” ХХК болсон болох нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дахин олгосон 0000122231 улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид 2013 онд “Бетон талбай, төмөр бетон шугам суүрь цутгах тухай гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/-г байгуулсан талаар маргахгүй байх ба уг Гэрээгээр хариуцагч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Зохигчдын байгуулсан Гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй, хуульд нийцсэн байна.
Зохигчид Гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаагүй талаар болон нэхэмжлэгч ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт хариуцагчид 45 000 000/дөчин таван сая/ төгрөгийг төлсөн талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч Гэрээг цуцалж хариуцагчаас учирсан хохиролд 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т “Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.” гэж заасан.
Зохигчдын тайлбараар хариуцагч Гэрээнд заасан ажлыг 2013 оны намрын тариа хураалт эхлэхээс өмнө бүрэн гүйцэтгэж дуусгахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Гэрээгээр гүйцэтгэх ажлыг бүрэн гүйцэтгээгүй боловч нийт 45 000 000/дөчин таван сая/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх боловч Гэрээний дагуу нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 45 000 000/дөчин таван сая/ төгрөгөөс 20 000 000/хорин сая/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох тухай 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тодорхойлолт үйлдсэн болох нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтын хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч нь Гэрээний үлдэх хэсгийг гүйцэтгэх нь нэхэмжлэгчид ашиггүй болсон байх тул нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Гэрээний дагуу гүйцэтгэх ажлаас нийт 45 000 000/дөчин таван сая/ төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.
Гэрээг цуцалсантай холбогдуулан хариуцагч нэхэмжлэгчид учирсан хохиролд 8 000 000/найман сая/ төгрөгийг төлөх үндэслэлтэй болох нь 2013 оны 09 дүгээр сарын 12-ны, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагчаас учирсан хохиролд 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хот мандал холдинг” ХХК-иас 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нью Ариг Ус” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хот мандал холдинг” ХХК-иас 8 000 000/найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нью Ариг Ус” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Нью Ариг Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хот мандал холдинг” ХХК-иас 142950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Нью Ариг Ус” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ