Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 182/2024/01368/И |
Дугаар | 210/МА2024/01648 |
Огноо | 2024-08-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/01648
2024 08 23 210/МА2024/01648
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02926 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ОНӨААТҮГ
Хариуцагч: *******т холбогдох
Гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулах хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани тендерт шалгарч 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай Засаг даргын тамгын газрын барилгын их засвар /Улаанбаатар, ******* дүүрэг/ ГХЭГ/202102015 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ******* дүүргийн Засаг даргын тамгын газрын барилгын их засварын ажлыг гүйцэтгэсэн.
1.2. ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын их засварын ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд захиалагчийг төлөөлж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт хийж ажилласан бөгөөд манай компани засварын ажлыг бүрэн хийж дуусган 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ЗГ-197/2022 тоот дүгнэлтээр захиалагчид хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулсан.
1.3. ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын их засварын ажлыг гүйцэтгэх явцад тоосгон хамар хана, хаалга, модон шал, халаалтын шугам хоолой задалж буулгах, керамик хавтан, чулуугаар шал, шалны хүрээ хийх, дотор хана шавардаж эмульсдэх, цахилгааны утас солих зэрэг гэрээнд заагдаагүй ажлын тоо хэмжээнд дурдагдаагүй нэлээд ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын шийдвэрээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.
Энэхүү илүү хийсэн ажлынхаа тоо хэмжээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хамтран гаргаж төсөв зохион Барилгын хөгжлийн төвийн магадлалаар хянуулахад 115,879,265 төгрөгийн нэмэлт ажлыг хийсэн болох нь тогтоогдсон.
Гэрээнд тусгагдаагүй нэмж хийсэн ажлынхаа санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр 343/2022 тоот магадлалын дүгнэлт, баталгаажсан төсвийг НХОГ-т хүргүүлсэн боловч 2023, 2024 оны улсын болон орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэж өгсөнгүй.
1.4. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын энэхүү эс үйлдэл нь Иргэний хуулийн 344 дугаар зүйлийн 344.2-т заасныг зөрчиж манай компанийг хохироосоор байгаа тул ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын их засварын ажлыг гүйцэтгэх явцад ******* ХХК-ийн нэмж хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 115,879,265 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч ******* ОНӨААТҮГ-ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Мөнхийн үргэлжлэл ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр *******тай 716,620,294 төгрөгийн үнийн дүнтэй Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар /Улаанбаатар, ******* дүүрэг/ ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/127 дугаар захирамжийн 2-д ...захиалагчийн хяналт тавьж ажиллахыг ******* /Б.*******/-т даалгасан. Нэхэмжлэлд дурдсан ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын их засварын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн бөгөөд ******* нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр *******тай 716,620,294 төгрөгийн үнийн дүнтэйгээр Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар /Улаанбаатар, ******* дүүрэг/ ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний үнэ 716,620,294 төгрөгийн ажлаас нийт 138,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй орхигдсон. 2016 оны төсвөөр тендер зарлагдаж шалгараад ажил гүйцэтгэсэн бөгөөд үнийн өсөлтийн зөрүү 115,879,265 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/126 дугаар захирамжаар нэмэлтээр авсан.
3.2. Гэрээний үнэ нь 832,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ хийгдээгүй ажлын түвшинг харахаар 138,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй. 115,879,265 төгрөг магадлан оруулсан ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Барилга хөгжлийн төв рүү албан бичиг явж байж магадлалаар баталгааждаг. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэмэлт төсөв батлуулах албан бичиг явуулаагүй. Захиалагч *******т төсвийн хэмжээ 115,879,265 төгрөгөөр нэмэгдэх тухай мэдэгдээгүй. Иймд 115,879,265 төгрөгийг олгох боломжгүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар /ТБАГУТҮГ/, ******* /ОНӨААТҮГ/-д тус тус холбогдох гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мөнхийн үргэлжлэл ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 738,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02926 тоот шийдвэрийн /цаашид шүүхийн шийдвэр/ гэх үндэслэх хэсгийн 18. Гүйцэтгэгч ******* ХХК нь төсвийн хэмжээ нэмэгдэхээр байгааг захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй бөгөөд ******* дүүргийн ЗДТГ-ын барилгын их засварын ажлын хурлаар захиалагчид мэдэгдсэн гэх тайлбар гаргасан боловч ******* дүүргийн ЗДТГ-ын барилгын их засварын ажлын хурлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн протоколын ирц, шийдвэрлэлт хэсэгт гарын үсэг зурсан оролцогчдоос харахад захиалагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар оролцоогүй байх тул төсвийн хэмжээ нэмэгдэхээр байгааг захиалагчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. /хх-ийн 83-81 тал/ 19. Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ******* ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГХЭГ/202102015 тоот гэрээ болон хугацаа сунгасан гэрээнүүдэд захиалагчийг төлөөлж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А., Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.*******, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.*******, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.*******, НХОГ-ын хууль, дотоод хяналтын хэлтсийн дарга С.*******, НХОГ-ын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч Ц. нар гарын үсэг зурсан.
Барилгын их засварын ажлын явц цаашид хийх ажлын талаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* дүүргийн ЗДТГ-ын даргын өрөөнд хийсэн хуралд НХОГ-ын зүүн бүсийн ахлах инженер С., НХОГ-ын хяналтын инженер Г. нар захиалагчийг төлөөлөн оролцож шийдвэр гаргасан, энэ хурлаас гарсан шийдвэрийн дагуу ******* ХХК-ийн нэмж хийсэн ажлыг НХОГ-ын зүүн бүсийн ахлах инженер С., НХОГ-ын хяналтын инженер Г. нар гүйцэтгэгчтэй хамтран жагсаалтаар гаргаж НХОГ-ын Ерөнхий инженер Т.*******, НХОГ-ын хууль, дотоод хяналтын хэлтсийн дарга Б., НХОГ-ын БЗХ-ийн дарга Б.******* нар захиалагчийг төлөөлж гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.
5.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21. Гүйцэтгэгч ******* ХХК нь нийт 138,390,709 төгрөгийн ажил дутуу хийгдсэн болохыг баримтаар үгүйсгэж чадаагүй бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35/197/2022 дугаар акт-нд Стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн дарга О., нарийн бичиг ******* ХХК-ийн захирал н.******* гэж гарын үсэг зурсан бөгөөд дээрх акт нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудасны хамт хүчинтэй байх ба улсын комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас хавсаргаж ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 107 дугаар зүйлийн 107.2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /хх-ийн 11-12 тал/ гэжээ.
2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр болсон шүүх хурал дээр хурал даргалагчаас шүүх хуралд шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байна уу? гэж асуухад хариуцагчийн төлөөлөгч Х. 12 хуудас материал гаргаж шүүхэд өгсөн. Энэхүү материалтай хурал даргалагчаас танилцахыг зөвшөөрсний дагуу үзэхэд 138,390,709 төгрөгийн ажил дутуу хийгдсэн гэсэн барилгын ажлын төсөв байсан бөгөөд барилгын хяналтын инженер Х. хувийнхаа инженерийн тамга тэмдгийг дарсан магадлалаар баталгаажаагүй баримт бичиг байсан.
Шүүх хурлын явцад нэхэмжлэгч захиалагчийн гаргаж өгсөн энэхүү баримт бичиг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Монгол улсын барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн төсвийн тооцоог мэргэшлийн зэрэгтэй төсөвчнөөр хийлгэсэн байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн засварын ажлыг гэрээний дагуу бүрэн хийж дууссан байна гэж үзэхэд танай байгууллага 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээн авч гэрээгээ дүгнэсэн шүү дээ гэж шүүх хурлын мэтгэлцээний явцад нотолсон болно.
Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд зарим зүйлийг буруу бичсэн, утга найруулгын алдаатай, уншаад ойлгоход бэрх зүйлүүд нэлээд байгаа тул хяналтын аудио бичлэгтэй тулгаж өөрчлөлт оруулахыг шүүхийн нарийн бичгийн даргад санал болгосон болно.
5.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02926 тоот шийдвэрийг хүчингүй болгож ******* ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр *******тай байгуулсан Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар /Улаанбаатар, ******* дүүрэг/ ажил гүйцэтгэх гэрээ /Дугаар ЗГХЭГ/202102015/-ний дагуу ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын их засварын ажлыг гүйцэтгэх явцад захиалагчийн хүсэлтээр нэмж хийсэн ажлын хөлс болох 115,879,265 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,474 694 төгрөгийн хамт Монгол улсын Иргэний хуулийн 344 дугаар зүйлийн 344.2-т заасны дагуу Нийслэлийн засаг даргын тамгын газраас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа талуудыг маргаж буй асуудлаар мэтгэлцүүлээгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын барилгын их засварын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, уг засварын ажлыг хийж байх явцад гэрээнд тусгагдаагүй 115,879,265 төгрөгийн төсөвт өртөг бүхий нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн, энэхүү санхүүжилтийг 2023 болон 2024 оны төсөвт тусгаж шийдвэрлэж өгөөгүй байна гэж, харин хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ ...2016 оны төсвөөр тендер зарлагдсаны дагуу шалгарч, 716,620,294 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд үнийн өсөлтийн зөрүү 115,879,265 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын 2023.02.08-ны өдрийн А/126 дугаар захирамжаар нэмэлтээр авсан, гэрээний нийт үнэ 832,000,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ хэмжээгээр төсвийн хэмжээ нэмэгдэх тухай мэдэгдээгүй, Барилга хөгжлийн төвийн магадлалаар баталгааждаг гэх агуулгаар тайлбарлажээ.
Талууд Нийслэлийн Засаг даргын 2023.02.08-ны өдрийн А/126 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч нь 115,800,000 төгрөгийг хүлээн авсан асуудлаар маргаагүй боловч энэ нь нэхэмжлэгчийн нэмэлтээр хийсэн гэх ажлын хөлс эсэх, аль эсвэл анхны төсөвт өртөг инфляцийн үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдсэн эсэх асуудлаар маргасан байна.
Дээрх маргаж буй асуудалтай холбоотой гэх нотлох баримтын шаардлага хангагдаагүй Нийслэлийн Засаг даргын 2023.02.08-ны өдрийн А/126 дугаар захирамж хэрэгт авагдсан байх ба уг захирамжид ...үнийн өсөлт тооцсонтой холбоотойгоор төсөвт өртөг нь нэмэгдэж, зураг төсөл нь магадлалаар батлагдсан төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталж, ...нэмэлт гэрээ байгуулах гээд, хавсралтад Засаг даргын тамгын газрын их засвар төсөвт өртөг 832,4 сая, 2023 онд санхүүжих дүн 115,8 сая төгрөг гэжээ.
Шүүх дээр дурдсан 115,8 сая төгрөгийг талуудын маргаж буй 115,879,265 төгрөгтэй хамааралтай эсэхэд дүгнэлт хийлгүйгээр, ийнхүү маргаж буй асуудлаар талуудаас тодруулан, мэтгэлцүүлээгүй зөвхөн нэхэмжлэгчийг гэрээний дагуу гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээ 115,879,265 төгрөгийн хэмжээгээр нэмэгдэхээр байгааг захиалагчид мэдэгдээгүй гэх агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2023.02.08-ны өдрийн А/126 дугаар захирамжид холбогдох баримт хэрэгт авагдаагүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй гэж үзэх үндэслэл болж байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 115,879,265 төгрөг нь ямар төрөл, хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн зардал болох, мөн нэхэмжлэгчид олгосон гэх 115,8 сая төгрөгийг үндэслэлээр олгосон, энэ нь нэхэмжилж буй ажлын хөлснөөс тусдаа эсэхийг тодруулах нь маргааны зүйл байжээ.
4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж хийх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02926 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737,347 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА