Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00073

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  Б.Дд холбогдох 1932000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, *оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хархираа овогт Батнасангийн Д. /РД:*/

             Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Ганга гэх газраас зөвшөөрөлгүйгээр 29 ширхэг буюу 15.688 м3 хуурай нарс модыг бэлтгэж өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 03-97 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 5082912 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгийн өгсөн…... 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр уул руу модонд Хж, Хс нарын хамт өөрийн эзэмшлийн 03-97 СЭҮ улсын дугаартай Зил-131 маркийн машинтай явсан. Тэгээд ууланд 2 хоноод 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ойгоос хуурай нарсан мод 29 ширхгийг бэлтгээд ачиж ирж яваад цагдаагийн постон дээр ирээд шалгуулаад журамлагдсан. Тухайн үед би мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Уг эрхийн бичигт заасан куб метрээс хэтрүүлэн бэлтгэсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч С.Бцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…… Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Иэнбирс ХХК-ний № 0233366 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт дурдсан хэмжээнээс хэтрүүлэн Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэж тээвэрлэж байгаад саатуулагдсан. Уг хэрэгт Иэнбирс ХХК-ний № 0233366 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт дурьдсан 183,85 метр куб хэрэглээний модноос илүү бэлтгэж тээвэрлэсэн модны хохирол болох шинжээчийн дүгнэлт, актаар тогтоогдсон мөнгөн дүнг нэхэмжилж байна гэх /Хх-н 31 дүгээр хуудас/

Гэрч Ж.Эсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Манай Иэнбирс ХХК нь ойд арчилгаа цэвэрлэгээ хийх чиглэлийн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг юм. Манай найз Т.Мөнхцацрла манай байгууллагын нэр дээр надтай хамтарч энэ үйл ажиллагааг эрхэлдэг. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр билүү 13-ны өдөр билүү би сайн санахгүй байна намайг байхгүй хойгуур Мөнхцацрал ой хаахаас өмнө уул руу мод бэлтгүүлэхээр машин явуулсан байсан нь ирж явах замдаа цагдаад журамлагдсан байсан. Манай байгууллага нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан хэнтийн захиргаатай ойгоос цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний 183,85 метр куб, түлээний 50,10 метр куб мод бэлтгэх гэрээ байгуулж зөвшөөрөл авсан байгаа гэх мэдүүлэг /Хх-н 36 дугаар хуудас/

Гэрч А.Хсын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би найз Хж, Д нарын хамт Дгийн 03-97 СЭҮ улсын дугаартай Зил-131 загварын машинтай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мод бэлтгэн ачиж ирэхээр яваад буцаад 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой Мандал суманд орж ирж байхдаа цагдаа нарт саатуулагдсан. Тэгээд Дгийн мод ачсан машиныг нь журмын хашаанд хийсэн. Бид гурав 4 метрийн урттай 29 ширхэг хуурай мод бэлтгэн ачиж ирж яваад саатуулагдсан. Дээрх модыг ямар нэртэй газраас бэлтгэсэн гэдгээ би мэдэхгүй байна. Ямар ч байсан бүгд хуурай мод байсан гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/

Гэрч Д.Хжгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би найз Хс, Д нарын хамт Дгийн 03-97 СЭҮ улсын дугаартай Зил-131 загварын машинтай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мод бэлтгэн ачиж ирэхээр яваад буцаад 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой Мандал суманд орж ирж байхдаа цагдаа нарт саатуулагдсан. Бид гурав 4 метрийн урттай 29 ширхэг хуурай мод бэлтгэн ачиж ирж яваад цагдаа нарт саатуулагдсан. Дээрх модыг ямар нэртэй газраас бэлтгэсэн гэдгээ би мэдэхгүй байна. Мөн хэдэн куб метр мод бэлтгэсэн гэдгээ мэдэхгүй гэх мэдүүлэг /Хх-н 42 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № 2019/09 …….. Хариулт:

Мөрдөгчийн магадлагаатай танилцахад № 0233366 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт 183,85 метр куб хэрэглээний мод, 50,10 метр куб түлээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан. 183,85 метр куб хэрэглээний модонд 11 ширхэг хяналтын хуудас олгосон ба үүгээрээ 19953 метр куб мод бэлтгэж, 15,688 метр кубийг илүү бэлтгэсэн байна. Илүү бэлтгэсэн 15,688 метр куб хуурай нарс гуалингийн экологи-эдийн засгийн үнэлгээг гаргахад:

Байгаль орчны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаал, 1 дүгээр хавсралт Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалаар Ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой нь 1 дүгээр мужид хамаардаг. Мөн Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай 394 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтад 1 дүгээр муж хамгаалалтын бүсийн 1 шоометр бүх төрлийн хуурай мод 60000 төгрөг байхаар тогтоосон ба нэг шоометр модны эколгои-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр үржүүлнэ гэж заасан байдаг. Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин итгэлцүүр -1.8

Дээрх 15,688 метр куб модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход:

Хуурай нарсан гуалин 15,688 м3 х 60000 төг х 1.8 = 1694304 төг 

Нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 1694304 /нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга гурван зуун дөрвөн/ төгрөг болж байна гэх /Хх-н 63 дугаар хуудас/

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № 18-04-340/08 .........

1.29 ширхэг 15,688 метр куб хуурай нарс модны эколгои-эдийн засгийн үнэлгээ нь 1694304 төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь заалт ой түүний нөөцөд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 1694304 х 3 = 5082912 төгрөгийн хохирол ой түүний нөөцөд учирсан байна гэх /Хх-н 64 дүгээр хуудас/

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-04 дүгээр хуудас/

            Зил-131 маркийн 03-97 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 14 дүгээр хуудас/

            29 ширхэг нарсан гуалин модыг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 18 дугаар хуудас/

            Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол /Хх-н 26 дугаар хуудас/

            Зил-131 маркийн 03-97 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 сая төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 60 дугаар хуудас/

            Б.Дгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 75 дугаар хуудас/

            Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 79 дүгээр хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 80 дугаар хуудас/

            Зил-131 маркийн 03-97 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /Хх-н 82 дугаар хуудас/

            Ойн санд учруулсан хохиролд 5100000 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 126 дугаар хуудас/ зэрэг болно.

 

             Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Ганга гэх газраас зөвшөөрөлгүйгээр 29 ширхэг буюу 15.688 м3 хуурай нарс модыг бэлтгэж өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 03-97 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 5082912 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Б.Дгийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 5082912 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь ойн санд учруулсан хохиролд 5082912 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Д нь ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь тогтоогдсон бөгөөд хууль бусаар бэлтгэсэн 29 ширхэг хуурай нарсан гуалин модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг 29 ширхэг модыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Дгийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэхдээ хэрэглэсэн Зил-131 маркийн 03-97 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тээврийн хэрэгслийг нь хураахгүйгээр тээврийн хэрэгслийн үнэ болох 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, Б.Дгийн эзэмшлийн 03-97 СЭҮ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн № 01858331 дугаартай гэрчилгээ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Дд буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Хархираа овогт Батнасангийн Дг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь 450000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, энэ хэргийн улмаас битүүмжилсэн 4 метрийн урттай 29 ширхэг буюу 15.688 м3 нарсан гуалин модыг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Б.Дгийн эзэмшлийн 03-97 СЭҮ улсын дугаартай Зил-131 маркийн бор ногоон өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийн үнэ 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, Б.Дгийн эзэмшлийн 03-97 СЭҮ улсын дугаартай Зил-131 маркийн бор ногоон өнгийн тээврийн хэрэгслийн № 01858331 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Дд буцаан олгосугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН