Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01647

 

 

 

 

 

 

  2024 08 23 210/МА2024/01647

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/03340 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.*******т холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 812,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн 1 хороо ******* тоотод оршин суугч И.******* Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасан иргэний үүргээ биелүүлэхгүй удаа дараалан СӨХ-ноос үйлчилгээний төлбөр төлөх мэдэгдэл өгсөөр байхад хураамжаа төлөөгүй.

1.2. Удирах Зөвлөлийн тогтоолын дагуу 2019 оны 1 сард 11,000 төгрөг, 2019 оны 2 сард 12,400 төгрөг, 2023 оны 2 сараас 15,000 төгрөг төлөх үйлчилгээний хураамж батлагдсан тарифын дагуу бичигдсэн болно. Иймд 2019 оны 1 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл нийт 812,500 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг субъект биш болно.

Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөр гэх 2019 оны 1 сараас 2024 оны 4 сар хүртэлх мөнгө 812,500 төгрөг нэхэмжилж, 2022, 2023 онд өгч байсан гэх мэдэгдлүүд хэрэгт хавсаргажээ. Эдгээр баримтуудын талаар огт мэдэхгүй бөгөөд одоо шүүх дээр харж байна. Энэ мэдэгдлүүд нь тодорхой хугацаагүй бөөн дүнгээр бичсэн, гардуулсан огноо, тэмдэглэгээ ч байхгүй баримт байна. Үүнийг СӨХ-ны төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэж байсан гэж үзэх боломжгүй, яаж ч нөхөж бичих боломжтой, нэг талын хийсэн баримт байна. Сар сараар нэхэмжилж шаардаж байсан баримт ч алга байна. Нэг баримтад Т үсгээр бичсэн байх гарын үсгийг мэдэхгүй. Манай байранд СӨХ-ны үйл ажиллагаа явагддаг гэж мэдэхгүй, ******* гэх СӨХ-г огт мэдэхгүй, байрны төлбөрт СӨХ-ны төлбөр гэж огт бичигдэж ирж байгаагүй. Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болох зохицуулалттай.

2.2. Хариуцагчаа буруу тодорхойлсон, учир нь бэлэн гүйлгээ гэх СӨХ-ны төлбөр нэхэмжилсэн баримтад П.******* гэж нэр бичсэн байх бөгөөд хаанаас гаргасан нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангаагүй баримт байна. ******* СӨХ хэзээ яаж ямар үндэслэлээр байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, иргэд оршин суугчидтай ямар гэрээ байгуулсан, ямар эрх үүрэгтэй ажилладаг талаар огт мэдэхгүй. Зүй нь ******* СӨХ нь байгуулагдсан бол үндсэн үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явагддаг байх ёстой.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5, 7, 8, 9 дүгээр заалтууд тэр дундаа 5.1, 5.6, 7.1, 8.4, 9.2, 9.5, 16.5 дахь заалтуудыг яаж хэрэгжүүлж ажиллаж байгаа нь тодорхойгүй. Бүх гишүүд гэхээр оршин суугч бид гэж ойлгож байгаа гэтэл нэг ч удаа ямар ч хуралд оролцож үзээгүй, хурал болж байгаагүй. Ийм СӨХ-тэй болсноо ч мэдээгүй. Ийм байхад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг яаж хэрэгжүүлэх вэ? хэнээс асуух вэ?

2.3. СӨХ байгуулагдсан бол оршин суугчидтайгаа албан ёсоор гэрээ байгуулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж үзэж байна. Хэрэгт хавсаргасан ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний 22/12-19 тоот ******* СӨХ-ны үйлчилгээний хураамж нэмэх тухай тогтоол нь хуулийн шаардлага хангасан эсэхэд эргэлзэж байна. Хуулийн ямар ч зүйл заалтыг үндэслээгүй, ямар үндэслэлээр үйлчилгээний хураамжийг хэд байсныг хэд болгоод байгаа нь тодорхойгүй. Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл байхгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу Холбооны эрх барих дээд байгууллага буюу бүх гишүүдийн хурлаар холбооны сан бүрдүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан. Удирдах Зөвлөлийн эрх үүрэг тусдаа хуульчлагдсаны дотор үйлчилгээний хураамжийн асуудлыг шийдвэрлэх зохицуулалт тусгагдаагүй болно. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан И.*******ээс6,000 төгрөг гаргуулан ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдсэн 326,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.*******ээс 15,230 /арван таван мянга хоёр зуун гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан тул нэхэмжлэлээс хангасан6,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Үндэслэл нь:

4.1.1. Хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх заалтад заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг субъект биш болно.

4.1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, шаардах эрх хэзээнээс үүссэн нь тодорхойгүй, СӨХ-ны үйлчилгээний төлбөрийн мэдэгдэл гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тодорхой хугацаагүй бөөн дүнгээр бичсэн, гардуулсан огноо, тэмдэглэгээ ч байхгүй баримт байна. Үүнийг СӨХ-ны төлбөр төлөхийг шаардаж мэдэгдэж байсан гэж үзэх боломжгүй, яаж ч нөхөж бичих боломжтой, нэг талын хийсэн баримт байна. Сар сараар нэхэмжилж шаардаж байсан баримт ч байхгүй. Нэr баримтад Т үсгээр бичсэн байх гарын үсгийг мэдэхгүй. Тус байранд СӨХ-ны үйл ажиллагаа явагддаг гэж мэдэхгүй. ******* гэх СӨХ-г огт мэдэхгүй, байрны төлбөрт СӨХ-ны төлбөр гэж огт бичигдэж ирж байгаагүй. Иймээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болох зохицуулалттай болно.

4.1.3. Хариуцагчаа буруу тодорхойлсон. Учир нь бэлэн гүйлгээ гэх СӨХ-ны төлбөр нэхэмжилсэн баримтад П.******* гэж нэр бичсэн байх бөгөөд хаанаас гаргасан нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангаагүй баримт байна.

4.1.4. ******* СӨХ хэзээ яаж ямар үндэслэлээр байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, иргэд оршин суугчидтай ямар гэрээ байгуулсан, ямар эрх үүрэгтэй ажилладаг талаар ямар ч баримтгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны Байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5, 7, 8, 9 дүгээр заалтууд, тэр дундаа 5.1, 5.6, 7.1, 8.4, 9.2, 9.5, 16.5 дахь заалтуудыг яаж хэрэгжүүлж ажиллаж байгаа нь тодорхойгүй. Бүх гишүүд гэхээр оршин суугч бид гэж ойлгож байгаа гэтэл нэг ч удаа ямар ч хуралд оролцож үзээгүй, хурал болж байгаагүй. Ийм СӨХ-тэй болсоноо ч мэдээгүй. Ийм байхад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг яаж хэрэгжүүлэх вэ? Хэнээс асуух вэ? СӨХ байгуулагдсан бол оршин суугчидтайгаа албан ёсоор гэрээ байгуулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой байсан. Хэрэгт хавсаргасан ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 12 сарын 24-ний 22/12-19 тоот ******* СӨХ-ны үйлчилгээний хураамж нэмэх тухай тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй баримт. Хуулийн ямар ч зүйл заалтыг үндэслээгүй, ямар үндэслэлээр үйлчилгээний хураамжийг хэд байсныг хэд болгоод байгаа нь тодорхойгүй Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл байхгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу Холбооны эрх барих дээд байгууллага буюу бүх гишүүдийн хурлаар холбооны сан бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан. Удирдах Зөвлөлийн эрх үүрэг тусдаа хуульчлагдсаны дотор СӨХ-ны үйлчилгээний хураамжийн асуудлыг шийдвэрлэх зохицуулалт тусгагдаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх дээрх асуудлыг буруу дүгнэж, шийдвэр гаргасан, иргэн хүний хувьд СӨХ-ны төлбөр төлөх ёстой л гэж үзсэн хуульд нийцээгүй шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг СӨХ-д төлбөр төлөхөд асуудал үүсэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тухайн орон сууц 1973 онд ашиглалтад орсон барилга бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоо нь 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл 20 жил үйл ажиллагаа явуулж байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд заасан үүргээ биелүүлэн засвар үйлчилгээний ажлыг хийдэг. Гэтэл хариуцагч Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, хариуцагчаа буруу тодорхойлсон гэх агуулгаар гомдол гаргадаг. Үүнд: Сууц өмчлөгчдийн холбоо нь ямар үйл ажиллагааг хуулийн дагуу явуулдаггүй талаарх тайлбар, баримт, нотолгоо байдаггүй. Төрийн банкны лавлагаанд н.******* гэж бичигдсэн нь хариуцагч И.*******ийн нөхөр бөгөөд хамт амьдардаг. Анх Сууц өмчлөгчдийн холбоо н.*******аас төлбөрийг нэхэмжилнэ гэхэд эхнэр нь хэрэггүй гэх бөгөөд хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар уг орон сууцанд н.******* хамт амьдардаг нь тодорхой харагддаг. Гомдол дээр өмчлөгч биш гэж хэлээгүй, н.******* гэж бичсэн нь буруу энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн байдаг. Ийм байдлаар Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөөс татгалзан бусад оршин суугчдын эрх ашиг сонирхлыг хөндөн, тэдний өгсөн төлбөр мөнгөөр амьдрах нь буруу.

5.2. Сууц өмчлөгчдийн холбоо Иргэний хуулийн 143 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчидтай гэрээ байгуулах ёстой гэж ойлгодог нь буруу.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч И.*******ээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 812,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн *******,, дүгээр байрны сууц өмчлөгчдийн хурлын өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд ******* сууц өмчлөгчдийн холбоог Баянгол дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон. /хх-18 дугаар тал/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсэгт холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулах, хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцох, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасны дагуу зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн холбоог бүртгэх талаар зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар ******* сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгосон нь тус холбоог байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.2. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан.

Хариуцагч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны ******* дугаар байрны ******* тоотод оршин суудаг, тус орон сууцны эзэмшигч, өмчлөгч мөн эсэх асуудлаар маргаагүй, тус байр нь ******* СӨХ-нд хамаарч байх тул тухайн байрны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг төлөх үүрэг бүхий этгээд мөн байна.

3.3. ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22/12-19 тоот тогтоолоор үйлчилгээний сарын хураамжийг 1 өрөө 12,000 төгрөг, 2 өрөө 15,000 төгрөг, 3 өрөө 18,000 төгрөг, 4 өрөө 20,000 төгрөг, 5 өрөө 24,000 төгрөгөөр тооцохоор тогтоож, 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэхдээ тус холбооны Бүх гишүүдийн хурлын 2022.12.17-ны өдрийн тогтоолыг үндэслэсэн байх тул уг тогтоол Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.7, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч нь дээрх тогтоосон хэмжээгээр 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны үйлчилгээний хураамжийг шаардах эрхтэй бөгөөд үйлчилгээний хураамж нэмэх тухай тогтоол хуулийн шаардлага хангаагүй, тус зардлыг удирдах зөвлөлөөс тогтоохгүй гэх агуулга бүхий хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

3.4. Хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 812,500 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, төлбөр төлөгдөөгүй талаар зохигч хэн аль нь тайлбарласан.

Дээрх төлбөрт хариуцагч нь 2019 оны 2 дугаар сараас 2023 оны 2 дугаар сар хүртэл сар бүр 12,000 төгрөг, үүнээс хойш сар бүр 15,000 төгрөг төлөх болох нь нэхэмжлэгч байгууллагын удирдах зөвлөлийн 2022.12.24-ний өдрийн 22/12-19 дугаар тогтоол болон банкин дахь хэрэглэгчийн төлбөрийн дансны баримтаар тогтоогдож байна. Уг баримтад хэрэглэгчийн нэрийг П.******* гэж бичсэн талаар хариуцагч маргасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа П.******* нь миний нөхөр гэсэн байх ба тухайн баримтад хариуцагчийн нэр бичигдээгүй нь үйлчилгээний хураамжийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сараас 2021 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны үйлчилгээний хураамж болох 326,500 төгрөгт холбогдох хэсгийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

4. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй тул шүүх хариуцагч И.*******ээс6,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2024/03340 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

Т.ГАНДИЙМАА