| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00069/Э |
| Дугаар | 00071 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 00071
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Н.Лс нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Лсд холбогдох 1932000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1966 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 3 удаагийн шийтгэлтэй
-1989 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар
- 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ялаар шийтгүүлж тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан
-1997 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хорих ялаар, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 01 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямаагийн Лс. /РД: */
Шүүгдэгч Н.Лс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт байрлах Ноёдын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хамтран амьдарч байсан Б.Амтай маргалдаж түүний толгой, гарлуу модны мөчрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Лсгийн өгсөн…. ... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би Мандал сумын 1 дүгээр багт байрлах Ноёдын гудамжны цэцэрлэгт хүрээлэнд очиж салсан эхнэр болох Амтай уулзаж хашаа байшин, газрын гэрчилгээгээ авъя гэхэд өгөхгүй тавь тавин хувь хийе гэхээр нь зөвшөөрөөгүй. Тэгээд би газарт байсан модны мөчир аваад толгой руу нь цохичихоод гараад явсан. Нэг залуу ирээд намайг боль боль гээд салгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Амгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Мандал сумын 1 дүгээр баг Ноёдын гудамжинд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд мод услаад байж байхад манай салсан нөхөр Лс архи уучихсан байдалтай гаднаас орж ирээд гар утсаар чинь ярих гэсэн юм өгч бай гэхээр нь үгүй яриулахгүй гэсэн чинь Лс уурлаад гичий, янхан пизда чинь гэх зэргээр харааж газраас чулуу авч шидээд байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь усаар шүршсэн чинь газраас модны хугархай мөчир аваад толгойны ар хэсэг рүү цохисон. Тэгээд цохиулсандаа болоод толгойгоо гараараа дараад зогсож байсан чинь чамайг үхэн үхтэл чинь зодно чи чаддаг юм бол үхэн үхтэл минь шоронд суулгаарай гээд нөгөө модоороо миний гар, мөр, бугалга, тохой, шуу хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд цэцэрлэгт хүрээлэнд зам тавьж байсан хүүхдүүд ирж салгасан. Тэгсэн чинь Лс чаддаг юм бол чи цагдаа авчраад шорондоо хийгээрэй би гэртээ байж байя гээд гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 14-15 дугаар хуудас/
Гэрч Б.БЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би ажилчидтайгаа цэцэрлэгийн баруун талын хаалганы орчим ажлаа хийгээд байж байсан чинь тухайн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд буланд Ам эгч мод услаад байж байсан. Тэгсэн нэг харсан чинь нэг ах Ам эгчийг модоор цохиод байсан. Тэгэхээр нь би гүйж очсон чинь нөгөө ах Ам эгчийг зодохоо больсон. Тэгээд нөгөө ах гартаа барьж байсан модоо шидэх гээд байхаар нь би модыг нь булааж аваад чирч явсаар байгаад хашааны хаалганаас гаргасан. Нөгөө ах ч гэсэн яваад өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг дахин хийсэн акт 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн № 92 ...... Дүгнэлт:
1.Б.Амгийн биед баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үенд шарх, баруун мөр, бугалга, шуу, баруун зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт, толгойн ар дагзны хуйх, баруун мөр, бугалга, шуу, баруун зүүн гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 19 дүгээр хуудас/
Н.Лсгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 26 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Төмөр замчдын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 27 дугаар хуудас/
Хохирогч Б.Амгийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 48 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Лс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16-17 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт байрлах Ноёдын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хамтран амьдарч байсан Б.Амтай маргалдаж түүний толгой, гар луу нь модны мөчрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.Лсгийн хохирогч Б.Амгийн гар, толгой руу нь модны мөчрөөр цохисон үйлдэл нь хашаа байшин болон газрын гэрчилгээ өгсөнгүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Лсгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Ам нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Нямаагийн Лсг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Лсг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Лс нь 450000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Лс нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Лс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Лсд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН