Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 5242

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 22 өдөр

  Дугаар 101/ШШ2016/05242

   Улаанбаатар хот

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б холбогдох,

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь иргэн Б.Буянжаргалтай 2003 онд танилцаж, 2004 оноос эхлэн 2013 оныг хүртэл 9 жил хамтран амьдарсан. Б.Буянжаргал нь өмнөх эхнэр н.Сүрэнхорлоогоос гэрлэлтээ цуцлуулаагүй, 2 хүүхэдтэй байсан тул бид гэрлэлтээ батлуулах боломжгүй байсан болно. Бидний хамтран амьдарч байсан хугацаанд 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин Ц.Анхцэцэг нь төрсөн. Нөхөр Б.Буянжаргал нь 2013 оноос иргэн Б.Эрдэнэтуултай хонож өнжин гэртээ ирэхээ больсон тул бид тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үеэс хойш Ц.Анхцэцэг нь миний асрамжид амьдарч байгаа болно.

Иймд тус тусын амьдралтай болсон тул Б.Буянжаргалыг охин Ц.Анхцэцэгийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлгийг 2013 оноос хойш нөхөн тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Буянжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Цэндсүрэнгийн тус шүүхэд Б.Буянжаргал миний биед холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Н.Цэндсүрэнг Хан-Уул дүүрэгт 2 өрөө орон сууц 2012 онд худалдаж авахад 10,000,000 төгрөг өгч байсан, Н.Цэндсүрэнгийн данс луу 4 удаа тус бүр 300,000 төгрөг шилжүүлэх зэргээр тусалж дэмжиж ирсэн. Цаашид ч охин Ц.Анхцэцэгээ тэжээн тэтгэх болно. Харин хүүхдийн тэтгэлгийн мөнгийг нөхөж авахаар гаргасан Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ц.Анхцэцэгийн эцэг нь гэдгээ зөвшөөрч байна.

Мөн миний бие 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хөдөө орон нутагт ажлаар явах гэж байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүсч байна гэжээ. 

 

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн нь хариуцагч Б.Буянжаргалд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Н.Цэндсүрэн, Б.Буянжаргал нар 2003 онд танилцаж, 2004 онд дотно харьцаанд орж, 2013 оныг хүртэл хамтран амьдарсан, улмаар тэдний дундаас 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин Ц.Анхцэцэгийг төрүүлсэн, зохигчид тодорхой хугацаанд хамтран амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй тул хүүхдийг эх Н.Цэндсүрэнгээр овоглосон, одоо хүүхэд эхийн асрамжид амьдарч, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, өрхийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн 0206178 Г-1760 дугаартай төрсөний гэрчилгээ зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Охин Ц.Анхцэцэгийн эцэг мөн, биш талаар хариуцагч Б.Буянжаргал маргаагүй, зөвшөөрч байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх … хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно”, мөн зүйлийн 23.2-т “Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэж зааснаар охин Ц.Анхцэцэгийн төрсөн эцэг нь Б.Буянжаргал  болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Буянжаргал нь охин Ц.Анхцэцэгийг эх Н.Цэндсүрэнгийн асрамжид байдаг эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй юм.

 

Иймд охин Ц.Анхцэцэгийн төрсөн эцэг нь Б.Буянжаргал мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар төрсөн эцгээр охин Ц.Анхцэцэгийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин хүүхдийн тэтгэлгийг 2013 оноос эхлэн тооцуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч Б.Буянжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийлгэх хүсэлтээ ирүүлсэн, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Анхцэцэгийн төрсөн эцэг нь Бэйсий жинчин овогт Балданготовын Буянжаргал /регистрийн дугаар УС71022711/ мөн болохыг тогтоосугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Анхцэцэгийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Б.Буянжаргалаар сар бүр тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгчийн 2013 оноос хойшхи хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Буянжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Цэндсүрэнд олгож, хариуцагч Б.Буянжаргалаас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 31,002 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ