Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 207/ма2024/00054

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2024/00054

 

 

 

Э.С нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.О нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн *** дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00523 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.О, Б.С, Б.Г нарт холбогдох,

Машины үнэ 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б-н илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагч Б.Г, Г.О, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний хадам дүү болох Г.О нь өөрийн ах Б.С дамжуулан миний өмчлөлийн СИ****** арлын дугаартай Nissan Tiida маркийн бор шаргал өнгийн **** БУА улсын дугаартай суудлын автомашиныг зээлээр худалдан авах хүсэлтийг 2022 оны 03 дугаар сард гаргасан. Уг саналыг нь хүлээн аваад миний бие хадам дүү юм болохоор нь итгэж, мөн нөхөр болох Б.С нь ...машинаа өгчих, би хариуцаад төлүүлчихнэ... гэж хэлсэн болохоор нь тэдэнд итгээд мөнгө төгрөг авахгүйгээр эзэмшлийг шилжүүлж өгсөн. Гэтэл Г.О болон Б.С нар нь одоог хүртэл хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхгүй байна. Иймээс Г.О, түүний ах болох Б.С нараас С******* арлын дугаартай Nissan Tiida маркийн суудлын авто машины үнэ 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан надад олгож намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.С гэдэг хүний нэхэмжилж байгаа автомашины үнэ 10.000.000 төгрөг нь ор үндэсгүй юм. Би энэ машиныг дүү О-н хамт урьдчилгаа мөнгийг нь төлөөд лизингээр авсан машин. Лизингийн хугацаанд дүү О аав Г болон би өөрөө хамтарч төлж байгаад дуусгасан. Энэ машиныг 8.000.000 төгрөг авч дуусгаад аав Г-н нэр дээр шилжүүлж авсан болно гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Б.С миний бие нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тайлбар бичгийг ээж болох Ц, хойд аав болох Г нар өөрсдөө бичиж надаар гарын үсэг зуруулсан. Үнэндээ ниссан тийда маркийн 0391 улсын дугаартай авта машиныг Эрдэний алтан сүлд ХХК-иас анх дүү болох Отэй хамтран 1.200.000 төгрөгөөр урьдчилгаа хийж лизингээр худалдан авсан. Үүний дараа миний эхнэр болох Э.С лизингийн сар болгоны төлбөрийг хийж барагдуулсан. Үүнд Г.Оөд 800.000 төгрөгийг шилжүүлсэн болно. Г.О нь сар бүр 350.000 төгрөг төлж байхаар тохиролцсон 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр итгэмжлэл хийлгэн авсан. Үүнээс хойш нэг ч төлбөр тооцоо хийгээгүй учир энэхүү машиныг Э.С буцаан олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний том хүү болох С нь С гэдэг хүүхэнтэй нийлж суугаад 10 гаруй жил болсон байсан. С д хөөгдөж салж явж байх үедээ дүү О тэй хамт ажилд Баянхонгор руу явсан. Ажлаа хийж байх хугацаандаа дүү О тэйгээ ярилцаад унаатай /машинтай/ больё гэж шийдээд Оөөр лизингийнхээ урьдчилгаа болох 2.000.000 төгрөгийг, банкаар 1.300.000 төгрөг, бэлнээр 700.000 төгрөгийг төлүүлээд 8.000.000 төгрөгөөр тийда маркийн машиныг /нисдэг машин гэдэг нэртэй/ Улаанбаатарт байрладаг 7 давхар оффистой Баянбүрдэд байрладаг ББСБ-аас авсан. Тэгээд ажлынхаа амралтаар аав, ээжийндээ машинаа авчихаад ирсэн байх үед С хүүхдүүдээ дагуулж ирээд одоо сайхан амьдаръя эргэж нийлье гээд буцаад очсон. Буцаагаад ажилд нь явуулаагүй учир ББСБ-ын төлбөрөө төлөхөд дүү болох Оөөс мөн аав, ээжээрээ төлбөрийг төлүүлж авч байсан. /бэлэн мөнгө 3.000.000 төгрөг/ өгөөд байхад салаад гэртээ ирчихсэн байсан бас л араас нь ирээд мөнгөтэй нь цуг аваад явсан. Миний бие Ц нь энэ С гэдэг хүүхэнд үнэхээр гомдолтой байна. Энэ Сгийн 3 дахь удаагийн машины луйвар залилан нь болж байна. Миний төрсөн дүү болох М.Б нь хотод оршин суудаг Улаанбаатарт С-ийг дагуулж очоод Хаан банкнаас машин авсан. Машин авахдаа миний дүү Б та ажил хийдэг нийгмийн даатгал төлдөг юм чинь бидэнд гарын үсэг хэрэгтэй байнаа бидэнд туслаач гэхээр нь та хоёр сар бүр мөнгөө хийж чадвал туслалгүй яахав гэж итгээд хамтрангаар гарын үсэг зураад өгсөн байгаа юм. Ингээд Старикс маркийн машин банкнаас аваад явсан. Тэгээд бас л мөнгөө хийхгүй байхад Хаан банк миний дүү Бийн дансыг барьж дансыг нь хаасан. Одоо хүртэл миний дүү Б мөнгө төлөөгүй. Сүүлд нь тэр Старикс маркийн машиныг нь Хаан банкнаас ирээд хураагаад явсан. Энэ машины төлөлт дээр бас л дүү Оөөс мөнгө авч төлж байсан. О Баас авч байсан төлөлт банкны хуулгаар гарч ирнэ. Дараагийн машин нь: энэ бидний тийда маркийн машиныг түр машин авахдаа миний нэр дээр түр шилжүүлж өгөөч гэж гуйж шилжүүлээд мөнгө нь 2-3 хоногийн дараа бүтээд буцаагаад шилжүүлсэн. Буцааж шилжүүлэхэд нь манай хүүхдүүд аавынхаа нэр дээр шилжүүлсэн. Зөвхөн энэ буцааж өгөх хоорондын шилжүүлсэн нэрээ ашиглаад өөрт ямар ч хамааралгүй машины мөнгө нэхэмжлээд байна. Гурав дахь машин нь: одоо өөрийн машиных нь худалдан авсан газраас нь та Сгийн хадам нь мөн үү гээд машины төлбөр болох 10.000.000 төгрөгийг С төлөхгүй байна. С одоо хаана байгаа бол олдохгүй нуугдаад, зугтаагаад байна гэж байнга залгаж асууж байсан. Ер нь хаа ч явсан залилан хийчих гээд байдаг юм. Би өөрөө зөндөө л хэлж ярьж байдаг л байсан. Ер нь засрах тухай боддоггүй, бид нар Сгаас мөнгө сэтгэл санааны хохирлоо барагдуулах байтал энэ хүнд ямар ч өр төлбөргүй, миний хүүтэй гэр бүл болохдоо урьдах нөхрөөсөө албан ёсоор салаагүй байсан. Одоо бас л миний хүүгээс тусдаа амьдарч нөхөр авчихсан цуг амьдарч байгаа. Хүүг минь гудманд хөөж гаргасан. Амьдарч байх хугацаандаа өдөр бүр согтуу архи уугаад алга болчихно. Миний хүү хадамтайгаа цуг Сг буудал, баар саваар хайгаад явж байдаг байсан. Миний хүүг амьдралаа бодъё гэхээр гэртээ согтуу орж ирээд хөөж тууна, хэл амаар доромжилоно. Амар амгалан байдаггүй л байсан. Миний хүү архи ч амсаж үзээгүй амьдрал үзээгүй хүү байхад нь авч суугаад одоо архи уудаг болгосон байгаа. Ажил хийх гэхэд нь хийлгэдэггүй. Өмнөговь руу ажил хийж байхад нь согтуу машин барьж араас нь очиж байгаад аваарт орж байсан. Сүүлд ГОК-д орох гэж байхад нь утсаар оруулах хүнийг нь дарамтлаад болиулсан байсан. Миний мэдэхийн жирэмсэн байхдаа төрөн төртлөө архи уудаг. Төрсний дараа 7-10 хоногоор хүүхдээ хаяад архи уугаад явчихдаг. Би олон удаа гэртээ иртэл нь хүүхдүүдээ хардаг байсан. Олон зүйлийг нь засарч залрах байх гэж хүлээсэн эх хүн болохоор нь. Мөн хүүг маань байнга ятгаж байгаад чиний төрсөн аав мөнгөтэй баян хүн байх магадлалтай, чамд өв хөрөнгө тасдаж өгөх байх гээд овгийг нь хүртэл солиулсан байна. Энийг бид сая л мэдлээ. Үүнээс болж манай гэр бүлд маргаан үүссэн. Сгийн хүчирхийлэл дарлалд олон жил гэр бүлээрээ өртсөн. Баян мөнгөтэйгөөрөө шүүх цагдаа миний талд гэж гэдэг. Эсвэл бөө удган гээд л явчихна ээжтэйгээ. Урьдах нөхрөөсөө салаагүй байхдаа миний хүүтэй суугаад дараа шүүхээр салсан байсан. Одоо миний хүүгээс салаагүй байж бас л нөхөр авчихсан амьдарч байна. Одоо миний хүүгээс салах гээд шүүхэд өргөдөл гаргасан байсан. Энэ тийда маркийн машиныг авсан цагаас төлбөр дуусах хугацаанд С 2 жил унаж эдэлсэн. Монгол Улсын нэр төр бүхий шүүхийн байгууллагыг өөрийн бусадтай авирладаг шигээ бодож аав ээжийнхээ нэр, мөнгийг урьдаа барьж өөрийн нөхөр болох миний хүү Сийг уландаа гишгэн гудамжинд гаргаж юу юу ч үгүй хоосон айлуудаар хоног төөрүүлж гурван хүүхдийг өнчрүүлж чадаж байна. Зөвхөн авсан машиныхаа өр төлбөрөө ядарсан биднээр төлүүлэх санаатай байгаад үнэхээр гомдолтой байна. Ц миний хувьд эх хүний хувьд хүүгийнхээ энэ амьдралд их харамсаж явдаг. Иймд 10.000.000 төгрөгний нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Г.О би Э.С тус шүүхэд гаргасан 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний бие Э.Стай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр огт байгуулаагүй. Уг машиныг анх миний ах болох Б.С бид 2 хамтарч авахаар тохиролцож Б.Сийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 8 сая төгрөгөөр худалдан авсан ба уг зээлийг авахад 2 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийг миний бие төлсөн. Үлдэгдэл 6 сая төгрөгийн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрөөс миний бие болон аав Б.Г нар бид тодорхой хэмжээний төлбөрийг Б.С болон эхнэр Э.С нарын данс руу шилжүүлэх, банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлэх хэлбэрээр төлдөг байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж дууссаны дараа Э.С, Б.С нар өөрсдөө автомашин худалдан авахаар болж урьдчилгаа мөнгө төлөх шаардлагатай болж 5 сая төгрөгийг төлж, 5 сая төгрөгийг маргаж буй Ниссан Тида загварын машиныг банк бус санхүүгийн байгууллагад Э.С нэр дээр барьцаалан зээл авсан. Учир нь шинээр худалдан авч буй ТОҮОТА NОАН загварын машиныг худалдан авах зээлийг Б.Сийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдан авахаар тохирсон тул Э.С нэр рүү өмнөх Ниссан Тийда машины түр гэрчилгээг шилжүүлж зээл авсан. Үүнээс 2-3 хоногийн дараа Э.С, Б.С нарт мөнгө орж ирсэн тул Ниссан Тида маркийн автомашиныг барьцаалсан зээлийг бүрэн төлж, банк бус санхүүгийн байгууллагаас нэрийг шилжүүлж авах эрхийг Э.Снадад итгэмжлэлээр олгосон. Энэ үед миний бие Б.Стой ярилцаад танайх машинтай болсон юм чинь энэ машиныг аав, ээж 2-т өгье гээд Б.С энэ талаар Э.С хэлж түүнээс надад итгэмжлэл олгосон ба Э.С, Б.С нартай ямар нэгэн зээлээр худалдан авах талаар огт ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй. Э.С нэр рүү зөвхөн банк бус санхүүгийн байгууллагаас түүний нэрээр зээл авахын тулд түр шилжүүлсэн болохоос уг машин нь Э.С өмч анхнаасаа биш юм. Б.С, Э.Снар гэрлэлтээ цуцлуулах талаар шүүх дээр маргаан үүссэн бөгөөд ийнхүү маргаан үүссэнээс шалтгаалан Э.Сийм худал нэхэмжлэл гаргаж байна. Бидний хооронд амаар болон бичгээр уг машиныг зээлээр худалдах, худалдан авах ямар ч гэрээ, хэлцэл хийгдээгүй тул Э.С гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд Э.С гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00523 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасныг баримтлан Б.С оос 5.017.000 төгрөг гаргуулан Э.С олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.983.000 төгрөгийг, мөн хариуцагч Б.Г, Г.О нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.С-оос 95.222 төгрөг гаргуулан Э.С олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Шүүхээс гарах биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Снар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс талуудьн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн туханд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.25-ны өдрийн 523 дугаартай шийдвэрт ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ... гэж заасан бөгөөд зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна. Харин Э.Снь Б.Сийн Эрдэнийн Алтан сүлд ХХК-д төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д хэн нэг этгээд өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ... гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Тодруулбал, Э.Снь Б.Сийн нэр дээр Эрдэнийн алтан сүлд ХХК-ийн зээлийн гэрээгээр авахаар гэрээ байгуулсан уг автомашины зээлийн төлбөрийг өөрөө төлж, Г.Оөөс уг автомашины төлбөрт төлсөн 800.000 төгрөгийг Э.С2021.01.07-ны өдөр шилжүүлсэн /хх-102 дахь талд авагдсан/ бөгөөд улмаар автомашины зээл болон Г.Оггонтөгсийн оруулсан мөнгөн хөрөнгийг буцаан олгосноор Э.С  тухайн Nissan tiida маркын тээврийн хэрэгслийн өмчлегч болсон /хх-3, 81, 82 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ/ байна. Уг тээврийн хэрэгслийн өмчлөлийн бүртгэлийн асуудлаар нэхэмжлэгч Э.Сболон хариуцагч Г.О, Б.С нар нь хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба харин Г.О нь худалдаж авахыг хүсэж, үнийг нь дараа төлөх нөхцлөөр тус автомашиныг захиран зарцуулах эрхийг итгэмжлэл /хх- 80 дахь талд авагдсан/-ээр олж авсан байна. Ийнхүү хариуцагч Г.О нь итгэмжлэлээр олж авсан бүрэн эрхийнхээ хүрээнд уг автомашиныг эцэг Б Гдоо шилжүүлсэн байна. Уг үйл баримтыг дүгнэвэл Э.Снь Б.Сийн өрийг төлж, Г.Оийн оруулсан мөнгөн хөрөнгийг гаргаж өгснөөр Nissan tiida маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон бөгөөд өмчлөх эрх нь одоогоор бусдад шилжсэн байгаа хууль зүйн фактыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх бодит үнэн байдлаас эрс зөрүүтэйгээр дүгнэн талуудын хооронд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан "Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "хуульд заасан бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нөгөө талаас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцож, улмаар үнийг нь Г.О төлөхөөр итгэмжлэл хийлгэж авсан нь талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнг тодорхойлж байна. Хоёрдугаарт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг орхигдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд; 2.1. Нэхэмжлэгч Э.Снь анх шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа төрийн үйлчилгээний цахим систем /e-mongolia/-c өөрийн өмчлөлд байсан талаарх цахим нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба уг өмчлөх эрхийг нотолсон баримтыг хариуцагч Б.С, Г.О, Б Г нар нь үгүйсгээгүй, мэтгэлцээгүй болно. Гэтэл анхан шатны шүүхийн 2024.03.25-ны өдрийн 523 дугаартай шийдвэрт шүүх өөрийн санаачлагаар уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э.Сбайгаагүй тухай илт үндэслэлгүй дүгнэлтийг хийж, улмаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчим буюу диспозитив зарчим"-ыг ноцтой зөрчин хэт нэг талыг барьж, хариуцагч Б.Г, Г.О нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан бөгөөд шүүхээс талуудын мэтгэлцээгүй асуудлаар дугнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. 2.2. Нэхэмжлэгч нь **** БУА улсын дугаартай, С1135909 арлын дугаартай, бор шаргал өнгийн Nissan tida маркийн автомашины өмчлөх эрхийн лавлагаагаар 2022.03.17-ны өдөр өмчлөгч байсан болохоо нотолсон ба уг нотлох баримтыг анхан шатны шүүх дүгнэлгүй орхигдуулснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно, Тодруулбал, уг тээврийн хэрэгслийн үнийг төлснөөр өмчлөгч болсон Э.С хувьд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнийг төлүүлэхээр шаардах эрх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар үүссэн байхад анхан шатны шүүх уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүйгээс гадна хариуцагч нар ч уг нотлох баримтыг эсэргүүцээгүй, маргаагүй болно, Ийм байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргахын тулд уг нотлох баримтыг хэрхэн үнэлснээ шүүхийн шийдвэрт бичилгүй орхигдуулсан нь уг шийдвэрийг хүчингүй болгох, дахин анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх үндэслэл болохоор байна. 2.3. Эрдэнийн алтан сүлд ХХК-иас төлбөр хүлээн авсан баримтаа шүүхэд ирүүлсэн. /хх-145 талд авагдсан/ Дээрх нотлох баримтаар Э.С эзэмшлийн 5094215364 тоот хаан банкны данснаас 11 удаагийи гүйлгээгээр 6.465 .200 төгрөгийг Nissan tiida маркийн тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлтөнд Э.Стөлсөн нь нотлогддог. Гэтэл шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу үнэлж, дүгнээгүй байна. 2.4. Уг хэрэгт авагдсан нотлох баримт болох 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 449 дугаартай итгэмжлэл /хх-80 дахь талд авагдсан/-ээр уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Э.Снь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, шилжүүлэх, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг 6 сарын хугацаагаар олгосон байх ба уг итгэмжлэлийг анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтооход шууд ач холбогдолтой нотлох баримт байхад түүнийг мөн л дүгнэхгүй орхигдуулж, улмаар шаардах эрхийн үндэслэлийг өөрчлөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 гэж тодорхойлсон нь илт үндэслэлгүй байна. 2.5. Нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нь Г.Оөд холбогдуулан дараа төлөх нөхцлөөр автомашиныг худалдан аваад үнийг нь төлөөгүй гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын маргаж, мэтгэлцээгүй асуудлаар буюу хэн нь огт дурьдаагүй Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдсон... гэж дүгнэж улмаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрх. 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчиж, талуудын маргаагүй асуудлаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь давж заалдах шатны шүүхээс арилгах боломжгүй, хуулиар анхан шатны шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж байж засагдах боломжтой байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.25-ны өдрийн 523 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү. Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцож, давж заалдах гомдлын үндэслэлээ дэлгэрүүлэн тайлбарлах хүсэлтэй байгаа тул хуульд заасны дагуу товыг мэдэгдэнэ үү. Улсын тзмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Снь хариуцагч Г.О, Б.С, Б.Г нарт холбогдуулан Машины үнэ 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба шүүх хэргийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасныг баримтлан Б.С-оос 5.017.000 төгрөг гаргуулан Э.С олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.983.000 төгрөг, хариуцагч Б.Г, Г.О нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хариуцагч Б.С нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнийн алтан сүлд ХХК-тай Автомашины лизингийн гэрээ байгуулан Nissan Tiida маркийн **** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг өгч, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг гэрээнд зааснаар төлөхөөр тохиролцжээ.

Nissan Tiida маркийн **** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д.Отгонбаярын өмчлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Эрдэнийн алтан сүлд ХХК-ийн өмчлөлд шилжиж, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр автомашины лизингийн гэрээний дагуу хариуцагч Б.Сийн эзэмшилд шилжсэн байна.

Гэрээний үүрэг дуусгавар болж 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Б.Сийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Э.С нэр дээр гарсан байна.

Хариуцагч Г.О уг машиныг авахад би өөрөө мөнгө шилжүүлж Э.С, Б.Г нараар зээлийг төлүүлж байсан гэдэг бөгөөд Г.Оийн Хаан банкны *********** дугаар данснаас Хаан банкны *********** дугаарын данс руу 1.380.000 төгрөг шилжүүлээд, ********** дугаар данснаас хариуцагч Б.Сийн Эрдэнийн алтан сүлд ХХК-ийн дансанд машины төлбөрийг шилжүүлж байсан, мөн Г.Оийн Хаан банкны ********** дугаар данснаас Г.Гантулгын Хаан банкны ************ дугаарын дансанд машины төлбөрийг шилжүүлж байжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Б.С оос автомашины үнийг шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч Э.Снь Эрдэнийн алтан сүлд ХХК-д төлөх төлбөрийг Г.Гантулгын Хаан банкны *********** дугаар дансанд 6.293.200 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох бармтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Б.Г, Г.О нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00523 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасныг баримтлан Б.С-оос 5.017.000 төгрөг гаргуулан Э.С олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.983.000 төгрөгийг, мөн хариуцагч Б.Г, Г.О нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ..Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Б.С-оос 6.293.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.С олгож, нэхэмжлэлээс шаардлагаас 3.706.800 төгрөг, хариуцагч Б.Г, Г.О нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...хариуцагч Б.С оос 95.222 төгрөг гаргуулан Э.С олгож... гэснийг ...хариуцагч Б.С оос 115.641 төгрөг гаргуулан Э.С олгож... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174.950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б