Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01630

 

 

 

 

 

 

  2024 08 19 210/МА2024/01630

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/02170 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э.*******

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болон алдангид 301,686,077 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон ******* хаягт байршилтай 107.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх үндсэн,

Гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 46,064,388 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд, хариуцагчийн төлөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр №20-59 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний нийт үнэ 772,372,154 төгрөг бөгөөд гэрээний үнийг 100 хувь бартераар тооцох, бартераар тооцох хөрөнгийн мэдээлэл болон үнийг талууд харилцан тохирсон. Дээрх гэрээний ажлыг гүйцэтгэгч нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгохоор хугацааг тохирсон.

1.2. Тус гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* ХХК нь Премиум болор төслийн барилгын дотор цахилгаан угсралт, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэх ба манай зүгээс гэрээний дагуу ажлын хөлс болох бартераар өмчлөлд шилжүүлсэн 2 хөрөнгө болох Toyota-CHR суудлын автомашин 65,000,000 төгрөг, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Номун таун хотхон 81 дүгээр байрны 14 давхарын ******* 79,11 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв 2,500,000 төгрөг, 197,775,000 төгрөгөөр тооцож нийт 262,775,000 төгрөгийг гэрээ байгуулсан даруйдаа өгсөн.

1.3. Гэрээт ажлыг сайн чанарын материалаар хүн хүч, техник тоног төхөөрөмжийг бүрэн хангалттайгаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр заасан ч гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүй. Манай талаас удаа дараа албан бичгээр болон уулзалт хийж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй.

Гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхдээ нарийн утсаар хийх, утсыг залгаатай хийх, разетка газардуулгагүй хийх зэргээр доголдолтой, чанарын шаардлага хангахгүй хийснийг гэрчүүд нотлосон. Гүйцэтгэсэн ажлыг хоёр талын инженерүүд оролцоод 2023 оны 5 сард ажил хүлээлцсэн. Актаар гүйцэтгэгчийн хийсэн ажлыг 385,348,390 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг баталгаажуулсан тул энэ хэмжээгээр зөвшөөрч байна. Харин ашиг өгөхгүй гэдгийг компанийн захирлууд уулзахдаа хэлсэн.

1.4. Гэрээгээр төлбөрийг бэлэн бусаар бартерт хөрөнгө өгөх нөхцөл тавьсан. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, ажилд хэрэглэгдэх хүн хүч, бараа материалаа гүйцэтгэгч өөрөө бүрэн гаргахаар тохирсон. Мөн гүйцэтгэлээр тооцож бартерын орон сууцнуудыг нэмж шилжүүлэхээр тохирсон ч манайх 1 ширхэг байр, 1 тээврийн хэрэгслийг ажил эхлэхээс өмнө шилжүүлж өгсөн. Гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон ******* 107,5 м.кв талбайтай, 4 өрөө, 290,250,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг 2020 оны 8 дугаар сард эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгсөн. Өмчлөлийг шилжүүлж өгөөгүй. Энэ орон сууцыг хариуцагчаас Э.*******ийн ашиглалтад шилжүүлж, орон сууцны төлбөрийг хүлээж авсан ч санхүүжилтгүй, мөнгөгүй шалтгаанаар бараа материалаа татахгүй, ажиллах хүнгүй ажлыг удаашруулсан.

1.5. Манайх тооцоо нийлснээр хариуцагч 385,348,390 төгрөгийн ажил хийсэн бөгөөд 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө авах боломжгүй тул үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдахад гэрээнээс татгалзсантай адил үр дагавартай гэж үзэж тус байрыг буцаан авах, мөн хохирол болон алданги шаардаж байгаа.

2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд алданги шаардаж, ажил гүйцэтгэх гэрээний 7.3-т зааснаар ажил дуусах хугацаанаас 27 сарын хугацаа хэтэрсэн тул гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын дүн 387,372,154 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги 193,686,077 төгрөг, орон сууц захиалгын гэрээний 7.4-т зааснаар 36 сард орон сууцыг ашигласны төлбөрт сар бүрийн 3,000,000 төгрөгөөр тооцон 108,000,000 төгрөг гаргуулж, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон ******* 107,5 м.кв 4 өрөө орон сууцыг биет байдлаар буцаан авах тул орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 20-60 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний нийт үнийн дүн 772,372,154 төгрөгийн ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, тус гэрээний дагуу Toyota-CHR суудлын автомашин, Номун таун хотхон 78.11 м.кв 3 өрөө байрыг 1 м.кв талбайг 2,500,000 төгрөг буюу 197,775,000 төгрөг, нийт 262,775,000 төгрөгийн үнэтэй бартерын байр, автомашиныг шилжүүлэн авч ажил үйлчилгээгээ гүйцэтгэж эхэлсэн.

2.2. Мөн гэрээний 4.3-т заасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Зайсан номун виллаж хотхоны 107,5 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг манай компанийн эзэмшилд шилжүүлэн өгсөн атлаа өмчлөлд шилжүүлэн өгөөгүй ч хувь лизингээр бусдад шилжүүлэн өгч ажил үйлчилгээгээ гүйцэтгэсээр ирсэн. Энэхүү орон сууцны 1 м.кв талбайг 2,700,000 төгрөгөөр тооцож, нийт 290,250,000 төгрөгийн бартераар тооцохоор нэхэмжлэгч ******* ХХК-тай тохиролцсон.

Ингээд эхнэр Д. нь бартерын орон сууцыг авахаар ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр А-11 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, тухайн орон сууцыг 290,250,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх орон сууцны үнийн дүнг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 1 м.кв талбайг 3,600,000 төгрөгөөр тооцож төлбөр барагдуулах талаар санал тавьсан. Үүнийг манай компани зөвшөөрөх боломжгүй.

2.3. Тухайн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд бэлэн мөнгө шаардлагатай болсон тул дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч чадаагүй ч нэхэмжлэгч ******* ХХК-ийн зөвшөөрлөөр ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээг үндэслэн иргэн Э.*******тэй 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Энэ гэрээ нь эхнэр Д., иргэн Э.******* нарын хооронд байгуулагдсан.

Учир нь, орон сууц захиалгын гэрээ Д., ХХК-ийн хооронд байгуулагдсан байсан. Иргэн Э.******* нь уг орон сууцанд багагүй хэмжээний тохижилт хийж эхнэр, хүүхдүүдийн хамт суурьшин тухайн хотхонд гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Өөрөөр хэлбэл, Хан-Уул дуүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан номун виллаж хотхоны 107.5 м.кв 4 өрөө орон сууцны төлбөрийг бартераар төлсөн учраас энэхүү захиалгын байрыг бусдад шилжүүлэхээр гэрээ хийж тохиролцсон.

2.4. Нэхэмжлэгч нь тухайн ажлыг ******* ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй мэтээр тайлбарлажээ. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд ковид цар тахал буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, мөн нэхэмжлэгч ******* ХХК-иас шалтгаалж ажил үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй. Нэхэмжлэгч ******* ХХК ажлын гүйцэтгэлийн зургийг удаа дараа өөрчлөх, ерөнхий инженерийн буруу тайлбар зэргээс болж ажил гүйцэтгэхэд маш хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон.

******* ХХК-ийн хийж гүйцэтгэж байгаа ажил нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэж байгаа барилгын ажилтай нягт холбоотой. ******* ХХК-ийн барилгын ажил дуусаагүй байхад ******* ХХК-ийн ажил гэрээнд заасан хугацаанд хийж дуусгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХХК-ийн барилгын ажлаас болж ажил хүлээгдэх, ажилчдыг ажлын байран дээр байлгах эсэх зэрэг бусад хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон.

2.5. Манай компани 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 20-50 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 630 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч ажлын гүйцэтгэлийн актаар 412,322,777 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Нэхэмжлэгчээс манай хийсэн ажлаас ашиг 26,974,387 төгрөгийг хасч тооцож байгааг зөвшөөрөхгүй. Анхнаасаа гэрээний 4.1-д ашиг өгөхөөр тооцсон байгаа тул хасах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч өөрөө барилгын ажлаа гүйцэтгэж дуусгаагүй байж зөвхөн манай компанийг буруутгаж, ажил үүргийг үргэлжлүүлэн хийлгэж дуусгаагүй. Манай компани ажлыг хаяж явсан зүйл байхгүй. Хугацаандаа гүйцэтгээгүйн шалтгаанд зураг төсөл ажлын явцад хоёр удаа өөрчлөгдсөн, нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч ******* ХХК манай компанийг цаашид ажил үйлчилгээ хийх боломжгүй болгож өөр компани оруулж ирсэн.

2.6. Алдангийн тухайд хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий нийтээр цар тахал болж хөл хорио тогтоосон. Давагдашгүй хүчин зүйл болж гэрээний 1.4-т зааснаар ажил гүйцэтгэх боломжгүй болсон тул алдангиас чөлөөлөгдөнө. Орон сууцыг хөлслөхөөр тохироогүй тул 36 сарын төлбөр шаардсан нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бартерийн орон сууцыг буцааж өгөх боломжгүй, харин мөнгөн хэлбэрээр зөрүү үүсвэл төлж болно.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Э.******* би 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г Д.тэй хийж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номуун виллаж хотхоны 100/8 байр 11 тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдран суудаг. Гэрээгээр 107.5 м.кв байрыг 290,000,000 төгрөгөөр үнэлж 42 сарын хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Миний зүгээс гэрээний дагуу сар бүрийн төлөлтөө хийж үүргээ хүлээсэн.

3.2. Манай 2 хүүхэд 32 дугаар сургуулийн бага ангид суралцдаг. Мөн анх байрандаа ороход тохижуулж гал тогооны тек, үүдний шкаф орсон. Одоо дээрх 2 компанийн байдлаас болж өөрийн гэрээний үүргээ биелүүлэн амар тайван ажил амьдралд минь асуудал тулгарч хүүхдүүд болон бидний эрх ашиг зөрчилдөж байна. Миний бие энэ хугацаанд 235,000,000 төгрөгийг төлсөн тул орон сууцыг чөлөөлөх боломжгүй.

4. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* ХХК нь бараа матөриал нийлүүлж ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл ******* ХХК үндэслэлгүйгээр гэрээ цуцлах мэдэгдэл өгч 330,049,377 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг хийж гүйцэтгээгүй. Хэрэв манай компани тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн бол 46,064,388 төгрөгийн ажлын хөлс олох байсан. Иймд ******* ХХК-аас дээрх гэрээний дагуу олох байсан орлогод 46,064,388 төгрөгийг гаргуулж өгнө үү.

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээт ажлыг Старт интэлижэнт технологи ХХК нь дутуу орхиж явсан. Хийсэн гэх ажил нь чанарын шаардлага хангахгүй доголдолтой байсан. Харин манай компани илүү төлөлт хийсэн.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан ******* ХХК-аас 28,671,627 /хорин найман сая зургаан зуун далан нэгэн мянга зургаан зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон ******* 107,5 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгчид буцаан өгөхийг даалгаж, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 273,014,450 төгрөг болон ******* ХХК-аас хохиролд 46,064,388 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,315,908 төгрөг /70,200+1,029,328+1,216,380/, хариуцагчаас төлсөн 388,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,752,558 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Гэрээнд ажлыг хийж гүйцэтгэх эцсийн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байхаар заасан, захиалагч 2023 оны 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ажлыг бүрэн дуусгаагүй үйл баримт тогтоогдсон тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар захиалагч гэрээг цуцалсан гэж үзнэ... гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 20-50 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.2 дахь хэсэгт... Зочид буудал нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр... дуусгавар болох... нөхцөлтэйгөөр ажил хийж гүйцэтгэх хугацааг заасан. Энэхүү зочид буудал нь хоёр блок барилга бөгөөд нэг тал нь 3 давхар, нөгөө тал нь 5 давхар ба хоорондоо голоороо холбогдсон нийтдээ 118 өрөөтэй нүсэр том барилга юм. Гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч ******* ХХК нь энэхүү зочид буудлын барилгын ажлыг хийж дуусгасан бол ******* ХХК-ийн гүйцэтгэж байгаа цахилгаан холболтын ажил барилгын ажлыг дагаад тухайн цаг хугацаанд хийж дуусах бүрэн боломжтой байсан.

Ийм нүсэр том зочид буудлын барилгын ажил 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах нь битгий хэл барилгын ажил дөнгөж эхлээд явж байсан. Манай компанийн хийх ёстой цахилгаан холболтын ажил тухайн барилгын ажилтай уялдаа холбоотой тул цахилгаан холболтын ажил дөнгөж эхлээд явж байсан. Тухайн зочид буудлын барилгын ажилтай уялдуулж зарим тохиолдолд 10-20 ажилтан, зарим тохиолдолд 2-3 ажилтанг байнга ажиллуулж ирсэн. Ингээд 2020 оны 11 дүгээр сард дэлхий нийтийг хамарсан цар тахалд Монгол улс ч нэрвэгдэж аж ахуйн нэгж байгууллагууд ажил гүйцэтгэх боломжгүй болсон.

7.2. Цар тахлын дараа ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Ажил гүйцэтгэх явцад зочид буудлын барилгын зурагт хоёр удаа их хэмжээний өөрчлөлт орсон. Зочид буудлын Барилгын зургийн 2 удаагийн өөрчлөлтийг талууд баталгаажуулаагүй ч энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

Ажлын зураг өөрчлөгдсөн хугацаанд зочид буудлын барилгын ажил дуусаагүй. Зочид буудлын барилгын ажил удааширалтай, цаг хугацаандаа дуусаагүй учраас ******* ХХК-ийн цахилгаан холболтын ажил дуусах боломжгүй. Өөрөөр хэлбэл, зочид буудлын барилгын ажлаас түрүүлж цахилгаан холболтын ажил дуусахгүй. Үүнийг шүүх анхаарч үзэх ёстой. Цахилгаан холболтын ажил зогссон учраас зочид буудлын барилгын ажил зогссон, хохирол учирсан талаар нэг ч баримт хэрэгт авагдаагүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Гэрчүүдийн дээрх мэдүүлгээс үзвэл захиалагчийн хүсэлтээр ажлын явцад анхны зураг төсөлд тодорхой хэмжээнд 2 удаа өөрчлөлт орсон, түүнчлэн тухайн зургийн өөрчлөлт нь барилгын 1 дүгээр давхрын тодорхой хэсэгт хамаарах их хэмжээний өөрчлөлт биш, тухайн өөрчлөлтөнд нийцүүлж ажлыг гүйцэтгэхэд нэмэлтээр цаг хугацаа ихээр шаардагдахааргүй хэмжээний байсан болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд шүүх зөвхөн захиалагч зураг төсөлд өөрчлөлт оруулснаас хугацаа хоцорсон гэж үзэх боломжгүй... гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Учир нь, зочид буудлын зураг 2 удаа өөрчлөгдсөн. Энэ 2 удаагийн зургийн өөрчлөлтийн талаар нэхэмжлэгч тал маргаагүй. Хоёр удаагийн өөрчлөлт нь их хэмжээний өөрчлөлт байсан учраас цаасан дээр хэвлэж ажил үүрэгтээ ашигласан. Хамгийн анхны барилгын зургийг ******* ХХК баталгаажуулаагүй. Хэвлэж өгсөн зураг дээр ажилладаг байсан. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин бага зэргийн өөрчлөлтийг амаар тохиролцоод засаад явдаг байсан. Их хэмжээний өөрчлөлт орсон гэдгийг анх батлагдсан зургийн баримтуудтай харьцуулалт хийж шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбарласан.

Энэ 2 удаагийн зургийн өөрчлөлт, аман зургийн өөрчлөлтүүдээс болж ажил гүйцэтгэхэд хөрөнгө санхүү, цаг хугацаа болон ажиллах хүчний хувьд хүндрэл үүссэн. Зургийн өөрчлөлтийг хүлээнэ. Сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зочид буудлын барилгын зурагт их хэмжээний өөрчлөлт орсон.

Иймд шүүх зөвхөн гэрчийн мэдүүлгээр зургийн өөрчлөлтийг их хэмжээний өөрчлөлт биш, нэмэлтээр цаг хугацаа ихээр шаардагдахгүй гэх дүгнэлтийг хийж болохгүй гэж үзэж байна.

7.3. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан. Дахин нэмэлт гэрээ байгуулж ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тогтоогоогүй. Заримдаа манай компанид мэдэгдэхгүйгээр гэнэт цутгалт авдаг, гэрээ цуцлах албан бичгийг гэнэт өгдөг, ажил ямар ч уялдаа холбоогүй байсан. Захиалагч ******* ХХК-ийн цахилгааны инженер архи уугаад сар шахуу алга болно. Гэнэт гарч ирээд албан бичиг өгнө. Цахилгааны олон ажилтан аваачихаар хэзээ цутгалт авах нь мэдэгдэхгүй, хий зогсолт хийдэг байсан.

Хариуцагч ХХК-ийн зүгээс ажлыг хаяж явсан зүйл байхгүй. Захиалагч талаас гэрээг цуцлах хүртэл буюу 2023 оны 3 сар хүртэл зочид буудлын ажил дуусаагүй байсан. Дараа нь талууд хийсэн ажлаа тооцож тооцоо нийлсэн акт байгуулах үед 2023 оны 5 дугаар сард очиход зочид буудлын ажил дуусаагүй, шүүхийн шийдвэр гарах хугацаанд буюу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар барилгын ажил дуусаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй. ******* ХХК-ийн цахилгаан холболтын ажил баригдаж байгаа зочид буудлын барилгын ажилтай шууд уялдаа холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн зочид буудлын ажил дуусаж байж манай компанийн ажил дуусна.

Гэтэл анхан шатны шүүх ямар учраас ******* ХХК-ийг буруутгаж хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, ... гэрээнд ажлыг хийж гүйцэтгэх эцсийн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байхаар заасан, захиалагч 2023 оны 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ажлыг бүрэн дуусгаагүй үйл баримт тогтоогдсон... гэх үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

7.4. Ажил гүйцэтгэх явцад манай компанийн зарим ажилчдын буруутай үйл ажиллагааны улмаас алдаатай ажил гаргасан. Түүнийгээ засварлахаар тохирсон. Гэтэл захиалсан бараа материал хугацаандаа ирээгүйгээс болж алдаатай ажлаа засварлаж чадаагүй. Алдаатай ажлыг засварлах албан бичгийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 23/112 дугаар албан бичгээр өгөөд 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 23/142 дугаартай албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан мэдэгдэл өгч, ажлын байр руу манай компанийн ажилчдыг оруулаагүй.

7.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... мөн гэрээгээр хөлсийг бэлэн бус хэлбэрээр төлөхөөр анхнаасаа тохирсон тул захиалагчийн санхүүжилтээс шалтгаалсан гэх байдал тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх боломжгүй, улмаар хугацаа хэтрүүлсний хариуцлагаас бүрэн хэмжээнд чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ... гэх дүгнэлтийг эс зөвшөөрч байна.

Учир нь, ажил гүйцэтгэх гэрээг 100 хувь бартераар тооцож, Toyota-CHR автомашиныг шилжүүлэн авч, худалдан борлуулан ажлыг эхлүүлсэн. Бусад бартерын байруудыг ажил гүйцэтгэлээр тооцуулан шилжүүлж авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, ажил эхлэх үед, ажлын явцад тухайн бартерын эд хөрөнгийг худалдан борлуулж, худалдан борлуулсан мөнгөөр ажлыг гүйцэтгэхээр тохирсон. Эхний бартерын байр буюу Баянгол дүүрэгт байрлах Номун таун хотхон 79.11 м.кв 3 өрөө орон сууцыг тухайн ажлын гүйцэтгэлийг хийж байхдаа худалдан борлуулж, ажлын гүйцэтгэлд зарцуулсан.

Дараа нь Хан-Уул дүүрэгт байрлах Зайсан Номун виллаж хотхоны 107.5 м.кв 4 өрөө байрны захиран зарцуулах эрхийг олгоогүй. Тухайн ажлын гүйцэтгэл эхэлсэн хагас дутуу орон сууц захиалгын гэрээ байгуулж, түүнийгээ бүрэн төлсөн мэтээр албан бичиг хийж өгч гуравдагч этгээд Э.******* рүү захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээг шилжүүлсэн. Гуравдагч этгээдийн сар бүр өгдөг санхүүжилтээр нэмж ажлыг гүйцэтгэж ирсэн. Тухайн ажлын гүйцэтгэл эхэлсэн л бол бартерын байрны захиран зарцуулах эрхийг захиалагч тал шилжүүлэн өгөх ёстой байсан.

Гэтэл бартерын байрыг 100 хувь захиран зарцуулах эрхийг олгоогүй, гуравдагч этгээд рүү захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан учраас санхүүжилт удааширсан. Ажил гүйцэтгэх явцдаа ч энэ талаар ярьж хэлж байсан.

Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах үед ХХК 630 сая төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Маргаан гарч алдаатай ажлыг ажлын гүйцэтгэлээс хасч тооцсон. Ажлын гүйцэтгэлийг хасч тооцсон ч манай компанид тухайн байрны захиран зарцуулах эрхийг шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т ...бусад бартерын байруудыг ажил гүйцэтгэлээр тооцуулан шилжүүлнэ. гэж заасан нь тухайн ажлыг эхлэхдээ, эхлэх явцад худалдан борлуулан шилжүүлэх үүрэгтэй байсан. Бартерын байрыг худалдан борлуулж, түүнээс орсон бэлэн мөнгөөр санхүүжилтээ хийж явахаар харилцан тохиролцсон юм. Ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад тухайн байрыг шилжүүлэн авахаар тохиролцоогүй.

Гэтэл анхан шатны шүүх захиалагчийн санхүүжилтээс шалтгаалсан гэх байдал тогтоогдохгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

7.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Харин 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ цуцалсан 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны 99 хоногт ногдох алдангийг тооцно. Нийт алданги 178,219,404 төгрөг байна... гэх дүгнэлтийг эс зөвшөөрч байна.

Учир нь, анхан шатны шүүх ямар үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алданги тооцож байгаа нь ойлгомжгүй. Хамгийн сүүлд захиалагч ******* ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зочид буудлын барилгын зурагт өөрчлөлт оруулсан. Амаар олон удаа барилгын зурагт өөрчлөлт оруулдаг байсан. Зочид буудлын барилгын зураг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөгдөж байхад яаж 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цахилгаан холболтын ажлыг хийж дуусгах вэ. Барилгын ажил дуусаагүй байсан. Барилгын ажил дууссан байхад цахилгааны ажлаа хийж дуусаагүй байсан бол бидэнд маргах зүйл байхгүй. Энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин зочид буудлын барилгын зураг өөрчлөгдсөн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас ч маргаагүй.

Гэтэл ямар учраас шүүх 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алданги тооцож их хэмжээний өр төлбөрт оруулж байгаад гомдолтой байна.

Барилгын ажил удааширалтай, дуусаагүй, зурагт өөрчлөлт орсон, цахилгаан холболтын ажил барилгын ажилтай уялдаа холбоотой байдагт нэхэмжлэгч тал маргадаггүй.

Мөн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан байхад ******* ХХК-аас гэрээний хугацааг сунгаагүй, дахин тогтоогоогүй. Барилгын ажилтай уялдуулаад ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Түүнчлэн тухайн ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд Ковид-19 цар тахал дэлхий нийтээр тархаж, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн ба гэрээний 11.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан гэрээний хариуцлагаас аль аль тал нь бүрэн чөлөөлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх заалтаар ажил гүйцэтгэх гэрээний 7.3 дахь заалт үйлчлэхгүй. Гэтэл шүүх алданги тооцож манай ******* ХХК-д их хэмжээний хохирол учруулсан шийдвэр гаргаж, үндэслэлгүй дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

7.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Өөрөөр хэлбэл хөрөнгийг биет байдлаар эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн хэдий ч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, энэ нь тусгаарлах зарчмын дагуу үүргийн хэлцэл хийгдсэн ч өмчийн хэлцэл анхнаасаа хийгдээгүй байна... гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, тухайн орон сууцны өмчлөх эрхийг захиалагч ******* ХХК-аас шилжүүлэх ёстой байсан. Гэрээний үүргээ захиалагч тал бүрэн биелүүлээгүй. Харин ажил эхлэх үед орон сууц захиалгын гэрээ байгуулж, түүний эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлж санхүүжилт олгосон. 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед гүйцэтгэх захирлаар Д. ажиллаж байсан. Түүний дараа ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал солигдсон. Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэл өгөхөд хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д. солигдож ажлаа өгсөн байсан. Энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа.

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А-11 дугаартай орон сууцны захиалгын гэрээг үндэслэлээд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Э.*******тэй Захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Энэ гэрээr байгуулахыг нэхэмжлэгч ******* ХХК-аас зөвшөөрсөн. Санхүүжилт гаргаж авахын тулд нотариатад төлбөр тооцоо дууссан талаарх албан бичгийг ******* ХХК өгсөн.

Одоо үлдэгдэл 140,702,223 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх боломжтой.

Гуравдагч этгээд Э.******* нь тухайн барилга ашиглалтанд орсноос эхлээд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гуравдагч этгээдийг хохироож болохгүй.

7.8. Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд тухайн зочид буудлын барилгын цахилгаан холболтын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй, нэмэлт гэрээ байгуулж ажил гүйцэтгэх гэрээний хугацаа тогтоогоогүй, цахилгаан холболтын ажил зочид буудлын барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдаа холбоотой явагддаг, барилгын гүйцэтгэлийн ажлаас түрүүлж цахилгаан холболтын ажлыг хийж дуусгах боломжгүй, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөхийг гэрээнд тодорхой заасан, барилгын зураг удаа дараа амаар болон бичгээр өөрчлөгдсөн, барилгын зурагт их хэмжээний өөрчлөлт орсон байхад их хэмжээний өөрчлөлт биш, нэмэлтээр их хэмжээний цаг хугацаа шаардлагагүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/02170 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Э.******* миний бие хоёр компанийн ажил гүйцэтгэх гэрээний зөрчлийн асуудлаас болж Номун виллаж хотхоны 100/8 байр, 11 тоот өөрийн амьдарч буй байрыг суллаж өгөх шийдвэр гарсанд гомдолтой байна.

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Манай байгууллагын зүгээс ажлын зурагт өөрчлөлт орсныг үгүйсгээгүй. Мөн хоёр талын инженер болон ******* ХХК-иас асуугдсан гэрч Б. нь Ажлын зурагт орсон өөрчлөлт нь гэрээний үнэ болон гэрээний хугацаанд нөлөөлөхүйц том хэмжээний өөрчлөлт ороогүй. Захиалагч, гүйцэтгэгч нар харилцан тохиролцож, ажлыг гүйцэтгэх боломжтой байсан гэж мэдүүлсэн. Ажлын зурагт том барилгын рестораны хэсэгт цахилгаан холболтын өөрчлөлт оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Уг нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлгээр урт хугацаа зарцуулагдах өөрчлөлт байгаагүй.

9.2. Талуудын хооронд анх бартераар төлбөр тооцоог хийхээр тохиролцож, гэрээ байгуулагдсан. Манай байгууллагын зүгээс эхний 2 санхүүжилтийг ажлыг хийж эхлээгүй байхад өгсөн. Сүүлийн маргаан бүхий ажлыг тооцоо нийлж, ажлаа дүгнэсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, гэрээнд тусгасан. Талууд орон сууцны төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлж, барагдуулахаар тохиролцсон боловч ******* ХХК нь өөрт ирээгүй, өмчлөлдөө шилжүүлэн аваагүй эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан шилжиж ирээгүй эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй. Гуравдагч этгээд Э.******* нь ******* ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу худалдагч талд төлбөрийг төлж байгаа үйл баримт тогтоогддог. Э.******* нь ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулах үедээ гэрээний зүйл болох орон сууцыг ******* ХХК-ийн өмчлөлд шилжээгүй болохыг мэдэж байсан. Худалдагчийн өмчлөлд тухайн эд хөрөнгө байхгүй, ирээдүйд түүний өмчлөлд шилжих эсэх нь худалдагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийн биелэлтээс хамаарахыг мэдсэн атлаа Э.*******, ******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ирээдүйд өмчлөх эрхийг олж авах гэрээний нөхцөл биелээгүй тул худалдагчид байхгүй эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрх нь хэрэгжих боломжгүй. Тухайн нөхцөл байдлаас үл хамаарах шалтгаанаар биелэх боломжгүй болсны үр дагаврыг арилгуулахаар гуравдагч этгээд нь ******* ХХК-аас хохирол шаардах эрхтэй.

9.3. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд гэрээ байгуулагдах үед ******* ХХК нь төлбөр тооцоо дууссан гэх бичгийг нотариатын байгууллагад өгсөн гэж тайлбарлаж байна. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн төлбөр тооцоо дуусгавар болсон талаарх албан бичгийг өгч байгаагүй.

9.4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэргийн оролцогчдыг мэтгэлцэх эрхээр хангасан тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол болон алданги нийт 301,686,077 төгрөг гаргуулах, уг гэрээний үүрэгт шилжүүлсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон ******* 107.5 мкв 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол 46,064,388 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд маргаан бүхий орон сууцыг хариуцагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан гэжээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* ХХК нь дүүргийн Горхи-Тэрэлжид байрлах, Премиум болор төслийн амралт, аялал жуулчлалын цогцолбор барилгын дотор цахилгаан угсралт болон дотор холбоо дохиолол, угсралтын ажлыг зураг төсөл, техникийн үзүүлэлтийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч ******* ХХК ажлын хөлс 772,372,154 төгрөгийг 100 хувь бартераар тооцож, ажлын гүйцэтгэлээр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 6-8 дугаар тал/

Дээрх гэрээний 4.3-т ажлын хөлс 747,525,000 төгрөгт тоёота CHR маркийн суудлын автомашиныг 65,000,000 төгрөгт, 77.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 194,500,000 төгрөгт, Номун таун хотхон 79.11 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 197,775,000 төгрөгт, Зайсан Номун виллаж 107.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 290,250,000 төгрөгт тооцох, зөрүү 24,847,154 төгрөг болж байгааг тодорхойлжээ.

3.2. Ийнхүү тохирсон ёсоор ******* ХХК төлбөрт тооцож, Toyota-CHR суудлын автомашин болон Номун таун хотхоны 79,11 мкв 3 өрөө орон сууц, Зайсан Номун виллаж хотхон 107.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц буюу нийт 553,025,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг ******* ХХК-ийн хүсэлтээр өмчлөх болон эзэмших эрхэд шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

3.3. Мөн талууд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлж, нийт 412,322,777 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж баримт үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1хх-ийн 73 дугаар тал/

3.4. Талууд дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний үнэ, гэрээний хугацаа өөрчлөгдсөн, улмаар хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдаж дуусгавар болсон зэрэг асуудлаар маргаагүй. Тэдний маргааны зүйл нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнээс ашиг хасагдах эсэх, ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн эсэх, ажлын хөлсөнд тооцож шилжүүлсэн орон сууцыг буцаан шаардах эрхтэй эсэх асуудал болжээ.

3.5. Түүнчлэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.******* нь Д.тэй 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Захиалгын орон сууцны гэрээний эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон байна. /1хх-ийн 67-68 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүх хариуцагч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний үнийг зөв тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үүрэг гүйцэтгэх хугацааны талаар гэрээний нөхцөл өөрчлөгдсөн болохыг анхаараагүй, мөн орон сууцыг гаргуулахаар шийдвэрлэхдээ гэрээ цуцлагдсан хууль зүйн үндэслэлийг зөв тайлбарлаагүй, тухайн маргааны үйл баримтад алдаатай дүгнэлт хийснийг хэргийн баримтын хүрээнд алдааг залруулж, алданги болон орон сууц гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас гүйцэтгээгүй ажлын хөлсийг буцаан гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

4.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, ямар нэг доголдолгүй ажлын үр дүн хүлээлгэн өгөх, харин захиалагчийн хариу үүрэг нь ажлын үр дүнг хүлээн авч, түүнд тохирсон хөлс төлөх явдал юм.

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд 412,322,777 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэлийн төсвийг баталгаажуулсан баримтыг үндэслэн зөв тогтоож, үүнээс ашиг болох 26,974,387 төгрөгийг хасаж тооцохгүй болохыг дүгнэж, гүйцэтгэсэн ажлын үнийг 412,322,777 төгрөг гэж тогтоосон. Энэ талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй.

4.2. Гэрээгээр хүлээсэн доголдолгүй ажлын үр дүн бий болгох үүргээ хариуцагч зөрчсөн, мөн ажил дуусахгүй байсантай холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг цуцласан талаар зохигч хэн аль нь тайлбарласан ба ийнхүү гэрээ цуцлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд шилжүүлсэн 290,250,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг буцаан гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь доголдолгүй ажлын үр дүн нийлүүлэх бөгөөд энэхүү үүргээ хариуцагч зөрчсөн, уг зөрчлөө арилгахыг шаардсан боловч үр дүнд хүрээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ үндэслэлээр гэрээг цуцласан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ. /1хх-ийн 11, 13 дугаар тал/

Дээрх гэрээг цуцласнаар өмнөх гүйцэтгэсэн ажил хэвээр үлдэж, гүйцэтгээгүй ажлын хувьд талуудын үүргийн харилцаа дуусгавар болох учиртай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүн болон түүнд тохирсон ажлын хөлс талуудад хэвээр үлдэнэ.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас 412,322,777 төгрөгийн ажлын үр дүнг хүлээн авсан атлаа ажлын хөлсөнд тооцож шилжүүлсэн 290,250,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг буцаан шаардах эрхгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй болж чадаагүй байна.

Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй ажилд хөлс төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд хариуцагчид ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ болох 553,025,000 төгрөгөөс хийгээгүй ажлын зөрүү хөлсийг буцаан шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас хийгээгүй ажлын хөлс болох 140,702,223 /553,025,000 412,322,777/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт нийцнэ.

4.3. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Ийнхүү тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж үзэх талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан.

Зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих явцад дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хилийн боомтыг хаах, хөл хорих арга хэмжээ авснаар нийгэм, эдийн засгийн онцгой нөхцөл байдал бий болсон, үүнээс шалтгаалан талуудын гэрээгээр тохирсон ажил гүйцэтгэх хугацаа өөрчлөгдсөн нөхцөл байдал тогтоогдсон, энэ талаар зохигч хэн аль нь тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл, талуудын анх байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр тогтоосон хугацаагаар үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжгүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болсон.

Иймд гэрээний өөрчлөгдсөн хугацааг тодорхойлж, хариуцагч байгууллага үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг тогтоосноор алдангийг тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх юм.

Хэргийн 1хх-ийн 10-13 дугаар талд авагдсан баримтуудаар нэхэмжлэгч байгууллага нь ажил удаашралтай явагдаж байгаа талаар мэдэгдэж, ажлаа эрчимжүүлэх, гүйцэтгэсэн зарим ажил доголдолтой, үүнтэй холбоотойгоор ажлын чиглэл өгөх байдлаар хариуцагч байгууллагад шаардлага хүргүүлсэн байх ба эдгээр баримтаар хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг дахин хугацаа тогтоож тохирсон үйл баримт тогтоогдохгүй байна.

Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх учиртай.

Нэхэмжлэгч байгууллагаас үүргийн гүйцэтгэлийг буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөхийг шаардаж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хуулийн дээрх зохицуулалтаар үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхойлогдохгүй байна. Ийнхүү үүрэг зөрчсөн хугацаа тодорхой бус нөхцөлд алданги тооцох үндэслэлгүй бөгөөд гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд тооцсон алдангид 193,686,077 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

4.4. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 108,000,000 төгрөг гаргуулах шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

5. Иймд хариуцагч ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохиролд гүйцэтгээгүй ажлын хөлс болох 140,702,223 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги болон орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

6. Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/02170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 140,702,223 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 160,983,854 төгрөг гаргуулах болон Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Номун виллаж хотхон ******* хаягт байршилтай 107.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох хохирол 46,064,388 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,135,908 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 861,461 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,049,048 төгрөг, бие даасан шаардлага гаргааагүй гуравдагч этгээд Э.*******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,382,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

Т.ГАНДИЙМАА