| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00076/Э |
| Дугаар | 00075 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 00075
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох 1932000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1953 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бадарчийн Л. /РД: */
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03-04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багт байрлах иргэн Х.Бсы гэрт хохирогч Ч.Ббын цээж, хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лгийн өгсөн…. ... 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагт гэртээ унтаж байхад хохирогч Бб орж ирсэн. Орж ирэхдээ 0.75 граммын тал шил Хараа архи барьчихсан ирснийг нь хувааж уусан. Гарч явахдаа миний ширээн дээр байсан Нокиа маркийн гар утсыг аваад явчихаар нь би араас нь Бсыд очсон. Намайг Бсы гэрт ороход хохирогч Бб буйдан дээр сууж байсан. Би Ббын ар нуруу луу нь таягаараа цохиход таяг нь хугарсан. Бб намайг барьж авахаар нь айлгах санаатай хутга гаргаж ирэхэд хатгагдсан байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ч.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны орой гэртээ 750 граммын Хараа архи ганцаараа талыг нь уусан. Ингээд үлдсэн тал шил архиа Бс ахтай уухаар гэрт нь очтол хүнгүй хаалга нь онгорхой байсан. Би Бс ахыг хайж яваад Л ахын гэрт очсон. Хаалгыг нь тогштол Л ах хаалгаа тайлж өгсөн. Би тал шил архиа гаргаад бид хоёр хувааж уусан. Архи ууж байхад Л ах надад цаг бэлэглэсэн. Би тал шил архи дууссаны дараа их согтсон. Нэг мэдсэн Бс ахын гэрт байж байсан. Тэгтэл Л ах орж ирж байсан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн би газар уначихсан байсан. Бс ах намайг босгоод манай гэрт оруулж өгсөн. Би гэртээ ороод унтсан. Маргааш өглөө нь манай эгч эмч дуудаж намайг үзүүлсэн .... Намайг Л ах таягаараа толгой руу цохиод хутгаар цээжний баруун хэсэгт 2 удаа хатгасан. Би эхлээд цохисон уу хутгалсан уу гэдгийг нилээн согтуу байсан болохоор хольж солиод байна. Би согтуудаа гар утсыг нь аваад явчихсан юм шиг байгаа юм. Тэрнээс болж уурлаад намайг зодож хутгалсан байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 13-14 дүгээр хуудас/
Гэрч Х.Бсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад 03 цагийн орчимд Бб согтуу орж ирээд надтай юм яриад миний унтаж байсан буйдангийн урд буйдан дээр сууж байхад удалгүй 10 орчим минутын дараа Л араас нь согтуу орж ирээд Ббын урд зогсчихсон юм яриад байсан. Би нойрмог байсан тул юу ярьсныг нь ойлгоогүй. Тэгээд удалгүй Бб хэвлийн баруун талаа дараад ёооё болохоо байлаа гэсэн. Тэгэхээр нь би босоод юу болов гэхэд Лхаагий намайг шаачих шиг боллоо гээд ёолоод эвхэрсэн. Би босоод Ббыг заамдаж байсан Лхаагийг салгахад Лхаагий гараад явахаар нь би Ббыг гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн № 99 ...... Дүгнэлт:
1.Ч.Ббын биед цээжний ар тал, хэвоий, толгойн хуйханд шарх, зүүн нүдний хөмсгөнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх цээж, хэвлийд үүсгэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, толгойн хуйханд шарх, зүүн нүдний хөмсгөнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 24 дүгээр хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-06 дугаар хуудас/
20 см урттай шар иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зураг /Хх-н 09-11 дүгээр хуудас/
Б.Лгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 34 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 35 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03-04 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын Тарни 8 дугаар багт байрлах иргэн Х.Бсы гэрт хохирогч Ч.Ббын цээж, хэвоийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Лгийн хохирогч Ч.Ббын цээж, хэвлий тус газарт хутгалсан үйлдэл нь гар утас авч явлаа гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Лгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Бб нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн таягны хугархайг шүүгдэгчид буцаан олгох, 20 см урттай, шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Лг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л нь 450000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн таягны хугархайг буцаан олгож, 20 см урттай шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Лд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН