Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01629

 

 

 

 

 

 

  2024 08 19 210/МА2024/01629

 

А.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02435 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.*******

Хариуцагч: ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

******* дүүргийн 7 дугаар хороо, 3 хороолол, Нарлан хотхон, 101 байр ******* хаягт байршилтай, 43 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийг А.*******гийн нэр дээр шилжүүлэхийг О.*******т даалгах, өмчлөх эрхийн гэрчилгээг А.*******гийн нэр дээр гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч О.*******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, хариуцагч О.*******ын өмгөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2018 онд Автсрали явах болсон тул ипотектэй байраа зарна гэх зарын дагуу О.******* гэх хүнтэй уулзсан. 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр миний бие ******* дүүргийн 7 дугаар хороо, 3 хороолол, Нарлан хотхон, 101 байр, *******, 43 м.кв талбай бүхий банкны ипотекийн зээлтэй орон сууцыг нийт 72,000,000 төгрөгөөр О.*******аас зээлээр худалдаж авахаар, О.******* нь надад орон сууцны төлбөр бүрдсэн үед орон сууцны болон орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөхөөр тохиролцож нотариат орж хэлцэл хийсэн.

1.2. О.******* банкинд 30,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн ба миний бие 15,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг О.*******т бэлнээр өгч үлдэгдэл 15,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр хуваан төлж, үүнээс хойш ипотекийн зээлийн үлдэгдэл 42,000,000 төгрөгийг тухай бүр төлж дуусгахаар хэлцэл хийсэн.

1.3. Миний бие гэрээний үүргээ биелүүлж 15,000,000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр О.*******ын Хаан банкны ******* тоот данс болон эхнэр Ц.*******нийн Хаан банкны тоот дансанд тус тус шилжүүлсэн. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлөхөөр төлж, мөн ипотекийн зээлийг банкны хамтран зээлдэгч О.*******ын ээж Б.ийн дансанд тус тус төлж өнөөдрийн байдлаар нийт 52,815,000 төгрөгийг төлж барагдуулсан.

1.4. Үлдэгдэл 19,185,000 төгрөгийг бэлэн болгоод О.*******тай уулзаж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөд байрны ордероо шилжүүлээд авъя гэхэд О.******* нь үндэслэлгүйгээр байраа зарахаа болилоо, байраа суллаж өг гэсэн.

Иймд миний бие өөрийн худалдаж авсан орон сууцнаасаа хөөгдөж, туугдан, миний эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Улаанбаатар хот, ******* дүүрэг, 7 хороо, 3 хороолол, Нарлаг хотхон 101 байр, ******* 43 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг А.******* миний нэр дээр шилжүүлж өгөхийг О.*******т даалгаж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг А.******* миний нэр дээр гаргахыг ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.

2. Хариуцагч ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Иргэн А.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/, Ард Аюушийн өргөн чөлөө 101 дүгээр байрны *******, 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн О.******* // бүртгэлтэй байх бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

2.2. банк ХХАГ-ИЗББ-3-15 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр Монголын ипотекийн корпорацид шаардах эрхээ шилжүүлэн тус газар бүртгүүлсэн болно. Иргэн А.******* нь дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхээр тус газарт мэдүүлэг гаргасан тухай мэдээлэл цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл холбогдох гэрээ, хэлцэлээ хийж, төлбөр хураамжаа тушааж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргах эрх иргэн А.*******д нээлттэй. Уг нэхэмжлэлийн шаардлагаас харахад иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байх бөгөөд төрийн байгууллагын ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэл байхгүй байна. Иймд тус байгууллага нь хэргийн шууд хариуцагч биш тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын тус газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. Хариуцагч О.*******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Тухайн үед ийм асуудал байсан. 72,000,000 төгрөгийг би аваагүй. Бараг 2 жилийн хугацаанд цувуулж байгаад 30,000,000 төгрөг авсан. 72,000,000 төгрөгийг би аваагүй. Гэр бүлийн асуудлын маргаантай болсон. Тус байр гэр бүлийн дундын өмч учраас эд хөрөнгийн маргаан үүссэн тул байраа зарахаа болилоо, гэрээгээ буцаая, ийм асуудал болчихлоо, тиймээс авсан мөнгөө буцааж өгье гэж байгаа.

4. Гуравдагч этгээд банк ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. банк ХК болон Б., О.******* нарын хооронд 2013 оны 7 сарын 03-ны өдөр ЗГ2205041301 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд орон сууц худалдан авах зориулалтаар 48,600,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан. ЗГ2205041301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ******* дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/, Ард Аюушийн өргөн чөлөө 101 байрны ******* хаяг байршилтай, 43 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан ЗБ2205041301 тоот Ипотекийн гэрээ байгуулсан.

4.2. Б., О.******* нар нь ЗГ2205041301 тоот гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгийг орон сууц худалдан авах зорилгоор зээлж авсан бөгөөд гэрээний 2.7-д зааснаар зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргийг хүлээсэн. Түүнчлэн, гэрээний 4.4.3-т банкны шалгалтаар зээлдэгчийн барьцаа хөрөнгө аливаа шалтгаанаар бусад этгээдэд шилжсэн тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна гэж тохиролцсон. Харин ЗБ2205041301 тоот барьцааны гэрээний 2.9.1 дэх хэсэгт барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд барьцааны зүйлд аливаа гуравдагч этгээдийн барьцааны зүйлийн өмчлөх эрх өөр этгээдэд аливаа гуравдагч этгээдийн барьцааны эрх, шаардах эрх үүсээгүй байхыг барьцаалагч баталсан бол 2.12-т барьцааны зүйлийн өмчлөх эрх өөр этгээдэд аливаа хэлбэрээр шилжсэн тохиолдолд барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр хадгалагдах бөгөөд барьцааны зүйлийн талаар энэ гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө болоод хойш хийсэн аливаа гэрээ, хэлцэл, амлалт, ойлголтууд барьцаалагчийн хувьд үл хамаарах ба хүчин төгөлдөр бус гэж тооцогдоно гэж тохиролцсон.

4.3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж буй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хэлцэл болон эзэмшил шилжсэн тухай асуудлыг банк мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан ЗГ2205041301 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу О.******* нь амьдран суух зориулалтаар зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй тул банкны зүгээс хууль ёсны, эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэхээр байна. Тухайн ипотекийн зээлийн төлбөр 2024 оны 4 сард төлөгдөж дууссан.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар ******* дүүрэг 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө 101 дүгээр байр ******* 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.*******г тогтоож, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 517,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч О.*******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ процессын ноцтой алдаа гаргалаа. Өөрийн харъяаллын бус хэргийг хэлж сануулсаар байтал авч шийдвэрлэсэн нь шүүгч хувийн сонирхолтой гэдэг нь илт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй, маргааны объект болсон үл хөдлөх эд хөрөнгө нь ******* дүүрэгт байсаар байхад Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Зүй нь хэргийг ******* дүүргийн шүүхэд шилжүүлж шийдвэрлэх байсан.

6.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу аль нэг гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг буцаах үүрэгтэй.

6.3. О.******* нь өмчлөгч мөн. Аль 2013 оноос эзэмшиж ашиглаж ирсэн, хувийн орон сууцаа захиран зарцуулах, хэнд зарах эс зарахаа шийдэх бүрэн эрхтэй.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02435 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу дахин хэлэлцүүлэхээр зохих харьяаллын дагуу анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Энэ нь шүүхийн онцгой харьяалал биш, хариуцагчийн хаягаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харьяаллын дагуу ******* дүүргийн шүүхээс Хан-Уул дүүргийн шүүх рүү шилжүүлсэн. Үүнд нэхэмжлэгч тал гомдол гаргаад 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагч ******* дүүрэгт амьдардаг гэх Засаг даргын тодорхойлолт гаргаж өгдөг. ******* дүүргийн маргаан бүхий орон сууцанд А.******* амьдардаг. Энэ талаарх СӨХ, ус, цахилгааны төлбөр төлсөн баримт, Засаг даргын тодорхойлолт гэх баримтуудыг гаргаж өгсөн. Энэ асуудлыг удаа дараа ярьж шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд харьяалал зөрчсөн асуудал байхгүй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээний үүргээ буцаах үүрэгтэй гэх гомдол гаргасан. А.******* тухайн байранд 6 жил амьдарсан энэ хугацаанд гэрээнээс татгалзах асуудал огт яригдаагүй. Харин та зээлээ төлчих дараа нь байрны ордерыг таны нэр дээр шилжүүлж өгье гэх асуудал яригддаг. Мөн хариуцагч хууль зүйн туслалцаа аваад удсан энэ хугацаанд гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй. Тиймээс гэрээнээс татгалзаад үүргийн гүйцэтгэлийг буцаах үүрэгтэй гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.

А.*******гийн зүгээс гэрээ зөрчсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. 15,000,000 төгрөгийн төлсөн дансны хуулга байдаг. Сар бүр 500,000 төгрөгийн төлөлт хийх ёстой байдаг ч 2019 онд 30,000,000 төгрөгөөр бүрэн төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

8. Давж заалдах гомдолд хариуцагч ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/, Ард Аюушийн өргөн чөлөө 101 дүгээр байрны *******, 43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн О.******* // бүртгэлтэй байх бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. банк ХХАГ-ИЗББ-3-15 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр Монголын ипотекийн корпорацид шаардах эрхээ шилжүүлэн тус газар бүртгүүлсэн болно.

8.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №04-139/14414 тоот, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №04-142/6562 тоот албан бичгүүдээр тус үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.10-д улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын Байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх, мен хуулийн 20.1.14-д хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглосон. Эд хөрөнгийн эрхийн улсын Бүртгэлийн тухай хуулийн 11.3-д Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана гэж тус тус заасан байна.

Иймд уг бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журам зөрчөөгүй бөгөөд иргэн О.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч О.*******, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ******* дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө, 101 дүгээр байр, *******, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, өмчлөх эрхийг бүртгэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. О.*******, Б. нар нь банк ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* дүүрэг 7 дугаар хороо Нарлаг хотхон /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө, 101 дүгээр байр ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар 48,600,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн төлөхөөр зээлж, сар бүрийн тогтсон хугацаанд зээл, зээлийн хүү нийт 406,723 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /1хх-ийн 75-84 дүгээр тал/

3.2. Дээрх орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд О.*******ын нэр дээр бүртгэж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /1хх-ийн 74 дүгээр тал/

3.3. А.*******, О.******* нар 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийг бичгээр үйлдэж, уг хэлцлээр А.******* нь ******* дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол, Нарлаг хотхон /16094/ ААӨЧ 101 байр ******* хаягт байрлах 43 м.кв 2 өрөө орон сууцыг 72,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг төлөх, үүнээс 15,000,000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр дансаар өгсөн, үлдэх 15,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөх, нийт 42,000,000 төгрөгийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлж, зээлийг төлж барагдуулсан тохиолдолд орон сууцны гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохирчээ. /1хх-ийн 7 дугаар тал/

3.4. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.*******, Б. болон банк ХХК-ийн байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн биелүүлж, зээлийг хаасан үйл баримт хэргийн оролцогчийн тайлбар болон банкин дахь зээлийн дансны хуулга, төлбөрийн баримтаар тогтоогдсон. /2хх-ийн 101-102, 111-112 дугаар тал/

3.5. Талууд дээрх гэрээ байгуулагдсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, хариуцагч О.******* нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг хүлээн авсан, орон сууцыг нэхэмжлэгч эзэмшиж байгаа үйл баримтад маргаагүй, тэдний маргааны зүйл нь гэрээнээс татгалзаж гэрээ дуусгавар болсон эсэх, орон сууцны үнийг О.******* хүлээн авсан эсэх асуудал болсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Харин маргааны зүйлийн талаар шаардах эрхэд хамааралгүй хуулийн зүйл, заалт баримталсан нь оновчтой бус болсныг залруулж, орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талууд гэрээндээ орон сууцны үнэ бүрэн төлөгдсөнөөр өмчлөх эрх худалдан авагчид шилжихээр тохиролцсон нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ. Энэ тохиолдолд ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих учиртай.

Хариуцагч О.******* нь 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, үүнээс хойш 2 жилийн хугацаанд сар бүр цувуулан 15,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж тайлбарласан.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Б.ийн банкин дахь дансанд сар бүр 410,000 төгрөгөөр 74 удаагийн гүйлгээгээр нийт 30,340,000 төгрөг шилжүүлсэн, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар хариуцагчийн орон сууцны зээл, хүүгийн үлдэгдэл 32,221,545 төгрөгийг төлж, зээлийг хаажээ.

Нэхэмжлэгч нь талуудын гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх журам, нөхцөлийн дагуу орон сууцны үнийг төлж, нийт 92,561,545 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, төлбөрийн баримтууд, банкны орлогын баримтуудаар тогтоогдсон. /1хх-ийн 7, 9-58, 2хх-ийн 57-68, 78-80, 101-102, 111-112 дугаар тал/

Түүнчлэн, нэхэмжлэгч зээлийн төлбөрийг Б.ийн дансанд шилжүүлснээр хариуцагчийн зээлийн төлбөр төлөгдөж, улмаар зээл хаагдсан байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнд тооцно. Иймд 72,000,000 төгрөг хүлээн аваагүй талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргээ нэхэмжлэгчийг биелүүлсэн гэж шүүх зөв дүгнэсэн байна.

4.2. Гэрээний нэг тал нь гэрээний нөгөө талын үүргийн зөрчилд хамаарахгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах журмыг нэгэн адил баримтлана.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэх бөгөөд түүний энэ хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүлээн авснаар хүчин төгөлдөр болох учиртай.

Хариуцагч нь гэрээнээс татгалзсан талаарх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Иймд хариуцагчийн энэ талаарх тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул түүнийг холбогдох баримтаа бүрдүүлж, бүртгэлийн байгууллагад хандах эрхтэй агуулгаар бүртгэлийн байгууллагад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг өөрчлөн, залруулна.

Учир нь шүүх нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж үзсэн бол энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, дээрх шаардлагыг гаргасан эсэхээс үл хамааран өмчлөх эрхийн бүртгэл хийхийг эрх бүхий байгууллагад даалгах нь хууль зөрчихгүй.

Түүнчлэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар эрх олж авсан этгээдийн мэдүүлгээр улсын бүртгэлийн байгууллага нь шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэнэ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхино.

6.1. Үл хөдлөх хөрөнгө нь өөрөө тодорхой гэрээний зүйл болж байгаа тохиолдолд тухайн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл шүүхийн онцгой харьяалалд хамаарахгүй.

6.2. Талуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үеэс тус гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч эзэмшсэн ба энэ тохиолдолд хариуцагч нь өөрийн оршин суугаа газар, хаягийг маргаан бүхий орон сууц байршиж буй хаягаар тодорхойлох нь бодит байдалд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүхэд оршин суух газраа дээрх орон сууцны хаягаар мэдүүлсэн боловч бодит байдалд тухайн орон сууцанд амьдардаггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргааныг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяалагдана гэх гомдол үндэслэлгүй байна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагч О.*******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/02435 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүрэг 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө, 101 дүгээр байр ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.*******г тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийг А.*******гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.*******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

Т.ГАНДИЙМАА