| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00051/Э |
| Дугаар | 00050 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 00050
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч П.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Мд холбогдох 1932000000060 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1974 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвдоржийн М. /РД: ТК74030717/
Шүүгдэгч П.М нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оройн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Сувилалын № 02 тоотод байрлах ээжийнхээ гэрт хойд эцэг Ч.Цхтэй маргалдан түүний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мийн өгсөн…. ... 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой дэлгүүрээс 0.33 граммын архи худалдаж аваад гэр лүүгээ явж байхад ээж утсаар залгаад бага охин чинь манайд ирчихсэн байна гэж хэлэхээр нь би ээжийндээ очсон. Би ээжийнх рүүгээ явах замдаа гудамжинд сууж байгаад авсан архиа уучихсан. Тэгээд ээжийнд ороход аав Цх намайг архи уулаа гэхээр нь чамд ямар хамаатай юм гээд хоорондоо маргалдаад барилцаж аваад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ч.Цхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой гэртээ эхнэр болон эхнэрийн ач охин Лхагважав, ач охин Лсгийн охин Ст */4 настай/ гурвын хамт дөрвүүлээ байж байтал гаднаас манай эхнэрийн хүү П.М согтуу орж ирсэн. Би П.Мд аягатай хоол өгтөл чиний хоолыг идэхгүй гэсэн. Би тэгэхээр нь идвэл иднэ биз байвал байна биз чи ер нь яах гэж архи уудаг юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ чам шиг муу юмыг ална ш дээ гээд намайг бариад авсан. Би зөрүүлээд бариад автал намайг цамцнаас татаж тонгойлгоод нүүр лүү өшиглөчихсөн. Би тавиулаад шууд гадуур куртикээ аваад шууд цагдаагийн байгууллага дээр ирээд гомдол гаргасан... Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/
Гэрч Б.Дсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Намайг 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой гэртээ хэвтэж байхад манай хүү П.М жаахан архи уучихсан манай гэрт орж ирсэн. Би бие муутай болохоор цаад өрөөндөө хэвтэж байсан. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн цагдаа нар орж ирээд манай хүүг аваад явсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад М миний нүд рүү цохичихсон гэж байсан... Миний нөхрийн нүд ам зүгээр байсан. Харин хүүг цохисон гэж хэлсний маргааш өглөө нь баруун нүд нь хавдаад юм харахгүй болчихсон байсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг дахин хийсэн акт № 71 ...... Дүгнэлт:
1.Ч.Цхгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 15 дугаар хуудас/
Ч.Цхгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 25 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Төмөр замчдын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 24 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч П.М нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оройн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Сувилалын № 02 тоотод байрлах ээжийнхээ гэрт хойд эцэг Ч.Цхтэй маргалдан түүний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч П.Мийн хохирогч Ч.Цхгийн баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн үйлдэл нь миний архи уух чамд хамаагүй гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч П.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Цх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М нь 500000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН