Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/44

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Х.Ганзориг,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт М.Б-д холбогдох эрүүгийн 1917000570034 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, гурилын технологич мэргэжилтэй, Есөн эрдэнэ гэрээт хамгаалалтын албанд харуул ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг, Төгрөгийн ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бовогт М.Б /РД: ........../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг Төгрөгийн 2-221 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Д.А-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед гэртээ хамтран амьдрагч Д.А-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Яллагдагч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ” 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр найзтайгаа нэг шил архи уугаад гэррүүгээ харьж явсан юм. Тэгсэн ирж явах замд эхнэр утасдаад охины хүүхдийг аваад ир гэхээр нь эргэж цэцэрлэг орж хүүхэд аваад ирсэн. Гэртээ ороод жоохон зурагт харж хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Оройн 20 цагийн алдад хоёр хүүхэд орны түшлэгийн араар орчихоод бага нь уйлсан юм. Тэгсэн эгч нь чимээгүй байгаач гээд нүүрлүү нь цохиод авсан юм. Тэгэхээр нь чи яагаад дүүгээ зодож байгаа юм бэ гээд орны араас гаргаж ирээд хивсэн дээр зогсоож байгаад цааш нь түлхчихсэн юм. Тэгсэн А чи яагаад хүүхэд түлхэж байгаа юм бэ гээд залгуураар намайг цохих гэхээр нь залгуурыг нь аваад өөрийг нь эргүүлээд нэг цохисон. Миний чигчий хурууны хумс хамарт нь таарч хамраас нь цус гарсан. Гаргасан үйлдлэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг.

 

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “Манай нөхөр Б 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гадуур явж байгаад орой 19 цагийн үед гэртээ архи уусан согтуу орж ирсэн. Гэрт орж ирээд хүүхдүүдийг хоол хийсэнгүй гээд загнаад байхаар нь би унт гээд зүүн талын орон дээр хэвтүүлсэн. Тэгтэл манай хүүхдүүд тоглож байгаад бөмбөгөө орны араар нь оруулсан. Тэгээд 2 бага хүүхэд бөмбөгөө авах гэж байгаад Б-ыг сэрээсэн. Б босож ирээд манай охины хүүхэд Э-ыг хувцасных нь энгэрээс өргөөд орны араас гаргаад ирэхээр нь би хүүхэд айлгалаа гэж ууралсан. Б надад хандаад шээснүүдээ өмөөрлөө гэхээр нь уртасгагчийн залгуур аваад Баатарбатыг цохих гэтэл Б урт залгуурыг барьж аваад миний баруун нүдний хавьд гараараа нэг удаа цохисон. Мөн бугалга хавьд гараараа 2 удаа цохисон. Бугалгаруу хүчтэй цохиогүй. Манай 5-р ангийн хүү Т Б-ын урдуур ороод болиулсан. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирээд Б-ыг аваад явсан. Хаяа нэг архи уухаараа агсан тавих гээд байдаг, түүнээс намайг цохиж зодож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:” М.Б их дөлгөөхөн томоотой хүн. Хүнтэй эвсэг харьцаатай. Би Б-ыг хүнтэй маргалдаж муудалцаж байхыг нь хараагүй. Ер нь элдэв зангүй мөрөөрөө хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт / хх-ийн 09-10-р тал/

 

Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай дүгнэлтэд:

- Д.А-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар тогтоогдож байна.

 

Ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 1917000570034 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баатарбатад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ