Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01604

 

 

 

 

 

 

  2024 08 14 210/МА2024/01604

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/02689 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 49,040,000 төгрөг, алданги 24,520,000 төгрөг нийт 73,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагчийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК-тай 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 91,200,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ хийж, гэрээгээр тохиролцсон ажил болох зарлан мэдээллэх самбар 25 ширхэг, самбарын гэрлийн хайрцаг 25 ширхэг, автобусны карт уншигч төхөөрөмжийн гадна хайрцаг 80 ширхэгийг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

1.2. Дээрх гэрээнд заасны дагуу ******* ХХК урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөлгүй бага багаар цувуулан өгч, ажлыг санхүүгийн хүндрэлтэй эхлүүлсэн ба ажил гүйцэтгэхэд шаардагдах бараа материалыг гүйцэтгэгч компанийн зүгээс зээлээр авч, ажлыг бараа материалаар тасалдуулалгүй явуулж дуусгасан. ******* ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, захиалагч тал гэрээнд заасан ажлыг хүлээн авсан.

1.3. Нийт 91,200,000 төгрөгийн төлбөрөөс 42,160,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК төлсөн байсан. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч ******* ХХК-ийг төлөөлж нягтлан Ө.*******, нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж захирал Б.******* нар үлдэгдэл тооцоог бодож, тооцооны үлдэгдлийн баталгааг гаргахад 49,040,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр гарсан. Гэрээний 4.2.3-т зааснаар биелэгдээгүй үнийн дүн 49,040,000 төгрөгийн 50 хувь болох 24,520,000 төгрөгийн алданги нэмж тооцон нийт 73,560,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн хооронд 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр S1/007 болон S1/006 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулж, уг гэрээнүүдээр захиалагч ******* ХХК нь тодорхой ажил үүргийг нэхэмжлэгч компаниар гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

2.2. S1/007 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний зүйл буюу гүйцэтгэх ажил нь ******* ХХК-ийн тухайн үед хэрэгжүүлж байсан EPASS төслийн зарлан мэдээллэх самбар 25 ширхэг, уг самбаруудын гэрлийн хайрцаг 25 ширхэгийг нэхэмжлэгч компани гэрээнд заасан хугацаанд, уг гэрээний нөхцөл, шаардлагыг ханган хийж гүйцэтгэх ажил байсан. Уг гэрээний нийт үнэ, ажлын хөлс нь 65,000,000 төгрөг байхаар гэрээнд тусгагдсан. Мөн талууд нь S1/006 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний зүйл буюу гүйцэтгэх ажил нь хариуцагч компанийн EPASS төслийн карт уншигч төхөөрөмжийн гадна хайрцаг 80 ширхэгийг уг гэрээний нөхцөл, шаардлагыг ханган хийж гүйцэтгэх ажил байсан. Уг гэрээний нийт үнэ, ажлын хөлс нь 19,200,000 төгрөг байхаар гэрээнд тусгагдсан.

2.3. Нэхэмжлэгчий нэхэмжлэлийн шаардлагад энэ 2 гэрээний ажлыг хольж хутгасан, 2 гэрээт ажлын үнийн дүн, ажлын хөлс нь нийг 91,200,000 төгрөг байсан гэж худал тодорхойлсон байна. Зүй нь дээрх 2 гэрээний үнийн дүн нь уг гэрээнүүдэд тусгагдсанаар, нийтдээ 84,200,000 төгрөг байхаар байна.

Нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн ажил, ажлын чанар, доголдол, үр дүнг ярьвал EPASS төслийн зарлан мэдээллэх самбар, уг самбаруудын гэрлийн хайрцаг, EPASS төслийн карт уншигч төхөөрөмжийн гадна хайрцаг зэргүүд нь гэрээний шаардлага, нөхцөлийг хангахгүй, чанар, үр дүнгийн доголдолтой байсны улмаас ус орж суурилуулсан электрон тоног төхөөрөмжүүд шатах, тоос, шорооны хамгаалалт байхгүйгээс эд ангиуд эвдрэх, улмаар цахилгаан холболтод асуудал гарч, захиалагч хариуцагч ******* ХХК нь эдгээр байдлыг засах, тоног төхөөрөмжийг дахин захиалж, худалдан авах зэргээр маш их хохирол амссан. Бид энэ байдлыг гүйцэтгэгч ******* ХХК-д санал, шаардлагыг удаа дараа тавьж байсан.

2.4. ******* ХХК-ийн зүгээс дээр дурдсан 2 гэрээнүүдийн ажлын хөлсөнд 83,350,000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч тал нь хоорондын өгсөн, авсан тооцоогоо нягтлан үзэхгүй, илт худал, буруу ташаа тооцоололд үндэслэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Энэ буруу тооцоололд үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлагын 73,560,000 төгрөг нь хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 83,350,000 төгрөгийн дүнгээс 10 гаруй сая төгрөгөөр бага байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй юм.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 60,060,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,500,000 холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 525,752 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 458,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн зүгээс нотлох баримтыг үнэлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцээгүй, илтэд зөрчсөн байдлаар үнэлж, дүгнэсэн болно. Үүнд:

Уг шүүхийн шийдвэрийг гаргахдаа шүүхээс талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхээс урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн Иргэний эрх зүйн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим, хуулийн зохицуулалтыг илтэд зөрчсөн байгаа нь дээрх шүүхийн шийдвэрээс шууд харагдана.

Энэ байдал нь анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбар, хүсэлт, эдгээрийг дэмжих зорилгоор гаргасан өгсөн нийт 36 хуудас банкны гүйлгээний баримт зэргийг тус шүүхийн шийдвэрийг гаргахдаа огт үнэлээгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч талаас гаргасан баримт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгт үндэслэсэн байдлаас илэрхий харагдана.

Хэрэгт авагдсан, хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбартаа хариуцагч нь дээр дурдсан нотлох баримт болох банкны гүйлгээнүүдээр хариуцагч нь нийт дүнгээр 83,350,000 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс даруй 10 гаруй сая төгрөгийн илүү төлөлттэй байгааг илэрхийлсэн болно.

Ийм байдлаар нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 болон 40.3 зүйлүүдийг зориуд санаатай гэмээр зөрчиж, шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.

4.2. Мөн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад анхан шатны шүүхийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/Ш32024/12961 тоот захирамжийг гаргасан. Энэ шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дугаар заалтыг үүнд зориуд бүхэлд нь оруулж бичиж байгаа болно. Уг шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дах заалт: Хариуцагч ******* ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх мөн хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай гэж заасан.

Үүгээрээ анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талын зүгээс зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасан арга хэмжээг авахуулах хүсэлтийг гаргасан байхад, нэхэмжлэгчийн хүсэлт гаргаагүй, шаардаагүй зүйлийг буюу хуулийн уг түйлийн 69.1.3-т заасан арга хэмжээг дээрх байдлаар шүүгчийн захирамждаа зориуд нэмж бичиж, гаргасан байдаг.

Энэ байдлаараа 30 гаруй ажилчидтай, татвар, шимтгэлээ тухай бүр төлөөд явдаг жирийн нэг байгууллагад маш их хохирол учруулсан, учруулж байгаа билээ. Одоо манай байгууллагын хамт олон, залуучууд хөдөлмөрийн хөлсөө ч авч чадахгүй байдалд хүрээд байна.

4.3. Мөн уг шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, биечлэн оролцох боломж хангагдаагүй болно. Хариуцагч компанийн итгэмжлэгч төлөөлөгч В.******* нь тухайн хурал болдог өдөр өвчтэй байж таарч, эмнэлгийн магадлагааг анхан шатны шүүхийн албан ёсны мэйл рүү мэйлдсэн байдаг боловч, түүнийг нь шүүх авсан мөртлөө тамга, тэмдэг байхгүй гэдэг шалтгаанаар (шүүгчийн туслах нь принтерээр хэвлэж авч, хэрэгт хавсаргаж байгаа зүйл дээр ямар байдлаар эмнэлгийн тамга нь өнгөт байдлаар гарах вэ дээ) шууд шүүх хуралдааныг явуулсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаа дээр тамга, тэмдэг нь байгаа болно.

Иймд, дээр дурдсан байдлаар нотлох баримтыг үнэлэх, дүгнэх хуулийн шаардлага, зохицуулалтууд бүхэлдээ зөрчигдсөн, хариуцагч талын эрх зүйн байдлыг зориуд санаатай гэмээр илтэд дордуулсан, шүүх хуралдаанд мэтгэлзэх зарчим хэрэгжих боломж олгогдоогүй байдлаар гаргасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/02689 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо ******* ХХК 36 хуудас бүхий банкны гүйлгээний баримтыг гаргаж өгсөн гэж байна. ******* ХХК нь ******* ХХК-ийн захирал Г.*******тай ажил хэргийн түншүүд байсан бөгөөд ******* ХХК-иас металл хийцлэлтэй хайрцаг хийлгэх хүсэлт гаргах болгонд тухай бүрд төлбөрийг авч, хийж өгдөг байсан. Дээрх баримтууд нь энэ шаардаж байгаа ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт огт хамааралгүй, өмнө нь хийлгэж байсан ажлуудын төлбөрийг санаатайгаар хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхэд гаргаж өгч байгаа нь шүүхийг хүндлэхгүй, үл ойшоосон байдлаар хандсан гэж харж байна. Тус 36 хуудас баримтад 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өгч, авсан зүйлээ тулгахад 48,540,000 төгрөг, 2 дахь гэрээгээр 500,000 төгрөг, нийт 49,040,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 36 хуудас баримтыг шүүж үзэхэд тус гэрээтэй хамааралтай 9,000,000 төгрөг шилжүүлсэн баримт харагддаг.

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч талын арилжааны банкны дансыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж, шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай хүсэлт гаргасны дагуу хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон. Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гаргасан.

5.3. Түүнчлэн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******од өмнө нь мэдэгдэхэд Сэлэнгэ аймагт сонгуулийн ажилтай явж байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлсний дагуу шүүхээс талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж, тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараагийн шүүх хуралдаан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр товлогдсон талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******од шүүгчийн туслах утсаар мэдэгдэхэд В.******* ...за ойлголоо гэсэн байдаг. Хариуцагч тал нь санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт ирүүлсэн байх тул шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, эрх нь зөрчигдөж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 49,040,000 төгрөг, алданги 24,520,000 төгрөг, нийт 73,560,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба тухайн гэрээгээр ******* ХХК нь EPASS төслийн зарлан мэдээллэх самбар 25 ширхэг, уг самбарын гэрлийн хайрцаг 25 ширхэгийг хийж гүйцэтгэх, ******* ХХК нь ажлын хөлс 65,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6-9 дүгээр тал/

3.2. Мөн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь EPASS төслийн карт уншигч төхөөрөмжийн гадна хайрцаг 80 ширхэгийг хийж гүйцэтгэх, тухайн ажлын хөлс болох 19,200,000 төгрөгийг ******* ХХК төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 11-14 дүгээр тал/

3.3. Дээрх гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон ажлын хөлсний асуудлаар талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь нэмэлт гэрээ байгуулагдсан эсэх болон төлбөр тооцооны асуудал болжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааныг шийдвэрлэсэн боловч маргааны зарим үйл баримтад алдаатай дүгнэлт хийснийг хэргийн баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Мөн талуудын маргааны хүрээнд хэргийн 29-64 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг нь ажлын үр дүнг бий болгож, түүнийг хүлээлгэн өгөх, харин захиалагчийн хариу үүрэг нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх явдал юм.

4.1. Хэрэгт авагдсан хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 19, 2022 оны 8 дугаар сарын 26, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гүйлгээний баримтаар худгийн хайрцаг утгаар мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон, энэ нь талуудын байгуулсан гэрээний төлбөр тооцоонд хамаарна гэж хариуцагч тал тайлбарласан зэргээс үзэхэд дээрх ажил үйлчилгээтэй холбоотой гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ 3 ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэл шаардаж буй агуулгаар тайлбарласныг үндэслэлтэй гэж үзэв. Энэ талаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

******* ХХК болон ******* ХХК нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авсан зүйлээ хоёр байгууллагад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, ******* ХХК-ийг 48,540,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг батлаж, тамга дарж, гарын үсгээр баталгаажуулан Тооцооны үлдэгдлийн баталгаа №04 дугаартай баримтыг үйлджээ. /хх-ийн 16 дугаар тал/

Тооцооны үлдэгдлийн баталгаа нь харилцагч байгууллагуудын хооронд гарсан ажил гүйлгээг тооцоо үүссэн данс тус бүрээр хөтөлдөг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт тул уг баримтад тусгасан сүүлийн хугацаанаас өмнөх өр төлбөр төлөгдсөн гэж үзэх бөгөөд хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гүйлгээний баримтуудаар шилжүүлсэн мөнгийг дээрх тооцоонд ороогүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 29-57 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5-д Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж зааснаар өмнөх өр төлбөр төлөгдсөнд тооцно.

Түүнчлэн, хариуцагчийн нотлох баримтаар гаргасан зарим гүйлгээний баримтууд нь талуудын байгуулсан гэрээнээс өмнөх цаг хугацаанд хамаарч байхаас гадна гүйлгээний утга нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээнд хамаарахгүй байх тул маргаан бүхий гэрээний төлбөрт оруулан тооцох үндэслэлгүй байна.

Иймд, банкны гүйлгээний баримтуудыг огт үнэлээгүй, тухайн баримтаар нийт 83,350,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн шаардаж буй дүнгээс даруй 10 гаруй сая төгрөгийн илүү төлөлттэй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

4.2. Мөн хэрэгт авагдсан ******* ХХК-тай нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тодорхойлсон 500,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид төлөх төлбөр болохыг нотолсон баримтгүй байхад уг мөнгөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон.

4.3. Харин хариуцагч байгууллагаас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь тооцоо нийлснээс хойш хүлээн авсан асуудлаар маргаагүй байх тул үүнээс хойш 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн нийт 9,000,000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцсон шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчимд нийцжээ.

5. Иймд, нэхэмжлэлийн үндэслэл болж буй тооцооны үлдэгдлийн баталгаа №04 дугаартай баримтаар 48,540,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг хариуцагч өөр баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул уг төлбөрийн үлдэгдлээс тооцоо нийлснээс хойш төлсөн 9,000,000 төгрөгийг хасаж, хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39,540,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.  

6. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон алдангийн тохиролцоо зэргийг үндэслэн хугацааг тодорхойлж, алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар тайлбарлаж, алданги гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байх тул талуудын зарчмыг үндэслэн алдангийн тохиролцооны асуудлаар давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийхгүй. Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 39,540,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алдангид 19,770,000 төгрөг, нийт 59,310,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 14,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Анхан шатны шүүх алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул энэ хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсэгт өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2024/12961 дугаартай захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, энэ талаар мөн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байх бөгөөд уг захирамжид хариуцагч тал гомдол гаргаагүй байна. Иймд, дээрх захирамжтай холбогдох асуудалд давж заалдах шатны дүгнэлт хийхгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нь шүүх хуралдаан болдог өдөр өвчтэй байсан, эмнэлгийн магадлагааг шүүхийн мэйл рүү явуулсан, шүүх хүлээн авсан боловч тамга, тэмдэг байхгүй шалтгаанаар шүүх хуралдааныг явуулж, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, биечлэн оролцох боломжийг хангаагүй гэх агуулга бүхий гомдол хангагдахгүй.

Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******ыг 2024 оны 7 дугаар сарын 08-10-ны өдрийн хооронд ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа хэрэгт авагдсан, уг баримтад ямар нэг хүсэлт хавсаргаагүй байна. Тухайн баримтад холбогдох асуудлаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт хийн шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлээ шүүгчийн захирамжид тодорхой заасан байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/02689 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 232.4 гэснийг 232.6, 60,060,000 гэснийг 59,310,000, 13,500,000 гэснийг 14,250,000 төгрөгт гэж,

2 дахь заалтын 458.250 гэснийг 454,500 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 525,755 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

  ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

Т.ГАНДИЙМАА